Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2019/02475

 

2019 оны 11 сарын 18 өдөр

          Дугаар 183/ШШ2019/02475

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Сурагчийн 0 дүгээр гудамжны 000  тоотод байрлах, Ч ХХК /рд:000000/-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Стадион Оргил /17011/, Махатма Гандийн гудамж-0, өөрийн байранд байрлах, Ж ХХК /рд:000000/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 45 468 460 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 73 649 749 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б /ШТЭҮД-0000/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галбадрах нар оролцов.

                         

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Ч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр №0000-1/2016/ЗТЗХА/ дугаар ажил гүйцэтгэх гэрээг Ж ХХК-тай байгуулсан. Уг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Гандийн гудамж 00 тоот хаягт баригдаж буй Романа рэсидэнс барилгын гадна усан хангамжийн 626,5 метр урт шугам хоолойг  Ф250 мм голчтой болгон өргөтгөх ажлыг ЦНТ ХХК-ийн гүйцэтгэсэн 40/15 щифр бүхий ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэхээр тохиролцож, захиалагч тал нь нийт 146 142 141 төгрөгийг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Ж ХХК-ийн зүгээс урьдчилгаа 66 342 642 төгрөгийг шилжүүлсэн. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлаа эхлүүлэх гэсэн боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.1-т “Барилга угсралтын талбайд гүйцэтгэгчийг ажил гүйцэтгэх боломж нөхцлөөр хангаж, холбогдох газар эзэмшигч байгууллагуудаас зөвшөөрлүүдийг авч өгөх үүрэгтэй” гэсэн заалтыг захиалагч тал хэрэгжүүлээгүй хэрнэ гэрээг цуцалсан болно. Ж ХХК-тай байгуулсан ажлыг хугацаандаа хийнэ гэсэн төлөвлөгөөтэйгээр 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Т ХХК-тай бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 100 хувь шугамаа захиалан авсан. Гэтэл Ж ХХК-ийн зүгээс гэрээнд заасан ажлыг хугацаандаа эхлүүлэх нөхцөл бололцоогоор хангаагүй бөгөөд манай компани Т ХХК-д төлбөрөө төлж чадаагүй учир шүүхийн шийдвэрээр алданги 21 861 860 төгрөгийг манай компани төлөхөөр шийдвэр гарсан. Ж ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж манай компани 21 861 860 төгрөгөөр хохирч байна. Мөн Ж ХХК-тай байгуулсан гэрээний дагуу бараа материалуудыг татсан бөгөөд одоогийн байдлаар 23 606 600 төгрөгийн үнэ бүхий бараа материалууд байна. Дээрх бараа материалуудыг зөвхөн Ж ХХК-тай хамтарч ажиллах гэрээнд тавьсан шаардлагын дагуу татан нийлүүлсэн тул цаашид өөр зориулалтаар ашиглах боломжгүй юм. Иймд хохиролд төлсөн 21 861 860 төгрөг, үлдэгдэл бараа материалын үнэ 23 606 600 төгрөг, нийт 45 468 460 төгрөгийг Ж ХХК-иас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ж ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Манай компани Ч ХХК-иар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма гандигийн гудамж-00 тоот хаягтай “Романа ресиденс” барилгын гадна усан хангамжийн  626,5 метр урттай, Ф150мм голчтой шугам хоолойг Ф250мм голчтой болгон өргөтгөх ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохирч, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр №0000-1/2016 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээ байгуулагдсанаас хойш бид ажлыг эхлүүлэхийн тулд Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-иас зөвшөөрөл авахаар бичгээр болон бусад хэлбэрээр удаа дараа хандсан тухай гүйцэтгэгч тал болох Ч ХХК мэдэж байсан бөгөөд талуудын төлөөлөл уулзалдаж, газар эзэмшигчээс зөвшөөрөл авах тал дээр хамтран ажиллахаар тохиролцож, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр протокол үйлдсэн байдаг тул Ж ХХК-ийг дангаар гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй. Гүйцэтгэгч Ч ХХК нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалаа авъя гэж манай компаниас 66 342 642 төгрөгийг нэхэмжилсний дагуу манай компанийн зүгээс Ч ХХК-ийн Хас банкин дахь 000000000 тоот төгрөгийн харилцах дансанд 66 342 642 төгрөгийг шилжүүлсэн. Ч ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр манай компаниас дээрх үнийн дүн бүхий төлбөрийг авсныхаа дараа 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Т ХХК-тай “Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, улмаар тус гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн алданги болох 21 861 860 төгрөгийг огт хамааралгүй манай компаниас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2018 оны 6 дугаар сард Монаса ХХК нь энэхүү шугам хоолой өргөтгөх ажлыг өөрийн зардлаар хийхээр болсон тул бид 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 18/251 тоот албан бичгээр Ч ХХК-д гэрээ цуцлах мэдэгдлээ хүргүүлсэн. Мөн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 18/305 тоот албан бичгээр “Худалдан авалт хийсэн агуулахдаа байгаа бараа материалын үзүүлэлт, үнийн саналыг манайд ирүүлж, тооцоо нийлэх” саналыг Ч ХХК-д хүргүүлсэн боловч тухайн үед манайд ирүүлсэн бараа материалууд нь манай хэрэгжүүлж буй төсөлд ашиглагдахааргүй материал байсан тул бид хүлээн зөвшөөрөөгүй. Харин манай компани тус шугам хоолой өргөтгөх ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэхээр болсон Монаса ХХК-д тухайн ажлыг гүйцэтгэхдээ Ч ХХК-иас бэлэн байгаа материалыг авахыг санал болгосны дагуу тус компани нь худалдан авалт хийсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ж ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид гэрээний дагуу 66 342 642 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Гэрээт ажлыг гүйцэтгэх байршилд Х групп, М ХХК, Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК зэрэг хэд хэдэн газар эзэмшигчид  барилга барьж, үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр газар эзэмшигчдээс М ХХК нь өөрийн зардлаар гадна усан хангамжийн 626,5 метр урттай, Ф150мм голчтой шугам хоолойг Ф250мм голчтой болгон өргөтгөх ажлыг гүйцэтгэхээр болж, ажлаа эхлүүлснээр бид Ч ХХК-иар ажил гүйцэтгүүлэх боломжгүй болж 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 18/000 тоот албан бичгээр гэрээ цуцлах мэдэгдлээ хүргүүлсэн. Ж ХХК-тай байгуулсан гэрээнд заагдсан шаардлагын дагуу татан нийлүүлсэн гэх шугам хоолойг М ХХК нь манай компанийн санал болгосноор Ч ХХК-иас худалдан авсан. Бид нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан урьдчилгаа төлбөрөө буцаан шилжүүлэхийг гэрээ цуцлах мэдэгдэл өгснөөс хойш удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул 66 342 642 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан нотлох баримт болох 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны Хас банкны 000000000 тоот дансны хуулгаас харахад манай компаниас 7 307 107 төгрөгийг Ч ХХК-д шилжүүлсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээгээр нэмэгдүүлж, нийт 73 649 749 төгрөг гаргуулна” гэв.

 

Нэхэмжлэгч Ч ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагчид шаардах эрх үүсээгүй. Яагаад гэвэл Ч ХХК бол гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Гэрээний үүргийн ямар нэгэн зөрчилгүй, хуулийн асуудал зөрчсөн зүйлгүй. Хариуцагч тал шилжүүлсэн мөнгөө авъя гэж нэхээд байгаа ч гэрээгээ зөрчсөн. Гэрээ зөрчсөн нөхцлийг харвал ийм асуудлууд байдаг. Яг хууль зүйн ямар үндэслэлээр шаардах эрхээ гаргаад байгаа нь тодорхойгүй. Харин өөрсдөө гэрээний 4.1.1, 4.2.1, 4.2.3, 5.8, 5.11, 9.2, 5.12 дахь заалтуудыг ерөөсөө биелүүлээгүй. Тийм атлаа урьдчилгаанд төлсөн мөнгөө буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй, хуулийн ямар заалтаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 45 468 460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний дагуу шилжүүлсэн 73 649 749 төгрөгөө буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн зарим хэсэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.             

 

Хэргийн баримтаас үзэхэд Ч ХХК болон Ж ХХК-ийн хооронд 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр талууд Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Махатма Гандийн гудамж-00 тоот хаягт баригдаж буй Романа рэсидэнс барилгын гадна усан хангамжийн 626,5 метр урт шугам хоолойг Ф250 мм голчтой болгон өргөтгөх ажлыг 146 142 141 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд зохигчид уг гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй, урьчилгаа төлбөрт 66 342 642 төгрөг, гэрээний 2.2-т зааснаар гэрээний баталгаа болгож шилжүүлсэн 7 307 107 төгрөг, нийт 73 649 749 төгрөгийг нэхэмжлэгч хүлээж авсан талаар талууд маргаагүй тул шүүх энэхүү гэрээг талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдалд нийцүүлэн, агуулгыг өөрсдөө тодорхойлон, хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...хариуцагчтай 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулсны дагуу Т  ХХК-иас зээлээр нийт 65 076 000 төгрөгийн үнэ бүхий бараа материал худалдаж авсан, гэтэл хариуцагч тал ажлыг эхлүүлэх бололцоогоор хангаагүй, гэрээний үлдэгдэл төлбөрөө авч чадаагүйн улмаас Т  ХХК-д алдангид 21 861 860 төгрөг төлөх шүүхийн шийдвэр гарсан үүнийг гаргуулна. Бидний гэрээгээр хийх ажлыг М ХХК гүйцэтгэх болж, Ж ХХК уг компанитай холбон өгч нийт 41 694 400 төгрөгийн шугамыг манайхаас Монаса ХХК худалдан авсан, үлдэгдэл 23 606 600 төгрөгийн бараа манайд үлдсэн тул үүнийг мөн гаргуулна” гэж тайлбарласан. 

 

            Хариуцагч “...Ж ХХК нь Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-иас газрын зөвшөөрөл авах байсан, зөвшөөрөл өгөөгүйн улмаас заасан хугацаанд ажлыг эхлүүлэх боломжгүй нөхцөл үүссэн. Нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Т  ХХК-иас зээлээр бараа худалдан авсан асуудлыг манайх хариуцагч гэрээ уг маргаанд огт хамааралгүй тул алданги алдангид 21 861 860 төгрөг гаргуулах тухай шаардлагыг зөвшөөрөхгүй. Харин үзлэгээр үлдэгдэл бараа, материал байгаа болох нь тогтоогдсон тул үлдэгдэл 23 606 600 төгрөгийн барааг буцаан авч, 23 606 600 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээс харилцан тооцож  суутгахыг зөвшөөрнө” гэх тайлбарыг гаргажээ.

 

            Хохирол 21 861 860 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

            Талууд гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг 2016 оны 4 дүгээр сард хөрсний гэсэлтийн байдлаас үүдэн бичгээр харилцан тохиролцсон хугацаанаас эхлэн хуанлийн 30 хоног байна гэж тохиролцсон байх бөгөөд захиалагч буюу Ж ХХК нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан барилга угсралтын талбайд гүйцэтгэгчийг ажиллах боломж нөхцөлөөр хангаж, холбогдох газар эзэмшигч байгууллагуудаас зөвшөөрлүүдийг авч өгөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

 

            Улмаар Монаса ХХК уг ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэх болсонтой холбогдуулж Ж ХХК нь гэрээг цуцлах саналаа 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ч ХХК-д хүргүүлсэн байх тул нэхэмжлэгчийг гэрээ цуцлагдахаас өмнөх хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Т  ХХК-иас ажлаа эхлүүлэх бэлтгэл ханган 65 076 000 төгрөгийн бараа зээлээр худалдан авсныг буруутгах боломжгүй, мөн хариуцагчийн “...бид энэхүү бараа материалыг авах хэмжээний урьдчилгаа мөнгө шилжүүлсэн атал зээлээр худалдан авч алданги тооцогдсоныг бид хариуцахгүй” гэх тайлбар үндэслэлгүй байна. 

 

            Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 0000 дугаар шийдвэрээр Ч ХХК-иас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 45 076 000 төгрөг, алданги 21 861 860 төгрөг нийт 66 937 820 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

           

            Иймд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3-д “гэрээнд заасан бол ажил гүйцэтгэхэд шаардлагатай...ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх”, мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д “... ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх” гэж тус тус зааснаар захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдож байх тул мөн хуулийн 355.1-д зааснаар хариуцагчаас 21 861 860 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.  

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн 2 шаардлагаас 23 606 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг зөвшөөрсөн, нэхэмжлэгч нь 23 606 600 төгрөгийн үнэ бүхий, үзлэгээр тогтоогдсон, хадгалагдаж буй бараа материалыг буцаан өгөхөө илэрхийлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, нэхэмжлэлийн шаардлагаас 23 606 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...Захиалагчаас гэрээний урьдчилгаа төлбөрт 66 342 642 төгрөгийг нэхэмжилсний дагуу манай компаниас шилжүүлсэн. Гэрээт ажлыг Монаса ХХК өөрийн зардлаар гүйцэтгэх болсноор бид Ч ХХК-иар ажил гүйцэтгүүлэх боломжгүй болж 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 18/251 тоот албан бичгээр гэрээ цуцлах мэдэгдлээ хүргүүлсэн. Ийм ажил гүйцэтгээгүй тул урьдчилгаа төлбөр 66 342 642 төгрөг, гэрээний баталгаа болгож шилжүүлсэн 7 307 107 төгрөг, нийт 73 649 749 төгрөг гаргуулна” гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Хариуцагчид шаардах эрх үүсээгүй. Ч ХХК гэрээний үүргийн ямар нэгэн зөрчилгүй. Хариуцагч тал шилжүүлсэн мөнгөө авъя гэж нэхээд байгаа ч өөрсдөө  гэрээний 4.1.1, 4.2.1, 4.2.3, 5.8, 5.11, 9.2, 5.12 дахь заалтуудыг биелүүлээгүй. Тийм атал урьдчилгаанд төлсөн мөнгөө буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй. Урьдчилгаанд авсан мөнгийг бид юунд хэрхэн зарцуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдох тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэж маргасан.

 

Хариуцагч тал үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 23 606 600 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцуулахыг зөвшөөрсөн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага 50 043 149 төгрөг болж багассан гэж үзнэ.  

 

Улмаар үлдэх 50 043 149 төгрөгөөс үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн 21 861 860 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ” гэж заасны дагуу харилцан тооцож хасахад 28 181 289 төгрөг байна.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ болгосон хавтаст хэргийн 86-174 дүгээр талд авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа эхлүүлэх бэлтгэл ханган 14 608 657 төгрөгийн зардал гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд талууд нэгэнт гэрээ цуцлагдсан үйл баримтад маргаагүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан зардал 14 608 657 төгрөгийг хариуцагч шаардах эрхгүй байна гэж дүгнэж, мөн нэхэмжлэгч Ч ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ цуцлагдаагүй учраас хариуцагчийг гэрээний 2.2-т заасан гэрээний баталгаа болгож шилжүүлсэн 7 307 107 төгрөгийг буцаан шаардах эрхгүй гэж дүгнэж, сөрөг нэхэмжлэлээс 21 181 289 төгрөгөөс хасаж тооцон, 6 265 525 төгрөгийг нэхэмжлэгч Ч ХХК-иас гаргуулан Ж ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсгийг баримтан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 385 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 621533.21 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 115 199 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.      

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 117, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн 23 606 600 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 23 606 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч ХХК-ийн хохирол 21 861 860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ж ХХК-ийн 50 043 149 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 21 861 860 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцож, үлдэх 28 181 289 төгрөгийн шаардлагаас 14 915 764 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ч ХХК-иас 6 265 525 төгрөгийг гаргуулан Ж ХХК-д олгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 385 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 621533.21 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 115 199 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ