Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/ 374 

 

 

     2023           05            25                                      2023/ШЦТ/ 374    

                                                                                                  

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт У-ын Г-т холбогдох эрүүгийн 23100 0000 0395 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Алтангэрэл, хохирогч А.Г, шүүгдэгч У.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Г нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр * төрсөн, 32 настай, эрэгтэй, * боловсролтой, * мэргэжилтэй, * ажилтай гэх, ам бүл *, * хамт амьдрах, * дүүргийн * дүгээр хороо, * тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт У-ын Г /РД:********/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч У.Г нь 2023 оны 02 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, * тоотод өөрийн хамтран амьдрагч А.Г-тай “аавын тухай дууг олон дахин сонслоо, соль гэхэд сольсонгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа алгадах, гарыг нь мушгих зэргээр биед нь халдан зодож зүүн гарын богтос ясны хугарал, баруун шуунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч У.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Бид хоёр хамт амьдраад 7 жил болж байна. Бид хоёр 5 настай нэг хүүхэдтэй. Манай хүүхэд хөнгөн хэлбэрийн аутизмтай. Би 2008 оноос 2012 онд Бээжин хотод Хятад хэлний орчуулагчаар сурч төгссөн. Түүнээс хойш 2015 он хүртэл Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сурч төгссөн. Одоо 2 тээврийн хэрэгслээр улс хоорондын тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа.

Өмнө нь гэр бүлийн маргаанаас болж түлхсэн тохиолдол байгаа. Түүнээс биш эхнэртээ байнга гар хүрч байгаагүй. Тухайн үед манай эхнэр машины хойд суудалд сууж явахдаа миний хамар луу баруун гараараа цохисон. Гэртээ ороод цусаа тогтоогоод байж байхад хаалга тогшсон. Хаалганы дурангаар харахад эрэгтэй хүнтэй хамт зогсож байсан. Би дуудлагын жолоочийг байна гэж мэдээгүй. Сүүлд дуудлагын жолооч гэдгийг мэдсэн. Эхнэрийгээ хардсан. Хамар луугаа цохиулсан учраас айж байсан. Тухайн үед эхнэр над руу дайраад байсан тул хөдөлгөөнийг нь хязгаарлах гэж гарыг нь мушгисан. Эмчилгээнд 1.000.000 төгрөг зарцуулсан. Одоо 06 дугаар сард дахин зураг авхуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэрийнхээ биед хүндэвтэр гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Эхнэрээсээ уучлал гуйж байна. Уураа барьж чадалгүй ийм асуудал боллоо. Дахиж ийм зүйл хийхгүй. Би ухаарсан.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч А.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2023 оны 02 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө бид хоёр Нарны хорооллоос нөхрийнхөө найзын гэрээс гарч ирсэн. Машин дотор бид хоёр дуунаас болж маргалдаж, би хамар руу нь цохисон. Машинаа зогсоолд байрлуулж дуудлагын жолоочтой хамт гэр лүүгээ мөнгө авахаар орсон. Миний гарыг хугалъя гэж санаатай тэгээгүй. Бид хоёр хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед 28 хоног гипстэй байж байгаад шарлагад орсон. 06 дугаар сард дахин зураг авхуулна. Одоо бүрэн бороолсон. Эмчилгээний төлбөр 1.030.000 төгрөг болсныг нөхөр төлсөн.

Энэ оны 01 дүгээр сараас хойш хүүхдээс болж маргаантай байгаа. Хадам ээж хамт амьдарч байгаад тусдаа амьдрах болсон. Нөхөр тээвэрт явахаараа 5-8 хоног явдаг. Ирээд гэртээ 3-5 хоног байдаг. 2019 оноос хойш ийм давтамжтай явж байгаа. Гэртээ ирсэн үедээ хүүхдээ эмчлүүлэх, сувилалд явах асуудлыг манай нөхөр хийдэг. Манай хүүхэд эмчилгээтэй байдаг тул салах бодол байхгүй. Би одоо хөдөлгөөн засалч мэргэжлээр сурч байгаа. Миний сургалтын төлбөр, хүүхдийн эмчилгээний төлбөрийг нөхөр төлдөг. Өнгөрсөн хугацаанд нэг ч удаа тасалдуулж байгаагүй.“ гэсэн мэдүүлэг,

 

Хоёр. Эрүүгийн 23100 0000 0395 дугаартай хэргээс:

 

1. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 8-9 дэх тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Г-гийн хохирогчоор өгсөн:

“... 2023 оны 02 дугаар сарын 22-оос 23 шилжих шөнө нөхөр Г-той хамт дуудлагын жолооч дуудаж машинаа бариулаад Нарны хорооллоос гэртээ буюу Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо Ханбогд хорооллын * дугаар байрны гадна 04 цагийн үед ирэхэд нөхөр түрүүлж гэртээ орсон. Би дуудлагын жолоочтой хамт машинаа зогсоолд байрлуулчхаад дуудлагын жолоочийн төлбөрийг өгөх гээд хамт дээшээ гарч хаалгаа түлхүүрээрээ онгойлгох гэхэд манай нөхөр өөдөөс гарч ирээд “чи манай гэрээс зайл” гэж хэлээд баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт 1 удаа алгадаж, хоёр гараараа миний зүүн гарыг мушгиж барьсан. Миний зүүн гар нурууны ард талд байрлалтай, маш их өвдсөн. Удалгүй миний зүүн гарын тохой хавдаж, хөдөлгөж болохгүй байхаар нь Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд “зүүн гарын тохой хэсгийн яс хугарсан байна” гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зодоон болоогүй. Тухайн үед нөхөр Г болон дуудлагын жолооч бид гурав байсан.

....Би 2017 онд Г-той танилцаж хамт амьдарч эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд манай нөхөр миний биед 4-5 удаа гар хүрч гэмтэл учруулсан. 2019 онд ариун цэврийн өрөөнд миний зүүн шанаанд цохиж, үүний улмаас зүүн шанаа нилэнхүүдээ  хавдаж байсан. 2021 онд зочны өрөөнд байхад манай нөхөр миний нүүрэнд гэмтэл учруулахгүйгээр цохиж байсан. 2022 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө байрны доод талын авто зогсоол дотор миний биед гэмтэл учруулахгүйгээр нүүр, толгой хэсэгт цохиж байсан. Би дээрх хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй. 2023 оны 02 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө миний зүүн гарыг мушгиж хугалсан тул би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.

Би маш их гомдолтой байна. Манай нөхөр Г миний гарыг хугалсан. Мөн бид хоёрын хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тул хадам ээж У надад “манай удамд хөгжлийн бэрхшээлтэй хүн байхгүй, чи ийм хүүхэд төрүүлж миний хүүхдийн амьдралыг там болголоо” гэх зэргээр үгээр дайрдаг. Сүүлийн 6 сарын хугацаанд энэ асуудлаас болж нөхөр Г-той маргалдаж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 13-14 дэх тал),

 

3. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2882 дугаартай:  

1. А.Г-гийн зүүн богтос ясны хугарал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хэргийн 19-20 дахь тал),

 

4. Хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 42-43 дахь тал),

 

5. Хүчирхийллийн аюулгүйн зэргийг үнэлэх асуулгын хариу эрсдэлийн түвшин “дунд” гэж тогтоосон үнэлгээний баримт (хэргийн 31-32 дахь тал),

 

6. Хохирогч А.Г-гийн хэрэгт бичгээр гаргасан “Хамтран амьдрагч Г миний зүүн гарыг 2 гараараа мушгиж хүндэвтэр гэмтэл учруулсан. Дээрх хэрэгт ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй болно. Миний өгсөн мэдүүлэг үнэн зөв болно.” гэсэн хүсэлт баримт (хэргийн 44 дэх тал),

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад У.Г-ын яллагдагчаар өгсөн:

“... Би прокурорын тогтоолтой уншиж танилцсан. Прокурорын тогтоолтой санал нийлэхгүй байна. Хамтран амьдрагч А.Г-гийн хохирогчоор өгсөн мэдүүлэг нь хэрэг гарсан шалтгаан, дээрх маргаан юунаас болж үүссэн талаар огт дурдаагүй байна. Харин дээрх хэрүүл маргаан нь А.Г-аас шалтгаалсан юм. Би хамтран амьдрагч А.Г-тай хамт 2023 оны 02 дугаар сарын 23-ны 04 цагийн үед гэр лүүгээ буюу Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо * байр луу явахаар дуудлагын жолооч дуудан машинаа бариулаад гэртээ хүргүүлэх замд Г нь машин дотор аавын тухай дууг угсруулан 2-3 удаа сонссон бөгөөд би тухайн үед Г-д хандан “чи өөр дуу тавьчих, би аавын тухай дуу сонсохыг хүсдэггүй юм аа” гэж удаа дараа хэлсээр байхад миний үгийг тоогоогүй. Үүнээс болж бид хоёр бага зэрэг маргалдсан. Гэтэл Г нь надтай маргалдсан шалтгаанаар баруун гараараа миний хамар хэсэгт цохиж, надад “чи намайг тоодоггүй” гэж хэлсэн.

Миний хамраас цус гараад тогтохгүй байхаар нь машин тэр үед Вива сити автобусны буудал дээр явж байсан тул машинаа зогсоо гэж хэлээд машинаасаа бууж гэртээ орсон. Гэртээ ороод ариун цэврийн өрөөнд орж хамраас гарсан цусаа угааж дуусах үед Г хаалга цохихоор нь хаалганы цоожийг тайлсан. Гэтэл Г “чи хаалгаа цоожилдог хэн бэ” гэж хэлээд намайг цохих гэж дайрсан. Би Г-гийн 2 гараас 2 гараараа барьсан. Тэр үед Г нь мултрах гэж оролдох үедээ зүүн гарынхаа тохойг гэмтээсэн.

Өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй. Миний хувьд Г-ийн биед санаатай халдаагүй, гэмтэл учруулаагүй юм. Би хамтран амьдрагч Г-г огт цохиогүй. Би тухайн үед Г-д хаалга онгойлгон өгөөд гэртээ оруулахгүй байх зорилгоор түүнийг зайл гэж хэлсэн нь үнэн. Гэхдээ тухайн үед Г танихгүй залуутай хамт зогсож байсан болохоор би зайл гэж хэлсэн. Дараа нь би танихгүй залууг дуудлагын жолооч үйлчилгээний төлбөр мөнгөө авах гэж байсныг мэдсэн.

Би тухайн үед Г-гийн баруун, зүүн гарыг нь хоёр гараараа барьж түүний хөдөлгөөнийг хориглох үед миний гараас мултрах гэж өөрөө биеэрээ эргэх гэж байгаад зүүн гарын тохой хэсгийг гэмтээсэн. Г-гийн мэдүүлсэн шиг тийм үйл явдал болоогүй. Г бид хоёр 2016 онд танилцсан цагаасаа хамт амьдарч нэг хүүхэдтэй болсон.

Би дээрх маргааныг Г-аас шалтгаалсан гэж бодож байна. Миний хувьд биеэ хамгаалж түүний 2 гарыг 2 гараараа барьсан. Өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 38-39 дэх тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 25 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 49 дэх тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж, тусламжийн дэвтрийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч У.Г-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч У.Г нь 2023 оны 02 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч А.Г-тай “машин дотор аавын тухай дууг угсруулан сонслоо, соль гэхэд сольсонгүй” гэх шалтгаанаар маргалдаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, * тоотод түүнийг хардсаны улмаас нүүрэн тус газарт гараараа алгадах, гарыг нь мушгих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “зүүн гарын богтос ясны хугарал, баруун шуунд цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан:

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 8-9 дэх тал),

- Хохирогч А.Г-гийн: “... 2023 оны 02 дугаар сарын 22-оос 23 шилжих шөнө нөхөр Г-той хамт дуудлагын жолооч дуудаж машинаа бариулаад Нарны хорооллоос гэртээ буюу Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо Ханбогд хорооллын * гадна 04 цагийн үед ирэхэд нөхөр түрүүлж гэртээ орсон. Би дуудлагын жолоочтой хамт машинаа зогсоолд байрлуулчхаад дуудлагын жолоочийн төлбөрийг өгөх гээд хамт дээшээ гарч хаалгаа түлхүүрээрээ онгойлгох гэхэд манай нөхөр өөдөөс гарч ирээд “чи манай гэрээс зайл” гэж хэлээд баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт 1 удаа алгадаж, хоёр гараараа миний зүүн гарыг мушгиж барьсан. Миний зүүн гар нурууны ард талд байрлалтай, маш их өвдсөн. Удалгүй миний зүүн гарын тохой хавдаж, хөдөлгөж болохгүй байхаар нь Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд “зүүн гарын тохой хэсгийн яс хугарсан байна” гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зодоон болоогүй. Тухайн үед нөхөр Г болон дуудлагын жолооч бид гурав л байсан.

....Би 2017 онд Г-той танилцаж хамт амьдарч эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд манай нөхөр миний биед 4-5 удаа гар хүрч гэмтэл учруулсан. 2019 онд ариун цэврийн өрөөнд миний зүүн шанаанд цохиж, үүний улмаас зүүн шанаа нэлэнхүйдээ хавдаж байсан. 2021 онд зочны өрөөнд байхад манай нөхөр миний нүүрэнд гэмтэл учруулахгүйгээр цохиж байсан. 2022 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө байрны доод талын авто зогсоол дотор миний биед гэмтэл учруулахгүйгээр нүүр, толгой хэсэгт цохиж байсан. Би дээрх хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй. 2023 оны 02 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө миний зүүн гарыг мушгиж хугалсан тул би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би маш их гомдолтой байна. Манай нөхөр Г миний гарыг хугалсан. Мөн бид хоёрын хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тул хадам ээж У надад “манай удамд хөгжлийн бэрхшээлтэй хүн байхгүй, чи ийм хүүхэд төрүүлж миний хүүхдийн амьдралыг там болголоо” гэх зэргээр үгээр дайрдаг. Сүүлийн 6 сарын хугацаанд энэ асуудлаас болж нөхөр Г-той маргалдаж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 13-14 дэх тал),

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2882 дугаартай:  

1. А.Г-гийн зүүн богтос ясны хугарал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хэргийн 19-20 дахь тал),

- Хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 42-43 дахь тал),

- Хохирогч А.Г-гийн хэрэгт бичгээр гаргасан “Хамтран амьдрагч Г миний зүүн гарыг 2 гараараа мушгиж хүндэвтэр гэмтэл учруулсан. Дээрх хэрэгт ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй болно. Миний өгсөн мэдүүлэг үнэн зөв болно.” гэсэн хүсэлт баримт (хэргийн 44 дэх тал),

- Хүчирхийллийн аюулгүйн зэргийг үнэлэх асуулгын хариу эрсдэлийн түвшин “дунд” гэж тогтоосон үнэлгээний баримт (хэргийн 31-32 дахь тал) зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

 

“Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсныг” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлсон ба харин энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, мөн хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн тохиолдлыг хүндрүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр мөн зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлан тогтоосон.

 

“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг буюу гэр бүлийн харилцаа, хамаарал бүхий хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг;

гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгөх, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг;

гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг, мөн бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг ойлгох бөгөөд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.

 

Хэргийн шүүгдэгч У.Г, хохирогч А.Г нар нь гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч гэр бүлийн амьдралаар хамтран амьдардаг, дундаасаа үр хүүхэдтэй эцэг, эх болох нь тэдгээрийн мэдүүлэг болон хэргийн баримтаар тогтоогдсон тул тэдгээр нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай” этгээдэд тооцогдох юм.

 

Хэргийн нөхцөлд шүүгдэгч У.Г нь 2023 оны 02 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч А.Г-тай “машин дотор аавын тухай дууг угсруулан сонслоо, соль гэхэд сольсонгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, * тоотод түүнийг дуудлагын жолоочтой хардсаны улмаас нүүрэн тус газарт гараараа алгадах, 2 гарыг нь мушгих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “зүүн гарын богтос ясны хугарал, баруун шуунд цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн тухайн хэргийн талаар нотолбол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай шалгаж тогтоосон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргийн шүүгдэгч У.Г болон түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй.

 

Иймд шүүгдэгч У.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, ээрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан байна.

 

Хэргийн хохирогч А.Г-ийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршиг болох юм.    

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэ хэргийн хохирогч А.Г нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгт: “...эмчилгээний зардал төлбөрт 1.030.000 төгрөг гарсан бөгөөд үүнийг У.Г төлсөн, надад нэхэмжлэх хохирол байхгүй, гомдол санал байхгүй” хэмээн мэдүүлсэн (хэргийн 44 дэх тал) баримттай байх тул гэм хорын хохиролд тооцон шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзнэ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч У.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар (хэргийн 25 дахь тал) тогтоогдсон тул түүнийг анх удаа эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.  

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Шүүх, шүүгдэгч У.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан,

- эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор У.Г-т 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт У.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Г нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                    

                                               

                                                                ТОГТООХ нь:

 

1. Б овогт У-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар У.Г-т 3.500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар У.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Энэ хэрэгт У.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Г нь “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд У.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД