| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2023/0111/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/106 |
| Огноо | 2023-06-12 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/106
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-,
шүүгдэгч Х.С- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Х.С-д холбогдох 2313000070119 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 13-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “И-” хамгаалалтын албанд ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ..... дүгээр багт оршин суух хаягтай, урьд 2003 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.3-т зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Т овогт Х-ын С-, регистрийн дугаар БК..............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.С- нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар /Харасай/ багийн нутаг дэвсгэрт иргэн Ш.Х-ы гэрт архидан согтуурсан үедээ хананд өлгөөстэй байсан 65 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт руу нь сандал шидэж, зурагтын дэлгэцийг нь хагалж, гэмтээсний улмаас хохирогч С.М-д 3,160,000 /гурван сая нэг зуун жаран мянган/ төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Х.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч Х.С-аас 3.160.000 төгрөг гаргуулан хохирогч С.М-д олгох нь зүйтэй” гэв.
2. Шүүгдэгч Х.С- мэдүүлэхдээ: “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг боломжоороо төлж өгье, зурагтын дэлгэцийг янзлуулж өгье гэхэд хохирогч тал зөвшөөрөхгүй, заавал төлүүлж авна гээд байгаа. Гэхдээ хохирлыг төлж өгнө” гэв.
Эрүүгийн 2313000070119 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
3. Иргэн С.М-гээс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дахь тал/,
4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 08-12 дахь тал/,
5. Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 18 дахь тал/,
6. “Арина электроникс”-оос худалдан авсан “Раnasonic 65” загварын зурагтын баталгааны хуудас /хавтаст хэргийн 22 дахь тал/,
7. Зурагтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 35-37 дахь тал/,
8. Хохирогч С.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
9. Гэрч Ш.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
10. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн БӨА-22-0342 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 26-29 дэх тал/,
11. Шүүгдэгч Х.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-54 дэх тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
12. Шүүгдэгч Х.С-, хохирогч С.М- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
13.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
14. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.С-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
15. Шүүгдэгч Х.С- нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар /Харасай/ багийн нутаг дэвсгэрт иргэн Ш.Х-ы гэрт архидан согтуурсан үедээ хананд өлгөөстэй байсан 65 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт руу нь сандал шидэж, зурагтын дэлгэцийг нь хагалж, гэмтээсний улмаас хохирогч С.М-д 3,160,000 /гурван сая нэг зуун жаран мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
16. Иргэн С.М-гээс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дахь тал/,
17. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 08-12 дахь тал/,
18. Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 18 дахь тал/,
19. “Арина электроникс”-оос худалдан авсан “Раnasonic 65” загварын зурагтын баталгааны хуудас /хавтаст хэргийн 22 дахь тал/,
20. Зурагтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 35-37 дахь тал/,
21. Хохирогч С.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай нөхөр Х.С- нар хамт “Хараа” нэртэй 0.5 литрийн архи хувааж уусан ба хоорондоо ярилцаж нэлээд суусан. Тэгээд манай нөхөр утсаар яриад сууж байтал Х.С- унтаж сууж байснаа өөрөө өөртэйгөө юм ярьж байгаад гэнэт хажууд байсан бор өнгийн сандал авч хананд байсан зурагт руу шидэж зурагт хагалсан. Тэгтэл манай нөхөр болох Ш.Х- нь Х.С-д хандаж “...яаж байгаа юм бэ, зурагт хагалчихлаа шүү дээ...” гэхэд Х.С- уучлаарай, миний буруу, зурагтыг чинь төлөөд өгнө гэж хэлсэн..., ... тухайн зурагтыг манай нөхөр бид хоёр 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр захын хажууд байдаг “Арина” гэх дэлгүүрээс бэлэн 3,160,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
22. Гэрч Ш.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай эхнэр гаднаас ирэхдээ замд хуучны хөрш танил залуу болох Х.С-тай тааралдаад гэрт нь буулгах гэсэн чинь буусангүй, чамтай уулзана гэж хэлэхээр нь дагуулаад ирлээ гээд 15 цагийн үед Х.С-тай хамт ирсэн. Х.С- нь жижиг 0.33 литрийн Хараа нэртэй архи авч ирсэн бөгөөд түүнийг Х.С- бид хоёр хувааж уусан. Түүний дараа уг архийг ууж дууссаны дараа Х.С- чи надад 1 шил архи авч өг, түүнийг уучихаад харилаа гээд байхаар нь би дэлгүүрээс Хараа нэртэй 0.5 литрийн архи авч ирээд хувааж уугаад сууж байгаад би хүнтэй утсаар яриад сууж байтал Х.С- гэнэт хажуудаа байсан сандлыг авч манай хананд өлгөөтэй байсан 65 инчийн зурагт руу шидсэн ба манай зурагтын дэлгэцийн нүүр нь хагарч дүрс нь харласан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
23. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн БӨА-22-0342 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 26-29 дэх тал/,
24. Шүүгдэгч Х.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие прокурорын гаргасан тогтоолтой танилцлаа, уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй..., ...тэр үеэр С.М- бид хоёр мэнд ус болж ярилцаж байтал манай нөхөр Өмнөговь аймагт ажиллаж байгаад одоо гэртээ ирчихсэн байна гэхээр нь би тэгвэл найзтайгаа очиж уулзана гэж хэлээд дэлгүүрээс нэг шил архи аваад С.М-гийн машинд сууж Ш.Х-ы гэрт очиж түүнтэй хамт гэрт нь нэг шил архи хувааж уусан. Түүний дараа Ш.Х- нь бас нэг шил архи авч ирээд бид хоёр хамт хувааж уугаад сууж байхдаа би өмнө архи уусан байсан болохоор тухайн 2 шил архийг 2 хүн хувааж уухад би нэлээд согтоод ухаан байхгүй болсон. Нэг мэдэхэд цагдаа нар ирж байх шиг байсан ахиад нэг сэрээд харахад цагдаа дээр ирсэн саатуулах байранд байсан..., ...Би Ш.Х-ы гэрт очиход зурагт байсан, асаалттай байсан үгүйг анзаарч хараагүй, би сайн мэдэхгүй байна..., ...сүүлд Ш.Х- надад чи зурагт хагалсан гэдгийг хэлж байсан, миний бие ямар ч байсан түүний зурагтыг төлж хохиролгүй болгож өгнө.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-54 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт.
25. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
26. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3. “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1. “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус заажээ.
27. Шүүгдэгч Х.С- нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар /Харасай/ багийн нутаг дэвсгэрт иргэн Ш.Х-ы гэрт архидан согтуурсан үедээ хананд өлгөөстэй байсан 65 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт руу нь сандал шидэж, зурагтын дэлгэцийг нь хагалж, гэмтээж, хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, бусад хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг зөрчиж, түүний эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.
28. Тодруулбал Х.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн идэвхтэй үйлдлээр иргэн С.М-гийн эзэмшлийн 65 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт руу нь сандал шидэж, зурагтын дэлгэцийг нь хагалсан нь тогтоогдож байх ба хохирогч С.М-д учирсан хохирол шүүгдэгч Х.С-ы гэм буруутай үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой байна.
29. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгодог байна.
30. Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.М-гийн эд хөрөнгөд 3.160.000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдож байх ба энэ нь дээрх хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол юм.
31. Шүүгдэгч Х.С-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.С-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
32. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х.С-ы согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
33. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
34. Шүүгдэгч Х.С-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.М-д 3.160.000 төгрөгийн хохирол учирсан нь шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн БӨА-22-0342 дугаартай “2022 оны 11 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан Раnasonic 65 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт 3,160,000 /гурван сая нэг зуун жаран мянган/ төгрөг болох”-ыг тогтоосон үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 26-29 дэх тал/-ээр тогтоогджээ.
35. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилсан.
36. Шүүгдэгч Х.С-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.М-д 3.160.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон тул гэмт хэргийн хохирол 3.160.000 төгрөгийг шүүгдэгч Х.С-аас гаргуулан хохирогч С.М-д олгож шийдвэрлэв.
37. Харин шүүгдэгч Х.С- нь хохирогч С.М-гийн хохирлыг бүрэн төлсөн тохиолдолд хохирогч С.М-гийн эзэмшилд хадгалагдаж буй устаж, гэмтсэн Раnasonic 65 инчийн зурагтыг өөртөө шилжүүлэн авах эрхтэй болохыг дурдаж байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
38. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх” дүгнэлтийг,
39. Шүүгдэгч Х.С-аас “Торгох ял оногдуулж өгнө үү, түүний хохирол 3.160.000 төгрөгийг төлж өгөх болно” гэх тайлбарыг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.
40. Шүүхээс шүүгдэгч Х.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
41. Шүүгдэгч Х.С- нь хувийн байдлын хувьд урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь хавтаст хэргийн 67 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хавтаст хэргийн 69-71 дэх талд авагдсан Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолын хуулбар зэргээр нотлогдож байна.
42. Шүүхээс шүүгдэгч Х.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
43. Шүүгдэгч Х.С- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэм буруутай болох нь тогтоогдсон учир түүний хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-д 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Х.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
44. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:
Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;
Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;
Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.
45. Шүүгдэгч Х.С-д оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.
Тодруулбал, шүүгдэгч Х.С- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 2 сарын хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.
46. Хэрэв шүүгдэгч Х.С- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй.
47. Шүүгдэгч Х.С- нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
48. Шүүгдэгч Х.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Х-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.С-д оногдуулсан 2 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.С-аас 3.160.000 (гурван сая нэг зуун жаран мянга) төгрөг гаргуулан хохирогч С.М-д олгосугай.
6. Шүүгдэгч Х.С- нь хохирогч С.М-гийн хохирлыг бүрэн төлсөн тохиолдолд хохирогч С.М-гийн эзэмшилд хадгалагдаж буй устаж, гэмтсэн Раnasonic 65 инчийн зурагтыг өөртөө шилжүүлэн авах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Х.С- нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Х.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК