| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0121/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/121 |
| Огноо | 2023-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/121
2023/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Н
Шүүгдэгч: Э.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бын тээхэн овогт Эийн Эд холбогдох 2312................. дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Буман рестораны урд хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Т.Оийг цохиж, зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Т.Оийн мэдүүлсэн “...2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нийг шилжих шөнө буюу 3 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт өөрийн хувийн Тоёота Приус-20 маркийн 19-55 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслээр ганцаараа такси үйлчилгээнд явж байхад Нефтунь баарнаас 3 үл таних залуу суусан. Тухайн 3 ах машинд суугаад Ундрам буудал оръё гэж хэлэхээр нь би Ундрам буудлын гадаа очиход байршлаа сайн мэддэггүй бололтой наад буудал чинь биш доошоогоо замын хажууд байдаг буудал гэхээр нь би Буман буудал мөн үү гэж асуухад мөн гэж хэлэхээр нь тухайн Буман буудлын гадаа очиход 3 залуугийн 2 нь машинаас буугаад нэг нь тооцоогоо хийх гээд байх шиг байсан. Би тооцоогоо 10.000 төгрөг гарсан гэж хэлэхэд тухайн үл таних ах “10.000 төгрөг байдаггүй шүү дээ, өдөр 3.000 төгрөгөөр явж байсан” гэхээр нь би за тэг, тэг гэж хэлэхэд тухайн ах согтуу байсан болохоор надад уурлаад байсан. Тэгэхээр нь би “за за ахаа би таниас мөнгө авахгүй, та ингээд буучихаа” гэж хэлээд ард суудал руугаа тухайн ах руу харахад миний зүүн нүд хэсэгт нэг удаа хүчтэй цохичихсон. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдээд, өөрөө эмнэлэг дээр очиж үзүүлэхэд миний зүүн нүдний хөмсөг, зовхи хэсэгт язарсан шарх үүсч, 3 оёдол тавиулсан юм. Надад Э.Э гэх хүнийг цохиж, зодсон асуудал байхгүй. Би тухайн үл таних 3 ахтай уулзахад намайг Э гэх ах нь цохисон байсныг мэдсэн. Мөн намайг цохисон ах эрүүлжүүлэгдсэн. Миний зүүн нүд хэсэгт нэг удаа хүчтэй цохиж зүүн нүдний хөмсөг, зовхи хэсэгт язарсан шарх үүсч, 3 оёдол тавиулсан. Тухайн гэмтлийг Э.Э гэх ах нэг удаа цохиж учруулсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...“ гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/, гэрч Д.Бын мэдүүлсэн: “...уг буудлын үүдэнд очоод Г ах бид хоёр түрүүлж буугаад би шууд буудлын өрөө рүүгээ яваад орсон. Тэгээд Г, Э ах нарыг орж ирэхгүй болохоор нь Г ах руу залгахад Э ахыг таксины жолоочтой маргалдаад цагдаа нар аваад явчихсан, цагдаа руу алхаж байна гэж хэлсэн. Би тухайн үед архи уусан согтуу байсан учраас гарч чадалгүй унтаад өгсөн. Маргааш нь юу болсон талаар Гандуул ахаас асуухад таксины тооцоо төлбөр дээрээс болоод хоорондоо маргалдсан юм шиг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/, гэрч Г мэдүүлсэн: “..уг буудлын үүдэнд очоод Б бид хоёр түрүүлж буугаад Э тооцоогоо хийх гээд үлдсэн. Бид хоёр буудал руугаа орох гэтэл тухайн таксины жолоо залуу бууж ирээд Э тэр хоёр хэрэлдээд байх шиг харагдахаар нь би буцаад очиход таксины жолоочтой Э нь мөнгө төгрөг яриад маргалдаад байсан. Би юу болсон талаар асуухад таксины жолооч залуу цохиулчихлаа гэж хэлэхээр нь харахад түүний зүүн нүд орчим цус болсон харагдаж байсан. Тэгээд байж байтал цагдаагийн алба хаагчид ирээд Эг авч яваад саатуулсан. Таксины тооцоон дээрээс болж хоорондоо маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/, Э.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өөрийн гэм бурууг хүлээж яллагдагчаар мэдүүлсэн “Би тухайн цаг хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд барилгын ажил хийж байсан юм. 2023 оны 04 дүгээр сарын 13-ны орой байрлаж байсан Буман зочид буудалд хамт байсан Б, Г нартай өрөөндөө пиво ууж байгаад бааранд орохоор болоод Нефтүн гэх бааранд орж үйлчлүүлсэн. Тухайн бааранд гурвуулаа 0,75тай архи пиво хувааж уугаад баар хаагаад бид гурав гарсан. Замаас такси бариад байрлаж байгаа буудал руугаа хүргүүлэхээр явсан боловч хамт явсан 2 хүн буудлаа буруу зааж өгөөд явсаар байгаад өөрсдийнхөө байрлаж байсан Буман буудал дээр ирээд таксины мөнгө өг гэж хэлсэн. Намайг машинаас буухад хамт явсан хоёр хүн байхгүй байсан. Тэгээд би хэдэн төгрөг юм гэж асуусан чинь 10.000 төгрөг гэж хэлсэн. Би өмнө бааранд очихдоо таксигаар явахад 3.000 төгрөг гарч байсан болохоор яагаад 10.000 төгрөг гардаг юм өмнө явахад 3.000 төгрөг гарсан гэж хэлээд маргалдсан. Тэгсэн чинь нөгөө жолооч надаас мөнгө авахгүй гэхээр нь согтуу байсан болохоор занаад байгаа юм уу гэж хэлээд хойд суудал дээр сууж байгаад зүүн шанаа хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон юм тэгсэн чинь цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд хоносон юм. Одоо би тухайн залуутай сайн дураараа эвлэрсэн хохирол төлбөрт нь 400.000 төгрөг Оийн хаана банкны данс руу нь шилжүүлсэн байгаа. Би тухайн үед нилээн согтсон байсан, гэхдээ болсон үйл явдлыг сайн санаж байна. О намайг цохисон асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 106 хуу/, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтэд “Т.Оийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо”...гэх дүгнэлт /хх-ийн 23 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Э.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Э.Э хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Эд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хорих тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
1. Шүүгдэгч Бын тээхэн овогт Эийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хорих тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ