Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/109

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Д-,

Шүүгдэгч А.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт А-гийн Д-д холбогдох 2313000000130 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 03 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 10-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын............. дүгээр /Улаанчулуун/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй. Ш овогт А-гийн Д-, регистрийн дугаар Б3.....................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Д- нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагийн үед Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Бага хатуу” гэх газарт өөрийн төрсөн дүү хохирогч А.Б-тай бэлчээрийн улмаас маргалдаж, улмаар түүнийг ам руу нь баруун гараараа нэг удаа, зүүн шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж, газарт унагаж байгаад толгой тус газар нь чулуугаар 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч Д.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэв.

2. Шүүгдэгч А.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү”  гэв.

3. Хохирогч А.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “А.Д- миний төрсөн ах, хохирлоо төлүүлж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2313000000130 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 02 дахь тал/,

5. Хохирогч А.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9, 12 дахь тал/,

6. Гэрч О.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

7. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 330 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

8. Шүүгдэгч А.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/ зэргийг,

9. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн Засаг даргын 223 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 12-27 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 31 дахь тал/, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого /хавтаст хэргийн 32-34 дэх тал/,  газар эзэмших гэрчилгээ /хавтаст хэргийн 35 дахь тал/ хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

10. Шүүгдэгч А.Д-, хохирогч А.Б- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

11.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

12. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.Д-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

13. Шүүгдэгч А.Д- нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагийн үед Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Бага хатуу” гэх газарт хохирогч А.Б-тай бэлчээрийн улмаас маргалдаж, улмаар түүнийг ам руу нь баруун гараараа нэг удаа, зүүн шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж, газарт унагаж байгаад толгой тус газар нь чулуугаар 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

14. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 02 дахь тал/,

15. Хохирогч А.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай оторт байгаа газрын хажууд буюу манайхаас 1 км орчим газарт миний төрсөн ах Б.А.Д-ы гэр байдаг. Ах А.Д- бид хоёр малаа тус тусдаа хариулдаг юм. Би оторт байгаа газрын хажуугаас буюу манай гэрээс 500 метр орчим газраас цасны доороос өвс гарсан ба би тухайн газрын ойролцоо мал хариулдаг байсан юм. Би энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрийн өглөө 09 цагийн үед хонь хариулж гарсан юм. Би хонь хариулж байхад тухайн цасны доороос өвс гарсан газарт миний ах А.Д- бог малыг хариулж байсан. Тэрээр би өглөөний 10 цагийн үед тухайн газарт бог малыг хариулж очиж ах А.Д-тай мэндэлж ах энэ газарт хоёулаа малаа хамт хариулъя гэж хэлэхэд ах А.Д- энэ гэрчилгээтэй миний газар, эндээс малаа аваад хурдан зайл гэж миний малыг өвстэй газар луу гаргахгүйгээр урдаас үргээж туусан. Дараа нь чи муу новш энэ газарт бог малаа аваад ирсэн гэж шууд над руу дайрч миний ам руу баруун гараараа нэг удаа, зүүн шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж, тухайн газарт намайг унагааж толгойны магнай хэсэгт чулуугаар 2 удаа цохисон. Тэр үед миний толгойгоос их хэмжээний цус гарч би оторлож байгаа гэрт арай гэж ирсэн юм. Харин ах А.Д- намайг тухайн газарт үлдээгээд бог малаа хариулаад явчихсан юм. Тэгээд миний толгой өвдөж сумын эрүүл мэндийн газарт ирж толгойндоо 7 газар оёдол тавиулсан юм. Ах А.Д- намайг газрын маргаанаас болж цохиж зодсон. Тухайн бэлчээрийн газар хэний ч эзэмшилд байхгүй хээр газар юм. Тэр газарт байгаа цасны доороос гарсан өвстэй газарт би өөрийн бог малыг хариулсан. Таны бог малыг хариулахгүй гэж миний эрх чөлөөнд халдаж, толгойг чулуугаар цохиж хагалж, ам руу нэг удаа, зүүн шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж зодсон. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн үед А.Д- бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан..., ...гомдолтой байна, газрын маргаанаас болж намайг зодсон А.Д-д хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9, 12 дахь тал/,

16. Гэрч О.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...дуудлагын дагуу тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Бага хатуу” гэх газарт очиход тус багийн иргэн А.Б- нь толгойгоо ороолтоор ороосон, нүүр ам нь улаан өнгийн цусаар бохирлогдсон байдалтай байсан. А.Б-ы биеийн байдлыг үзэж сумын эрүүл мэндийн төвд авч ирж түүний толгойд боолт хийхэд толгойны баруун талын хуйх нь шалбарсан байдалтай байсан. Тухайн үед өвчтөн А.Б-ы толгойны баруун талын зулай хэсэгт 6 газар оёдол, зүүн талын толгойн зулай хэсэгт 1 газар оёдол тавьж цэвэр боолт хийж мэс заслын тасагт хэвтүүлсэн. Биеийн байдал тогтвортой байсан ба 3 хоног хэвтүүлэн эмчилгээ хийж аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт онош тодруулахаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

17. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 330 дугаартай “...Иргэн А.Б-ы биед тархины битүү гэмтэл, тархины доргилттой, духны дунд хэсэгт шархтай, зүүн нүүрэнд хөх ягаан туяатай цус хуралттай, уруулын зүүн талд хавантай, цус хуралттай, дотор тал хэгзэрсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо /ирмэг/ зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд 1-7 хоногтоо үүссэн шинэ гэмтлүүд. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Иргэн А.Б-ы биед үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах хохирол тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

18. Шүүгдэгч А.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Уг тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хэрэг учрал болсон гэх өдөр нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байсан юм. Уг хугацаанд манай гэр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутаг “Бага хатуу” гэх газарт нутаглаж байсан юм. Тус газарт манайх жилийн дөрвөн улирал байнга байдаг юм. Үндсэндээ өндөр уул байдаг ба зуны улирлаар уулын цаана, өвөл, намар, хаврын цагаар өвөлжөөндөө байдаг юм. Тухайн газарт миний өөрийн өвөлжөө, хашаа хороо байдаг юм. Одоогоос 13 жилийн өмнө байх барьж байсан, албан ёсоор гэрчилгээ юмнууд нь байгаа. За одоо болсон асуудлын талаар ярих юм бол энэ хэрэгт надад холбогдуулан гомдол гаргасан А.Б-ы хувьд миний төрсөн дүү юм байгаа. Түүний хувьд урьд нь надтай цуг нутагладаг байж байгаад сүүлийн хэдэн жил тусдаа нутагласан. Харин 2022 оны 10 дугаар сарын үед цуг нутаглахаар миний өвөлжөөтэй ойрхон ирж, хуучин эцэг маань байхад бидний мал хамт байдаг байсан юм. Тэгэхэд өвс тэжээл тавьдаг байсан хашаанд ирж нутагласан, бид хоёрын гэрийн зай багцаагаар хэлэх юм бол 500 орчим метрийн зайд байдаг байх, нарийн хэлж мэдэхгүй, ямар ч гэсэн ойрхон зайтай, одоо болохоор бид хоёрын мал тусдаа байгаа. Ердийн өдрүүдэд А.Б- “Бага хатуу”-ийн эхээр малаа хариулж, бэлчүүлэх талаар би хэлдэг байсан юм. Тэгсэн дээрх өдөр А.Б- яг миний мал хариулдаг хэсгээр ирж малаа хариулахаар нь уурлаад түүнийг зодсон нь үнэн. Тодруулж хэлэх юм бол тус өдөр би малаа хариулаад явж байхад “Бага хатуу” гэх газарт А.Б- малаа хариулаад явж байсан. Тэгэхээр нь би түүнтэй уулзаад чамд би бага хатуугийн эхээр малаа хариул гэж байхад энүүгээр яагаад яваад байгаа юм бэ гэсэн чинь тэр надад хандаад энүүгээр хариулсан ч яадаг юм бэ гээд хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад түүнийг гараараа 2 удаа цохисон, яг ямар байдлаар цохисон болохоо санахгүй байна. Тэгсэн тэр газарт унасан ба тэгэхээр нь жижиг чулуугаар толгой тус газарт нь 2 удаа цохиж аваад малаа холдуулаарай гэж хэлчихээд яваад өгсөн, өөр ямар нэгэн зүйл болоогүй. ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт:

19. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.

20. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

     21. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

22. Шүүгдэгч А.Д- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу мөргөж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

23. Шүүгдэгч А.Д-ы үйлдлийн улмаас хохирогч А.Б-ы биед тархины битүү гэмтэл, тархины доргилттой, духны дунд хэсэгт шархтай, зүүн нүүрэнд хөх ягаан туяатай цус хуралттай, уруулын зүүн талд хавантай, цус хуралттай, дотор тал хэгзэрсэн хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

24. Шүүгдэгч А.Д-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.

25. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын бэлчээрийн маргаантай байдал, хуулийн мэдлэггүй байдал шууд нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

26. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

27. Шүүгдэгч А.Д-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч нь шүүх хуралдаанд “хохирлоо төлүүлж авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

28. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч А.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг,

29. Шүүгдэгч А.Д-ы өмгөөлөгч Д.А-ээс “Шүүгдэгч А.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

30. Шүүгдэгч А.Д-аас “хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

31. Шүүгдэгч А.Д- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

32. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

33. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

34. Шүүгдэгч А.Д- урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дахь тал/-аар тогтоогдож байна.

35. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй, түүний эд хөрөнгийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

36. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд прокурорын шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг хүлээн авах шаардлагагүй гэж дүгнэлээ.

37. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500.000 төгрөгтэй тэнцэх юм.

38. Шүүгдэгч А.Д- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

39. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч шүүгдэгч А.Д- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 

40. Шүүгдэгч А.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт А-гийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Д-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч А.Д- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5 Шүүгдэгч А.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК