Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 44

 

 

 

 

                                               

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                  

прокурор О.Баярсайхан,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулж,

                      

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг  даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 278 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор О.Баярсайханы бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаартай прокурорын улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Бд холбогдох 1907002470143 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1982 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, ,

2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ял шийтгүүлсэн, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн /РД: /;  

 

Шүүгдэгч Б.Б нь Налайх дүүргийн 1 дүгээр хороо Хишиг-Мандал дэлгүүрийн орчим хамтран амьдрагч Ц.Нямдуламыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд нэгэн адил хамаарна” мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “Гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, мөн хэсгийн 5.1.6-т “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгоно” мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан...үйлдэл эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус хуульчилсан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, Б.Б, хохирогч Ц.Нямдулам нар нь тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд мөн бөгөөд шүүгдэгч Б.Б болон хохирогч Ц.Нямдулам нар нь гэр бүлийн хамааралтай, хамтран амьдрагч гэдэг нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан: “Бид хоёр 2016 онд танилцаж хамт амьдарч эхэлсэн” гэсэн мэдүүлэг, хохирогч Ц.Нямдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр би хамтран амьдрагч Батлхагвын хамт Хишигмандал гэх дэлгүүрийн орчим явж байх үедээ Цагаанаа, Гамбууш нартай таарсан...Батлхагва миний толгой руу гараараа цохисон. Тэр үед би ухаан алдсан...” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Гэтэл улсын яллагч яллах дүгнэлтдээ “...хамтран амьдрагч Ц.Нямдуламыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэсэн атлаа Б.Батлхагвын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэнийг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзлээ. Түүнчлэн Б.Б нь урьд 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ял шийтгүүлсэн, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн байх ба уг ялыг эдэлж дууссан эсэх, хэзээ, ямар үндэслэлээр суллагдсан талаарх нотлох баримтыг хэрэгт зайлшгүй хавсаргах шаадрдлагатай тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ. Иймд шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор О.Баярсайхан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.Тухайлбал:

Нэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн /Хууль ёсны зарчим/ 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжид мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь ямар тохиолдолд гэмт хэрэг болох талаар Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшйн авирласан, тарчлаасан... гэж тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хамаарал бүхий хүний биед учирсан гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамааруулан ойлгохоор байна.

Хэрэгт авагдсан дараах төрлийн бичгийн хэлбэрийн нотлох баримтуудаар Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас 1 удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Нямдуламын ...мэдүүлэг /хх-ийн 14-15, 75-76 дугаар хуудас/, Б.Бгийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зөрчлийн тухай хуулиар шийтгүүлж байгаагүй гэх зөрчлийн лавлагаанууд /хх-ийн 24-28 дугаар хуудас/, шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 08шэ/298 дугаартай дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/, яллагдагч Б.Батлхагвын ...мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/.

 Мөн түүнчлэн Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 392 дугаартай тогтоолоор гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнгын шинжтэй үйлдлээр гэмтэл учруулаагүй бол Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэхээр практик тогтоосон байна.

Хоёр. Яллагдагч Б.Б нь урьд 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жил, хорих ял шийтгүүлсэн, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн байх ба уг ялыг эдэлж дууссан эсэх, хэзээ, ямар үндэслэлээр суллагдсан талаарх нотлох баримтыг зайлашгүй хавсаргах шаардлагатай тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ хуулийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй” гэж үзсэн тохиолдлыг заасан байхад хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналт, шүүх хуралдааны явцад гараагүй нөхцөл байдлыг гарсан мэтээр хэргийн жинхэнэ байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж хуулийн зүйл заалт буруу баримталсан.

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2008 оны хамтарсан 547, 494, А/113 дугаар захирамж, тушаалын хавсралт Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг Б.Бд гаргуулж эрүүгийн хэрэгт хавсаргасан бөгөөд заавал Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоол, 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жил, хорих ял шийтгүүлсэн, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан шийтгэх тогтоол, захирамжуудыг хэрэгт хавсаргахгүйгээр хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Иймд Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 278 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

                          

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

            Прокурорын хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэж, Б.Батлхагвыг байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас бус харин нэг удаа бий болсон нөхцөл байдлын улмаас хамтран амьдрагч хохирогч Ц.Нямдуламын биед хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан гэж дүгнэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт яллагдагчаар татсан нь  хууль зүйн үндэслэлтэй.   

                                                                  

            Яллагдагч Б.Б нь урьд 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсаны дараа нь дахин 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан Б.Батлхагвын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан ял шалгах хуудас /хх 38/, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоол /хх 43-46, 48-50/ зэргээр нотлогджээ.

 

Түүнчлэн, Б.Б нь Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, уг гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэгтээ тогтоол гарахаас өмнө 90 хоног цагдан хоригдсон ба тус цагдан хоригдсон 90 хоногийг шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сарын хугацаагаар баривчлах ялын хугацаанд оруулан тооцогдож суллагдсан болох нь Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогджээ.

 

            Иймд Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагагүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд 19070024700143 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүх хуралдаанаар хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 278 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МЯГМАРЖАВ

 

             ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ

 

             ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ