| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2019/03179/И |
| Дугаар | Дугаар 183/ШШ2019/02572 |
| Огноо | 2019-11-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар Дугаар 183/ШШ2019/02572
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овогтой, Г-ийн Д-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т овогтой, Б-ийн О-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ............. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 2007 онд Б.О-тай танилцаж 2008 оноос хамтран амьдарч 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд бидний дундаас 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр охин О.Э төрсөн боловч 2013 оны 11 дүгээр сараас тусдаа амьдрах болж охин О.Э маань миний асрамжинд өсөж торнисон. Одоо бид тус тусдаа гэр бүл, хүүхдүүдтэй болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдээ би өөрийн асрамжинд авах бөгөөд хүүхдийн тэтгэмж тогтоолгохгүй” гэв.
Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 2007 онд Г.Дтай танилцаж, 2008 оноос хамтран амьдарсан бөгөөд 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд бидний дундаас 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр охин О.Э төрсөн боловч 2013 оны 11 дүгээр сараас тусдаа амьдрах болсон ба охин ээжийнхээ асрамжид өсөж торнисон. Одоо бид тус тусдаа гэр бүлтэй, хүүхдүүдтэй болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхэд ээжийнхээ асрамжид байх бөгөөд хүүхдийн тэтгэмж тогтоолгохгүй гэж тохиролцсон” гэв.
Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Д-гийн нэхэмжлэлтэй, Б.О-д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Б овогтой, Г-ийн Д-, Т овогтой, Б-ийн О- нар 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 109 дүгээрт 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлсэн болох нь Гэрлэлтийн бүртгэлийн .............. дугаар гэрчилгээгээр нотлогджээ.
Гэрлэгчдийн хэн аль нь “...бид 2013 оны 11 дүгээр сараас тусдаа амьдрах болсон бөгөөд одоо тус тусдаа гэр бүлтэй, хүүхдүүдтэй болсон” гэсэн тайлбар, мөн гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн хүсэлтийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Г.Д, Б.О нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 283 дугаар тэмдэглэлэр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсныг дурдав.
Гэрлэгчдийн дундаас охин Т овогтой, О-ын Э 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн болох нь Төрсний бүртгэлийн 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Г-4649 дүгээр гэрчилгээ, талуудын тайлбар зэргээр тогтоогджээ.
Түүнчлэн 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин О.Э нь эхийн хамт амьдарч байх бөгөөд эрүүл бойжиж байгаа болох нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт, Ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт, “Амгалан-Өрх” ӨЭМТ-ийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт зэргээр нотлогджээ.
Мөн зохигчид охин О.Эг эх Г.Д-гийн асрамжид үлдээх талаар тохиролцсон байдал, “...ээжтэйгээ хамт амьдарна” гэсэн охин О.Эгийн шүүхэд гаргасан саналыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан охин О.Эг эх Г.Д-гийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Түүнчлэн гэрлэгчид нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдах нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б овогтой, Г-ийн Д, Т овогтой, Б-ийн О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин О.Э-г эх Г.Д-гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Г.Д, Б.О нар хойшид хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД