| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2023/0279/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/622 |
| Огноо | 2023-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/622
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Б.Ундрах /томилолтоор/,
шүүгдэгч, хохирогч Э.А-,
шүүгдэгч, хохирогч Б.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э.А-, Б.Б-нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 2308007310625 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1972 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, малчин, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, 2 дугаар баг, Долоод гэх газар оршин суух бүртгэлтэй боловч, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо,**** тоотод ам бүл 2, охины хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Боржигон овогт Б-ийн Б.Б- (регистрийн дугаар:*****************),
Монгол Улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Глобал ****” ХХК-д борлуулагч ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байр, **** тоотод ам бүл 4, эхнэр, эмээ, өвөөгийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Харчин овогт Э-гийн Э.А-(регистрийн дугаар:******************).
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Э.А-, Б.Б-нар нь 2023 оны 02 дугаар сарын 04-ний шөнийн 05:00-06:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын арын замд такси үйлчилгээний төлбөрөөс шалтгаалан маргалдаж, улмаар харилцан зодолдож, Э.А- нь Б.Б-ийн эрүүл мэндэд зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, Б.Б-нь Э.А-эрүүл мэндэд дагзны хуйханд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
3. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.
4. Шүүгдэгч Э.А-, Б.Б-нар нь таксины төлбөрөөс болж маргалдан харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
4.1. Хохирогч Б.Б-ийн “Би 2023 оны 02 дугаар сарын 04-ний 05 цаг 20 минутын орчим **** улсын дугаартай “Тоёото рагтикс” маркийн автомашинаар таксинд явж байсан. Модны-2-ын дунд талын зам дээрээс 1 залууг аваад, төв замаараа яваад Хар хорины уулзвараар баруун гар тал руугаа эргээд, бүтэн тойроод Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Замын цагдаагийн урд талд харалдаа зогссон. Таксины мөнгө нь 8,000 төгрөг гарсан. Гэтэл нөгөө залуу “таксины мөнгө 8,000 төгрөг гарлаа” гэхэд “түрүүний хүн төлнө” гэхээр нь “юун түрүүний хүн бэ, чи ганцаараа суусан шүү дээ” гэхэд “аан, миний утас унтарсан байна, цэнэглэгч байна уу” гэхээр нь гар утсыг нь цэнэглээд нэлээн суусан. “Яасан бэ миний дүү” гэхэд “утас асахгүй байна” гэхээр нь харахад цэнэглэгч нь салсан, өөрөө гар утсаа бариад сууж байсан. Би “гар утсыг чинь цэнэглээд өгье” гээд утсыг нь аваад урд суудал дээр цэнэглээд асаагаад өөрт нь өгөхөд гар утсаа аваад чимээгүй суугаад байхаар нь “яасан бэ, миний дүү” гэхэд “утас болохгүй байна, нэг дугаар луу залгаад өг” гээд ******* дугаар луу залгуулахад тэр хүн нь утсаа аваагүй. Таксины мөнгөө нэхэхэд “чамд өгөх мөнгө байхгүй” гэхээр нь “чи яаж байгаа юм бэ, чамайг суугаагүй бол би өөр хүн авах байсан шүү дээ, байсан газар чинь аваачаад буулгахаас” гэхэд “хаана ч хамаагүй аваачаад буулгачихгүй юу” гэхээр нь би хөдлөөд явтал “амиа хорломоор байна, хүн яаж амиа хорловол зүгээр үү” гэхээр нь “юу яриад байгаа юм” гэхэд явж байгаа машины хаалга онгойлгохоор нь би 200-300 метр яваад зогсоход нөгөө залуу машинаас буухаар нь би дагаж буугаад “мөнгөө төлөөч” гээд машины хаалгаар шахахад нөгөө залуу утастай гараараа толгой руу 4 удаа цохиод цааш эргээд явахаар би араас нь гар утсаараа толгой руу нь 1 удаа цохисон. ...Миний толгойны орой хэсэг язарсан шархтай. Толгой маш их өвдөж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 хуудас),
4.2. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2251 дугаар шинжээчийн “...Б.Б-ийн биед зүүн зулайн хуйханд шарх зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27 хуудас),
4.3. Хохирогч Э.А-“...2023 оны 02 дугаар сарын 04-ний шөнө Модны-2-ын голын зам дагуу ганцаараа зогсож байгаад, такси зогсоход суусан. Эмэгтэй жолооч байсан. Хамт хүн байсан эсэхийг мэдэхгүй. Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбын хойно 1 дүгээр хорооллын арын зам дагуу ирээд зогссон. Би “хэдэн төгрөг болсон бэ” гэхэд надад “20 мянган төгрөг болсон” гэж хариулсан. “Яагаад ингэж их
гарсан юм” гэх шалтгаанаар маргалдаж эхэлсэн. Би “их мөнгө өгч чадахгүй” гэхэд
хэл амаар доромжлоод байсан. Би машинаас нь буусан чинь шууд толгой руу гар утсаараа цохисон. Яг хэдэн удаа цохисон гэдгийг санахгүй байна. Миний толгойноос цус
гараад байсан. Тухайн үед миний гар утасны цэнэг дууссан байсан болохоор би
цагдаагийн байгууллага дуудаж чадаагүй. Намайг цохисон эмэгтэйн гар утсаар дуудлага өгүүлсэн. Удалгүй цагдаа нар ирсэн чинь тэр эмэгтэй “энэ хүн намайг зодчихлоо” гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 хуудас),
4.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2251 дугаар шинжээчийн “...Э.А-н биед дагзны хуйханд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Э.А дагзны хуйханд үүссэн шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг, дагзны хуйханд үүссэн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд үүссэн цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 хуудас),
4.5. Гэрч Э.Б-гийн “... дэд ахлагч Б.Д-ийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. 2023 оны 02 дугаар сарын 04-ний шөнө 06 цаг болж байхад 1 дүгээр хорооллын арын замд “таксинд суусан хүн намайг зодсон” гэх дуудлага мэдээллийг шалгахад эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Эрэгтэй хүн нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн, харин жолоо барьж байсан эмэгтэй нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Бид нарыг очиход тухайн хоёр хүн таксины мөнгөнөөс болж маргалдсан байсан. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хэн хэнийх нь толгой хэсгээс цус гарсан байдалтай байсан. Тухайн үед би жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгч, 103 дуудаж өгөөд дараагийн дуудлага руугаа явсан. ...Миний санаж байгаагаар хоёр хүний хэн хэнийх нь толгойноос цус гарч байсан. Таксины жолооч эмэгтэйд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эрэгтэй нь мөнгийг нь өгөөгүй учраас маргалдаж хоорондоо зодолдсон байсан. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хэн хэнийх нь толгой хэсгээс цус гарч байсан. Би өөр ямар гэмтэл шарх байсан талаар одоо мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26 хуудас),
4.6. Б.Б.Б-ийн “...Би гартаа утсаа барьж байгаад утастай гараараа нэг удаа толгой руу нь цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл),
4.7. Э.А-“... тухайн үед надаас 25,000 төгрөг нэхэхээр нь яахаар ийм мөнгө гардаг юм, би хаанаас сууснаа мэдэж байна гээд машинаас буугаад маргалдахад тэр эмэгтэй гар утсаараа толгой руу 6-7 удаа цохисон ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдсон.
5. Хохирогч нарын биед учирсан хөнгөн хохирлууд нь шүүгдэгч нарын хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, тэдгээрийн хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан.
6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
7. Хохирогч Б.Б-ийн эмчилгээ, үзлэгийн төлбөрт зарцуулсан 364,300 төгрөгийн зардал нь баримтаар нотлогдож байгаа тул Э.А-эс гаргуулж хохирогчид олгох, харин хохирогч Э.А- нэхэмжлэх зүйлгүй тул Б.Б-нь бусдад төлөх төлбөргүй.
8. Хавтаст хэргийн 65 дугаар талд авагдсан Б.Б-ээс “Баянзүрх эмнэлэг”-т 710,000 төгрөг тушаасан бэлэн мөнгөний орлогын баримтын огноо засвартай учраас нотлох баримтаар тооцож үнэлэх боломжгүй гэж шүүх үзсэн.
9. Эрүүгийн хариуцлагын талаар:
9.1. Улсын яллагчаас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгийн торгуулийн ялыг тус тус оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.
9.2. Шүүгдэгч Э.А-эс: Би гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хохирлыг төлж барагдуулна, ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
9.3. Шүүгдэгч Б.Б-ээс: Би гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, торгуулийн ялыг багасгаж өгнө үү гэв.
9.4. Шүүгдэгч Э.А-, Б.Б-нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
9.5. Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд үл ялих зүйлээс шалтгаалж харилцан маргалдаж, зодолдсон, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдлын хувьд хэн аль нь урьд ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.
10. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ************* овогт Б.Б-, **** овогт Э.А-нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар, Э.А 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б.Б.Б-, Э.А- нарт үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Б.Б-, Э.А- нарт мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Э.А-эс 364,300 төгрөг гаргуулж Б.Б.Б-т олгосугай.
6. Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, Б.Б-бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-, Э.А- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ