| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2025/0295/З |
| Дугаар | 221/МА2025/0508 |
| Огноо | 2025-07-31 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2025/0508
| 2025 оны 07 сарын 31 өдөр | Дугаар 221/МА2025/0508 | Улаанбаатар хот |
“Чэ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У***,
Хэргийн оролцогчид
Нэхэмжлэгч “Чэ” ХХК,
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10/935 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, “Чэ” ХХК-ийн XV-02*** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэхийг даалгах, “Чэ” ХХК-ийн XV-02*** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0358 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О***,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б***,
Хэргийн индекс: 128/2025/0295/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Чэ” ХХК-иас шүүхэд хандан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10/935 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, “Чэ” ХХК-ийн XV-02*** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэхийг даалгах, “Чэ” ХХК-ийн XV-02*** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0358 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Чэ" ГХОХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10/935 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, "Чэ" ХХК-ийн XV-02*** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах, "Чэ" ХХК-ийн XV-02*** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:
3.1 ...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Чэ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 24/03 дугаар тушаалаар Н.О***од Ашигт малтмал, газрын тосны газарт төлөөлөх бүрэн эрхтэй итгэмжлэлийг олгож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг компанийг төлөөлөн төрийн захиргааны байгууллагад гаргаж шийдвэрлүүлэхээр болсон... Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн аваагүй талаар гэрчээс мэдүүлэг өгч, хангалттай тогтоогдож байхад шүүхээс “гэрч нь хавсаргах шаардлагатай бичиг баримтын бүрдэл дутуу гэсэн мэдүүлгийг өгсөн” мэтээр илтэд үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.
3.2 Мөн бодит байдал дээр хуулийн этгээдийг итгэмжлэлээр төлөөлөн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргаж шийдвэрлүүлсэн тохиолдол маш олон байдаг, хориглосон зохицуулалт байдаггүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шүүх харгалзаж үзэлгүй орхигдуулсан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Цахимжуулалт, тусгай зөвшөөрлийн хувийн хэрэг, хугацаа сунгах, барьцааны бүртгэл хариуцсан мэргэжилтэн А.Н***ийн мэдүүлгээр нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас 1 сарын өмнө өргөдлөө гаргасан болох нь нотлогддог. Үүний дараа 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/04 дүгээр албан бичгээр дахин өргөдлөө гаргасан ч цаг хугацааны хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн ч “дээрх шалтгаануудаар өргөдлөө хугацаандаа гагах боломжгүй гэх үндэслэлгүй” гэж зөрүүтэй ойлгомжгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
3.3 Анхан шатны шүүх хуулийг Монгол Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг хэрхэн хэрэглэх талаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр тогтоолд дүгнэсэн. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 21, 2022 оны 208 дугаар тогтоолуудаар Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг нэхэмжлэгчид үүрэг болгосноос бусд хариуцагчид эрх олгосон зохицуулалт биш...” гэдгийг тайлбарласан байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн хуулийн хугацаанд багтаан гаргасан хүсэлтийг захиргааны байгууллага хууль бусаар хүлээн авалгүй буцаасан үйлдлийг зөвтгөж, Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас хуулийг өөрөөр хэрэглэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэрэгт авагдсан баримтаар,
3.1. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хажуу улаан нэртэй 7625.06 гектар талбайд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 922 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-02*** дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөр тооцож "Са" ХХК-д олгосон.
3.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 42 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг үндэслэн XV-02*** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс тооцон, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, мөн хэлтсийн даргын 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 225 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийг "Са" ХХК-иас нэхэмжлэгч "Чэ" ХХК-д шилжүүлсэн.
3.3. Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацааны дотор буюу 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө К-2 маягтын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг гаргаагүй тул ашигт малтмалын хайгуулын XV-02*** тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болгосныг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн систем /CMCS/-д 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэсэн үйл баримт тогтоогдсон.
4. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 22.1.1-д “хайгуулийн тусгай зөвшөөрлийн хуулбар ...”, 22.1.2-д “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-т ”хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт”, 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.4-т “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно” гэж заасан бөгөөд хуулиар тогтоосон хугацаанаас хэтэрвэл хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болох хуулийн зохицуулалттай.
5. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч талаас, хуулийн этгээдийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд болох БНХАУ-ын иргэн Zh***-гээс олгосон итгэмжлэлийг үндсэн дээр Н.О***оос 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдөл Маягт К-02-ийг гаргахад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Цахимжуулалт, тусгай зөвшөөрлийн хувийн хэрэг, хугацаа сунгах, барьцааны бүртгэл хариуцсан мэргэжилтэн А.Н*** нь “бүрдэл дутуу, компанийн захирал гарын үсэг зурах ёстой” гэж буцаасан нь хууль бус хэмээн маргаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч "Чэ" ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-02*** дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдөл К-02 маягтад хуульд заасан бүрдлийг хангаагүй буюу тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримтыг хавсаргаагүй.
6. Улмаар нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр буюу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсноос хойш хайгуулын тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг төлж, баримтыг хавсарган, хариуцагч захиргааны байгууллагад 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дахин 2025/04 дүгээр албан бичгээр хандсаныг хариуцагчаас 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10/935 дугаар албан бичгээр "... хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмал газрын тосны газрын даргын тушаалаар батлагдсан Маягт К-02-ын дагуу гаргах ба хуулийн этгээдийг төлөөлж өргөдөл гаргах эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулан ирүүлэх тухай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргаагүй тул танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй" хэмээн татгалзаж шийдвэрлэснийг хуульд нийцсэн хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
7. Хэдийгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо “...анхан шатны шүүх хуулийг Монгол Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг хэрхэн хэрэглэх талаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр тогтоолд дүгнэсэн...” хэмээн маргаж байх боловч маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч “Чэ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О***оос 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч захиргааны байгууллагад хандан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргахдаа тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг төлсөн баримтыг хавсаргаагүй /төлөөгүй/ буюу бүрдэл дутуу байсан.
Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн хугацаа 7 дахь жилийн төлбөрийг алдангийн хамт төлсөн гэх 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс өмнө буюу 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу дуусгавар болгосон нь Кадастрын бүртгэлийн систем /CMCS/-д 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон энэ тохиолдолд тухайн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй, хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн ч нэхэмжлэгчийн эрх нь сэргэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0358 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА