Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2025/0509

 

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2025/0509

Улаанбаатар хот

 

 

 

Ө.Я***ийн

 нэхэмжлэлтэй

                                        захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга З.Б***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Ө.Я***,

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга, 

Нэхэмжлэлийн шаардлага: “2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс ажлаар хангаагүй хариуцагчийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, мөн өдрөөс “шүүгчийн туслах”-аар ажиллуулах тушаал гаргахыг  хариуцагчид даалгах, хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны шүүгчийн туслахын цалингийн зөрүү, ажлаа хүлээлгэн өгөх үед өртэй гарсан гэж цалингаас суутгасан 447,468.90 төгрөг, 5 жилд 1 удаа төрийн захиргааны албан хаагчид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг гаргуулах, хариуцагчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 114/ШШ2025/0022 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Ө.Я***,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б***.

Хэргийн индекс: 114/2025/0009/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.Я***ээс Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан “2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс ажлаар хангаагүй хариуцагчийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, мөн өдрөөс “шүүгчийн туслах”-аар ажиллуулах тушаал гаргахыг  хариуцагчид даалгах, хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны шүүгчийн туслахын цалингийн зөрүү, ажлаа хүлээлгэн өгөх үед өртэй гарсан гэж цалингаас суутгасан 447,468.90 төгрөг, 5 жилд 1 удаа төрийн захиргааны албан хаагчид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг гаргуулах, хариуцагчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 114/ШШ2025/0022 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.Я***ээс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүгчийн туслахаар ажиллуулах тушаал гаргахыг хариуцагчид даалгуулах, цалингаас суутгасан 447,468.90 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар:  Төрийн албаны тухай тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.Я***ийн Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн 5 жилд нэг удаа төрийн захиргааны албан хаагчид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 дугаар тушаал, мөн оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, мөн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүүг тус тус хуульд заасан журмын дагуу тооцон нөхөн олгох, уг цалин хөлсөнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Нийгмийн даатгалын санд төлөх, шимтгэл төлсөн бичилт хийхийг Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байна. Шүүх хариуцагчийн 2025 оны Б/05, Б/16 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Тамгын газрын даргын 2024 оны Б/03 дугаар тушаалаар тус шүүхийн шүүгчийн туслах албан тушаалтай Э.Ш***ийг төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Тус шүүхийн Тамгын газраас хүний нөөцийн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-д заасны дагуу төрийн өөр байгууллага нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын дунд ажлын байрны нээлттэй зарыг байршуулсан.

“Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар Ө.Я***ийн шүүхэд хандан гаргасан хүсэлтийг үндэслэн харилцан тохиролцсоны үндсэн дээр 2024 оны Б/10 дугаартай тушаалаар шүүгчийн туслахын албан тушаалд шилжүүлэн томилсон. Уг албан тушаалын томилгоо хийгдэхийн өмнө Ө.Я***т тухайн үеийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнийг байлцуулан “...уг албан тушаал шүүхээр маргах магадлалтай маргаантай...” талаар урьдчилан сануулахад Ө.Я*** нь “тэр талаар мэдэж байгаа...” болохоо илэрхийсний дагуу түүний албан тушаалын ангилал зэрэглэл, зэрэг дэв, цалин урамшууллыг бууруулахгүйгээр шүүгчийн туслахын албан тушаалд томилсон.

Э.Ш*** нь дээрх хугацаанд сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож буй Ө.Я*** нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 619 дүгээр магадлалд гомдол гаргаагүй байдал нь өөрийн хүсэлтээр томилогдсон уг албан тушаалаасаа татгалзаж байгааг илэрхийлсэн гэж ойлгож байна.

Мөн тухайн үед Ө.Я***ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ажил, албан тушаалд томилох гэтэл цаг хугацааны хувьд шүүгчийн туслахын албан тушаалын сул орон тоо байгаагүй, мөн ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тасалдуулахгүй байхын тулд хамгийн түрүүнд гарсан шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоог санал болгосон.

Э.Ш***ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцээд 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Ө.Я***ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, ач холбогдол бүхий хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол гарсан буюу 2024 оны Б/10 дугаартай тушаал хуулийн хүчин төгөлдөр хэвээр үлдсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналтай байна.

Мөн нэхэмжлэх эрхтэй, хариуцагчийн буруутай үйлдлээс бус хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх хугацаанаас хамаарч Ө.Я*** нь ажилгүй байсан тул анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, мөн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүүг хуульд заасан журмын дагуу тооцон нөхөн олгуулахаар заасныг захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол учир цалин болон нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, хангасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

 2. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 3. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д “төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийхийг хориглоно” гэж,

44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно”, 44.3-д “Энэ хуулийн 44.1, 44.2, 44.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж,

 Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж тус тус заасан.

4. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар,

 4.1 Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/93 дугаар тушаалаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө*** овогтой Я***ийг төрийн захиргааны албан тушаалын тусгай шаардлагыг “хамгийн сайн” хангаж байгаа үндэслэлээр 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүгчийн туслахын албан тушаалд шилжүүлэн /жинхлэн/ томилсон.

Улмаар Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар шүүгчийн туслах албан тушаалтай Э.Ш***т “Төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсантай холбогдуулан, мөн нэхэмжлэгч Ө.Я***ийн шилжин ажиллах хүсэлтийг үндэслэн Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж, Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар шүүгчийн туслахын албан тушаалд томилсон.

 4.2. Иргэн Э.Ш***ээс Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 33 дугаар шийдвэрээр Э.Ш***ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 619 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Ш***ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

4.3  Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 619 дүгээр магадлалыг биелүүлж Э.Ш***ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, Ө.Я***ийн ажлыг Э.Ш***т хүлээлцүүлж, Дархан-Уул аймгийн шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Ө.Я***ийг шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон. Улмаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2025/0049 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2024/619 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 119/ШШ2024/0033 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримтууд тус тус тогтоогдсон.

5. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд хариуцагч Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга нь иргэн Э.Ш***ээс өөрт нь төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалтай холбогдуулан шүүхэд хандан маргаж байхад Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15 дахь заалтыг зөрчин тухайн албан тушаалд нэхэмжлэгчийг томилжээ.

Мөн тухайн маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад дахин 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр А/29 дүгээр тушаалыг гарган Э.Ш***ийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, нэхэмжлэгч Ө.Я***ийн ажлыг хүлээлцүүлэхээр шийдвэрлэснээр нэхэмжлэгчийг эрх зүйн байдлын хувьд тодорхойгүй нөхцөлд оруулсан. Улмаар 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох хүртэл хугацаанд ажлын байраар хангалгүй Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчсөн бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчаас гаргасан “...тухайн үед Ө.Я***ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ажил, албан тушаалд томилох гэтэл цаг хугацааны хувьд шүүгчийн туслахын албан тушаалын сул орон тоо байгаагүй, мөн ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тасалдуулахгүй байхын тулд хамгийн түрүүнд гарсан шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоог санал болгосон...” гэх зэрэг гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр

зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 114/ШШ2025/0022 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                 ШҮҮГЧ                                                 А.САРАНГЭРЭЛ

                     ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

                                ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА