| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0058/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/118 |
| Огноо | 0002-05-22 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
0002 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/118
2023/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж,
Улсын яллагч: Б.Нямжав
Шүүгдэгч: Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Нн Бд холбогдох эрүүгийн 2212.................. дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, дээд боловсролтой, Газар зохион байгуулагч мэргэжилтэй, Глобал номадик продактс ХХК-д дэд захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ........... хот, ............ дүүрэг, .......... дугаар хороо, ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т овогт Нн Б /РД:ЧМ86081170/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн нутагт Глобал номадик продактс ХХК-ны Хангай сум дахь сүүний үйлдвэрт барилгын уурын тогоо дэлбэрч 10x50 урттай 8x50 өргөнтэй сэндвичэн барилга нурж компанид сүү боловсруулдаг ээлжийн ажилтнаар ажиллаж байсан иргэн Д.Бын биед зүүн дунд чөмөг ясны их эргүүлэг дайрсан олон тооны том жижиг сэтэрхий бүхий зөрөө ихтэй ил хугарал, зүүн бугалга орчим, цээжийн хэсгийн III АБ зэргийн /6-8%/ түлэгдсэн шарх, зүүн шилбэнд шарх, зүүн бугалганд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Н.Б нь Архангай аймгийн Хангай сумын Ноён хангай багийн нутагт Глобал номадик продактс ХХК-ны Хангай сум дахь сүүний үйлдвэрийн хариуцан ажиллаж байх хугацаанд буюу 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр барилгын уурын тогоо дэлбэрч 10x50 урттай 8x50 өргөнтэй сэндвичэн барилга нурж хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас компанид сүү боловсруулдаг ээлжийн ажилтнаар ажиллаж байсан хохирогч Д.Бын биед зүүн дунд чөмөг ясны их эргүүлэг дайрсан олон тооны том жижиг сэтэрхий бүхий зөрөө ихтэй ил хугарал, зүүн бугалга орчим, цээжийн хэсгийн III АБ зэргийн /6-8%/ түлэгдсэн шарх, зүүн шилбэнд шарх, зүүн бугалганд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Бын“...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр миний гараатай өдөр байсан бөгөөд орой 16-17 цагийн хооронд Сүүний үйлдвэр дэлбэрсэн юм. Сүүний үйлдвэрт гараар халдаг уурын тогоо дэлбэрснээс болж тус үйлдвэрт дэлбэрэлт болсон байх. Миний бие тухайн үед үйлдвэр дотор ажиллаж байсан. Надтай хамт 2 хүн ажиллаж байсан. Тэгээд тухайн үед тас няс гээд явсан нэг мэдсэн чинь түргэний тэрэг ирсэн айсан тэрнээс хойшоо юу ч санахгүй байна. Би 2022 оны 058 дугаар сарын 15-ны орой аймагт хүргэгдэж ирээд 16-ны орой Гэмтэл согог судлал үндэсний төвд ирсэн бөгөөд одоог хүртэл эмчлүүлж, эмчилгээ хийлгэж байна. Би тус компанид сүү боловсруулдаг ээлжийн ажил хийдэг. Яг ямар албан тушаал хийдэг талаар тодорхой юм байхгүй. Манай үйлдвэрийн ээлжийн 6 ажилтан бүгд яг адилхан ажил хийдэг. Ө, Д гэх хоёр хүн хамт гарсан. Том уурын тогоо цоорсноос болсон байх. Өмнө нь хэдхэн хоногийн өмгө цоороод бид янзалж байсан. 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлж байгаад 10 дугаар сарын 10-ны өдөр дахиж ирж хэвтээд өнөөдрийг хүртэл хэвтэн эмчлүүлж байна. Миний бие тус дэлбэрэлт болсноос хойш өөрийн бие махбод, сэтгэл санаагаар маш их хохирсон байна. Би чинь ажил хийж ар гэрээ авч явдаг хүн. 8 сараас хойш одоог хүртэл хөдөлмөрийн чадвараа алдсан, маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 6-10 дугаар тал/, хохирогч Д.Бын дахин өгсөн:“...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, надад хохирлын баримт байхгүй, тухайн компанийн захирлыг эмчилгээ хийлгэсэн гэх баримт байгаа. Дэлбэрэлтээс хойш 5 сар эмчилгээ хийлгэж байна. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 113-114 дугаар тал/, гэрч О.Дын өгсөн”....Би 2022 оны 08 дугаар сарын 15-ны өглөө 09 цагт Глобал номадик продактс ХХК-ны Архангай аймаг дахь Хангай сумын Сүүний үйлдвэрт Хангай сумын Ноёнхангай багийн төвийн Хөх даваа хорооллоос ажилдаа очоод сүү машиндагч машинаа угсраад түрүүлж авсан сүүгээ машиндаа хийгээд машиндаж байгаад 15 цагт сүүгээ машиндаж дуусаад Ө, Б бид гурав үйлдвэр дотроо сүүгээ буцалгаад ээдүүлээд шар сүүгээ шавхаж аваад хүйтэн усаар угаагаад дахин усаа шавхаж авах гээд Ө бид хоёр сүүнийхээ машиныг угаагаад урд урдаасаа харсан байдалтай байсан харин Б тогооны хажууд усаа шавхах гээд зогсож байтал ажлын байр буюу 10x50 урттай 8x50 өргөнтэй сэндивчин байшин дотор дэлбэрэлт явагдаж эхлээд юу болсон талаар мэдэхгүй болсон удалгүй би эмнэлгийн гадаа ирчихсэн толгойноос цус гарсан байсан. Тэгээд толгой хэсэгтээ 3 оёдол тавиулсан. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны гарын үсэг зуруулаагүй харин хамгаалалтын хувцсыг өмссөн байсан. Глобал номадик продактс ХХК-ны захирал Б зааварчилгаа өгдөг байсан. Харин тухайн өдөр 06 цагт ажил эхлэхээс өмнө Улаанбаатар хот явсан болохоор зааварчилгаа өгөөгүй байсан. Бид ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Ө, Б бид гурав үйлдвэр дотор байсан. Харин гадаа П, Г хоёр байсан. П блонтой газыг багасгана гээд үйлдвэрээс гарсан харин Г ус буулгаж байсан. П блонтой газны даралт нь гурав гараад байна гэж хэлээд гарсан. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно ..” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 21-24 дүгээр тал/, О.Дын иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “....надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардалд 495.000 төгрөгийг эмчилгээний зардал болгож, үйлдвэрээс өгсөн бөгөөд одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 23-24 дүгээр тал/, гэрч Д.Бийн өгсөн:“...Би 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс Архангай аймгийн Хангай сумын Ноён хангай багийн төвд төслийн ажлаар хашаа барихаар очоод хашаагаа барьж байтал 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед миний барьж байсан хашааны баруун талд байрлах Глобал номадик продактс ХХК-ийн Архангай аймгийн Хангай сумын Сүүний үйлдвэрийн сэндивчин барилга нурж дэлбэрэлт явагдаж хашаа нь нуртал миний толгой хэсэг рүү вакум цонхны хажуу тал ирж цохиод толгойноос цус гарсан. Тэгээд би тус сумын эмнэлэг орж толгой хэсэгтэй 2 оёдол тавиулсан юм. Толгой хэсгээс өөр газар гэмтэл үүсээгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Би гомдолтой байна, эмчилгээ хийлгэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 26-27 дугаар тал/, Д.Бийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед миний хохирлыг Б гэх хүн барагдуулж миний 5135488511 дугаарын данс руу 700.000 төгрөг шилжүүлж өгсөн. Тухайн үед миний биед хөнгөн зэргийн хохирол учирсан боловч миний бие одоо зүгээр байна, ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 74-75 хуу/, гэрч Б.Өын өгсөн:“...Би 2022 оны 08 дугаар сарын 15-ны өглөө 09 цагт Глобал номадик продактс ХХК-ны Архангай аймгийн Хангай сумын Сүүний үйлдвэрт Хангай сумын Ноёнхангай багийн төвөөс ажилдаа очоод сүү машиндагч машинаа угсраад түрүүлж авсан сүүгээ машиндаа хийгээд машиндаж байгаад 15 цагт сүүгээ машиндаж дуусаад Д, Б бид гурав үйлдвэр дотроо сүүгээ буцалгаад ээдүүлээд шар сүүгээ шавхаж аваад хүйтэн усаар угаагаад дахин усаа шавхаж авах гээд Д бид хоёр сүүнийхээ машиныг угаагаад Б тогооны хажууд усаа шавхах гээд зогсож байтал ажлын байр буюу 10x50 уртай 8x50 өргөнтэй сэндивчин байшин дотор дэлбэрэлт явагдаж эхлээд юу болсон талаар мэдэхгүй болсон. Удалгүй би гадаа хэвтэж байсан, тэгээд эмнэлэгт ирж үзүүлсэн юм. 2022 оны 08 дугаар сарын 15-ны өглөө ажил эхлэхээс өмнө хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг танилцуулж гарын үсэг зураагүй, хамгаалалтын хувцасыг өмссөн байсан. Д, Б бид гурав үйлдвэр дотор байсан харин гадаа П, Г хоёр байсан. П блонтой газыг багасган гээд үйлдвэрээс гараад явсан харин Г ус буулгаж байсан. П блонтой газын даралт нь гурав гараад байна гэж хэлээд гарсан. Миний баруун гарын булчин хэсэгт бага зэрэг түлэгдсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 30-31 дүгээр тал/, гэрч П.Пийн өгсөн: “....Би 2022 оны 08 дугаар сарын 15-ны өглөө Глобал номадик продактс ХХК-ийн Архангай аймгийн Хангай сумын Сүүний үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б Улаанбаатар хот руу хувийн ажлын шугамаар өглөө 06 цагийн үед өөрийн тээврийн хэрэгсэлтэй яваад тэгээд би ажилчидтай хариуцаж үлдээд малчдаас өглөө 10 цагийн үед сүүгээ аваад Глобал номадик продактс ХХК-ийн Архангай аймгийн Хангай сумын Сүүний уйлдвэрийн ажил эхэлж, хэвийн ажил явж байгаад өдөр 16 цагийн үед ээдүүлж шар сүүгээ гадагш асгаад Нержийн 2 тооны тогоонд усаа хийж ээдмээ угаагаад Д, Ө хоёр серпадар буюу сүүний машинаа угаад Б ээдмээ угаагаад Г Пронтер маркийн 74-45 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслээр худгаас ус авч ирээд гадаа усны цэнхэр өнгөтэй хуванцар саванд усаа хийгээд би Нержийн уурын тогооны даралт 3 хувь өнгөрч байхаар нь гүйж гараад 2 ширхэг блонтой газны хийг унтраагаад галлагааны хоолойны 4-н хоолойны 3-г нь хаагаад 1 шугамыг нь дөл галтай үлдээгээд байшингийн ард байсан усны 2 нержийн савны баруун талын саван дээр гарч зогсоод Г ахыг хараад зогстол ажлын байр буюу 10x50 уртай 8x50 өргөнтэй сэндивчин байшингийн ард байсан нержийн уурын тогоо буудаад эхэлсэн. Тэгээд нэг хэсэг юу болсон талаар мэдэхгүй шоконд орсон байж байгаад гэнэт сэртэл газын 1 блоны хий алдаж байхаар нь хаагаад эргээд хартал Д, Б нар хэвтэж байхаар нь босгоод байж байтал хажуу талын барилга дээр ажиллаж байсан хүмүүс ирээд туслаад эмнэлэг цагдаа дуудсан. Сүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Г гэмтээгүй Д толгой хэсэг нь гэмтсэн Өын гуя хэсэг өнгөцхөн түлэгдсэн Б Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг явсан миний баруун гуя хэсэг зулгарсан байсан. 2022 оны 08 дугаар сарын 15-ны өглөө ажил эхлэхээс өмнө хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг танилцуулж гарын үсэг зураагүй, хамгаалалтын хувцасыг өмссөн байсан. Хүнсний үйлдвэрт зориулсан хамгааллын хувцас хэрэглэдэг...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 35-36 дугаар тал/, гэрч П.Пийн өгсөн: “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 92-93 дугаар тал/, П.Пийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, миний биеийн баруун шанаа орчмоор тухайн үедээ жаахан шалбарчихсан, одоо бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн өдөр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бөгөөд аваарын хаалт нь гацсан байж магадгүй гэж би бодож байна. Тухайн үйл явцыг би бүхэлд нь хянах үүрэгтэй байсан...” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 18-19 дүгээр тал/, яллагдагч Н.Б өгсөн:“...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, өмнө өгсөн мэдүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Би уг уурын тогоог уурын тогоо хийдэг хувь хүнээс уурын тогоо худалдаж авч байсан би тухайн үед тэр хүнийг хувиараа хийдэг эсвэл ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг эсэхийг би мэдэхгүй худалдаж авсан. Одоо тэр хүнийг танихгүй хаана байдгийг нь мэдэхгүй. Ээлж тутамдаа уурын тогоог хариуцаж ажиллах хүн байдаг байсан боловч тэр хүмүүс маань мэргэжлийн хүмүүс биш байсан. Манайх 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн энэ хугацаанд сүүний үйлдвэрийн уурын тогоотой холбоотой ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Би хохирогч нарын хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан хохирогч нар бүгд гомдол саналгүй талаараа надад хэлсэн мөн гомдол саналгүй гэж мэдүүлэг өгсөн гэж надад хэлж байсан. Яг хэрэг болох үед би өөрөө хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэй болохоор суралцаж байсан тиймдээ ч ажилчдадаа би өөрөө хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын зааварчилгааг өгдөг байсан. Тухайн үед манай байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тооны ажилтан байгаагүй би өөрөө хариуцаж ажиллаж байсан. Би хохирогч нарын бүх хохирлыг барагдуулсан байгаа би өөрийн үйлдэлд хуулийн дагуу хариуцлага хүлээхэд санал гомдол байхгүй гэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар хөнгөн шийдүүлмээр байна. Би болон манай компани өндөр хөгжилтэй улс орны сайн технологийг очиж судлах судалж улсдаа оруулж ирж хөдөө аж ахуйн салбарт өсөлт дэвшил гаргах зорилготой ажиллаж байгаа гэтэл ял шийтгэл авбал энэ ажилд маань их саад тотгор учрахаар байгаа тул аль болох хэргийг хөнгөн шийдвэрлүүлэх хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 421 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 1. Д.Бын биед зүүн дунд чөмөг ясны их эргүүлэг дайрсан олон тооны том жижиг сэлтэрхий бүхий зөрөө ихтэй ил хугарал, зүүн бугалга орчим, цээжний зүүн хэсгийн III АБ зэргийн /6-8%/ түлэгдсэн шарх, зүүн шилбэнд шарх, зүүн бугалганд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, өндөр хэмийн хэсэг газрын үйлчлэлээр үүсэх боломжтой, 3. Хэрэг болох нэг цаг хугацаанд үүснэ, 4. Зүүн дунд чөмөг ясны их эргүүлэг дайрсан ил хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн бугалга, цээжний зүүн хэсгийн III АБ зэргийн /6-8%/ түлэгдсэн шарх гэмтэл нь 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн шилбэний шарх, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүр нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна, 6. Дээрх гэмтлийн дараа:-2022.08.23-нд ил аргаар зүүн дунд чөмөгний их эргүүлэг дайрсан хугарлыг эвлүүлэн ялтас шургаар бэхлэх мэс засал, -2022.08.29-нд төлөвлөгөөт журмаар цээжний зүүн хэсэг, зүүн бугалга орчмын шархны үхжсэн хэсгийг авах, арьс нөхөх мэс засал, -2022.08.31-нд яаралтай журмаар ил аргаар зүүн түнхний шархыг угааж цэвэрлэн соруулгын сөрөг даралтад аппарат тавих мэс засал, -2022.09.13-нд яаралтай журмаар ил аргаар зүүн дунд чөмөгний их эргүүлгийн хугарлыг бэхлэсэн ялтас шургийг авч шархыг угаах мэс засал хийгдсэн байна...” гэх дүгнэлт /2-ийн хх-ийн 83 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Б хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Н.Б хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Н.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын үр дагаврын хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Нн Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР