Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/251

 

 

    2023         02            16                                         2023/ШЦТ/251

           

           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч Н.Ганчимэг,   

шүүгдэгч Ч.С нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч.С-д холбогдох 2306 00000 0236  дугаар хэргийг  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Ч.С нь 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гээгдүүлсэн байсан хохирогч Б.М эзэмшлийн Iphone 14 plus загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж бусдад худалдан борлуулж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээж байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэсэн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “Хар өнгийн флашийг ... уншуулахад 2022-12-30-1 2022-12-30-2 гэсэн бичиглэлтэй бичлэг байв. 2022-12-30-1 бичиглэлтэй бичлэгийг уншуулахад 00 минут 17 секундийн бичлэг байв. Бичлэгийн цагаар 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХӨСҮТ-ийн урд талын хашаа хэсэг рүү харсан бичлэг дүрслэгдсэн байв. Бичлэгийн цагаар 00:02 секундэд дэлгэцийн баруун талаас улаан хүрэн өнгийн куртик бараан өнгийн өмд бараан өнгийн гутал өмссөн хүн ертөнцийн зүгээр баруун зүгт алхаж буй бичлэг дүрслэгдсэн байв. Бичлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал илрээгүй тул 2022-12-30-2 бичиглэлтэй бичлэгийг тоглуулахад 00:47 секундийн бичлэг байх ба ХӨСҮТ-ийн ертөнцийн зүгээр баруун урд талын хашаа түүний цаана машины дөрвөн замын уулзвар  дүрслэгдсэн байх ба сэжигтэй этгээд нь бичлэгийн цагаар 00:27 секундэд ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт алхаж байгаад газарт нь тонгойж буй бичлэг дүрслэгдсэн байв. Үзлэгээр өөр хэрэгт ач холбогдолтой байж болох зүйл илрээгүй.”  гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас),

Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 19:00 цагийн орчимд манай байгууллагын шинэ жил Хүүхдийн 100 Сөүл плазагийн 3 давхарт болоод шинэ жилдээ орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад нэг мэдсэн чинь гэртээ ирчихсэн байсан ба утсаа хайтал алга болчихсон байсан. Тэгээд өөрийнхөө 88668774 дугаарын утас руугаа залгасан чинь 30 орчим насны эрэгтэй хүн миний утсыг аваад утсыг чинь Халдвартаас олсон. 300,000 төгрөг өгөөд утсаа аваарай, би хороолол байна гэхээр нь за тэгвэл ярьж байгаад очиж утсаа авъя гэж хэлээд тасалсан ба утас руугаа дахиад залгатал холбогдох боломжгүй болсон байсан. Хар өнгийн Айфоне 14 плас загварын төмөр хүний зурагтай резинэн кэйстэй гар утас байсан. 2022 оны 11 сард Юнителээс 4,700,000 төгрөгөөр худалдаж авч байсан. 352485850464634, 3524858501688300 гэсэн имей кодтой байсан. ...тухайн үед маш согтуу байсан учраас юу ч санахгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

Гэрч Ө.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Амгалан захын 2 дугаар давхарт 255 тоотод байрлах лангууг 2016 оны 12 дугаар сараас түрээслүүлэн ажиллуулж байгаа. Тухайн өглөө гэртээ байхад над руу танихгүй дугаараас эрэгтэй хүн залгаад сэлбэгт утас авах уу гэхээр нь ямар утас юм гэсэн чинь Айфоне 12 юм уу 13 байна гэсэн. Хэдээр авах юм гэхээр нь 300,000-350,000 төгрөгөөр авна даа гэж хэлсэн чинь танайх хаана юм гэхээр нь Амгалан зах дээр гэсэн утсаа тасалчихсан. Тэгээд ажил дээрээ очоод байж байсан чинь 13:00 цагийн үед гаднаас 28-30 орчим насны эрэгтэй хүн ирээд өглөө утас сэлбэгт өгнө гэсэн хүн байна. Нөгөө утсаа авах юм уу гэхээр нь ямар утас юм гээд утсыг нь харсан чинь ямар ч байсан Айфоне загварын гар утас байсан ба би тухайн гар утасны загварыг нь сайн мэдэхгүй байсан. Тэгээд би тэр залуугаас яагаад энэ утсыг зарах гээд байгаа юм бэ гэсэн чинь би наад утсыг чинь өнгөрсөн шөнө Халдвартын тэр хавиас олсон юм гэхээр нь тэр залууд 350,000 төгрөгөөр авъя гэж хэлээд тэр залуугийн Хаан банкны 502584691* тоот данс руу өөрийнхөө Хаан банкны 502119206* тоот данснаас 200,000 төгрөгийг шилжүүлээд 150.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд тэр залуу явчихсан. Надад олсон гар утас гэж хэлсэн. Би олсон юм чинь гайгүй байх гэж бодоод тэр залуугаас худалдаад авчихсан юм. Ашиглаагүй утас засдаг найз маань дэлгэцийг нь үзье гэхээр нь найз Энхбаатарт өгчихсөн байсан юм. Би Амгалан захын удирдлагуудтай зөвхөн түрээсийн гэрээ л байгуулсан. Тухайн гэрээнд тийм зүйл заалт байсан эсэхийг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

Шүүгдэгч Ч.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би тэр үед мөнгөний хэрэг их байсан тул олсон гар утасны эзэнтэй ярихад надад 300.000 төгрөг өгөхгүй гэсэн учир өөр хүнд би 350.000 төгрөгөөр зарсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Б.Магсаржаваас Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст хандаж гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 2, 3 дугаар хуудас),

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 4, 5, 6 дүгээр хуудас),

Ч.С-гийн эзэмшлийн ХААН банкны 502584691* тоот дансанд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13:58 цагт тус банкны 502119206* тоот данснаас 200.000 төгрөгийн орлого орсон талаарх гүйлгээний хуулга (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

Ө.Б-ийн эзэмшлийн ХААН банкны 502119206* тоот дансанд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13:58 цагт тус банкны 502584691* тоот данснаас 200.000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний хуулга (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 92, 93, 98 дугаар хуудас),               

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37  дүгээр хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дугаар хуудас),

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дугаар хуудас),

Шүүхийн шийдвэрээр иргэн хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 43 дугаар хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Ч.С нь 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гээгдүүлсэн байсан хохирогч Б.М эзэмшлийн Iphone 14 plus загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж бусдад худалдан борлуулж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Ч.С нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ч.С нь 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гээгдүүлсэн байсан хохирогч Б.М эзэмшлийн Iphone 14 plus загварын гар утсыг авсан байна.

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Б.М гээгдүүлсэн Iphone 14 plus загварын гар утсыг 3,885,500 төгрөгөөр үнэлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ч.С-г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ”, 1.1 дэх заалтад “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж,

Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж иргэний үндсэн үүргийг хуульчилж өгсөн.

 

“Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчийн эзэмшлээс хүсэл зоригоос гадуур алдагдсан ба хэн нэгэн илрүүлж олсон аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг (эд хөрөнгө) хэлдэг.

“Завших” гэмт хэргийн үндсэн шинж нь алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал гэдгийг мэдсээр байж бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба хохирогч Б.М гээгдүүлсэн Iphone 14 plus загварын гар утсыг “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 3,885,500 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.С нь хохирогч Б.М Iphone 14 plus загварын гар утсыг  авсан буюу гээгдэл эд хөрөнгийг завшсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол учруулсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба “Завших” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Ч.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.М эзэмшлийн Iphone 14 plus загварын гар утсыг 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр түүнд хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэргийн 6 дугаар хуудаст авагдсан “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл”-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.С-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ч.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Ч.С нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүх шүүгдэгч Ч.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.С нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг флаш дискийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ч.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Ч.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.          

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ч.С нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг флаш дискийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ

 ШҮҮГЧ                          М.ТҮМЭННАСТ