Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/95

 

 

  2023            01            19                                      2023/ШЦТ/95

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цасшихэр,

шинжээч О.Баатаржав,

улсын яллагч М.Сансарсайхан,

шүүгдэгч Ц.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Э.У, тэдгээрийн өмгөөлөгч Т.Баярцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Ц.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1797 дугаар хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 давхрын үүдэнд “авлигачин шүүгч нар” гэж шүүхийн байранд танхайрч, шүүгч нарыг хэл амаар доромжлох үед Цагдаагийн Ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын шүүх, шүүгчийн  аюулгүй байдал хамгаалах хэлтсийн хамгаалалтын цагдаа ажилтай, цагдаагийн ахлах ахлагч цолтой Ө.Ц, Ч.Г нар нь албан үүргээ гүйцэтгэж байх үед нь шүүх хуралдаан явж байгаа тул шүүх танхимаас гарах талаар хууль ёсны шаардлага тавихад нь цагдаа Ө.Ц-ийн нүүрэн тус газар нь гараараа цохих, баруун хөлөнд өшиглөх зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн, цагдаа Ч.Г-ын нүүрэн тус газар нь гараараа цохих, мөрдсийг нь татаж товчийг нь тасалж, мөрдсөнд нь зүүлттэй байсан энгэрийн камерыг унагаж хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж 169,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “Би Баянзүрх дүүрэг дээр хэрэлдэж мууцалцсан зүйл байхгүй. Хүн амьтантай маргалдлаа гээд нэг хуралд орох гэсэн цагдаа нь орлуулахгүй гээд би 2016 оноос хойш ийм болоо биз дээ гэж хэлсэн. Би Э, А гээд шүүгч нартай л байсан. Э шүүгчтэй хуралд орьё гээд 85 шүүх хурал хийсэн. Баримтууд нь надад байгаа, шүүгч нар, 4 прокурорын тэтгэврийг тогтоолгосон. Хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт: “Ээжийгээ өөрийн асрамжид авах хүсэлттэй байна.” гэв.

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн сэтгэцийн эмч О.Баатаржав шүүхийн хэлэлцүүлэгт: “Энэ хүний хувьд 1994 оноос хойш унаж татсан. 2003 оноос хойш Багануур дүүргийн Сэтгэцийн эмчийн хяналтад эмэнд тэсвэртэт уналт, таталт, зан төрөхийн өөрчлөлт оношоор орсон. Бид нар бас сэтгэцийн шинжилгээ хийсэн. Эпилепси гээд унадаг өвчин бол даамжраад ирэхээр иймэрхүү болдог. Зарим үедээ ухаан солиорлын шинж тэмдэг илэрч байгаа. Хамгийн гол нь өөрийнхөө уналтыг мэддэггүй учир хаана ч хамаагүй татаж унадаг, үүнээс болж биедээ маш их сорвитой. Хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй, өвчний хүндрэл нь зөн төрийн өөрчлөлттэй, нилээд хүчтэй илрээд энэ хэргийг үйлдсэн учир Иргэний шүүхэд байхдаа өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байсан. Ер нь эхлээд уналт явагдана, олон жилийн дараа бие хүний өөрчлөлтөд ороод иймэрхүү заргач, хонзонч, нуршаа, өөрийгөө гэсэн тал руугаа хэлбэлзэнэ, юмны мөн чанарыг олох гэж алсаас эхэлнэ, зан төрхийн өөрчлөлт хүчтэй илрэх ба эмэнд тэсвэртэй гэдэг нь эмээ уусан ч унадаг. 3 сарын хугацаа гэдэг нь өвчин нь өөрөө эпилепси гээд өвчин буюу G40 гээд өвчин ба дээрээс нь дагаад сэтгэцийн өөрчлөлтүүд ороод ирэхээр F07.8 гээд манай өвчний ангилал руу орж байгаа юм. Энэ хугацаанд биед шинж тэмдгийн, сэтгэл заслын, уналтын эсрэг эмчилгээ хийнэ. Бид нар 3 сар хангалттай гэж үзэж байгаа юм. СЭМҮТ-ийн Шүүх Сэтгэц Эмгэг судлалын клиникт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хамгаалалтад эмчилгээ хийнэ. Нийгэмд аюултай үйлдэл гаргах болзошгүй, ийм үедээ өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийж болзошгүй учир шүүхийн тасагт эмчилгээ хийлгэнэ. Ердийн тасагт хамгаалалт байхгүй. Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын Клиникт хэвтэнэ. Яах вэ эмийн эмчилгээний үр дүнд ааш зан зөөлөрч, тайвширна, уналт багасна. Бид нар сар болгон эмчлүүлэгч нартаа дүгнэлт хийдэг ба засрал сайжралт олно. Насаараа хэрэг хариуцах чадваргүй байна гэж байхгүй, засрал сайжрал аваад явна. Сэдэрсэн үедээ хэрэг хариуцах чадваргүй. Уртасгасан үйлчилгээтэй сэтгэцийн эм байдаг ба сардаа хийгээд явбал сайжирна. Улирлаар сэдэрнэ гэж байхгүй. Хэзээ сэдэрхийг мэдэхгүй. Энэ хүний хувьд нас нь явсан. Өвчин удааширсан. Шүүх хуралдаанд ороод яваад байгаа нь эпилепси өвчний нэг онцлог. Нэг зүйлд маш зоривол хийж болдог ба олон жил хийсэн учраас хийгээд байгаа юм. Цаашдаа энэ хүн дээр тэтгэвэр тогтоолгох асуудлыг болих хэрэгтэй. Би энэ хүнийг 10 жилийн өмнө үзэж байсан ба дахин үзэхэд танихгүй байна лээ. 3 сар гэдэг нь дундаж хугацаа. Энэ хугацаанд бүр засраад эрүүл болохгүй. Одоо нийгэмд аюултай. Сэтгэцийн эмгэг гадна, дотно гэж байдаг. Гадна нь стрессээс болно. Дотоод гэдэг жишээлбэл эпилепси. Дотоод нь сайжрал авна уу гэхээс эдгэхгүй. Энэ хүн одоо ч хориход байхдаа аюултай уналт өгч байгаа, уналт нь удаан өгвөл яана, тэгэхээр эмнэлгийн хяналтад байх хэрэгтэй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Хохирогч Ө.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгтэл удалгүй Ц.Э нь шүүгчийн туслах Б өрөө лүү явсан бөгөөд тэдний өрөөнд нь очоод орилж чарлаад авлигачин шүүгч, татварын мөнгөөр цалинждаг пиздаанууд гэх мэтчилэн хараан доромжилж байхаар нь  би Г, офицер Б нарын хамтаар та шүүх хурал явагдаж байхад чанга дуу гаргаж болохгүй гэж хэлэхэд өөдөөс битгий хуц чи миний татвараар цалинждагаа мэдэх үү гэх мэтээр харааж хашхираад болохгүй байхаар нь түүнийг албадаж шүүхийн байрнаас гаргахад миний баруун нүд орчимд 1 удаа утастай гараараа цохиод, 1 удаа маажиж, баруун хөлийн шилбэ хэсэгт 4,5 удаа өшиглөсөн. ... Ц.Э нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биед халдсан учир Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам кодод заасан. Биеийн хүч хэрэглэх тухай 49.1.1. цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн тохиолдолд биеийн хүч хэрэглэнэ’’ гэсний дагуу шүүхийн байрнаас түлхэж гаргасан. ...миний баруун нүдний орчимд маажуулж шалбарч, хорсож байна. Баруун шанаа хацар орчимд маажиж, шалбалаад миний баруун хөл рүү удаа дараа өшиглөсөн хавдаж хөндүүрлэж байна. Миний хэрэглэж байсан эд зүйлийг эвдэж, урагдсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас),

Хохирогч Ч.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би тухайн эмэгтэйд олон нийтийн газар цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжлох нь буруу гэдгийг тайлбарласан. Би түүнийг шүүхийн байрнаас гарах шаардлага тавьж байхад баруун гарынхаа таван хурууныхаа хумсаар миний нүүр лүү 2 удаа цохисон. Зүүн гарыг маажсан, мөн зүүн мөрөн дээрх мөрдөсний товчийг тасалж, мөрдсөн дээр зүүсэн байсан энгэрийн камерыг татаж унагаасан. Миний энгэрийн камер одоо ажиллагаагүй болсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуулдас),

Иргэний нэхэмжлэгч С.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тус албаны М-505 загварын энгэрийн камерыг албан хэрэгцээнд ашигладаг ба тус энгийн камер М-505-ийн нэг бүрийн үнэ нь 283.000 төгрөг байдаг. Иймд гэм буруутай этгээдээс 283.000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 6616 дугаар “... ДҮГНЭЛТ Ө.Ц-ийн биед баруун нүдний доод зовхи, хацрын зулгаралт, баруун шилбэний зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 09 цагийн орчимд хуваарь томилгооны дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажил үүргээ гүйцэтгэж байсан. Тэгтэл 50 орчим насны эмэгтэй иргэний хэргийн шүүхийн байранд бусдыг хэл амаар доромжлоод байсан. Нөгөө эмэгтэй шүүхийн байрны үүдэнд гараад цагдаагийн биед нь халдсан. Тэгэхээр нь би та ингэж болохгүй гэхэд над руу дайраад байхаар ахлах ахлагч Цогтгэрэлийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, санаатайгаар нь би гар утсаараа бичлэг хийсэн. Тэгээд 102-т дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас),

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “CD-нд received_569545921257239 гэх нэртэй 8,6 MB багтаамжтай, received_1379332969245798 гэх нэртэй 13,7 мb багтаамжтай МР4 файл байв. Эхний Received_569545921257239 нэртэй файлыг тоглуулахад 01 минут 09 секундийн бичлэг байх бөгөөд бичлэгийг тоглуулан үзэхэд шар өнгийн модон Хаалганы цаана цагдаагийн алба хаагч ягаан өнгийн цамцтай эмэгтэйд барилгаас гарах шаардлага тавьж байна. Бичлэгийг цааш тоглуулахад цагдаагийн алба хаагч, ягаан өнгийн цамцтай эмэгтэй хоёр барьцалдан зогсох ба бичлэгийн 00 минут 08 секундэд тус эмэгтэй баруун гараараа нэг удаа цагдаагийн алба хаагчийн нүүрэнд цохих үйлдэл, 00 минут 18 секундэд тус эмэгтэй зүүн гараараа цагдаагийн алба хаагчийн зүүн гарыг маажих үйлдэл. 00 минут 19 секундэд тус эмэгтэй зүүн гараа цагдаагийн алба хаагчийн нүүрийг маажих оролдлого хийж байгаа нь харагдаж байв. Бичлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд тус эмэгтэй гадаа гарч “авгайгаараа бандаашаа ч авхуулж чадахгүй юмнууд, битгий хуц, өмсөх хувцсаа авч чадахгүй юмнууд, миний хумсыг хугалдаг юу юм чи, пизда минь, чамаас айхгүй” гэх зэрэг үгсийг ярьснаар бичлэг дуусав. Хоёр дахь received_1379332969245798 нэртэй файлыг тоглуулахад 01 минут 42 секундийн бичлэг байх бөгөөд барилгын урд, гадаа тус эмэгтэй, өөр нэгэн цагдаагийн ахлах ахлагч цолтой алба хаагч зогсож байна. Цагдаагийн алба хаагч баруун гараараа баруун нүдээ даран зогсох ба энэ үед тус эмэгтэй “хохь нь, хохь нь, яадаг юм, хорь, би айхгүй, хохь нь, чи намайг цохисон пизда минь” гэх үгсийг хэлнэ. Хариуд нь бичлэг хийж буй этгээд “таныг цохисон хүн байхгүй, зүгээр цаашаа гээд ингээд, ийшээ оруулахгүй л гэсэн” гэхэд бичлэгийн 00 минут 14 секундэд “чи намайг оруулахгүй гэдэг юу юм чи, битгий хуцаж бай чи” гээд камер руу гараараа цохиж байна. Цааш цагдаагийн ахлах ахлагч цолтой алба хаагч тус эмэгтэйг үүднээс холдохыг шаардахад “яагаад энд зогсож болдоггүй юм” гээд бичлэгийн 00 минут 43 секундээс 01 минут 31 секундийн хооронд баруун хөлөөрөө цагдаагийн алба хаагчийн баруун хөлийн шилбэ хэсэг рүү 8 удаа ашиглаж байна. Энэ хооронд “битгий хуцаж бай чи, би яагаад энд зогсож болдоггүй юм, хохь нь” гэх зэрэг үгсийг хэлж байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд хэрэгт ая холбогдолтой зүйл илрээгүй.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 57-60 дугаар хуудас),

Шүүгдэгч Ц.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед шүүгчтэй уулзах гэхэд намайг уулзуулахгүй байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас),

2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын 1225 дугаар: “... Дүгнэлт: Комисс доорхи дүгнэлтийг санал нэгтэй гаргав. 1. Ц.Э нь сэтгэцийн хувьд F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн органик эмгэг. Зан төрхийн өөрчлөлт, хэсэгчилсэн ухаан сулралтай байна. 2. Ц.Э нь хэрэгт холбогдох үедээ дээрх эмгэгтэй байсан байна. 3. Ц.Э нь сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, үйл ажиллагааг хариуцах чадваргүй байна. 4. Ц.Э нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна. 5. Ц.Э-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 сараар авах саналтай байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 233-234 дүгээр хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2, 3 дугаар хуудас),

АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 14-18 дугаар хуудас),

Албан тушаалын тодорхойлолт (хавтаст хэргийн 26-30 дугаар хуудас), 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 56 дугаар хуудас),

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас),

Ц.Э-гийн амбульяторийн картын хуулбар (хавтаст хэргийн 132-227 дугаар хуудас),

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи, 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дугаар хуудас),

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас),

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 72 дугаар хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн шатанд сэтгэцийн дүгнэлт гарсан. Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадваргүй байсан. Цаашид хэрэг хариуцах чадваргүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт СЭМҮТ-ийн эмчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул гэм буруугийн асуудлыг ярих боломгүй. Иймд дүгнэлтэд дурдсанаар дүгнэлтийн дагуу шүүгдэгчид 3 сарын дагуу эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээг Шүүх Сэтгэц Судлалын клиникт авах саналтай. Хохирлын талаар тусгайлан гаргах саналгүй. Хууль зүйн үүднээс дүгнэсэн дүгнэлт одоохондоо хийх боломжгүй байна.” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Э-гийн хувьд1994 оноос хойш унадаг, эпилепси өвчтэй. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь хорих ялтай ч, торгох, зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлөх үндэслэлтэй. 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын 1225 дугаар дүгнэлт гарсан тул өмгөөлөгчийн зүгээс гэм буруутайд тооцуулах үндэслэл байхгүй. Прокурорын шатанд үүнийг мэдсэн бол хэрэгсэхгүй болох байсан ч одоо шүүхийн шатанд ирсэн байна. Хохирол төлбөрийн асуудлыг хэлэлцэх боломжгүй.” гэх дүгнэлт саналыг тус тус гаргасан болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 давхрын үүдэнд Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Эргүүл тусгай хамгаалалтын хэлтсийн Эргүүл, хамгаалалтын цагдаа Ө.Ц, Ч.Г нараас шүүх хуралдаан явж байгаа тул шүүх танхимаас гарах талаар шаардлага тавихад Ө.Ц-ийн нүүрэн тус газар нь гараараа цохих, баруун хөлөнд өшиглөж, Ч.Г-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, мөрдсийг нь татаж товчийг нь тасалж, мөрдсөнд нь зүүлттэй байсан энгэрийн камерыг унагажээ.

Шүүгдэгч Ц.Э нь эмэнд тэсвэртэт уналт, таталт, зан төрөхийн өөрчлөлт оношоор 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай гэж 1994 онд группт оржээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Э-гийн үйлдлийг 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол” гэж үндсэн шинжийг зааж, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн” гэж хүндрүүлэх шинжийг заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэжээ.

“Албаны үргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодид халдсаныг, “хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийг болон ойр дотны хүний эрх, эрх чөлөөг хязгаарлана хэмээн сүрдүүлснийг тус тус ойлгоно.

Хавтаст хэргийн 26-30 дугаар хуудаст авагдсан Албан тушаалын тодорхойлолтоор цагдаа Ө.Ц, Ч.Г нар нь Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Эргүүл тусгай хамгаалалтын хэлтсийн Эргүүл, хамгаалалтын цагдаа ажилтай болох нь тогтоогдож байх тул хууль сахиулагч гэж үзнэ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, 23.6-д “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй”, 49.1-д “Цагдаагийн алба хаагч биеийн хүчийг дараах тохиолдолд хэрэглэнэ: 49.1.1.цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн бол” гэж тус тус заасан байдаг.

Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 давхрын үүдэнд “авлигачин шүүгч нар” гэж шүүхийн байранд танхайрч, шүүгч нарыг хэл амаар доромжлох үед Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Эргүүл тусгай хамгаалалтын хэлтсийн Эргүүл, хамгаалалтын цагдаа ажилтай, цагдаагийн ахлах ахлагч цолтой Ө.Ц, Ч.Г нар нь албан үүргээ гүйцэтгэж байх үед нь шүүх хуралдаан явж байгаа тул шүүх танхимаас гарах талаар хууль ёсны шаардлага тавихад нь цагдаа Ө.Ц-ийн нүүрэн тус газар нь гараараа цохих, баруун хөлөнд өшиглөх зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн, цагдаа Ч.Г-ын нүүрэн тус газар нь гараараа цохих, мөрдсийг нь татаж товчийг нь тасалж, мөрдсөнд нь зүүлттэй байсан энгэрийн камерыг унагаж хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж 169.800 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг “хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн” гэх шинжүүдийг бүрэн хангаж байна.

Мөн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын 1225 дугаар дүгнэлтээр Ц.Э нь сэтгэцийн хувьд F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн органик эмгэг. Зан төрхийн өөрчлөлт, хэсэгчилсэн ухаан сулралтай, одоо хэрэг хариуцах чадваргүй, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 сараар авах гэж, шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэцийн эмч Ц.Э-г хэрэг үйлдэх үедээ болон одоо хэрэг хариуцах чадваргүй гэж мэдүүлсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэтгэцийн эмгэг, оюуны хомсдолын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно.” гэж заасан.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Э нь хэрэгт холбогдох үедээ буюу 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр сэтгэцийн хувьд F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн органик эмгэгтэй байсан бөгөөд тухайн эмгэгээс болж өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний гэм буруугийн санаатай хэлбэр үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон” бол хэргийг хэрэгсэхгүй болохоор заасан.

Иймд шүүгдэгч Ц.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар энгэрийн камерыг 169,800 төгрөгөөр үнэлсэн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг гэмт этгээд өөрөө хариуцан арилгах үүрэгтэй.

Хэдийгээр хэрэгт авагдсан баримтаар Ц.Эгийн учруулсан гэм хорын хохиролд 169,800 төгрөг тогтоогдож байх боловч тэрээр хэрэг хариуцах чадваргүй мөн түүнд тогтоогдсон асран хамгаалагч, харгалзан дэмжигч байхгүй байна.

Иймд иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үүрэгтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ”-г хуульчилсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.” гэж заасан байна.

Улсын яллагчаас “3 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах саналтай.” гэж,

Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн сэтгэцийн эмч “3 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах” гэх санал дүгнэлтийг тус тус гаргасан.

Мөн шүүгдэгч Ц.Э-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 сараар авах шаардлагатай талаар 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын 1225 дугаар дүгнэлтэд дурдсан.

Шүүхээс шүүгдэгч Ц.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх...” хууль зүйн үндэслэл бүрдсэн байна гэж үзлээ.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгч Ц.Эд 3 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчид авсан албадлагын арга хэмжээний төрлийг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын Клиникт авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг харгалзан шүүх шийдвэрлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Ц.Э нь 47 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1, 19.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт, 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э-г 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1797 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Ц.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэг тус тус зааснаар 3 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Э-д авсан албадлагын арга хэмжээний төрлийг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын Клиникт авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Ц.Э-д авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх шийдвэрлэхийг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

7. Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Ц.Э нь 47 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

9. Шүүгдэгч Ц.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын Клиникт шилжүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Э-д авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

          ШҮҮГЧ                                      М.ТҮМЭННАСТ