Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 930

 

a

 

 

 

 

 

 

 

“ДГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Э.Золзаяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00010 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ДГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “НГГ”  ХХК болон С.М нарт холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 797 927 123 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.П,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.Б,

Хариуцагчийн төлөөлөгч: С.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Нарийн гол гоулд ХХК-тай харилцан тохиролцож Төв аймгийн Заамар сумын Төмстэй бригадын нутагт орших Нарийн гол уурхайн 7700А дугаартай лиценз бүхий талбайд хайгуул, олборлолтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр хамтран ажиллахаар тохиролцсон. Дээрх тохиролцоогоор  130 000 000 төгрөгийг бусдаас зээлж, С.Мид бэлнээр хүлээлгэн өгсөн.

Мөн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 001/14 дугаартай Ү-007700А тусгай зөвшөөрлийн талбайд металлын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахад хамтран ажиллах гэрээ байгуулж, 270 000 000 төгрөгийг С.Мийн хувийн дансанд шилжүүлсэн. Манай компани хамтран ажиллах гэрээний дагуу 2014 оны 8 дугаар сараас 2014 оны 11 сар хүртэл Нарийн гол уурхайд 8 газар дээр цооног өрөмдөж, хайгуулын ажлыг явуулсан бөгөөд ийнхүү ажиллахдаа нийт 315 405 523 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ажиллаж байсан юм. Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Нарийн гол гоулд ХХК-ийн хувьцаа эзэмшигчид гэх Ж.Баасанханд, С.Туяа нараас маргаан гаргасан.

Улмаар С.Мтой уулзахад манай компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан гарсан юм гээд урьдчилгаа болгон авсан төлбөр, хайгуулын ажлыг хийж гүйцэтгэхэд зарцуулсан хөрөнгийг Нарийн гол гоулд ХХК болон өөрөөсөө буцаан өгөхөөр болсон боловч өнөөдрийг хүртэл урьдчилгаа болон хайгуулын зардлыг өгөхгүй манай компанийг хохироогоод байна. Манай компаниас уурхайд 111 750 000 төгрөгийг техник хэрэгсэл ажиллуулахад 86 177 123 төгрөгийг цалин, шатах тослох материал, хоол хүнс, сэлбэгийн материал, бичиг хэргийн зардалд гаргасан. Иймд хамтран ажиллах гэрээний урьдчилгаанд төлсөн 400 000 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан хэлцэл №4-ийн 3 дугаар хэсэгт заасны дагуу алданги 200 000 000 төгрөг, Нарийн голын уурхайд зарцуулсан техник хэрэгсэл ажиллуулахад гарсан зардалд 111 750 000 төгрөг, цалин, шатах тослох материал, хоол хүнс, сэлбэгийн материал, бичиг хэргийн зардалд оруулсан 86 177 123 төгрөг, нийт 797 927 123 төгрөгийг Нарийн гол гоулд ХХК-иас гаргуулж өгнө үү. С.Мижмддоржид холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

 Хариуцагч “НГГ” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн гол үндэслэл болж байгаа гэрээний 1.9-т ... Б тал А талд ирээдүйд олох ашгийн урьдчилгаа 400 000 000 төгрөгийг олгох ... гэж заасан болохоор энэхүү гэрээний үнийн дор хаяж 400 000 000 төгрөгөөс дээш үнэтэй гэж харагдаж байна. Нэхэмжлэлдээ дурдсанаар бол Нарийн гол гоулд ХХК-ийн гэрчилгээ, лицензийг эх хувиар нь ... авсан атлаа тэр гэрчилгээнд 11 560 000 төгрөгийн хөрөнгөтэй, 3 гишүүнтэй буюу хувьцаа эзэмшигчтэй гэдэг нь илт харагдсаар байхад, Компанийн тухай хуулийн 87, 88 дугаар зүйлүүдэд Их хэмжээний хэлцэл гэж юуг хэлэх, түүний хэмжээг яаж тодорхойлох, хэн хийх талаарх маш тодорхой зааж өгсөөр байхад ийм хэлцэл хийчихээд өнөөдөр компаниас мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй болно. Тэгээд ч энэ гэрээнийхээ дагуу компанид нэг ч төгрөг шилжүүлээгүй, өгөөгүй харин С.Мид бэлэнээр болон түүний хувийн дансанд шилжүүлсэн гэдгээ нэхэмжлэлдээ дурдсан байгаа төдийгүй түүнд хавсаргасан баримтаас тодорхой харагдаж байна. Ингэхээр өгсөн хүнээсээ нэхэх нь хуульд илүү ойртож очно гэж үзэж байна. Компанитай байгуулсан ямар ч гэрээ, хэлцэлгүйгээр Улсын баяр наадмын өдөр Нарийн гол гоулд ХХК биш түүний захиралд С.М гэдэг хүнд бэлэнээр 130 000 000 төгрөг өгчихөөд өнөөдөр түүнийгээ компаниас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зөвхөн энэ харилцаа л гэхэд Компанийн тухай хууль болон компанийн дүрмийг зөрчсөн харилцаа болж байгааг ойлгоогүй гэдэгт итгэхгүй байна. 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн гээд байгаа 270 000 000 төгрөг нь ч компанид биш, Ноён сэрээтэр Мижиддорж-ын Хаан банк дахь 5007773727 тоот дансанд зээл гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн мөнгө байгаа нь компанийн хариуцах ёстой асуудал гэж харагдахгүй байна. Нэхэмжлэгчийн дурдаж байгаачлан 2015 оны 01 сарын 30-ны өдөр Нарийн гол гоулд ХХК-ийн хувьцаа эзэмшигчид гэх Ж.Баасанханд, С.Туяа нараас ... С.М компанийн дүрэмд заасан гүйцэтгэх захирал нь их хэмжээний буюу 100 сая төгрөгөөс дээш хэлцлийг бие даан хийх эрхгүй бөгөөд заавал бусад хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг авах ёстой... гэсэн бичгийг хүлээж авсан атлаа 2015 оны 03 дугаар сарын 27, 4 сарын 21-ний дахин их хэмжээний хэлцэлд үндэслэсэн хэлцэл хийчихээд өнөөдөр түүнийгээ үндэслэн хайгуулын ажлын зардал болон 200 000 000 төгрөгийн алдангийг компаниас шаардаж байгаа нь ч хууль бус гэж үзэж байна. Нэгэнт хууль зөрчиж хийсэн гэрээнээс үүдсэн хэлцэл мөн хүчин төгөлдөр бус хэлцэл болох ёстой. Хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн бусдаас элдэв зүйл шаардах эрх нэхэмжлэгч буюу Дардан говь ХХК-д байхгүй юм. Иймд Дардан говь ХХК-ийн Нарийн гол гоулд ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

  Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н ХХК-иас 581 507 922 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 216 419 201 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч С.Мид холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 147 585 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч НГГ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3 065 489 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д ХХК-д олгож  шийдвэрлэжээ.

 

               Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “ДГ” ХХК нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг 2014 оны 9 сарын 29-ний өдрийн 00/14 дугаартай "Ү-007700А тусгай зөвшөөрлийн  талбайд металлын хайгуул, олборлолтын  үйл ажиллагаа явуулахад хамтран ажиллах гэрээнд тулгуурлаж гаргасан юм. Нэхэмжлэлийн гол үндэслэл болж байгаа гэрээний 1.9-д заасныг харахад  гэрээний үнийн дүн дор хаяж 400 000 000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй гэрээ гэдэг нь харагдаж байна.  Нэхэмжлэгч нь “НГГ” ХХК-ийн гэрчилгээ, лицензийг эх хувиар нь авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба уг гэрчилгээ дээр 11 560 000 төгрөгийн хөрөнгөтэй, 3 гишүүнтэй буюу хувьцаа эзэмшигчтэй гэдэг нь илт харагдаж байна. Компанийн тухай хуулийн 87 болон 88 дугаар зүйлүүдэд их хэмжээний хэлцэл гэж юуг хэлэх, түүний хэмжээг яаж тодорхойлох, хэн хийх талаар маш тодорхой заасан байхад анхан шатны шүүх ийм хэлцэлийг үндэслэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт заасныг дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.  “НГГ” ХХК-ийн дүрмнйн 5.4.9 дэх заалтын "100 сая" төгрөгөөс дээш хэлцэл хийх эрх гүйцэтгэх захиралд биш хувьцаа эзэмшигчдэд байх ёстой гэсэн хязгаарлалтыг яриагүй байна. Харин хэн хүнгүй мэдэж байх ёстой нийтээр дагаж мөрдөж байгаа Компанийн тухай хуулийн "их хэмжээний хэлцэл"-ийн талаарх ойлголтыг ярьж байна. Гэтэл хууль мэдэхгүй байгаа нь хариуцлагаас мултрах үндэслэл болохгүй гэдэг хуулийн шаардлагыг анхан шатны шүүх харгалзан үзэж нэхэмжлэгчийн зүгээс гэрээ хийхдээ нөгөө талаас юу шаардах, уг гэрээнд төлөөлөх эрхтэй эсэхэд дүгнэлт өгч байж шийдвэрээ гаргах эрх, үүрэг нь байгааг харгалзан үзэлгүйгээр зөвхөн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д заасныг үндэслэж дүгнэлт гаргаж байгаад  гомдолтой байна. Хуулийн дээрх зохицуулалтыг анхан шатны шүүх үл хэрэгсдэг юм аа гэхэд нэхэмжлэлийн үндэслэл болгоод байгаа "Ү-007700А тусгай зөвшөөрлийн талбайд металлын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахад хамтран ажиллах гэрээ"-нийх нь 4.10-д "Б талын харнлцах дансанд шилжүүлнэ" гэсэн үүрэг А талд байгааг, А тал энэ үүргээ биелүүлж Б тал болох “НГГ” ХХК-ийн харилцах дансанд биш гуравдагч этгээд болох С.Мид бэлнээр болон түүний хувийнх нь дансанд шилжүүлсэн гэдгээ нэхэмжлэлдээ ч дурдсан, хэрэгт хавсаргасан баримтаас ч тодорхой харагдаж байхад "мөнгө аваагүй" этгээдээс буцаан мөнгө гаргуулахаар шийдвэрлэж байгааг ойлгохгүй байна.  Хэрэв А тал гэрээний үүргээ биелүүлж Б талын харилцах дансанд  шилжүүлснийг Б талын төлөөлөл болох С.М хувьдаа захиран зарцуулсан бол  анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн “...компанид хохирол учирсан бол Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6, 84.7-д зааснаар  хохирлыг нөхөн төлүүлэх эрх нээлттэй” байх байсан билээ. Гэтэл компанийн дансанд нэг ч төгрөг ороогүй байхад ямар хохирлыг хэнээс нэхэх үндэслэл гарч ирэх билээ гэдэгт анхан шатны шүүх хариулж чадаагүй байж ийм өрөөсгөл дүгнэлт хийж байгаад гомдолтой байна.   Компанийн дансанд мөнгө орж ирээгүй болохоор “...С.Мийн 400 000 000 төгрөгийг хувьдаа ашигласан талаар баримтаар нотлоотүй бөгөөд Нарийн гол гоулд ХХК-ийн санхүүгийн тайлан хэрэгт авагдаагүй..." байх нь аргагүй юм гэдэгт анхан шатны шүүх дүгнэлт өгөхийн оронд харин ч үүнийг “НГГ” ХХК  хариуцах ёстой юм гэсэн  дүгнэлтийнхээ үндэслэл болгож байгаад харамсаж байна. Иймд шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, "Дарданговь" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож үүнтэй уялдуулан 3 дахь заалтыг хуульд нийцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “ДГ” ХХК нь хариуцагч “НГГ” ХХК болон С.М нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 797 927 123 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Мид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,  хариуцагч “НГГ” ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрөн маргажээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг цуцалсан гэх 2015 оны 04 сарын 21-ний өдрийн хэлцэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан шаардлагыг хангаагүй байна. /хх-ийн 31-32 дугаар тал/

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн  168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн  168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 065 489 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА                                       

                                                          ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ                                                                                                        

                                                                                                          Г.ДАВААДОРЖ