Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2016/0326/з |
Дугаар | 221/МА2016/0677 |
Огноо | 2016-10-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2016/0677
“Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М*******, Л.М******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 478 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С*******нд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 478 дугаар шийдвэрээр: Даатгалын тухай хуулийн 4.1.1, 83 дугаар зүйлийн 83.1.1, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн “С*******ны улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн захиргааны зөрчлийн тухай 62 дугаар тэмдэглэл, 000035842 дугаар шийтгэвэрийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б******* давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 83 дугаар зүйлийн 83.1.1, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай 3 дугаар зүйлийн 3.2.3, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтуудыг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Анхан шатны шүүх даатгалын үйл ажиллагаатай холбоотой хуулийн дээрх заалтуудыг тайлбарласны үндсэн дээр нэхэмжлэгч “Э*******” ХХК тусгай зөвшөөрөлгүйгээр даатгалын үйл ажиллагаа эрхэлсэн хэмээн дүгнэжээ. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “даатгалын үйл ажиллагаа гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг” гэж, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус заасны дагуу талууд даатгалын гэрээ байгуулж, тус гэрээний дагуу даатгуулагч нь даатгагчид өөрийн ашиг сонирхлоо даатгуулан даатгалын хураамж төлөх, даатгалын зүйлд даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас хохирол учирсан буюу даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгагч нь нөхөн төлбөр олгох үүрэг хүлээх үйл ажиллагааг даатгалын үйл ажиллагаа гэнэ. Тодруулбал, ирээдүйд бий болох эсэх нь тодорхой бус тохиолдлын улмаас даатгалын зүйлийг хамгаалах, хохирол учирсан нөхцөлд нөхөн төлбөр олгох амлалт өгөх буюу үүрэг хүлээх, нөхөн төлбөр олгох үйл ажиллагааг даатгалын үйл ажиллагаа гэнэ.
“Э*******” ХХК-ийн хувьд иргэн, хуулийн этгээдээс даатгалын хураамж авч, түүний эд хөрөнгөд хохирол учирсан нөхцөлд нөхөн төлбөр олгох амлалт өгөх гэрээ байгуулдаггүй. Харин нэгэнт бий болсон даатгалын тохиолдлын улмаас даатгалын компанийн даатгуулагчид учирсан хохирлыг даатгуулагчтай тохиролцсоны үндсэн дээр барагдуулах замаар Иргэний хуулийн дагуу даатгагчаас шаардах эрхийг шилжүүлэн авч, нэхэмжлэх үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, “Э*******” ХХК нь ирээдүйд учирч болох хохиролд нөхөн төлбөр олгох амлалт өгөх гэрээ байгуулдаггүй тул даатгалын үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэх үндэслэлгүй.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтуудыг задлан шинжилвэл талуудын хооронд (1) даатгалын гэрээ байгуулагдсан, (2) тус гэрээний дагуу талууд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан нэг талаас даатгалын хураамж төлөх, нөгөө талаас ирээдүйд даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгалын нөхөн төлбөр олгох үүрэг хүлээсэн, (3) тус гэрээнд мөн хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4 дэх хэсэгт заасан нөхцөлүүд тусгагдсан нөхцөлд даатгалын үйл ажиллагаа явагдсан гэж үзнэ. “Э*******” ХХК-ийн үйл ажиллагаа дээрх нөхцөлүүдийг хангахгүй тул даатгалын үйл ажиллагаа гэж үзэхгүй.
Шүүхийн шийдвэрт “... “Э*******” ХХК нь ...даатгуулагчид нөхөн төлбөрийг тодорхой хэмжээгээр барагдуулсан үйлдэл хийсэн нь ... зуучлагч нөхөн төлбөрийн үйл ажиллагаа явуулаад ирэхээр даатгалын нөхөн төлбөрийг илүү шуурхай олгодог даатгалын компанид давуу байдал үүснэ. С******* нь даатгалын үйл ажиллагааг тогтвортой байх ёстой гэж үзэж байна. Хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулах ёсгүй” гэж тайлбарласан нь ...хууль зүйн үндэслэл бүхий үйлдэл байна” гэж тайлбарлажээ. Энэ нь С******* болон анхан шатны шүүх даатгалын зуучлалын компани зуучлалаас өөр төрлийн үйл ажиллагаа явуулж болохгүй гэдэг үүднээс хандсаныг харуулж байна.
Тухайлбал, шүүхийн шийдвэрт “зуучлагч нь тусгай зөвшөөрөлд дурдсан үйл ажиллагааг эрхлэх бөгөөд өөр үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрөхгүй байна” хэмээн тайлбарласан байна. Гэвч С*******ны зүгээс нэхэмжлэгчийг даатгалын зуучлагч нь зуучлалаас өөр төрлийн буюу тусгай зөвшөөрөлд хамааралгүй үйл ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлээр торгоогүй.
Мөн даатгалын зуучлалаас өөр төрлийн үйл ажиллагаа явуулсан нь түүнийг даатгалын үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл болохгүй. Даатгалын зуучлагч зуучлалаас өөр төрлийн үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглоогүй. Тодруулбал, Даатгалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д даатгалын компанид гагцхүү даатгалын үйл ажиллагаа явуулахыг үүрэг болгож заасан бол Даатгалын мэргэжлийн оролцогч буюу даатгалын зуучлалын компанийн хувьд зөвхөн зуучлалын үйл ажиллагаа явуулахыг хуулиар шаардаагүй. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд /хуулийн 3.2.3, 9.1 дэх заалтууд/ тийнхүү агуулга тусгагдаагүй. Гагцхүү даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг явуулах бол тусгай зөвшөөрөл авахыг шаардсан.
Иймд нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа болох даатгалын зуучлалаас өөр төрлийн үйл ажиллагаа эрхэлсэн нь хууль зөрчөөгүй тул түүнийг буруутгах, үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16.4 дэх хэсэгт “иргэн хувийн аж ахуй эрхлэх үндсэн эрхийг баталгаатай эдэлнэ” гэж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн ... чөлөөтэй эрхэлж болно” гэж, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж, 1 дүгээр зүйлийн 1.2-т “Иргэний хууль тогтоомж нь ...гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх ... зарчимд үндэслэнэ” гэж, 123 дугаар зүйлийн 123.2-т “Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Э*******” ХХК нь маргаан бүхий үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх эрхтэй.
С******* “Э*******” ХХК-ийн үйл ажиллагааг хориглож байгаа нь түүний аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй явуулах эрхийг зөрчсөн, зах зээлийн чөлөөт байдлыг хязгаарласан, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2.1 дэх заалтуудыг зөрчсөн явдал юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох агуулгаар өөрчилж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Э*******” ХХК нь С*******нд холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Захиргааны зөрчлийн тухай” 62 дугаар тэмдэглэл, мөн өдрийн 000035842 дугаар шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Эдгээр актаар нэхэмжлэгч хуулийн этгээдийг “тусгай зөвшөөрөлгүйгээр даатгалын үйл ажиллагаа буюу нөхөн төлбөрийн үйл ажиллагаа явуулсан” гэсэн үндэслэлээр 1000000 /нэг сая/ төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан байна.
“Э*******” ХХК нь даатгалын тохиолдол бий болсны дараа өөрийн хөрөнгөөс даатгуулагчид нөхөн төлбөрийг урьдчилан олгож, даатгуулагчаас даатгалын нөхөн төлбөр шаардах эрхийг шилжүүлэн авч, улмаар даатгалын компаниудаас нэхэмжлэх үйлчилгээг даатгуулагч нарт үзүүлсэн байх бөгөөд энэхүү үйлчилгээг даатгалын үйл ажиллагаа гэж үзэх боломжгүй байна.
Учир нь, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д даатгалын үйл ажиллагаа гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг ойлгохоор, мөн Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан.
Дээрхээс үзвэл, тусгай зөвшөөрөл бүхий даатгалын үйл ажиллагаа эрхлэгч /даатгагч/ нь хэлэлцэн тохирсон даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийг тохиролцсон хэмжээгээр төлөх, даатгуулагч нь уг үйлчилгээг авсны төлөө хураамж төлөх үүргийг хүлээсэн агуулга бүхий даатгалын гэрээг үндэслэн явуулж буй үйл ажиллагааг даатгалын үйл ажиллагаа гэж үзэхээр байна.
Гэтэл “Э*******” ХХК нь даатгуулагчтай даатгалын гэрээ байгуулаагүй, даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөр төлөх үүргийг түүний өмнө хүлээгээгүй, даатгалын гэрээг үндэслэн нөхөн төлбөр олгоогүй байна. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ирээдүйд учирч болох хохиролд нөхөн төлбөр олгох амлалт өгөх гэрээ байгуулдаггүй учир даатгалын үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэхгүй” гэсэн гомдол үндэслэлтэй байна.
Хэдийгээр Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3-д зааснаар даатгалын зуучлагч нь даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс, шагнал авах эрх бүхий этгээд боловч даатгалын зуучлагчийг энэ төрлийн үйл ажиллагаанаас өөр үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар хориглоогүй байна.
Харин Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д аливаа этгээд зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглох талаар зохицуулсан байхад анхан шатны шүүх “даатгалын зуучлагчийн эрхтэй этгээд өөр бусад үйл ажиллагаа явуулахыг хориглосон” гэж хуулийн энэхүү зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно”, 26 дугаар зүйлийн 26.7-д “Ашгийн төлөө хуулийн этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй аливаа үйл ажиллагаа эрхлэх эрхтэй” гэж заасан тул хуулиар хориглоогүй, эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авахаар заагаагүй үйл ажиллагааг эрхэлсэн нэхэмжлэгч хуулийн этгээдийг буруутгах үндэслэлгүй байна.
Түүнчлэн хариуцагчийн “нэхэмжлэгч хуулийн этгээд даатгагчийн өмнөөс даатгуулагчид нөхөн төлбөр олгож даатгалын компаниудын эрхэд халдаж байгаа” гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь, даатгалын компаниудын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх эрх хэвээр хадгалагдаж байх бөгөөд уг эрхэд нь нэхэмжлэгч компаниас нөлөөлсөн гэх байдал баримтаар тогтоогдохгүй, энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “Даатгалын компани манай компанид нөхөн төлбөр олгохгүй байж болно, эсхүл олгосон нөхөн төлбөрөөс хасч олгож болно. ...бид даатгуулагчид нөхөн төлбөр нэхэмжлэхэд нь тусалж байгаа” гэж тайлбарлаж байна.
Иймд С*******ны байцаагч нар “Э*******” ХХК-ийг Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг зөрчсөн гэж шийтгэл ногдуулсан нь буруу байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 478 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, С*******ны 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар Захиргааны зөрчлийн тэмдэглэл, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 000035842 дугаартай шийтгэврийн хуудсыг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргаж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН