Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2022/0123

 

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2022/0123

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М ХХК

Хариуцагч: Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн яам

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч, хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, өмгөөлөгч Ч.Б, хариуцагч Хууль зүй дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э Э.С, иргэдийн иргэдийн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь 1. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоох тухай **дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох, 2. Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдуулан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоох/ тухай **дугаар тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчийн зүгээс Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоох тухай" **дугаар тогтоолыг бүхэлд нь хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байгаа билээ.

Хариуцагчийн зүгээс 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 38 дугаар тогтоолыг батлан гаргаж, уг тогтоолын 1 дэх заалтаар маргааны бүхий **дугаар тогтоолыг өөрөө хүчингүй болгосон байдаг.

Уг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 38 дугаар тогтоол нь Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаарт тогтоолд нийтлэгдэн хүчин төгөлдөр болсон.

Харин Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцож, хүчингүй болгосон тус Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12, мөн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай" 13 дугаар тогтоолууд нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр болоогүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох" гэж заасан.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоох тухай **дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох гэж өөрчилж байгаа бөгөөд өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримтууд өөрчлөгдөөгүй.

Нэхэмжлэгч М ХХК-нь Богд хан уулын Манзуширын аманд газар эзэмшдэг бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гуравласан гэрээний дагуу газрын жилийн төлбөрт жилд 1 м.кв тутамд 120 төгрөг нийт 13,200,000 төгрөгийг төлдөг байсан.

Гэтэл маргаан бүхий **дугаар тогтоолоор 1 м.кв газрын төлбөр нь 2880 төгрөг болж өмнө төлж байсан төлбөрөөс 24 дахин өссөн энэ нь жилдээ 50-70 сая төгрөгийн орлого олдог манай компани болон өөр олон аж ахуй нэгж ахуй нэгж, байгууллага, иргэдэд эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаанд саад хориг учруулж, санхүүгийн хувьд хүнд байдал оруулж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6- д заасан захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн гэж заасан.

Үүнээс үзэхэд хүн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эсхүл захиргааны шийдвэр, үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэх нь холбогдох нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараас харагдаж байх ёстой бөгөөд ингэснээр шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэл болдог.

Нэг. Нэхэмжлэгчийн зүгээс Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоох тухай **дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх гэсэн шаардлагыг хангаагүй.

Хариуцагч Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлдэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 4-д заасны дагуу хувийн аж ахуй эрхлэх эрхэд халдсан, Захиргааны ерөнхий хуульд зааснаар нөлөөллийн шинжилгээг бүрэн гүйцэт хийгээгүй.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4.3, 61.4.4-д зааснаар акт гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөх бүлгийг тодорхойлоогүй, хүний эрх, эрх чөлөө, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэхийг шалгаагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын төслийг батлахаас өмнө Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудсанд 30-аас доошгүй хоногийн хугацаанд байршуулж, олон нийтээс санал аваагүй.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/55 дугаар тушаалын Хоёрдугаар хавсралтад ... Ажлын хэсгийн ажиллах чиглэл: гээд Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай асуудлаар дүүргийн иргэдэд нэгдсэн мэдээлэл өгөх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өдөр тутмын сонингоор дамжуулан мэдээл өгөх, хороодод хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс энэхүү асуудлаар санал авч нэгтгэн холбогдох байгууллагад танилцуулах, дунг нийтэд мэдээлэх гэсэн байна.

Гэтэл зүгээр зарын самбарт байршуулсан тухай баримтыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Цахим хуудсанд байршуулсан олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өдөр тутмын сонингоор мэдээлэл өгөөгүй, саналыг нэгтгэн холбогдох байгууллагад танилцуулж, дүнг нийтэд мэдээлээгүй.

Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасны дагуу дээрх **дугаар тогтоолоор тогтоосон хэм хэмжээний актын төслийг хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа бүлгийн хүрээнд буюу /6 болон бусад бүс/ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж буй манай компани болон бусад хүн, хуулийн этгээдэд танилцуулж, холбогдох санал, хүсэлтийг нь тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломж олгоогүй, саналыг захиргааны хэм хэмжээний актын төсөлд хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэлгүй хэм хэмжээний актыг баталсан.

Тодруулбал, нөлөөллийн шинжилгээ нь тухайн хэм хэмжээний актын эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан судалж, хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийг тодорхойлж, уг бүлгийн хүрээнд хэлэлцүүлгийг заавал зохион байгуулж санаа бодлыг нь сонсож, тусгасан байх шаардлагыг хуульд заасан.

Гэтэл хариуцагч хэм хэмжээний актыг батлан гаргахын өмнө тухайн хэм хэмжээний актын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийг зөв тодорхойлж, нийтийн санаа бодлыг тусгаагүй /саналыг аваагүй/, мөн эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулах нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан судлалгүй маргаан бүхий хэм хэмжээний актыг гаргасан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэгтгэн хүргүүлсэн гэх санал байхгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгүүдийн саналыг хэрхэн тусгасан нь тодорхойгүй байх бөгөөд 78.4 хувь нь огт дэмжээгүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/147 дугаар тушаалаар батлагдсан Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал-ын 2.1.4, ,2.1.4.4, 2.1.4.6, 2.1.4.8, 2.1.4.9, 2.1.4.11, 2.1.5, .2.3, 2.4, .3.1, .3.1.1, 3.1.2-г тус тус зөрчсөн.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа захиргааны хэм хэмжээний актад жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайланг цаашид авах арга хэмжээний талаарх саналын хамт хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ" гэж заасан.

Хууль зүй, дотоод хэргийн яамны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 3-2/7 дугаартай лавлагаанд ... **дугаар тогтоолд 2019-2020 онуудад хяналт шинжилгээ, үнэлгээ хийгдээгүй байна. гэсэн байдаг.

Иймд хуулийн дээрх заалт хэрэгжээгүй. Энэхүү хяналт шинжилгээ, үнэлгээг хийгээгүй нь газрын төлбөрийг үндэслэлгүй, тооцоо судалгаагүй тогтоосон болохыг давхар нотолж байна. Хэрвээ хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, хэрэгжилтийн явц, үр дүнг харсан бол хариуцагч тогтоолдоо өөрчлөлт оруулах эсхүл хүчингүй болгох боломжтой юм.

Үүнийгээ хариуцагч сүүлд нь хүн, хуулийн этгээдийн эдийн засаг нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хунд суртал. авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзээд нөлөөллийн шинжилгээ хийж, **дугаар тогтоолоо өөрөө хүчингүй болгосон.

Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа ...өөрт ногдсон бүрэн эрхийнхээ хүрээнд алдаатай шийдвэр гаргасан өмнөх иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээгэсэн байгааг шүүх анхаарч үзнэ үү.

Хоёр. Бусад хуулиудыг зөрчсөн тухайд:

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 4/-д заасны дагуу хувийн аж ахуй эрхлэх эрх, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авах үндсэн эрх тус тус хөндөгдөж, компанийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, санхүүгийн хувьд хүнд нөхцөл байдалд орж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн.

Маргаан бүхий **дугаар тогтоолд Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт байршил байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно гэснийг үндэслэсэн байдаг.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд 1. Инженерийн хангамж. 2. Ашиглалтын зориулалт. З.Байршил. 4. Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл. 5. Ногоон бүсийг хамгаалах зэрэг 5 шаардлагын дагуу тооцоо судалгаа хийгдэж байж Итгэлцүүр тогтоох ёстой бөгөөд 0.1 хувь хүртэл бууруулж ч болох байсан.

Уг итгэлцүүрийг батлахын тулд дээрх 5 шаардлагыг тогтоосон байх ёстой Ялангуяа хариуцагч итгэлцүүрийг тогтоохдоо Байгаль орчинд үзүүлэх нөлөөл гэдгийг тухайд заавал тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагаар шинжээчээр/ үнэлгээ, дүгнэлт гаргуулах ёстой байсан.

Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-д Аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тухайн тойргийн хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно гэж заасан.

Газрын төлбөрийг тогтоох хамгийн гол үндэслэл нь тухайн газрын эдийн засгийн өгөөж, зах зээлтэй харилцах байршил байдаг. Богдхан уул нь байгаль экологийн асар том тогтолцоо бөгөөд Улаанбаатар хот болон Төв аймгийн олон сумдын нутгаар үргэлжилдэг. М ХХК-ийн үйп ажиллагаа явуулдаг Манзуширын ам нь Төв аймгийн Зуун мод сумын төвөөс 3-4 км зайтай байрладаг. Төв аймаг руу харсан уулын ам, хөдөө газар юм.

Гэтэл ийм газрыг Баянзүрх дүүргийн бусад хотожсон газартай адилтган газрын төлбөрийн хэмжээг тогтоож байгаа нь үндэслэлгүй бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-д Аялал, жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тухайн тойргийн хамгийн ойр орших хот, тосгон. бусад суурины газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно гэж заасантай огт нийцэхгүй байна.

Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 7 дугаар зүйлийн 7.1-д "Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид татвар" гэх/-аас бүрдэнэ, 7.2-т Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна", 7.2.18-д газрын төлбөр гээд 8 дугаар зүйлийн 8.1-д "Татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, хотын зөвлөл хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно", 8.2-т Энэ хуулийн 7.2.2, 7.2.3, 7.2.4, 7.2.6, 7.2.8, 7.2.10, 7.2.11, 7.2.18. 7 2 25, 7.2 27-д заасан татварын хувь, хэмжээг тухайн татварын харилцааг зохицуулсан хуульд Улсын Их Хурлаас эрх олгосон тохиолдолд тогтоосон хязгаарт багтаан Засгийн газар тогтоож болно, 8.4-д Энэ хуулийн 7.2.15. 7.2.23-т заасан татварын хувь. хэмжээг Улсын Их Хурлаас тусгайлан эрх олгосон тохиолдолд тогтоосон хязгаарт багтаан сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоож болно гэж тус тус заасан байна

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд Газрын төлбөр-ийг тогтоох эрх Засгийн газарт, харин малын тоо толгойн албан татвар, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоохоор байна.

Нэгтгэн дүгнэвэл: Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоох тухай **дугаар тогтоолыг батлан гаргахдаа олон нийтийн оролцоог хангаагүй, эерэг болон сөрөг талуудыг харьцуулан судалж, хүн, хуулийн этгээдийн эдийн засаг нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тооцоогүй, зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй, Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Татварын ерөнхий хууль /2019 оны/, Компанийн тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/147 дугаар тушаалаар батлагдсан Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал-ын холбогдох зүйл, заалтуудыг зөрчжээ.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болсон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус болохыг тогтоох гэж заажээ.

Манай компанийн зүгээс Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны **дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар маргаж байхад хариуцагч өөрөө 2019 оны **дугаар тогтоолоо 2020 оны 38 дугаар тогтоол гэгчийг гарган хүчингүй болгосон Мөн тухайн бүртгэлийг хүчингүй болгуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандахад Хууль зүйн, дотоод хэргийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 3/5056 дугаар албан бичгээр **дугаар тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хассан ..." гэх хариуг өгсөн.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэгэнт хүчингүй болсон бүртгэлийг шүүхийн журмаар хүчингүй болгуулахаар хандаж, нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй тул хууль бус байсан болохыг үргэлжлүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Одоо манай компаниас уг хүчингүй болсон **дугаар тогтоолыг хүчин төгөлдөр үйлчилж байсан хугацаатай холбоотой их хэмжээний газрын төлбөр нэхэмжлээд байна. Үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.

Компанийн хувьд уг **дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол байгаа бөгөөд хэрвээ шүүх **дугаар тогтоолыг хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэсэн бүртгэл нь хууль бус байсан болохыг тогтоосон тохиолдолд нэхэмжлэгчид тодорхой эрхийн хамгаалалт үзүүлэх юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Маргаан бүхий 2019 оны **дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх гэсэн шаардлагыг хангаагүй гэж маргаж байгаа. Хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар аж ахуй эрхлэх эрхэд халдсан, Захиргааны ерөнхий хуульд зааснаар нөлөөллийн шинжилгээг бүрэн гүйцэт хийгээгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн актыг гаргахдаа 61 дүгээр зүйлийн 61.4.3-т акт гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөх бүлгийг тодорхойлох, 61.4.4-т хүний эрх, эрх чөлөө, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэх гэсэн зохицуулалтыг агуулж байгаа гэж үзсэн. Үүнийг Хууль зүй, дотоод хэргийн яам хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэж авахдаа шалгаагүй бүртгэсэн гэж үзэж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу хэм хэмжээний актын төсөл батлахаас өмнө Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим сайтад 30-аас доошгүй хоногийн өмнө байршуулж, олон нийтээс санал аваагүй гэж үзэж байгаа. Энэ дээр зарын самбар дээр 30 хоног байршуулаад ямар нэгэн санал ирээгүй гэдгээр хурлын хэлэлцүүлэг орж, цааш бүртгүүлсэн байдаг. Тухайн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны А/55 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад ажлын хэсгийн чиглэл гэж Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоох тухай асуудлаар дүүргийн иргэдэд нэгдсэн мэдээлэл өгөх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өдөр тутмын сониноор дамжуулан мэдээлэл өгөх, хороодод хэлэлцүүлэг зохион байгуулж иргэдээс энэхүү саналыг авч нэгтгэн холбогдох байгууллагад танилцуулах, нийтэд мэдээлэх гэсэн байсан боловч зарын самбар дээр 30 хоног байршуулаад ямар нэгэн санал ирээгүй гэдгээр хурлын хэлэлцүүлэг орж, цааш бүртгүүлсэн байдаг. Нэгдсэн саналыг холбогдох байгууллагад огт танилцуулаагүй. Энэ талаарх баримтуудыг /цахим хуудсанд байршуулсан, өдрийн сонинд байршуулсан/ баримтыг хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэрэгт ирүүлээгүй байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасны дагуу Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ гэж заасныг хэрэгжүүлээгүй. Тодруулбал нөлөөллийн шинжилгээ нь тухайн хэм хэмжээний актын эдийн засгийн амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан судалж, хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тохиолдолд хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх этгээдийг тодорхойлж, уг бүлгийн хүрээнд Богдхан уулын дархан цаазат газарт газар эзэмшдэг аж ахуй нэгжүүдийн хүрээнд хэлэлцүүлэг заавал зохион байгуулж, санаа бодлыг сонсох зорилгоор зохицуулалт тусгасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Монгол Улсын Засгийн газрын 1997 оны Газрын төлбөрийн хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 152 дугаар тогтоолоор хот тосгон, бусад суурин газрын зэрэглэл, тэдгээрийн нэг гектарын суурь үнийг 440.0 сая төгрөгөөр тогтоож байсан бөгөөд 21 жилийн дараа буюу 2018 онд Монгол Улсын Засгийн газрын Газрын үнэлгээний зэрэглэл [бүс]-н газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай 182 дугаар тогтоолоор газрын суурь үнэ шинэчлэн батлагдсан.

Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Эзэмшиж ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурийн газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно заалт, Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь Эзэмшиж , ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар 0.1-1.0 хувь гэж заасныг үндэслэн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтоохоор зохицуулсан.

Дээрх заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Нийслэл, дүүргийн газрын албанаас тус тус санал хүлээн авч хууль тогтоомжийн дагуу хэлэлцүүлэг болон бусад ажлуудыг зохион байгуулсан байдаг.

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл [бүс]-н газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай **дугаар тогтоол баталсан.

Гэвч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 2020 оны 09 дүгээр сарын 2-ний өдөр дахин хуралдаж өмнөх **дугаар тогтоолоо хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

2020 оны Аймаг, Нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан дүүргийн ИТХ дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтүүд, мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдлыг судлан үзэх, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд судалгаа хийх, иргэд олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, санал авах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэг 1 сарын хугацаанд ажиллаж дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сонсгол хэлэлцүүлгийг 15 удаа цахимаар зохион байгуулж, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас амаар болон бичгээр санал авч ажилласан байна.

Ажлын хэсэг Нийслэлийн нутаг дэвсгэрт газрын үнэлгээний тойрог, бүс заагийг дүүрэг хороодын хил, газрын байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, ундны Усны хамгаалалтын бүс, ногоон бүсийн хамгаалалтын бүс, Богдхан уул, Горхи тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нутгийн хил, инженерийн хангамж дэд бүтэц газар ашиглалтын бүсийн зураг, Нийслэл Улаанбаатар хотыг 2020-2030 онд хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, төвөөс алслагдсан байдал зэргийг харгалзан үзэж газрын үнэлгээний зэрэглэл [бүс]-н газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга. үүнийг хэрэглэх зааг, хязгаарт өөрчлөлт оруулан ИТХ-н дарга, Ажлын албанд танилцуулсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2019 оны **дугаар тогтоолыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахдаа 15 удаа цахимаар, 28 хорооны иргэний танхимаар дамжуулан иргэд аж ахуй нэгж байгууллагуудтай хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хороо болгон өөрсдийн гэсэн цахим хуудаст мэдээлэл солилцох групп байдаг. Ажлын хэсэг хуульд заасны дагуу 1 сарын өмнө байгуулагдсан. 15 удаагийн, 28 хороодын иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгуулагдахад аж ахуй нэгж байгууллагын төлөөллүүд хангалтгүй оролцсон. Нэн ялангуяа Богдхан уулын дархан цаазат газарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд руу албан бичиг явуулж, утсаар мэдэгдсэн. Тухайн үед саналаа хэлж байсан баримт нь хавтаст хэргийн 113-192 дугаар хуудсанд бүрэн авагдсан байгаа. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэгт Захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ. гэж, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ. гэж, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Захиргааны хэм хэмжээний актад нэмэлт, өөрчлөлт оруулсан болон хүчингүй болсонд тооцсон тохиолдолд уг шийдвэрийг энэ хуулийн 65 дугаар зүйлд заасан журмын дагуу хянан улсын нэгдсэн бүртгэлд хөдөлгөөн хийж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д нийтлэнэ, мөн зүйлийн 68.2 дахь хэсэгт Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн зөрчилтэйн улмаас энэ хуульд заасан журмын дагуу хүчингүй болсон бол хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага энэ тухай албан бичгийг хүчингүй болгосон захиргааны хэм хэмжээний актын хуулбарын хамт хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын гурван өдөрт багтаан хүргүүлнэ гэж тус тус заасныг хэрэгжүүлэх хүрээнд захиргааны байгууллагуудын баталсан хэм хэмжээний актыг Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн тохиолдолд бүртгэлийн ажиллагаа хийгддэг.

Үүнтэй холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална. гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал тогтооно.* гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтад эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины төлбөрийн хязгаар 0,1-1,0 хувь; гэж тус тус заасан хүрээнд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, нийт хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай **дугаар тогтоолыг баталж, Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагуудыг ханган ирүүлсэн тул 2019 оНы 02 дугаар сарын 20-ны өдөр захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 4238 дугаарт бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-ийн 2019 оны дугаар 6-д нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болсон байна. Гэвч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар тогтоолоор хүчингүй болгосон шийдвэрийг тус яаманд ирүүлсэн тул уг шийдвэрийг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/1205 дугаар албан бичгээр Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд хөдөлгөөн хийж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-ийн 2020 оны 30 дугаарт Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоосон тогтоолыг хүчингүй болгох тухай 38 дугаар тогтоол нийтлэгдсэнээр улсын нэгдсэн сангаас хасагдсан байна.

Харин Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай **дугаар тогтоолын хүчин төгөлдөр үйлчилж байсан хугацаатай холбоотой төлбөр болон уг тогтоол хууль бус байсан болохыг үргэлжлүүлэн тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд уг шийдвэрийг баталсан байгууллага болох Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хариуцагчаар татаж, нэмэлт тайлбарыг авах шаардлагатай гэж үзэж байна.

Иймд тус яам нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 Дугаар сарын 01-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай **дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу бүртгэж, харин уг шийдвэрийг баталсан байгууллага нь хүчингүй болгосон шийдвэрээ ирүүлснийг үндэслэн Захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлээс хассан тул М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хууль зүйн яам нь захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанаас гарч буй хэм хэмжээний актыг хэрхэн бүртгэдэг вэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлд заасан өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд Захиргааны байгууллага захиргааны хэм хэмжээний актаа хуулиар тусгайлан эрх олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд баталж, холбогдох бүрдлийг хангаж ирүүлсэн тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байвал бид бүртгэлийн ажиллагааг хийдэг. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны **дугаар тогтоолын хувьд архиваас материалыг аваад үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1-т заасан шаардлагыг хангасан байдаг. Хууль зүйн хувьд Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно. гэж заасан. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасан 0.1-0.3 хооронд өсгөж бууруулах эрх нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байгаа. Энэ эрх хэмжээгээ хэрэгжүүлж тогтоол гаргахын тулд ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг Газрын төлбөрийн тухай хууль болон Засгийн Газрын тогтоосон суурь үнэлгээг үндэслэж дүүргийн нутаг дэвсгэрт бүсчлэлүүдийг тогтоосон. Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа газар нь аль бүсчлэлд орж байгааг тогтоогоод, өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд 0.1-1 хүртэлх хувийн итгэлцүүрийг тогтоосон. Маргаж байгаа аж ахуй нэгжүүдийн хэлж байгаа зүйл итгэлцүүрийг 1 хувиар тогтоосон байна. Өмнө Засгийн газрын баримталж байсан тогтоол нь 1990-ээд оны тогтоол байдаг. 2018 онд тогтоолоо өөрчилж бодит байдалд нийцүүлж дээшлүүлж тогтоосон. Маргаж байгаа аж ахуй нэгжүүд маш том газрыг эзэмшдэг. 1 га газрын 120 байж байгаад өөрчлөгдсөн. Бүсчлэлийн хувьд энэ шинэчилсэн тогтоолын хувьд өндөр байдаг юм байна. Өмнө аж ахуй нэгжүүдээс энэ газрын төлбөр нэмэгдсэнтэй холбоотой санал гомдлууд ирж байсан. Үүний дүүргийн иргэдийн хурлаас ирсэн баримтуудыг ирээд харахад өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан байсан. Бүртгэлтэй холбоотой ирүүлэх ёстой баримтууд байсан. Бүх бүрдүүлбэрийг хангасан байсан тул бидэнд бүртгэхээс татгалзах зүйлүүд тогтоогдоогүй байсан. Эрх хэмжээнийхээ хүрээнд **дугаар тогтоолыг гаргасан бөгөөд манайд бүртгүүлэхэд шаардагдах бүх баримтыг бүрдүүлсэн байсан. Энэ талаар бүх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Нэгэнт газар ашиглаж байгаа тул төрөөс тогтоосон газрын төлбөрийг төлөх нь зүйтэй. Нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоох тухай **дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэж эцсийн байдлаар өөрчилсөн байна.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдуулан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоох тухай **дугаар тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоох тухай **дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоох/ тухай **дугаар тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 -ын д, **дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-дэх хэсэгт Сум, дүүргийн Хурал нь ... тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ, 18.1.2-ын д-д хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох, 18.2 дахь хэсэгт Хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлнэ, **дугаар зүйлийн 25.1-дэх хэсэгт Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална гэж заасан байна.

Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Газрын төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжийг дараахь байдлаар тооцож тодорхойлно:, 1 дэх хэсгийн 3-д энэ хэсгийн 1, 2-т зааснаас бусад газрын төлбөрийг нэг га газрын суурь үнэлгээний хувиар, 2 дахь хэсэгт Газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно гэж тус тус хуульчилсан байна.

Мөн уг хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно гэж,  мөн зүйлийн 7-дахь хэсэгт  Аялал, жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тухайн тойргийн хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн **дугаар тогтоолыг хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан, уг **дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар бүхий Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын 3 дугаар хавсралтаар Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл /бүс/, 1 га газрын суурь үнэлгээ-г баталсан байна.

Дээрх Монгол Улсын Засгийн газраас тогтоосон Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээг үндэслэн тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд **дугаар тогтоолыг баталсан нь хууль зөрчөөгүй буюу хуульд нийцсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх ажиллагааг тухайн актыг гаргах эрх бүхий захиргааны байгууллага зохион байгуулна, 61.4-д Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээг энэ хуулийн 61.6-д заасан аргачлалын дагуу хийж, түүнд дараах нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэнэ, 61.5-д Энэ хуулийн 61.4-т заасан нөлөөллийн шинжилгээ гэж тухайн захиргааны хэм хэмжээний актын эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолох цогц үйл ажиллагааг ойлгоно, мөн зүйлийн 61.6-д Нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж тус тус заажээ.

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь маргаан бүхий **дугаар тогтоолыг батлан гаргахын өмнө Баянзүрх дүүргийн нийт хороодын иргэний танхимаар дамжуулан нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулсан, иргэд санал хүсэлтээ гаргасан, улмаар өөрийн байгууллагын цахим хуудас, хорооны мэдээллийн самбаруудаар нийтэд мэдээлсэн болох нь хэрэгт авагдсан нөлөөллийн шинжилгээний танилцуулга, ажлын хэсгийн тайланд хавсаргасан танхимаар болон цахимаар хийсэн хэлэлцүүлгийн тэмдэглэлүүд, саналын хуудас, хэлэлцүүлэг зохион байгуулсан илтгэх хуудсууд, ирцийн бүртгэл зэрэг болон хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан нөлөөллийн шинжилгээг хийгээгүй гэж нэхэмжлэгч маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг хэлэлцүүлгийн талаар бидэнд мэдэгдээгүй, бидний оролцоог хангаагүй гэсэн агуулгаар маргаж байх боловч дээр дурдсан мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна, 62.2-т Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ гэж заасантай нийцсэн, хэлэлцүүлэгт оролцсон иргэд хэм хэмжээний актын төслийг дэмжихгүй гэж саналаа илэрхийлсэн, эсрэг саналтай иргэд гарын үсэг зурахгүй гэж тайлбар бичиж үлдээсэн гэх мэт нөхцөл байдлуудаас үзвэл нөлөөллийн шинжилгээ хийгээгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, уулзалт, хэлэлцүүлэгт нэхэмжлэгч оролцох боломжтой, оролцох эрх нь нээлттэй юм.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын төслийг батлахаас 30-аас доошгүй хоногийн өмнө цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулж олон нийтээс санал аваагүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь мөн үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4.3-д акт гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөх бүлгийг тодорхойлох;, 61.4.4-т хүний эрх, эрх чөлөө, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэх; гэж заасныг шалгаагүй, уг хуулийн зохицуулалтад нийцээгүй захиргааны хэм хэмжээний акт гаргасан гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь нь маргаан бүхий **дугаар тогтоолыг батлан гаргахын өмнө энэ талаар Баянзүрх дүүргийн нийт хороодын мэдээллийн самбаруудаар нийтэд мэдээлсэн, өөрийн байгууллагын цахим хуудсаар мэдээлсэн, хорооны иргэний танхимуудаар дамжуулан нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа талаар дээр тайлбарласан бөгөөд олон нийтээс санал авсан болох нь тогтоогдож байх тул акт гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөх бүлгийг тодорхойлоогүй гэж үзэх боломжгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4.3-д заасныг хариуцагч зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Мөн маргаан бүхий дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын **дугаар тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаар дээр тайлбарласан, мөн өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байсан талаарх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд олон нийтээс санал авсан талаар дээр тайлбарласан тул Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4.3-д заасныг хариуцагч зөрчсөн гэж нэхэмжлэгч маргаж байгаа нь үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Газрын төлбөр-ийг тогтоох эрх Засгийн газарт, харин малын тоо толгойн албан татвар, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоохоор байна. гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал **дугаар тогтоолоор газрын төлбөрийг тогтоогоогүй, харин Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх газрын зааг хязгаарыг тогтоосон байна.

Иймд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн **дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн **дугаар тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ., 65.2-т Энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхгүй. гэж тус тус заасан байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд бичгээр ирүүлсэн талбартаа ...Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, нийт хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай **дугаар тогтоолыг баталж, Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагуудыг ханган ирүүлсэн тул 2019 оНы 02 дугаар сарын 20-ны өдөр захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 4238 дугаарт бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-ийн 2019 оны дугаар 6-д нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болсон байна... гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Учир нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь маргаан бүхий **дугаар тогтоолыг батлан гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйд заасан нөлөөллийн шинжилгээ хийсэн нь тогтоогдож байгаа талаар шүүх дээр тайлбарласан болно.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т заасны дагуу мэдээллийн самбаруудаар нийтэд мэдээлсэн, өөрийн байгууллагын цахим хуудсаар мэдээлсэн, хорооны иргэний танхимуудаар дамжуулан нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулсан нь тогтоогдож байгаа талаар, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2019 оны  **дугаар тогтоолыг хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан, уг тогтоол хуульд нийцсэн талаар шүүх дээр тайлбарласан.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд, Хууль зүй, дотоод хэргийн яамны маргаан бүхий **дугаар тогтоолыг бүртгэсэн үйлдэлд хууль зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн **дугаар тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яам захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхдээ хууль зөрчөөгүй, хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд бүртгэсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд:

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд болон шүүхэд бичгээр гаргасан дүгнэлтдээ: ...Нэгэнт газар ашиглаж байгаа тул төрөөс тогтоосон газрын төлбөрийг төлөх нь зүйтэй. Нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. гэсэн байна.

Иргэдийн төлөөлөгчийн дээрх дүгнэлтээс үзэхэд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох агуулгаар дүгнэлт гаргасан байх ба тус шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй агуулгын хувьд адил байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хууль зүй дотоод хэргийн яаманд тус тус холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоох тухай **дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоох тухай **дугаар тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоолгох -ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ