Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 855

 

 

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/00855

 

 

Н.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00255 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “КБ” ХХК, “М” ХХК-д тус тус холбогдох,

 

“М” ХХК, “С” ХХК-иудаас КБтай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан Т07/141, Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, Блью скай хотхоны 44Б дугаар байрны ... тоот орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах 000, 000 автозогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, эд  хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч “КБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Уянга

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Энхжин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “М” ХХК-тай орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Блью скай хотхоны 44Б байрны ... тоот орон сууц болон зоорийн давхрын 000, 000 автозогсоолуудыг захиалан бариулж, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан.

Улмаар “М” ХХК-иас орон сууц болон автозогсоолуудын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгчийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон сууц болон автозогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтолгох тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

“М” ХХК нь миний хөрөнгө оруулалтаар бий болсон орон сууц болон автозогсоолуудыг захиалагч Н.Б- миний нэр дээр шилжүүлэлгүй, 90 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын өмчлөх эрхийн улсын бүртгэлийг өөрийн нэр дээр хийлгэжээ. Улмаар 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “КБ” ХХК-тай Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд миний өмчлөлийн орон сууц, мөн өдрийн Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд миний өмчлөлийн автозогсоолуудыг барьцаалсан.

Иймд “Мфикс Капитал” ХХК, “КБ” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан ТО7/208 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue sky хотхоны 44Б дүгээр байранд байрлах, Н.Б-ийн өмчлөлийн ... тоот орон сууц, мөн “Мфикс Капитал” ХХК, “КБ” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан ТО7/14... тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue sky хотхоны 44Б дүгээр байрны зоорийн давхарт байрлах Н.Б-ийн өмчлөлийн 000, 000 автозогсоолуудад холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б- нь 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдөр манай компанитай 17... тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу дахь Блью скай хотхоны 44Б байр тоот орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах 000, 000 2 ширхэг автозогсоолыг хамт захиалан бариулсан. Ийнхүү гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог бүрэн төлж дууссан учраас тухайн орон сууцандаа 2009 оны 12 дугаар сараас эхлэн амьдарч орон сууц болон авто зогсоолоо эзэмшиж ашиглаж байгаа болно.

Нэгэнт тухайн орон сууц, авто зогсоол Н.Б-ийн өмч хөрөнгөөр бий болсон тул түүний өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд өгсөн нэхэмжлэлийн дагуу манай компаниас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

“Мфикс капитал” ХХК нь “КБ” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/14... тоот Зээлийн гэрээ, Т07/14... тоот Зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 205 автомашины гараашийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй. Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Батхүүгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хатан туул хотхоны 17 тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм.

Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээгээр “С” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “М” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн 44А, Б тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий газар эзэмших эрх зэргийг “КБ” ХХК-ийн зээлийн барьцаанд байршуулсан бөгөөд 44А, 44Б хаяг бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг зээлийн барьцаанаас тус банк бүрэн чөлөөлсөн. Энэ нь Н.Б-ийн тус компанитай байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээнээс хойш байгуулсан тул барьцааны гэрээ юм.

Үүний дараа буюу 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т0/14... тоот зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэлд 44Б байрны 000, 000 зогсоолуудыг, Т0/208 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд мөн байрны ... тоот орон сууцыг КБны шаардлагаар Н.Б-д мэдэгдэлгүйгээр барьцаалснаа манай компани бүрэн хүлээн зөвшөөрч байна.

“КБ” ХХК нь тухайн автозогсоолуудыг барьцаанд бүртгүүлэх үед буюу 2010 оны 9 дүгээр сард орон сууц болон автозогсоолууд нь 90 хувийн гүйцэтгэлтэй биш, бүрэн хэмжээгээр баригдсан, иргэд 2009 оны 12 дугаар сараас тухайн байрандаа нүүн орж байр болон автозогсоолуудаа эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд Н.Б- нь тэдний нэгэн адил гэрээний дагуу 2009 оны 12 дугаар сараас эхлэн орон сууцандаа амьдарч, зогсоолоо ашиглаж, ашиглалтын төлбөрөө төлж байсан. Уг хотхоны орон сууцуудад 2009 оны 9 дүгээр сараас холбогдох газруудтай нь гэрээ хийж, дулаан, ус, цахилгаанаа авч эхэлсэн тул гэрээ хийж захиалга өгсөн айлуудаа 2009 оны 12 дугаар сараас байранд оруулсан. Учир нь айлууд гэрээ хийж, төлбөр мөнгөө бүрэн төлж, хугацаандаа байрандаа оруулахыг шаардсан тул ийнхүү ашиглалтад орохоос өмнө айлууд орсон байсан юм.

Иймд нэхэмжлэгчийн “Мфикс капитал” ХХК болон “С” ХХК-ийн КБтай 2010 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Т07/141, Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, Вlue Sку хотхоны 44Б дугаар байрны ... тоот орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах 000, 000 автозогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, орон сууц, автозогсоолуудыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

Хариуцагч КБ” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: КБ нь “М” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Т07/14... тоот Зээлийн гэрээг байгуулж, 1 400 000 америк долларыг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн М компанитай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/14... тоот барьцааны зээлийн гэрээг байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан, хүчин төгөлдөр гэрээ болно.

КБ нь “С” ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот зээлийн гэрээг байгуулж, 1 500 000 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээг “С” ХХК-тай байгуулж, дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байдаг.

Нэхэмжлэгчийн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр “М” ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр болон 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болно.

Банкны зүгээс барьцаа хөрөнгийн гэрчилгээг шалгасны үндсэн дээр зээлийг олгох үйл ажиллагааг явуулах нэг үндэслэл болдог. КБ нь Хөхтэнгэр хотхоны 44Б байрны ... тоот орон сууц болон 000, 000 автозогсоолыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус орон сууц болон автозогсоолын өмчлөгчийн гэрчилгээ нь М компанийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан.

Мөн “М” ХХК дээрх орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус барилгын өмчлөгч гэдгээ нотолж автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, газрын гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримтуудыг гаргаж өгч байсан.

 “М” ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 44АБВГ байрны ... тоот орон сууц болон 000, 000 автозогсоолын өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, КБ нь 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141, Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээг “М” ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин Н.Б- нь дээрх барьцааны эрхээс хойно Иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх учир КБ нь нэхэмжлэгчээс тухайн үед зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан.

Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл бүрдээгүй байх учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.ж

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т  заасныг баримтлан КБ” ХХК, “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/14... тоот зээлийн барьцааны гэрээний улсын бүртгэлийн Ү-2206013897, Ү-2206013898 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан, 44АБВГ байрны зоорийн давхрын 000, 000 автозогсоолыг барьцаалсан хэсэг, мөн “М” ХХК болон “КБ” ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр байгуулагдсан Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013632 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан 44Б дүгээр байрны ... тоотод байрлах 132 мкв талбайтай Н.Б-ийн өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч КБ ХХК болон “М” ХХК-нд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.755.484 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас нийт 1.755.484 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “КБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Н.Б- болон “М” ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээний зүйл нь үл хөдлөх хөрөнгө бөгөөд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар үүсэх тусгай зохицуулалттай. Үл хөддөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх хуулийн зохицуулалт нь ийнхүү тусгай зохицуулалттай учир үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх үүснэ гэж тайлбарлаж, хуулийг хэрэглэх нь буруу юм.

“М” ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 44Б байрны 24 тоот орон сууц болон 205 автозогсоолын өмчлөгчөөр бүртгүүпж гэрчилгээ авсан. КБ нь 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141, Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээг хууль ёсны өмчлөгч этгээд болох “М” ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин Н.Б- дээрх барьцааны эрхээс хойно Иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх учир КБ нь тухайн үед зохих ёсны этгээдэд мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан. Ийнхүү нэхэмжлэгч нь 2016 оноос өмчпөх эрхтэй болсон байх тул КБны зүгээс сүүлд эрх нь үүссэн өмчлөгч нараас зөвшөөрөл авах шаардлагагүй

Түүнчлэн шүүх хариуцагч “М” ХХК-ийг буруутгахдаа Иргэний хуулийн 157.1, 157.6.2 дах заалтыг зөрчсөн гэжээ. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн зохицуулалтаас харахад гуравдагч этгээдэд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх тухай зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт бий болсон үр дагавар буюу барьцааны гэрээ байгуулагдаж, барьцааны эрх үүссэний дараа хийгдэх үүргийг уг хуулийн заалтаар зохицуулсан болохоос барьцааны гэрээ байгуулагдахаас өмнө мэдэгдэж, зөвшөөрөл авах тухай зохицуулаагүй юм.

КБ нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141, 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээгээр Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасан зохицуулалтын дагуу ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалсан. Өөрөөр хэлбэл, “М” ХХК-ийн өмчлөлийн 44АБбГ байрны 1-205 тоот авто зогсоол болон орон сууцны барьцааны эрх нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үүссэн бөгөөд улмаар уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх “М” ХХК-ийн нэр дээр бүртгэгдэж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр барьцааны гэрээг дахин байгуулсан нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дахь зохицуулалтад хамаарч байгаа юм.

КБны хувьд “М” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүдийг тухай үед барьцаапах үед 55 хувийн гүйцэтгэлтэйгээр баригдаж байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгүүдэд тоот, дугаар тус бүрээр Улсын бүртгэлийн гэрчилгээ гарч амжаагүй байсан учир бүртгүүлэх боломж байхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч “КБ” ХХК, “М” ХХК нарт холбогдуулан “М” ХХК, “С” ХХК-иас КБтай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан Т07/141, Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, Блью скай хотхоны 44Б дугаар байрны ... тоот орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах 000, 000 автозогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хууль бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, орон сууц, автозогсоолуудыг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч “КБ” ХХК нь эс зөвшөөрч маргасан байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу үнийг төлсөн орон сууц, авто зогсоолуудыг эзэмшигчид нь мэдэгдэлгүй зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан нь эд хөрөнгийн эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэж, хариуцагч “КБ” ХХК нь барьцааны гэрээ нь зохих журмын дагуу байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн, нэхэмжлэгч нь өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй байгаа гэж тус тус тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч “М” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах” нэртэй гэрээ байгуулж, ажил гүйцэтгэгч “М” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блью скай хотхоны 44Б байр, ... тоот орон сууц, 000, 000 зогсоолыг 2008 оны 9 сард барьж, ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, захиалагч Н.Б- нь 126 000 ам.долларыг төлөхөөр харилцан тохиролцож, төлбөрийг бүрэн төлсөн, нэхэмжлэгч нь гэрээний зүйлийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч “М” ХХК хүлээн зөвшөөрснийг Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00786 дугаар захирамжаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогдсон байна.

 

Дээрх гэрээг байгуулахаас өмнө “М” ХХК, “КБ” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/14... тоот зээлийн гэрээ байгуулжээ. Уг зээлийн гэрээгээр 1 400 000 ам.долларын хөрөнгө оруулалтын зээлийг “М” ХХК авч мөн өдөрт байгуулсан зээлийн барьцааны Т07/14... тоот гэрээгээр авч, барьцаанд нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины зогсоол зэргийг барьцаалсан байжээ. Улмаар талууд 2007 оны 10 дугаар сарын 05, 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрүүдэд зээлийн гэрээний үнийн дүн, хугацаа, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тус тус нэмэлт  гэрээ байгуулж, өөрчлөхдөө барьцааны гэрээний заалтуудыг хэвээр үлдээхээр тохиролцсон байна.

 

Энэ үед маргааны зүйлд хамаарах 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрээг шинэчлэн Т07/14... тоот зээлийн барьцааны гэрээ байгуулахдаа дээрх автозогсоол тус бүрийг улсын бүртгэлд бүртгэгдсэн дугаар, талбайн хэмжээ, байршлыг нэрлэн зааж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “КБ” ХХК  болон “С” ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулж, үүргийн  гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр барьцааны гэрээ байгуулсан ба барьцааны зүйл нь “М” ХХК-ийн 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга гэж тодорхойлж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, Блью скай хотхоны 44 А, Б байр гэж хаягийг зааснаар энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны маргааны зүйл болсон 44 Б байрны ... тоот орон сууц хамаарчээ.

 

“М” ХХК нь уг дуусаагүй барилгыг 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан ба Н.Б- нь өөрийн гэрээг улсын бүртгэлд урьдчилан бүртгүүлэх боломж бүрдсэн байхад уг ажиллагааг хийгээгүйгээс түүний өмчлөлд ирээдүйд ирэх мөнгө болох орон сууц нь “С” ХХК, “КБны хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан байна.

 

Дээрх барьцааны гэрээг үндэслэн 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр талууд бичгээр гэрээ байгуулж, гэрээний зүйл байсан 55 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгыг бүрэн салгаж бүртгэжээ. Зохигчид 2010 оны зээлийн барьцааны гэрээнд тавигдах хэлбэрийн шаардлага хангагдсан эсэх талаар маргаангүй, харин эд хөрөнгийг барьцаалахдаа хуульд заасан гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийг зөрчсөн гэж маргажээ.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгч нар тухайн орон сууц, авто зогсоолуудын үнийг төлсөн талаар зохигчид маргаагүй бөгөөд, хариуцагч “М” ХХК, нэхэмжлэгч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр авто зогсоолуудыг 55 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгыг зээлийн барьцаанд барьцаалсныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00786 дугаар захирамжаар маргаан бүхий орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох Н.Б-ийн нэхэмжлэлийг уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцсон “М” ХХК зөвшөөрснөөр өмчлөх эрх үүссэн боловч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлээгүй байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь гэрээ байгуулах үедээ төлбөрийг төлсөн гэх боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх гэрээний үнийг төлснөөр бус, харин Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсэх тул барьцааны гэрээний талууд түүнээс зөвшөөрөл авах хууль зүйн үндэслэлгүйгээс гадна тухайн эд хөрөнгүүдийн өмчлөгч болох хариуцагч “М” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар орон сууцны барилгыг бүхэлд нь барьцаалсаныг буруу гэж үзэхгүй.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 4-т зааснаар зээлдүүлэгч нь барьцаалж байгаа эд хөрөнгийн эзэмшил ашиглалтыг бодитоор шалгах үүрэгтэй байдаг. Барьцааны гэрээ байгуулах үед тухайн барилга байгууламжийг улсын комисс хүлээн аваагүй байсан. 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Барилга ашиглалтад оруулах улсын комисс 01/01/201... тоот актаар хүлээн авсан байна. Гэтэл ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээн аваагүй тохиолдолд тодорхой этгээдийн эзэмшилд байгаа эсэхийг барьцаалагч тал шалгах үүрэгтэй байсан гэж үзэх боломжгүй.

 

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлэх бөгөөд мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох талаар зохицуулсан.

 

Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой барьцааны эрхийг бүртгэлийн үндсэн дээр олж авч буй хариуцагч “КБ” ХХК нь улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдтэй барьцааны гэрээ байгуулсныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

 

Энэ агуулгаар үзвэл хариуцагч “КБ” ХХК-ийн хувьд 2010 оны 5 сард эрх бүхий байгууллагад хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн “М” ХХК-тай барьцааны гэрээг байгуулах эрхтэй тул нэхэмжлэгчээс уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, барьцаанаас чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 112 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжих тухай зохицуулалт нь улсын бүртгэл үнэн зөв байх хуулийн дээрх заалтыг үгүйсгэхгүй. Харин өмчлөх эрх шилжихтэй холбоотой үр дагавар, эрсдэл шилжихтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00255 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Капитрон” банк ХХК, “М” ХХК нарт холбогдох, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/14... тоот зээлийн барьцааны гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай Н.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00255 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлгүй тул “М” ХХК болон “С” ХХК-ийн КБтай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан Т07/141, Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, Блью скай хотхоны 44Б дугаар байрны ... тоот орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах 000, 000 автозогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, орон сууц, автозогсоолуудыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч Н.Б-ээс төлсөн 1 755 484 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “КБ” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 755 484 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                        Э.ЗОЛЗАЯА