| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2019/02158/И |
| Дугаар | 183/ШШ2019/02466 |
| Огноо | 2019-11-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2019/02466
| 2019 оны 11 сарын 18 өдөр | Дугаар 183/ШШ2019/02466 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаад байрлах, М ХХК /рд:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, М өөрийн байранд байрлах, М ТӨХК /рд:0000000 /-д холбогдох,
Гэрээний үүрэгт 1 337 006 407 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Э.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Ж.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М ХХК нь 2016 оны 6 дугаар сард М ХК-ийн зарласан 2016-2017 оны хэрэгцээт агаарын хөлгийн ТС-1 шатахуун нийлүүлэгчийг сонгох тендерт 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр оролцож, шалгарч, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1 жилийн хугацаатай 16-1714 тоот агаарын хөлгийн ТС-1 шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. М ХХК нь гэрээний 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Шаардлага хангасан агаарын хөлгийн шатахууныг захиалгад заасан тоо хэмжээгээр хангах" гэж заасан үүргээ биелүүлсэн. М ХК гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Захиалагч шатахууныг хүлээн авч, нийлүүлэгчээс нэхэмжлэл өгсөн өдрөөс хойш хуанлийн 14 хоногийн дотор нийлүүлэгчийн Голомт банкны 000000000 тоот харилцах дансанд төлбөрөө шилжүүлнэ" гэж заасны дагуу урьдчилан авсан шатахууны үнийг манайд хугацаа алдалгүй төлөх үүрэг хүлээсэн. Гэрээний хэрэгжилтийн явцад анх тендерийн материалыг дан ганц М ХК-ийн хэт нэг талыг барьсан явцуу эрх ашигт нийцүүлэн боловсруулсан байдлаас үүссэн төлбөр тооцоо хийх нөхцөл, аргачлалтай холбоотой маргааныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/00000 дүгээр шийдвэрээр шийдвэрлүүлсэн. Үүний дараа 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс гэрээ дуусах 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд нийлүүлэгдсэн агаарын хөлгийн шатахууны үнэ төлбөр тооцооны асуудлаар манай санхүүгийн ажилтнууд удаа дараа уулзаж, нэхэмжлэж байгаа боловч өнөөдрийг хүртэл зохих ёсоор шийдвэрлэж өгөөгүй байна. Бид гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.2, 3.2.3 дахь заалтуудын дагуу гэрээний үнэд дараах өөрчлөлтийг оруулсан үнийн саналыг тухай бүр хүргүүлсэн. 2017 оны 8 дугаар сард 1 метрик тонн ТС-1 шатахууны хилийн гадна үнэ 673 ам.доллар болон өсч М ХК-д нийлүүлэх үнэ 2 084 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 1 метрик тонн ТС-1 шатахууны хилийн гадна үнэ 681 ам.доллар болон өсч М ТӨХК-д нийлүүлэх үнэ 2 103 250 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 1 метрик тонн ТС-1 шатахууны хилийн гадна үнэ 738 ам.доллар болон өсч М ТӨХК -д нийлүүлэх үнэ 2 270 250 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард 1 метрик тонн ТС-1 шатахууны хилийн гадна үнэ 783 ам.доллар болон өсч М ТӨХК-д нийлүүлэх үнэ 2 400 750 төгрөг тус тус болсон. М ТӨХК гэрээний 3.3 дахь хэсэгт “Төлбөр төлөх аргачлал: Хэрвээ энэхүү гэрээний 3.2.1 болон 3.2.2-т заасан үндэслэлээр гэрээний үнэд өөрчлөлт орсон тохиолдолд нэмэлт гэрээ байгуулахгүйгээр талуудын санхүүгийн албад дээрх байдлаар тооцоо хийхдээ валютын ханшийн зөрүүний өсөлт бууралтын зөрүүг тухайн сарын хилийн үнээр үржин тооцож нийлсэний дагуу нэхэмжлэл ирүүлж төлбөрийг төлнө” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүйгээс дараах мөнгөн дүн бүхий ТС-1 шатахуун нийлүүлсний төлбөр төлөгдөөгүй байна. 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл нийт 3 248 654,29 кг агаарын хөлгийн шатахуун нийлүүлсэн нийт үнэ 7 153 681 400,52 төгрөг болсноос 6 262 343 795,25 төгрөг төлөгдсөн бөгөөд 891 337 605,27 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг ба 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтуудад заасан эрхийн хүрээнд захиалагчийн хэрэгцээт барааг нийлүүлэгч олж бэлтгэх, татан авах, цаашид гадаадаас тасалдал үүсгэхгүй тогтвортой татан авч нийлүүлэх, хэвийн нөхцөл бүрдүүлэхтэй холбогдох зайлшгүй зардал, хил гаалийн болон валютын үнийн өөрчлөлтийг үндэслэл болгож гэрээ, гэрээний үнэд өөрчлөлт оруулах талаар манай талаас удаа дараа гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг ба 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэх, гэрээний нэмэлтийг удаа дараа хүргүүлж байсан. Гэвч М ХК нь асуудлыг зохих ёсоор шийдвэрлэхээс зайлсхийж, манай нэхэмжилсэн төлбөрийг одоог хүртэл дутуу төлөөд байна. Захиалагчийн хэрэгцээт бүтээгдэхүүн нь дотоодод үйлдвэрлэгддэггүй тусгай зориулалтын бараа, ер нь ямарч төрлийн барааг гадаад эх үүсвэрээс нийлүүлэгч олж бэлтгэх, татан авах, цаашид гадаадаас тасалдал үүсгэхгүй тогтвортой татан авч нийлүүлэх гэрээний болон дэд бүтцийн хэвийн нөхцөл бүрдүүлэхтэй холбогдох зайлшгүй олон зардал гардаг. Тухайлбал барааг олж, очиж уулзах, үзэх, шалгах, олон улсын зах зээлийн харьцуулсан судалгаа хийх, хэрэглэх, ашиглах баталгаа гаргах, импортлоход шаардлагатай тусгай зөвшөөрөл авах, улсын тэмдэгтийн хураамж төлөх, төлбөр хийх, харилцах холбогдож байх, тээвэрлэх хүлээн авах ажил зохион байгуулах, хадгалах аюулгүй ажиллагааг хангах, чанарын шаардлага хангуулах зэрэг олон үйлдэлийг олон хүн, техникийн хүчээр хийдэг юм. Мөн хил гаалийн үнийн болон валютын ханшийн өөрчлөлт нь барааны нийлүүлэлтийн үнэд зохих ёсоор нөлөөлдөг хүчин зүйл гэдэг нь зах зээлийн нийгэмд нийтэд илэрхий зүйл, энэ зардлыг нийтэд нь шатахууныг олж бэлтгэхтэй холбоотой зайлшгүй зардлууд гэж ойлгоно. Гэтэл захиалагч агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгчийг сонгох тендерийн бичиг баримт бэлтгэхдээ гадаад эх үүсвэрийн улсын хилийн экспорт, импортын зааг дээрх үнэд Монголын импортлогчийн дээрх зайлшгүй зардлыг тооцож оруулаагүй санаатай, санаагүй орхигдуулсан байдлаас шалтгаалан М ХК-ийн санхүүгийн албанаас хилийн цаадах үнээр авна гэх, манай компани барааг олж бэлтгэх, татан авах, цаашид нийлүүлэгч орноос тасалдал үүсгэхгүй тогтвортой татан авч нийлүүлэх хэвийн нөхцөл бүрдүүлэхтэй холбоотой зардлаа авна гэсэн маргаан үүсч шүүхээр шийдвэрлүүлж байсан. Уг нь Монгол улсын ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 19 дүгээр зүйл “Тендерийн баримт бичиг бэлтгэх” зүйлийн 19.2 дахь хэсэгт “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана" гэсэн байдаг. Дээрх зайлшгүй зардлуудыг задалж үзвэл гадаад зах зээлийн судалгаа /дотоодын зах зээлд өрсөлдөх боломжтой байх үүднээс бусад шатахуун үйлдвэрлэгч томоохон улсууд, үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн үнийн судалгааг тусгай төлбөртэй программ хангамж ашиглан хийх, томоохон нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улсуудын техник, технологийн дэвшил, улс төр, засгийн газрын шийдвэрүүдийг судлах, Роснефть, Газпром, Башнефть, Казнефть, PetroChina, СNРС зэрэг томоохон үйлдвэрүүдтэй байнгын хамтын харилцааг ханган ажиллах үүднээс тогтмол харилцаа үүсгэх, гадаад улсад болж буй олон улсын хурал зөвлөгөөнд оролцож, агаарын хөлгийн шатахуун үйлдвэрлэгч, хэрэглэгч нарын технологи шинэчлэл, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, импортлох, хэрэглэх, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, баталгаанууд, гэрчилгээнүүдийг гаргуулах, сунгуулах авах, аюулгүй ажиллагаа хангуулах, дотоод хамтын ажиллагааны хүрээнд ТС-1 шатахуун нь байлдааны пуужингуудыг цэнэглэх боломжтой тул олон улсын экспорт, импортын, худалдааны аюулгүй байдлыг хангах, зөвхөн иргэний нисэх, М-ын хэрэгцээнд өгөх баталгаа гаргах, аюулгүй ажиллагааны норм дүрэм, стандартыг хэрэгжүүлэх, холбогдох зөвшөөрөл, гэрчилгээнүүдийг авах, Монгол улсад онгоцны шатахуун импортлох, бөөний, жижиглэн худалдааны тусгай зөвшөөрлийг гаргуулах, сунгуулах, Монгол улсад ТС-1 шатахууныг оруулж ирж хэрэглэхэд шаардлагатай материалыг бүрдүүлэн баталгаа гаргуулах, УУЯ, АМГТГ, МҮХАҮТ, БХЯ, ИНЕГ, М бусад нисэх компаниуд зэргээс хэрэглээний баталгаа, импортын сертификат гаргуулах, арилжааны банкнуудаас эргэлтийн хөрөнгийн зээл, баталгаа гаргуулах, худалдан авагч талын шатахууны төлбөрийг төлөх хугацаанаас хамааран худалдагч тал гадаад төлбөр тооцоог банкны эх үүсвэрээр төлдөг нь зээлийн хүүгийн төлбөр төлөхөд хүргэдэг. ИНЕГ-аас үйл ажиллагааны зөвшөөрөл авах, ОУ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны байгууллагуудын стандарт шаардлагыг хангуулах, шалгуулах, захиалагчийн тендерт оролцох, гэрээ хийхэд тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа гаргах зэргээр санхүүгийн ихээхэн зардал гардаг, гадаадаас барааны ачилт, даатгал, тээвэрлэлт, төмөр замын хөдөлгөөнийг удирдан зохион байгуулах хяналт зохицуулалт, захиалагчтай харилцах /захиалга авах, эд бүгдэд олон хүн ажиллах, ажлын хөлс, материалын, томилолтын, удирдлагын зэрэг олон зардал шаардагддаг, бараа УБ өртөөнд хүлээн авах, буулгах, шүүх, хадгалах, ачих, Буянт-Ухаа баазад хүргэх дотоод тээвэр, Буянт-Ухаа баазад шатахуун хүлээн авах, шүүх, лабораторын үйл ажиллагаа, сумлах машинд ачих, дагалдах зардлууд, даатгалууд, ажилтнуудын мэргэшил, дадлагыг сайжруулах сургалт, байгууллагын сурталчилгаа гэх зайлшгүй зардлууд үргэлж гарч байдаг ба ойролцоогоор 1 тн агаарын хөлгийн ТС-1 шатахууныг олж бэлтгэхтэй холбоотой 400 000 орчим төгрөгийн зардал гарч байгаа учраас М ХХК болон М ТӨХК-ийн хооронд байгуулсан тендерийн гэрээний үнэнд зайлшгүй тохируулга, нэмэлт өөрчлөлтийг хойшлуулахгүйгээр хийх шаардлагатай юм. Гэтэл М ТӨХК нь тендер зарлахдаа төрийн монополь байгууллагын давуу байдлаа сөргөөр ашиглан шатахууныг гадаад зах зээлээс улсын хил дээр, хил үнээр, нийлүүлэгчийн барааг олж бэлтгэхтэй холбоотой зайлшгүй гардаг зардлыг өгөхгүйгээр, нийлүүлэгчийг хохироох шаардлага, нөхцлийг тулган хохироож байна. Дээрх төлбөр барааг олж бэлтгэхтэй холбоотой зайлшгүй зардлыг захиалагч тал хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас бид нийлүүлэгч буюу ОХУ-ын Роснефть компанитай байгуулсан гэрээний худалдан авах үйл ажиллагаанд саад учрах болон гэрээ цуцлагдах эрсдэл бий болсон бөгөөд М ХК-ийн захиалгын дагуу нийлүүлэх шатахууныг тогтсон хугацаанд гэрээнд заасны дагуу нийлүүлэхэд ноцтой хүндрэл үүсгэж байдаг юм. Түүнчлэн Монгол улсын Уул уурхайн яам нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг үндэслэн М ХХК-д шатахуун өөрөө импортлох тусгай зөвшөөрлийг олгоогүй, харин импортлогчоос шатахуун аваад бусдад нийлүүлэх бөөний зөвшөөрлийг, ИНЕГ-аас шатахуун сумлах тусгай зөвшөөрлийг олгосон. Иймд манай компани нь импортлогч С ХХК-иас ОХУ-ын Р компанитай байгуулсан гэрээ, мөн С ХХК-иас М ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ №14/01 гэрээ, гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан агаарын хөлгийн шатахууны үнийг нийлүүлэгч тухай бүр ОХУ, Р компаниас захиалсан буюу худалдан авсан үнэд ТС-1 импортлоход болон олж бэлтгэхэд шаардлагатай нийт зардлыг тусгаж нэхэмжилнэ. Үүнд зах зээл, хамтын ажиллагаа, тусгай зөвшөөрөл, баталгаа болон бусад зардал хамаарна” гэсэн заалтын дагуу ТС-1 шатахууныг олж бэлтгэж нийлүүлэхэд зарцуулах зардлуудыг багтаадаг. Гэтэл энэхүү бодит зардлыг олж авахгүй бол манай компани эргэлтийн хөрөнгийн дутагдалд орж, цаашид танайд шатахуун тасралтгүй нийлүүлэх боломжгүй болж, хоёр талын эрх ашигт сөргөөр нөлөөлөх нь тодорхой билээ. Иймд 16-0000 тоот гэрээний үлдсэн хугацааны буюу 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд нийлүүлсэн агаарын хөлгийн шатахууны төлөгдөөгүй байгаа төлбөр болох 891 337 605,27 төгрөг, алданги 445 668 802 төгрөг, нийт 1 337 006 407 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч М ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Э.Р нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М ХХК нь 2016 онд М ТӨХК-иас зарласан агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх тендерийн 1 болон 2 дугаар багцад шалгарч манай компанитай гэрээ байгуулан Улсын хил нөхцлөөр агаарын хөлгийн шатахуун нийлүүлэхээр гэрээ байгуулж хамтран ажилласан. М ТӨХК болон М ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №16-0000 тоот агаарын хөлгийн ТС-1 шатахуун худалдах, худалдан авах гэрээний дагуу М ТӨХК нь 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд М ХХК-иас нийт 3 248 654,29 тн шатахуун худалдан авсан байх бөгөөд М ТӨХК нь энэхүү гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 болон 3.3 дахь заалтад тусгасан төлбөр төлөх аргачлалыг үндэслэл болгож шатахууны үнийг энэхүү тайлбарын хавсралтад заасны дагуу тооцож, төлбөрийг графикийн дагуу төлсөн ба нийт 6 252 343 795,25 төгрөгийг төлж барагдуулж гэрээний үүргээ биелүүлсэн. М ТӨХК болон М ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №16-0000 тоот агаарын хөлгийн ТС-1 шатахуун худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн а/3.1.1-д Тендерийн багц-1, 6 000 тн ТС-1 шатахууныг Улсын хил нөхцлөөр нийлүүлэх үнэ 1 метрик тонн агаарын хөлгийн ТС-1 шатахууны үнийг 700 500 төгрөг /НӨАТ-гүй/, 6/3.1.2-д “Тендерийн багц-2-д 6 000 тн ТС-1 шатахууныг Улсын хил нөхцлөөр нийлүүлэх үнэ 1 метрик тонн агаарын хөлгийн ТС-1 шатахууны үнийг 746 000 төгрөг /НӨАТ-гүй/ байхаар, в/3.2 дахь заалтад төгрөгийн ам доллартай харьцах ханш гэрээ байгуулах үеийн Монгол банкны ханшаас 20 төгрөгөес илүү хэмжээгээр өссөн эсвэл буурсан болон газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өөрчлөлт ОХУ-аас нэг тонн тутамд 15 ам доллараас илүү хэмжээгээр өссөн эсвэл буурсан тохиолдолд үнийн тохируулга хийхээр заасан. Гэтэл М ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр №00/00 тоот албан бичиг ирүүлж, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд нийлүүлсэн 3 248 654,29 кг агаарын хөлгийн ТС-1 шатахууныг олж бэлтгэхтэй холбоотой зайлшгүй зардалд нийт 891 337 605 төгрөгийг төлөхийг шаардсан бөгөөд М ТӨХК нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №01/000 тоот албан бичгээр дараах тайлбар хүргүүлж байсан. Тус албан бичигт “...гэрээний 3 дугаар зүйлд гэрээний үнэ болон гэрээ хүчинтэй хугацаанд шатахууны үнийн өөрчлөлт хийх болон төлбөр төлөх аргачлалын талаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад хэрвээ энэхүү гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 болон 3.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэрээний үнэд өөрчлөлт орсон тохиолдолд нэмэлт гэрээ байгуулахгүйгээр дээрх байдлаар тооцоо нийлэхдээ валютын ханшны зөрүүний өсөлт бууралтын зөрүүг тухайн сарын хилийн үнээр үржин түүн дээр тухайн сарын хилийн үнийг тендер зарласан өдрийн ханшаар үржин тооцно” хэмээн төлбөр төлөх аргачлалын талаар талууд харилцан тохиролцсон бөгөөд М ТӨХК нь энэхүү гэрээнд заасан аргачлалаар тооцоо хийж худалдан авсан шатахууны үнийг гэрээний дагуу төлж барагдуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. М ХХК нь худалдан авагч талд гэрээ болон тендерийн бичиг баримтанд тусгагдаагүй нөхцөл буюу талууд гэрээ байгуулахдаа харилцан тохиролцоогүй гэрээний нөхцлийг үндэслэл болгож гэрээний үнэд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулах санал ирүүлснийг хүлээн авах боломжгүй байна...” хэмээн хариу мэдэгдсэн. 2016 онд М ТӨХК-иас зарласан агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх 00/2016-М тоот тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн 15 дугаар зүйлийн 15.7 /б/-д Монгол улсын гадна үйлдвэрлэгдсэн бөгөөд импортоор орж ирэх барааны хувьд ТШӨХ-д захиалагчийн нэрлэсэн хилийн боомт хүртэлх СИФ /СIF/ үнэ эсхүл захиалагчийн нутаг дэвсгэр дэх нэрлэсэн байрлал хүртэлх СИП /СIF/ үнэ, барааг орох боомтоос буюу нэрлэсэн байрлалаас ТШӨХ-д заасан эцсийн цэгт хүргэхэд шаардагдах хуурай газрын тээвэр, даатгал болон дотоодод гарах бусад зардал, захиалагчийн агаарын хөлгийн шатахууныг Улсын хил үнэ нь вагон цистерний экспертиз зардал орсон нөхцлөөр нийлүүлэх эцсийн үнэ байна. ТШӨХ-ийн 15 дугаар зүйлийн 15.8-д “Тендерт оролцогчийн санал болгосон үнэ гэрээний хэрэгжилтийг дуусгавар болтол тогтмол байна. Нефтийн зах зээл дээр үнийн бууралт гарсан тохиолдолд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хийж байна”, 15.8.1-д "Тендерт оролцогчийн санал болгосон үнийг гэрээний хэрэгжилтийн явцад тохируулахгүй тогтмол байх ба суурь үнэ огцом өөрчлөгдсөн бол Газрын тосны газрын албан тоот болон холбогдох баримтыг үндэслэн тохируулга хийнэ. Гэрээний ерөнхий нөхцөлийн 15 дугаар зүйлийн 15.1-д “гэрээний дагуу нийлүүлсэн агаарын хөлгийн шатахууны үнийг нэхэмжлэхдээ нийлүүлэгч өөрийн тендерт санал болгосон үнийг баримтална. Тендерийн үнэд бүх төрлийн татвар хураамж багтсан эцсийн үнэ байна” гэж заасан нь нэхэмжлэгч нь манай компаниас зарласан Тендерт оролцохдоо агаарын хөлгийн шатахууныг олж бэлтгэхтэй холбоотой зайлшгүй зардал шингэсэн эцсийн үнэ санал болгож тендерт оролцсон болох нь нотлогдож байна. Түүнчлэн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн М ТӨХК болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан 16-0000 тоот агаарын хөлгийн ТС-1 шатахуун худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд тус гэрээний үнэтэй холбоотой хийгдэх аливаа зардлын тохируулга, нэмэлт өөрчлөлтүүдийг хэрхэн тооцох талаар нарийвчлан тусгасан байх бөгөөд гэрээний эрх зүйн харилцаа нь гэрээнд оролцогч талуудын сайн дурын хүсэл зоригийн илэрхийлэл бүхий эрх зүйн баримт бичиг юм. М ХХК-ийн нэхэмжлэлд дурьдсан 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд нийлүүлсэн 3 248 654,29 кг агаарын хөлгийн ТС-1 шатахууныг олж бэлтгэхтэй холбоотой зайлшгүй зардалд барааг олж, очиж уулзах, үзэж шалгах, олон улсын зах зээлийн харьцуулсан судалгаа хийх, хэрэглэх ашиглах баталгаа гаргах, импортлоход шаардлагатай тусгай зөвшөөрөл авах, улсын тэмдэгтийн хураамж төлөх, төлбөр хийх, харилцаа холбоо болон тээвэрлэх хүлээн авах ажиллагаа зохион байгуулах, хадгалах аюулгүй ажиллагаа хангах, чанарын шаардлага хангуулах үйл ажиллагаанд зарцуулсан гэх мэт нийт 891 337 605 төгрөгийн зардал, алданги 45 668 802 төгрөгийн хамт нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ”...С ХХК-иас ОХУ-ын Р компанитай байгуулсан гэрээ, мөн С ХХК-иас манай М ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ №14/000 гэрээ, гэрээний 2.2 дахь хэсэгт заасан агаарын хөлгийн шатахууны үнийг нийлүүлэгч тухай бүр ОХУ, Р компаниас захиалсан буюу худалдан авсан үнэд ТС-1 импортлоход болон олж бэлтгэхэд шаардлагатай нийт зардлыг тусгаж нэхэмжлэнэ. Үүнд: зах зээл, хамтын ажиллагаа, тусгай зөвшөөрөл, баталгаа болон бусад зардал хамаарна” гэсэн заалтын дагуу ТС-1 шатахуун олж бэлтгэж, нийлүүлэхэд зарцуулах зардлуудыг багтаадаг” хэмээн дурджээ. Гэтэл М ХХК нь М ТӨХК-иас 2016 онд зарласан агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх нээлттэй тендер шалгаруултын багц 1 болон багц 2-т ирүүлсэн тендерийн баримт бичигт Р-М ХХК-ийн гэрээт борлуулагчийн итгэмжлэл ирүүлсэн атлаа ТС-1 шатахууныг импортлоход болон бэлтгэхэд шаардлагатай нийт зардал буюу нэхэмжлэлийн шаардлагаа С ХХК-иас ОХУ-ын Р компанитай байгуулсан гэрээ, мөн С ХХК-иас манай М ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ №14/000 гэрээтэй холбон тайлбарлаж байгаа нь зөрчилдөөнтэй байна. Учир нь нэхэмжлэгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний харилцааг чухам ямар үндэслэлээр М ТӨХК болон М ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний үүрэгт хамааруулж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн дээр дурдсан зайлшгүй зардал нь энэхүү маргааны хувьд тендерт оролцож буй нийлүүлэгч компанийн дотоод үйл ажиллагаа буюу барааг захиалагчид нийлүүлэх маркетинг, менежментийн урсгал зардалд тооцогдох бөгөөд энэхүү зардалтай холбогдуулан үнийн тохируулга хийх талаар талууд тохиролцоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч М ТӨХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 891 337 605,27 төгрөг, алданги 445 668 802 төгрөг, нийт 1 337 006 407 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийн баримтаас үзэхэд 2016 оны 6 дугаар сард М ХК-иас 2016-2017 оны хэрэгцээт агаарын хөлгийн ТС-1 шатахуун нийлүүлэгчийг сонгох тендер зарласан байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж зааснаар М ХХК тус тендерт шалгарсан байна.
Улмаар мөн хуулийн 29 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлд зааснаар талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Агаарын хөлгийн ТС-1 шатахуун худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр худалдагч буюу М ХХК нь агаарын хөлгийн MNS5677:2006 стандартын биет болон эрхийн доголдолгүй 12 000 тонн ТС-1 шатахууныг улсын хил хүртэл нөхцлөөр, гэрээнд дурдсан хэмжээ, үнэ /тендерийн багц 1-нэг метрик тонн агаарын хөлгийн ТС-1 шатахууныг 700 500 төгрөг /НӨАТ-гүй/, Тендерийн багц 2-нэг метрик тонн агаарын хөлгийн ТС-1 шатахууныг 746 000 төгрөг /НӨАТ-гүй/, тогтсон хугацаанд нийлүүлэх, захиалагч нь шатахууныг хүлээн авч төлбөрийг гэрээний хугацаанд төлөхөөр тохиролцсон зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон дээрх гэрээний дагуу 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 3 248 654,29 кг агаарын хөлгийн шатахуун нийлүүлсэн, уг барааг худалдан авагч тал хүлээн авч, 6 262 343 795,25 төгрөгийг төлсөн үйл баримтад маргаагүй тул уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэв.
Харин нэхэмжлэгч нь “...хилийн гаднах үнээс шалтгаалж зайлшгүй зардал гарсан тул бид гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т заасан эрхийн хүрээнд гэрээнд өөрчлөлт оруулах тухай санал удаа дараа өгснийг хариуцагч хүлээж аваагүй. Иймд бид гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.2, 3.2.3-т заасны дагуу шаардаж байна” гэж,
хариуцагч нь “...М ХХК нь худалдан авагч талд гэрээ болон гэрээний баримт бичигт тусгаагүй, гэрээ байгуулахад харилцан тохиролцоогүй гэрээний нөхцлүүдийг үндэслэл болгож гэрээний үнэд өөрчлөлт оруулах тухай албан бичгийг өгсөн тул бид нэмэлт гэрээ байгуулах боломжгүй талаар хариу өгсөн. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.
Талуудын байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т “...Захиалагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй“ гэж заасан байх бөгөөд хавтаст хэрэгт талууд гэрээнд өөрчлөлт оруулсан талаарх баримт авагдаагүй байна.
Дээрх гэрээний 3 дугаар зүйлд гэрээний хугацаанд дараах өөрчлөлт орсон тохиолдолд талууд 1 метрик шатахууны үнийн өөрчлөлтийн саналыг нөгөө талд мэдэгдэж, ажлын 3 хоногийн дотор шийдвэрлэж, гэрээний үнэд нэмэлт оруулан шинэ үнээр төлбөрийг гүйцэтгэхээр тохиролцсон байх бөгөөд 3 дугаар зүйлийн 3.2.1-д “...төгрөгийн ам.доллартай харьцах ханш 20 төгрөгнөөс илүү хэмжээгээр өссөн эсвэл буурсан тохиолдолд /тендер зарласан 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Монгол банкны ханшийг 1 ам.доллар=1995.62 төгрөг/-ийг суурь үнэ болгоно”, 3.2.2-т “...газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өөрчлөлт ОХУ-аас нэг тонн тутамд 15 ам.доллараас илүү хэмжээгээр өсссөн эсвэл буурсан тохиолдолд /тендэрийн үнэ 362 ам.доллар/-ыг суурь үнэ болгоно” гэж тус тус заажээ.
Гэрээний дээрх заалт болон талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараас үзвэл гэрээний 3.2.1, 3.2.2-т заасан нөхцөл байдлыг талууд тухай бүрт шийдвэрлэж, шатахуун нийлүүлэх үеийн ам.долларын ханш болон газрын тосны үнийг харгалзан тухайн үеийн Монгол банкны ам.долларын ханшаар төлбөрийг төлж байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...Хилийн үнэ дээр маргаагүй, долларын ханшийн зөрүүгээр бодсонд маргаагүй, бидний маргаж байгаа гол зүйл бол зардал, ашиг хилийн үнэд багтаагүй учраас энэ үнэ дээр нэмж нэхэмжилж байгаа”, “...гэрээнд өөрчлөлт орсон эсэхээс үл хамааран валютын ханшийн өөрчлөлтийн дагуу төлбөрөө авч байсан” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг гэрээний дээрх заалтуудаар шаардах эрхгүй гэж үзэв.
Мөн нэхэмжлэгч нь “...2017 оны 8 дугаар сард 1 метрик тонн ТС-1 шатахууны хилийн гадна үнэ 673 ам.доллар болон өсч М ХК-д нийлүүлэх үнэ 2 084 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 681 ам.доллар болон өсч М ТӨХК-д нийлүүлэх үнэ 2 103 250 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 738 ам.доллар болон өсч М ТӨХК -д нийлүүлэх үнэ 2 270 250 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард 783 ам.доллар болон өсч М ТӨХК-д нийлүүлэх үнэ 2 400 750 төгрөг тус тус болсон” гэж тайлбарласан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Тендерийн баримт бичигт өөрөөр заагаагүй бол тендерийн үнэд татвар, даатгал, тээвэрлэлтийн болон гэрээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарах бусад бүх зардлыг багтааж тооцох бөгөөд эдгээр зардлыг тендерийн үнэд тусгайлан тооцоогүй бол захиалагч тухайн зардлыг тендерийн үнэд багтсан гэж үзнэ”, Гэрээний ерөнхий нөхцөлийн 15 дугаар зүйлийн 15.1-д “гэрээний дагуу нийлүүлсэн агаарын хөлгийн шатахууны үнийг нэхэмжлэхдээ нийлүүлэгч өөрийн тендерт санал болгосон үнийг баримтална. ...Тендерийн үнэд бүх төрлийн татвар хураамж багтсан эцсийн үнэ байна” гэжээ.
Түүнчлэн хэрэгт авагдсан Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 15.7-д “бараа хүргэгдэх эцсийн цэг /захиалагчийн агуулах, эсхүл барааг эцсийн хэрэглэгчид хүргэх байршил/ Монгол улсын хил”, 15.7.б-д “Монгол улсын хилээс гадна үйлдвэрлэгдэх барааг нийлүүлэх үнэ нь ТОӨЗ-ны 15.7.б1 дэх хэсэгт заасан CIP үнээс гадна дараах үнээр санал болгож болно-байхгүй, 15.8.1-д “тендерт оролцогчийн санал болгосон үнийг гэрээний хэрэгжилтийн явцад тохируулахгүй тогтмол байх ба суурь үнэ огцом өөрчлөгдсөн бол газрын тосны газрын албан тоот болон холбогдох баримт бичгийг үндэслэж тохируулга хийнэ” гэж тус тус заасан байх бөгөөд нэхэмжлэгч нэгэнт дээрх нөхцөлийг зөвшөөрч, барааг нэрлэсэн байрлалаас заасан эцсийн цэг хүртэлх хуурай газрын тээвэр, даатгал болон дотоодод гарах бүх зардлуудыг тооцож тендерийн үнийн санал өгснөөр тендерт шалгарсан, энэхүү зардалтай холбоотой үнийн тохируулга хийх талаар тендерийн баримт бичиг болон гэрээн тусгагдаагүй байх тул хилийн гадна үнэ өссөн гэх үндэслэлээр шаардах эрхгүй байна.
Иймд хэргийн баримт, талуудын тайлбараар хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 842 982 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК-ийн хариуцагч М ТӨХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 1 337 006 407 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 842 982 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ