Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/371

 

 

     2023            05           25                                         2023/ШЦТ/371                               

 

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Н-ийн Б, Б овогт Б-ны Б нарт холбогдох эрүүгийн 23100 1033 0441 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Нямдорж, хохирогчийн өмгөөлөгч М.Ц, шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Н.Б, тэдгээрийн өмгөөлөгч У.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ***** оны * дугаар сарын *ны өдөр * төрсөн, *, *настай, * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл *, * нарын хамт амьдрах, * дүүргийн * дугаар хороо * тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Н овогт Н-гийн Б /РД:**********/.

2. Монгол Улсын иргэн, *оны* дугаар сарын *-ний өдөр * төрсөн, *, * настай, *боловсролтой, *мэргэжилтэй, “*-д жолооч ажилтай гэх, ам бүл *, * хамт амьдрах, * тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ны Б /РД:**********/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

1. Шүүгдэгч Б.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Б-тэй үйлдлээрээ санаатай нэгдэн 2023 оны 01 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Минт баарны гадна иргэн Э.Б-тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж биед дух ясны гадна ялтасны хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, хугарал орчмын зөөлөн эдэд хий хуралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн,

2. Шүүгдэгч Н.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б-тэй үйлдлээрээ санаатай нэгдэн 2023 оны 01 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Минт баарны гадна иргэн Э.Б-тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж биед дух ясны гадна ялтасны хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, хугарал орчмын зөөлөн эдэд хий хуралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Б-ээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би хохирогчийн шанаа тус газар нь 2 удаа өшиглөсөн. Тухайн үед бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хохирогч бас нэлээн согтуу байсан. Хохирлыг нь маргааш өгөхөөр гэж тохиролцсон боловч утас нь холбогдохгүй байсан. Сүүлд гар утасных нь орох ярианы эрх хаагдсан байсан. Хийсэн хэрэгтээ өнөөдрийг хүртэл гэмшиж байна. Ар гэр, найз нөхдөө хараад яагаад ийм хэрэг хийчих вэ гэж бодож, их гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулна.“ гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч Б.Б-ээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Манай найз охин тэр залууг танихгүй гэхээр нь чи хэн юм бэ гээд хохирогч дээр очиж асуухад найз залуу нь гэж хэлсэн. Би энэ чинь миний найз охин гэхэд хохирогч намайг татаад бид хоёр баарнаас гарсан. Би баарнаас хохирогчид чирүүлж гарсан. Хохирогч миний дээрээс дарсан байдалтай байхад Н.Б түүний толгой руу нь өшиглөсөн. Тэгээд босоход нь би түүнийг 2 удаа цохисон. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулна. Ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэсэн мэдүүлэг,

 

Хоёр. Эрүүгийн 23100 1033 0441 дугаартай хэргээс:

1. Минт баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 13-15 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Б-ын хохирогчоор өгсөн:

“... 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажлаа тарчхаад ажлын залуучууд болох Д, О, Ж нартай “Double shot” гэх газар орсон. Уг газарт надтай хамт явсан залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Харин би хэрэглээгүй. Уг газраас гараад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Минт нэртэй бааранд орсон ба би коктейль, 1 шил пиво уусан. Намайг бүжгийн талбай дээр байхад үл таних нэг залуу ирээд над руу “19-н С гэж мэдэх үү, би тэрний дүү байгаа юм, хоёулаа гараад учраа олъё” гэх зэргээр дайраад байхаар нь “яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн боловч “гаръя” гээд байхаар нь хамт гарсан. Минт баарнаас гараад явж байхад намайг хэл амаар доромжлоод ална гээд байсан тул цохиулахгүй гэж газарт унагааж, дээр нь дараад хэвтсэн. Удалгүй миний толгойн тус газарт үл таних хүн шууд өшиглөсөн. Би доошоо харсан байдалтай байж байгаад дээшээ харж хэвтэхэд намайг дагуулж баарнаас гарсан залуу миний нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Энэ явдлын дараа манай найзууд гарч ирж тэд нарыг надаас холдуулсан.

Би одоо удаан явж чадахгүй, толгой эргэж, дотор муухайрдаг. Миний нүүрний зүүн хэсэг тэр чигтээ хөндүүртэй байна. Би тухайн үед коктейль, 1 шил пивоны талыг нь уусан байсан. Би хэвийн байсан. Надад Минт бааран дотор Б гэх залуугийн найз охиныг өдөж хоргоосон зүйл байхгүй. Надад учирсан “дух ясны гадна ялтасны хугарал, зүүн нүдний ухархайн хананы хугарал, хугарал орчмын зөөлөн эдэд хий хуралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” зэрэг гэмтлийг намайг өшиглөж, гараараа цохисон хоёр үл таних залуу учруулсан. Зүүн шилбэ, баруун бугуйнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл нь унах үед үүссэн. Би хохирлын баримтуудыг цуглуулж байгаад гаргаж өгнө. Эмчилгээний зардал болон зодуулсны улмаас ажилдаа явж чадаагүй хугацааны цалин хөлсийг төлүүлнэ. Өөр нэмж хэлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг (хэргийн 18 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Д-ын гэрчээр өгсөн:

“... 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр найз Б, О, Ж бид дөрөв ярилцаад би гадагшаа явах гэж байсан тул намайг гаргаж өгөх зорилгоор 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Минт баар луу орсон. Тэнд ороод бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж бага зэргийн согтолттой байсан. Бид нар бүгд ийш тийш тараад бүжиглэцгээсэн. Удалгүй Б нэг залуутай миний хажуугаар зөрөөд гадагшаа гарсан. Хоорондоо гайгүй харагдаж байхаар тамхилах гэж байгаа юм байх гэж бодсон юм. Гэтэл миний утас дуугарч би баарнаас гарахад Б зодуулсан байдалтай ээрч муураад, нүүр нь цус болчихсон байсан. Миний бодлоор надтай зөрөхөд хамт явсан залуу нь зодсон байх. Манай найз цагдаа дуудсан. Б яг хэнд зодуулсныг хараагүй, гараад харахад зодуулсан байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 28 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Э-гийн гэрчээр өгсөн:

“... 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манай найзууд болох өндөр Б, намхан Б нар над руу 23 цагийн орчимд залгаж “гадуур жаахан гарах уу” гэж хэлэхэд би зөвшөөрч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд орж суухаар болсон. 01 цагийн үед Минт баарны гадна тэр хоёртой уулзахад хоёулаа бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бид гурав дотогшоо ороод пиво уугаад сууж байхад намхан Б манай найз охин гээд нэг эмэгтэй авч ирсэн.

Үл таних залуу Б-ний найз охиныг нь өдөөд байна гээд үл таних залуутай маргаан үүсгэсэн. Уг маргааныг салгачхаад гайгүй болчихоор нь орхичихсон чинь намхан Б алга болчихсон байсан. Өндөр Б бид хоёр түүнийг хайж байгаад гадаа гарахад нөгөө үл таних залуугийн доор нь орчихсон зодуулсан байдалтай байхаар нь явж очтол өндөр Б үл таних залуугийн толгойн тус газарт нь гутлаараа 1 удаа өшиглөсөн. Би тэднийг салгаад цааш авч явсан. Өөр ямар нэгэн зодоон болоогүй. Өндөр Б, намхан Б, үл таних залуу гурав гурвуулаа нэлээн согтолттой харагдаж байсан. Үл таних залууг өндөр Б 1 удаа өшиглөсөн. Тэр үед нь би салгаад авч явсан. Өөр хүн тэр залууг цохиж зодоогүй. Тухайн үед тэнд намхан Б, түүнтэй зодолдсон үл таних залуу, үл таних залуутай хамт явж байсан нэг залуу, өндөр Б бид тав байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 34 дэх тал),

 

5. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1985 дугаартай:  

1. Э.Б-ын биед дух ясны гадна ялтасны хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, хугарал орчмын зөөлөн эдэд хий хуралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэ, баруун бугуйнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хэргийн 37-39 дэх тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-ний яллагдагчаар өгсөн:

“... 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр найз Н.Б, Э нарын хамт Хан-Уул дүүрэгт байрлах Минт нэртэй бааранд орой 00 цагийн үед орсон. Бааранд ороод 1 шил пиво уугаад байж байхад манай найз охин ирээд хамт бүжгийн талбайд бүжиглэсэн. Тэр үед үл таних залуу манай найз охиныг өдөөд байхаар нь “чи хэн юм бэ, юу болчхоод ингээд байгаа юм бэ” гэхэд “би найз залуу нь байна” гэж хэлсэн. Би “юу яриад байгаа юм бэ би найз залуу нь байна гэхэд тэр залуу гадаа гараад учраа олчихъё гээд намайг чирээд гарсан. Баарнаас гараад явж байтал намайг тонгорч унагаагаад миний дээр гарахаар нь цохиулахгүй гээд хоёр гарыг нь тэврээд байж байтал Б ирээд нүүрэн тус газарт нь өшиглөсөн. Би босож түүний нүүрэн тус газарт нь гараараа цохисон. Удалгүй манай найз Э ирээд бид нарыг салгасан. Би хохирогч Э.Б-ыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын баримт гаргаж өгвөл хохирлыг төлж барагдуулна. “гэсэн мэдүүлэг (хэргийн 67-68 дахь тал),

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Б-ий яллагдагчаар өгсөн:

“... 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр найз Б.Б, Э нарын хамт Хан-Уул дүүрэгт байрлах Минт нэртэй бааранд орой 00 цагийн үед орсон. Бааранд бүжиглэж байхад Б нэг залуутай тэврэлдээд явчихсан. Би араас нь явсан боловч олдохгүй байсан тул баарнаас гарахад баарны баруун талд манай найз Б-ий дээр нь нэг залуу гарчихсан байхаар нь би түүний нүүрэн тус газарт нь 2 удаа өшиглөж, тэр залууг Б-ээс салгасан. Бид нар хоорондоо муудалцаж байгаад салаад явсан. Яг ямар учраас хэрүүл маргаан болсон талаар мэдэхгүй, сүүлд найз Б-ээс найз охиныг өдөөд байсан гэж сонссон. Манай найз Б Э.Б-ыг цохиж зодсон талаар сайн мэдэхгүй байна. Хяналтын камерын бичлэг үзэхэд цохиж байгаа нь харагдаж байсан. Би Б-ыг цохиж биед нь хөнгөн зэргийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын баримт гаргаж өгвөл хохирол төлбөрийг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 61-62 дахь тал) болон шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 72, 81 дэх тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 73, 82 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хэргийн 74, 83 дахь тал), жолоочийн лавлагаа мэдээлэл (хэргийн 75, 87 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 79, 88 дахь тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (хэргийн 86 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Б, Б.Б нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

   Шүүгдэгч Б.Б, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Минт баарны гадна иргэн Э.Б-тай “найз охин өдлөө” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, мөн шүүгдэгч Н.Б нь Э.Б-ын нүүрэн тус газарт нь өшиглөх зэргээр зодож, цохин түүний эрүүл нь “дух ясны гадна ялтасны хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, хугарал орчмын зөөлөн эдэд хий хуралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан:

- Минт баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 13-15 дахь тал),

- Хохирогч Э.Б-ын мэдүүлэг (хэргийн 18 дахь тал), гэрч Э.Д  (хэргийн 28 дахь тал), Ж.Э (хэргийн 34 дэх тал) нарын мэдүүлэг баримтууд,

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1985 дугаартай:  

1. Э.Б-ын биед дух ясны гадна ялтасны хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, хугарал орчмын зөөлөн эдэд хий хуралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэ, баруун бугуйнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хэргийн 37-39 дэх тал) болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг (хэргийн 61, 67 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалтай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн нөхцөлд шүүгдэгч Б.Б, Н.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, 2023 оны 01 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Минт баарны гадна Н.Б нь  Э.Б-ын нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөх, Б.Б нь хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “дух ясны гадна ялтасны хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, хугарал орчмын зөөлөн эдэд хий хуралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэ, баруун бугуйнд зулгаралт, цээжинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т “бүлэглэж” гэж заасан.

 

Шүүгдэгч нарын энэхүү гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч Б.Б, Н.Б, тэдгээрийн өмгөөлөгч нараас хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Э.Б-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэ хэргийн хохирогч Э.Б нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

 

Хэргийн хохирогч Э.Б-аас ...шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй, өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай хүсэлтээ бичгээр тус шүүхэд гаргасан нь “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан журамд нийцсэн тул түүний сонгосон өмгөөлөгч М.Ц-г оролцуулан хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогч Э.Б нь гадаад улс руу суралцахаар явсан учир өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул хохирогчийн зүгээс хохирол төлбөрт 10.000.000 төгрөг нэхэмжилж буйгаа илэрхийлсэн бичгээр гаргасан хүсэлт, мөн 1.288.482 /нэг сая хоёр зуун наян найман мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийн хохирлын баримт зэргийг шүүхэд гаргаж өгснөөс баримттай гарсан эмчилгээ үйлчилгээний болон бусад зардлын 1.288.482 /нэг сая хоёр зуун наян найман мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийн шаардлагыг шүүх хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхиж  шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Б.Б, Н.Б нараас нийт 1.288.482 төгрөг /нэг сая хоёр зуун наян найман мянга дөрвөн зуун наян хоёр/  төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж, хохирогч Э.Б-т олгох нь зүйтэй.

 

Хохирогч нь шаардлагатай гэж үзвэл хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны цалин тэтгэмжийн зөрүү болон цаашид гарах эмчилгээний зардал төлбөрт хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Түүнчлэн шүүгдэгч нар нь шүүхийн хуралдаан завсарлуулсан хугацаанд баримттай гарсан 1.288.482 /нэг сая хоёр зуун наян найман мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийн хохирлыг хохирогч Э.Б-ын төрсөн ах Э.Э-ын Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд шилжүүлэн төлж, хохирол төлбөр төлсөн талаарх баримтыг эрүүгийн хариуцлагын хуралдааны явцад шүүхэд гаргаж өгснийг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт хэргийн 79, 88 дахь талд авагдсан тул тэдгээрийг анх удаа эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.  

 

Шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогүй болно.

 

Шүүх, шүүгдэгч Б.Б Н.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан баримттай гарсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгч нарын хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан

- эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч тус бүрд 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 / нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.   

 

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

ТОГТООХ нь:

 

1. Н овогт Н-гийн Б, Б овогт Б-ны Б нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б, Н.Б нарыг тус бүрийг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б, Н.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч нараас хохирогч Э.Б-т 1.288.482 /нэг сая хоёр зуун наян найман мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийг нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогч нь шаардлагатай гэж үзвэл хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны цалин тэтгэмжийн зөрүү болон цаашид гарах эмчилгээний зардал төлбөрт хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Минт баарны бичлэг бүхий нэг ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Б, Б.Б нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б, Н.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БАЗАРХАНД