| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2019/00421/И |
| Дугаар | 506 |
| Огноо | 2019-10-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 506
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг, 187 тоотод оршин суух, Боржигон овогт Хадаагийн Отгонтөгс /ЕС68072001/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг, 187 тоотод оршин суух, Боржигон овогт Оюундалайгийн Гансүх /МЬ77010414/-д холбогдох
11.066.195 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Отгонтөгс, хариуцагч О.Гансүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, хариуцагчийн өмгөөлөгч А.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Отгонтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Иргэн Х.Отгонтөгс би О.Гансүхтэй 2010 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн юм. Бид нэг гэрт хамтран амьдарч эхлэхэд О.Гансүхийн хүү тэмүүжин хүү 1 ой 5 сартай байсан. Энхжин охин 6 настай байсан юм. Миний хувьд хүүхдүүдийг харж асран эрүүл энх байлгах, ямар нэг зүйлээр дутагдуулахгүй байхын төлөө хичээн зүтгэж амьдарч ирсэн билээ. Биднийг хамтран амьдрах үед О.Гансүх нь ажил төрөл хийдэггүй, архи их уудаг хүн байсан юм. Би гэр бүлээ тэжээхийн тулд 2010 оноос 2013 он хүртэл барилгын ажил хийсэн бөгөөд 2013 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн авто тээврийн үндэсний төвд үйлчлэгчийн ажилд орж ажиллаж байгаа билээ. Би 2016 онд Хаан банкнаас 1,800,000 төгрөгийн цалингийн зээл аваад дээр нь О.Гансүх 700,000 төгрөг гаргаад нийт 2,500,000 төгрөгөөр ачааны Бонго автомашин худалдаж авсан юм. Манайх машинтай болоод О.Гансүх архи уухаа больж машинаараа түлээнд явдаг, ойр зуурын ажил хийдэг байсан. О.Гансүх 2018 оны 05 дугаар сард цэцэрлэгийн байгууллагад манаачаар ажилд орсон юм. О.Гансүх банкнаас цалингийн зээл авч 6,300,000 төгрөгөөр Приус машин Х.Отгонтөгс миний нэр дээр бүртгэлтэй байдаг. О.Гансүх нь цэцэрлэгийн байгууллагад ажилд орсноос хойш Пүрэвдашийн Нарантуяа гэдэг эмэгтэйтэй гэр бүлийн харилцаатай болсон. О.Гансүхийн ааш зан нь хувирч намайг доромжилж дээрэлхдэг, зоддог болсон юм. Намайг 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрээсээ хөөж гадаа гудамжинд гаргасан. Би одоо орох орон гэргүй маш хэцүү байдалтай байгаа юм. Би О.Гансүхтэй, хоёр хүүхэдтэй нь хамтран амьдраад 9 жил болсон билээ. Миний хувьд хоёр хүүхдийг өөрийнхөө төрсөн хүүхдүүд шиг л хайрлаж нялх багаас нь эхлэн өсгөж халамжилж ирсэн. О.Гансүхийг архинд орсон, хэцүү амьдралтай байхад нь засаж залруулж сайн сайхан амьдрахын төлөө хичээж хөдөлмөрлөж ирсэн билээ. Гэтэл одоо намайг хөөж орон гэргүй болгож байгаад их гомдолтой байна. Би хамтын амьдралдаа зориулж банкнаас цалингийн зээл авдаг байсан бөгөөд хэрэгцээтэй үед зээлэн дээрээ нэмээд л зээл авдаг байсан. Зээлийн мөнгөөрөө бид гэр орондоо юм авдаг, орон гэрээ засварлаж засвар хийдэг, машиндаа сэлбэг хэрэгсэл авдаг байсан гэх зэргээр хамтын амьдралдаа зориулж ирсэн юм. Миний ажилладаг байгууллага Хаан банктай харилцдаг байж байгаад дараа нь Төрийн банктай харилцдаг болсон учир Хаан банкинд байсан миний цалингийн зээл Төрийн банкинд шилжсэн юм. Одоо би Төрийн банкинд цалингийн зээлтэй бөгөөд зээлийн үлдэгдэл 12,632,391.44 төгрөг байгаа юм. Миний хувьд банкны зээлүүдээ цалингаасаа төлж ирсэн. Одоо ч гэсэн би цалингаасаа төлж л байгаа юм. О.Гансүх нь намайг гэрээсээ хөөж дээрэлхэн зодож заналхийлж байна. Би гомдолтой байгаагаа хэлж шүүхэд хандаж эрхээ хамгаалуулна гэхэд О.Гансүх нь намайг доромжилж янз бүрээр хэлж чи шүүхээр яваад юу ч олж долоохгүй, чи тэр шүүхээрээ яв гэх зэргээр дарамталж байна. Би эрхээ хамгаалуулах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
Би анх түүнтэй танилцахад Гансүх нь нэг ба зургаан настай хоёр хүүхэдтэй тогтсон ажил төрөлгүй нилээн их архи уудаг боловч архины хамааралтай учраас хэцүүхэн амьдарч байгаач хүүхдүүдээ гэсэн сайхан амьдрах мөрөөдөлтэй мөн ээж нь бид хоёрыг хүлээн зөвшөөрч хамт амьдраач гэж гуйсан Гансүх ч өөрөө хамт амьдрахыг гуйсан учраас хамт амьдарсан. 2011 оны 10 сард хамт амьдарч эхлэхэд хоёр хүүхэдтэй нь хамт эхнэр нь хаяж яваад 8 сар болчихсон гэр орон, хашаа байшин, 2 хүүхэд нь өрөвдөлтэй байсан учраас энэ айлыг өөд татахын тулд чадах чинээгээрээ зүтгэж ирсэн. Гансүх нь хувиараа ажил хийдэг боловч тогтсон орлого байхгүйн дээр маш их архи ууж агсан согтуу тавьж зодож дээрэлхээд авчирч өгсөн мөнгөө буцаан авч хэдэн өдрөөр архи уудаг байсан. Миний бие нь 4-н хүүхэдтэй нь үнэн боловч миний хүүхдүүд том болчихсон тэр үед гурван том нь тусдаа гарч Гансүх бид хоёроос мөнгө хархааргүй боломжийн амьдралтай амьдарч байгаа. Тэр үед бага хүүгээ аваад хамт амьдрах гэсэн боловч Гансүх архи ууж ирээд байнга хүүг минь хөөж байсан тул ах эгч нарт нь хэлж ПСМК-д байр хөлсөлж хүүгээ тусад нь амьдруулах болсон. Миний хүүхдүүд хэзээ ч Гансүх бид хоёртой хамт амьдарч байгаагүй бөгөөд хоёр хүүхдээ асруулж амьдралдаа тус нэмэр болж байсныг минь бодолгүй зодож хөөж тууж хүүхдүүдийн минь сэтгэл санааг харин ч их зовоодог байсан. Миний том хүүд 2 сая төгрөг өгсөн гэж бичсэн байна. Энэ нь худал зүйл бөгөөд тогтмол орлогогүй байнга архи ууж явдаг хүн бага хүүхдийг минь гэртээ байлгаж аяга хоол өгч чадаагүй хүн бусад хүүхдүүдэд минь яаж сая саяар мөнгө өгөх вэ? Миний бага хүү Отгондалай 3-р сургуулийг онц дүнтэй төгссөн боловч би их сургууль төгсгөж чадаагүй. Яагаад гэвэл миний тавих анхаарал халамж сул эдийн засгийн бололцоо муу Гансүхийн 2 хүүхэд ар амьдралдаа бүхнээ зориулсан учраас миний хүү болон би хохироод үлдлээ. Нэг сая би хүүдээ төлбөрт нь өгсөн боловч үргэлжлүүлэн төлж чадаагүйн улмаас их сургууль төгсгөж чадаагүй.
Гансүхийн өгсөн гээд байгаа мөнгө нь 2014 онд 2,5 сая төгрөгийн цалингийн зээл авч 1,8 сая төгрөг хүүдээ өгсөн тэр мөнгийг хэлж байгаа болно. Цалингийн зээлнээс үлдсэн 700,000 төгрөгөөр одоогийн Гансүхийн амьдарч байгаа байшинд Ламперэн тааз хийсэн мөн будаг замаскийн засвар хийсэн.
2015 онд дахин 1,5 сая төгрөгийн зээл аваад өөрийн бага бэрээ гуйхад 700,000 төгрөг зарцуулаад үлдсэн 800,000 төгрөгийг мөн амьдарч байсан байшингаа вакум цонхтой болгоход зарцуулсан. Би ажил хийж цалин авахын хажуугаар оройн цагаар, амралтын өдрөөрөө барилгын дотоод заслын ажил их хийдэг байсан. Би 9 жил түүнтэй хамтран амьдарч байх хугацаандаа хамтран зээл авсан учир зээлийн төлөлтийг нэхэмжилж байна. Гансүх нь зохих хэмжээний орлого олж аж амьдралаа дээшлүүлж байсан бол би энэ их өрөнд орохгүй байсан. Мөн сар сард нь цалингийн зээлээ төлөөд үлдсэн мөнгөө гэр орондоо зарцуулдаг байсан. Гансүх ажилд ороод 8 сая төгрөгийн зээл аваад Приус 20 авсан. Миний авсан 12 сая төгрөгийн зээл энэ амьдралын их үүсвэр болсон ашигтай зээл байсан. О.Гансүхийн авсан зээл нь суудлын тэрэг болоод өөрт нь байгаа. Мөн хамт амьдарч байсан хугацаандаа орлогоо өгдөг байсан ч бинзен тос дугуй сэлбэг гээд мөнгөө буцаагаад авчихдаг байсан. Хажуугаар нь хоол унд, хүүхдүүдийн хэрэглээ, хувцас хунар бүх л зүйлийг зохицуулах хэрэгтэй болдог байсан. Тоёота приүс 20 авто машиныг анх авахдаа чамд авч өгч байгаа юм гэж хэлээд гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгч байсан. Иймд миний бие О.Гансүхээс өөрийн нэр дээр байгаа цалингийн зээлийн үлдэгдэл 12,632,391 төгрөг байгаа тул 50 хувь буюу 6,316,195 төгрөгийг болон Приус машин 6,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн тул 50 хувь буюу 3,250,000 төгрөгийг,мөн Бонго машин 3,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн тул 50 хувь буюу 1,500,000 төгрөгийг тус тус гаргаж,нийт 11,066,195 төгрөгийг нэхэмжилж байна! ... гэжээ.
Хариуцагч О.Гансүх нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Иргэн Хадаагийн Отгонтөгсийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ огт үндэслэлгүй, худал ташаа зүйл бичжээ. Тухайлбал: Нэхэмжлэгч нь намайг архи дарс уудаг, ажил хөдөлмөр огт хийдэггүй, зөвхөн тэр өөрөө л барилгад, дараа нь Сэлэнгэ аймгийн Авто тээврийн газарт ажиллаж намайг болон 2 хүүхдийг минь ганцаараа хөдөлмөр хийж тэжээж байсан мэтээр бичсэн нь үндэслэлгүй юм. Миний бие ажил хийж гэр бүлээ тэжээж зун, намар, хаварт барилгын ажил хийж, өвөл нь мод түлээнд явах зэргээр ажил, хөдөлмөр хийж орлого олж гэр бүлээ тэжээдэг байсан. Мөн тэрээр зөвхөн миний 2 хүүхдийг тэжээдэг байсан мэтээр бичсэн нь худал ташаа бөгөөд тэрээр өөрөө 4 хүүхэдтэй, түүний 4 хүүхдийн тухайд тодорхой хэмжээгээр бид тусалж дэмждэг байсан юм.. Зөвхөн ганц нэг жишээ дурдахад 2015 онд гэр авч амьдар гээд том хүүдээ 2 сая төгрөг, 2017, 2018 онуудад оюутан хүүхдэдээ 1 сая гаруй төгрөгийг 2 удаа өгсөн, мөн хүүдээ бэр гуйх ёслолд 1,5 сая төгрөг зарцууллаа гэж X.Отгонтөгс хэлж байсан гэхчлэнгээр бидний амьдрал бусдын л жишгээр явж ирсэн. Өөрөөр хэлбэл ажил хийж мөнгө олох тал дээр би түүнээс дутуугүй, бүр илүү их хэмжээтэй орлого, мөнгө олж амьдрал ахуйгаа залгуулж, өөрийн болон түүний хүүхдүүдэд дэм болж ирсэн юм. Намайг архи байнга уудаг ямар ч орлого мөнгөгүй байсан мэтээр нэхэмжлэлдээ дурдсан байх бөгөөд энэ нь ор үндэслэлгүй гүтгэлэг юм. Би архийг хааяа тохируулж хэрэглэдэг байснаас бус гэр орон, үр хүүхдээ орхих хэмжээнд хүртэл архи ууж амьдрал ахуйгаа хохироох төвшинд ууж байгаагүй юм. Харин би байнга ажил төрөл хийж ахуй амьдралаа залгуулж ирсэн юм. Би сүүлийн 4 жил гаруй архи огт уугаагүй. Ер нь өнгөрсөн хугацаанд бид 2 таарч тохирохгүйн улмаас олон удаа бие биенээсээ хөндийрч тус тусдаа амьдардаг байсан. Одоо энэ хүн надаас ямар үндэслэлээр мөнгө төгрөг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй, би нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр нэхэмжлэлдээ 3 төрлийн зүйлээс надаас мөнгө, төлбөр гаргуулахаар нэхэмжилснийг зүйл хэсэг тус бүрээр нь тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ.. Үүнд:
1. X.Отгонтөгс нь өөрийнхөө нэр дээрх зээлийн төлбөрийн үлдэгдэл 12.632.391.44 хагасыг надаар төлүүлэхээр нэхэмжилсэн байна. Гэтэл би өөрөө 8 сая орчим төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд энэ өр нь бидний хамтран амьдарч байх үед үүссэн өр төлбөр юм. Бидний амьдарч байсан он жилүүдэд миний хөдөлмөрлөж олсон орлого илүү жин дарна гэж үзэж байна. Учир нь өвөл зунгүй, бороо цаснаар, шөнө өдөргүй хөдөлмөрлөж олсон орлогоо X.Отгонтөгсөд л бүгдийг нь өгдөг байсан одоо өөрөө адилхан өртэй байгаа болохоор нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
2.Тоёота-Приус"- 20 маркийн машиныг 6.5 саяд үнэлүүлж түүний тал хэсгийг надаас гаргуулахаар нэхэмжилснийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг машиныг 2018 оны 11-р сард иргэн Л. Тугсайхантай харилцан тохиролцон 6,3 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд уг машинаа барьцаалаад 9 сая төгрөгийн цалингийн зээл авч машины мөнгийг уг зээлээс төлсөн. Одоо уг зээлээ эргэн төлж байгаа бөгөөд дээрх суудлын "Тоёото-Приус маркийн машин зээлийн барьцаанд Сэлэнгэ аймаг дахь "Төрийн банк"-ны салбарын өмчлөлд байгаа болно. Иймд энэ машины үнийн хагасыг түүнд өгөх ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна.
3."Бонго" маркийн ачааны автомашины тухайд нэхэмжлэгч 3 сая төгрөгөөр үнэлүүлсний 50% буюу 1,5 сая төгрөгийг нэхэмжилжээ. Үүнийг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь машиныг 2016 оны 04-р сард иргэн Ш.Оюунболдоос 2,5 сая төгрөгөөр тохиролцон авч байсан бөгөөд 1 сая төгрөгийг нь X.Отгонтөгсийн банкнаас зээлсэн мөнгөнөөс нь авч үлдэгдэл 1,5 сая төгрөгөнд нь Ш.Оюунболдод байшин барилга, автомашины граж барьж байгуулахад нь дэмжлэг туслалцаа үзүүлж тооцоо дууссан юм. Уг машиныг худалдан авахаас өмнө тухайлбал 8 сар гаруйн өмнө би архинаас бүрэн гарсан байсан бөгөөд машин авсан үеэсээ л уг машинаар шөнө, өдөргүй ажил хийж олсон орлогоо гагцхүү Х.Отгонтөгсөд өгдөг байсан болохоор уг 1 сая төгрөг /мөнгө/ хангалттай хэмжээгээр эргэн төлөгдсөн гэж үзэж байна. Иргэн X.Отгонтөгсийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү!...гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Х.Отгонтөгс нь О.Гансүхээс 11.066.195 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1.Банкны зээлийн тухайд:
Хариуцагч нь ... Х.Отгонтөгс 4 хүүхэдтэй, тэднийхээ сургуулийн төлбөр бусад зардалд нь банкнаас зээлж авсан мөнгөө зарцуулдаг байсан, "Бонго" маркийн ачааны автомашины тухайд Ш.Оюунболдоос 2,5 сая төгрөгөөр тохиролцон авч байсан бөгөөд 1 сая төгрөгийг нь X.Отгонтөгсийн банкнаас зээлсэн мөнгөнөөс нь авч үлдэгдэл 1,5 сая төгрөгөнд нь Ш.Оюунболдод байшин барилга, автомашины граж барьж байгуулахад нь дэмжлэг туслалцаа үзүүлж тооцоо дууссан, Тоёота-Приус" 20 маркийн машины хувьд машинаа барьцаалаад 9 сая төгрөгийн цалингийн зээл авч машины мөнгийг уг зээлээс төлсөн. Одоо уг зээлээ эргэн төлж байгаа бөгөөд дээрхи суудлын "Тоёото-приус маркийн машин зээлийн барьцаанд Сэлэнгэ аймаг дахь "Төрийн банк"-ны салбарын өмчлөлд байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба нэхэмжлэгч энэхүү татгалзлыг няцааж чадаагүй.
Нэхэмжлэгч Х.Отгонтөгс нь хариуцагч О.Гансүхтэй 2010-2019 оны 06 дугаар cap хүртэл хамтын амьдарч, улмаар зохигчид 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/ Төрийн банк-ны Сэлэнгэ Сүхбаатар вокзал тооцооны төв, нөгөө талаас зээлдэгч Х.Отгонтөгс, хамтран үүрэг гүйцэтгэгч О.Гансүх нар байгуулсан байх ба гэрээнд 14.161.685,65 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 16,80 хувийн хүүтэй зээлэх, зээлийн эргэн төлбөрийг зээлийн гэрээний 5.1.7-т зааснаар зээлдэгч нь цалингийн орлогоо барьцаалж, зээл авсан бөгөөд энэхүү гэрээний 2.1.5-д заасан зээл буцаан төлөх хуваарь-т хугацаа болохоос өмнө зээлдэгчийн дансанд орж ирсэн цалингийн орлогоос тухайн сард төлөх зээл болон хүүний дүнтэй тэнцэх хэмжээгээр бичилт хийж суутган төлөх нөхцөлийг заасан байх ба зээлдүүлэгч нь мөнгийг Х.Отгонтөгсийн дансанд шилжүүлсэн болох нь барьцаат зээлийн гэрээ болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. Зохигчид зээлийн гэрээний дагуу хамтран үүрэг хүлээсэн, төлбөрийг хэрхэн төлөх талаар тохиролцсон эсэх нь тодорхойгүй байхаас гадна дээрх банкны зээлийн гэрээнд О.Гансүх нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан хэдий ч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2-т заасан эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй байх тул зээлийн үүргийг хариуцах үндэслэлгүй гэж үзлээ.
2. "Тоёота-Приус болон "Бонго" маркийн машины тухайд:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... бид хамтын амьдралдаа зориулж зээл авдаг байсан. зээлийн мөнгөөрөө бид гэр орондоо юм авдаг, гэртээ засвар хийдэг машиндаа сэлбэг хэрэгсэл авдаг байсан. Тухайн үед ингэж хөөгдөхөө мэдээгүй байсан учраас банкнаас зээлсэн мөнгөө энэ хүний 2 хүүхэд болон гэрийг нь айлын дайтай айл болгоход бүхнээ зориулсан... гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нь ... Гансүхийн төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн эсхүл энэхүү өрийг төлснөөр үүргээсээ чөлөөлөгдсөн... бол өрийг нь төлсөн этгээд зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болох хэдий ч дээрх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Зохигчид нь хамтын амьдралтай байсан боловч гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүйгээс тэдгээрийн хооронд гэрлэгчдийн эрх, үүрэг үүсээгүй төдийгүй Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн харилцаа үүсээгүй, мөн Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар түүнийг Тоёота-Приус"- 20, "Бонго" маркийн машины хамтран өмчлөгч гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба энэхүү үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй.
Иймд нэхэмжлэгч Х.Отгонтөгсийн хариуцагч О.Гансүхээс 11.066.195 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 ,118 зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний Хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан Х.Отгонтөгсийн нэхэмжлэлтэй О.Гансүхэд холбогдох 11.006.195 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ