| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2019/02659/И |
| Дугаар | 183/ШШ2019/02607 |
| Огноо | 2019-12-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2019/02607
| 2019 оны 12 сарын 04 өдөр | Дугаар 183/ШШ2019/02607 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-0, Гранд плаза 00 тоотод байрлах, П ББСБ ХХК /рд:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 00 байр, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, Ө овогт Д.Д /рд:0000000 /,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 00 байр, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Ц овогт Я.Э /рд:00000000/ нарт тус тус холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 111 601 520 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Д.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Я.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралд гаргасан тайлбартаа: “...Я.Э, Д.Д нар нь манай ББСБ-тай 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ЗГ17/07/00 тоот зээлийн гэрээг байгуулж 1 сарын хугацаатайгаар 50 000 000 төгрөгийг сарын 5% хүүтэй зээлдэж авсан. Түүнчлэн уг зээлийн гэрээтэй хамт барьцааны гэрээг мөн давхар байгуулсан бөгөөд уг гэрээгээр гэрчилгээний №:00000000 тоот дугаартай, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах, 75,6 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг уг зээлийн барьцаанд тавьсан. Гэтэл хариуцагч нь уг зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн төлбөрийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй бөгөөд манай байгууллагын зүгээс түүнд удаа дараа зээлээ төлөх талаар мэдэгдсэн боловч одоог хүртэл төлөөгүй, хоёр жил гаруй хугацаа хэтрээд байна. Мөн хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зохих ёсоор зээлийн төлбөрөө төлсөн бол бид уг асуудлаар хууль шүүхийн байгууллагаар явж зардал чирэгдэл гаргахгүй байсан бөгөөд ийнхүү шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэхтэй холбогдуулан шаардлагатай баримтуудыг нотариатаар гэрчлүүлж тодорхой хэмжээний зардал гарч байгаа тул уг гарсан зардал болох 15 000 төгрөгийг мөн хариуцагчаас гаргуулах шаардлагатай байна. Зээлийн хүүгийн тооцооллыг 2019 оны 12 дугаар сар хүртэл тооцож, хариуцагчийн төлсөн мөнгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс хасч тооцсон бөгөөд үндсэн зээлээс хасагдаагүй. Иймд уг зээлийн гэрээний зээлийн үлдэгдэл төлбөр болох 50 000 000 төгрөг, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөр 61 586 520.00 төгрөг, нотариатын зардал 15 000 төгрөг, нийт 111 601 520 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 00 байр, 0 тоот хаягт байрлах, 75,6 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 715 958 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдон гарсан 70 200 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Я.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би П ББСБ ХХК-иас 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 50 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлээ хугацаандаа төлж чадахгүй болсон тул нэг сарын зээлийнхээ бүх хүүг нь төлөөд зээлийн гэрээний хугацааг 2017 оны 12 дугаар сард 1 жилээр сунгасан. Зээлийн гэрээний хугацааг сунгахдаа сунгалтын хураамж гээд 500 000 төгрөгийг суутгаж авсан. Өнгөрсөн хугацаанд би П ББСБ ХХК-д нийт 23 000 000 гаруй төгрөг төлсөн. Одоог хүртэл үндсэн зээлээ төлж чадахгүйгээс болж хүү, алданги тооцож байгааг мэдэж байгаа. Шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч талтай уулзаж эвлэрч, хүү алдангийг бууруулах саналыг гаргасан ч захирал нь зөвшөөрөөгүй. Өчигдөр эдийн засагчтай нь ярьж эвлэрэх саналыг гаргасан ч мөн адил эвлэрэхгүй гэсэн. Миний зүгээс үндсэн зээлийг төлнө, хүү алдангийг тохиролцох саналтай байгаа ч тохиролцохгүй байх тул шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь хариуцагч Д.Д, Я.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 111 601 520 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийг төлөхийг зөвшөөрч, “хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй” гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийн баримтаас үзэхэд П ББСБ ХХК болон Д.Д, Я.Э нарын хооронд 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ЗГ17/07/46 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 50 000 000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байх бөгөөд талууд 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ЗГ17/07/00 тоот зээлийн гэрээний зүйл болсон 50 000 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, зээлийн зүйлийг хариуцагч хүлээн авсан үйл баримтад талууд маргаагүй.
Хариуцагч нар дээрх гэрээний дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн, улмаар талууд харилцан тохиролцож 2017 оны 12 дугаар сард зээлийн гэрээг 1 жилийн хугацаагаар сунгасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ”, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нарыг үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй, мөн хариуцагч нар зээлийн гэрээний дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөгдөхгүй юм.
Гэвч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-т зээлдэгч зээлийн төлбөрийн хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа дараалан зөрчсөн, эсвэл зээлийн төлбөрийн хуваарь ёсоор хугацаанд нь төлөлгүй хугацаа хэтрүүлсэн хоногийн тоо 30 буюу түүнээс дээш гарсан бол зээлдүүлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцлах талаар зохицуулсан, мөн талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар сунгасан зэргээс үзвэл нэхэмжлэгчид 2019 оны 1 дүгээр сараас дээрх гэрээний үүргийг шаардах эрх үүссэн атал энэхүү эрхээ эдлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй 9 сарын дараа шүүхэд хандан, хүүг бүхэлд нь шаардсан нь үндэслэлгүй байх тул үндсэн зээл 50 000 000 төгрөг, үндсэн хүү 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарыг дуустал буюу 17 сарын хүүд 42 500 000 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн 23 283 330 төгрөгийг хасаж, хүүнд 19 216 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 843 333 төгрөг нийт 73 060 000 төгрөгийг хариуцагч Д.Д, Я.Э нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38 541 520 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагчтай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр БГ17/07/00 тоот “барьцааны гэрээ” байгуулж, уг гэрээгээр Д.Д, Я.Э нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 75 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 75,6 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.
Хариуцагч нар барьцаат зээлийн гэрээ байгуулсан талаараа маргаагүй, зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагч үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 785 898 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 523 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Д.Д, Я.Э нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 73 060 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38 541 520 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох Д.Д, Я.Э нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Хан-Уул дүүргийн дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 75,6 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 785 898 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 523 250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ