Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2025/0511

 

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2025/0511

Улаанбаатар хот

 

 

 

“Х***” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О***,

Хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э***,

Хэргийн оролцогчид

Нэхэмжлэгч “Х***” ХХК,

Хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга,

Хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын ашиглалтын MV-02*** дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “Х***” ХХК нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 120/ШШ2025/0009 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А**, БНХАУ-ын иргэн B***,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М***,

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О***,

Хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ц***,

Хэргийн индекс: 120/2025/0006/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х***” ХХК-иас шүүхэд хандан Ашигт малтмалын ашиглалтын MV-02*** дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “Х***” ХХК нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргаж маргасан.

2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 120/ШШ2025/0009 дүгээр шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 14.6, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын ашиглалтын MV-02*** дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “Х***” ХХК нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрч” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 47.2 дахь хэсэгт зааснаар тухайн актыг хүчингүй болгосон холбогдох этгээдийн шийдвэр гараагүй л бол тус актыг хүчин төгөлдөр буюу эрх зүйн үйлчлэлтэй акт гэж үзнэ, ямар нэгэн байгууллагад актыг бүртгүүлээгүй нь тухайн актыг эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэх үндэслэл болохгүй гэсэн агуулгыг, мөн эрх зүйн үйлчлэлгүй акт гэж илт хууль бус актыг ойлгоно гэсэн агуулгыг тус тус илэрхийлж байна. Гэтэл шүүх Захиргааны ерөнхий хуулийн агуулга, зарчимд үл нийцсэн тайлбар хийж, Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3/04 дүгээр тогтоолыг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу зохих байгууллагад хүргүүлээгүй учраас эрх зүйн үйлчлэлгүй акт гэсэн дүгнэлт хийж, талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хуулийн шаардлагад үл нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 22-д хийсэн дүгнэлт нь Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 30 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь хэсгийг тайлбарласантай нийцэхгүй байна. Тодруулбал, Улсын дээд шүүхийн тайлбарт “шүүх ямар тохиолдолд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх, ямар тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзах гэдгийг дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь дээрх шаардлагаас өөр шаардлага гаргах боломж байсан эсэх нь тухайн хэргийг шийдвэрлэхэд чухал байхад шүүх энэ талаар тодорхой дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “Х***” ХХК нь эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргахаасаа өмнө нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацаатай холбоотой асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлсэн эсэх нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байхад шүүх анхаарч үзээгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:

Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3/04 дугаар тогтоолыг Монгол Улсын захиргааны хэргийн 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан, хууль ёсны, эрх зүйн үйлчлэл бүхий захиргааны акт болохыг эцэслэн тогтоосон.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-д “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ...” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, “Х***” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлан, зураг зүйн бүртгэлд бүртгэх тухай хүсэлтийг гаргасаар байхад түүнийг биелүүлээгүй байгаа нь Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3/04 дугаар тогтоолыг эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Мөн тус тогтоолд тухайн захиргааны актыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих газруудад мэдэгдэж, бүртгүүлэхийг сумын Засаг даргад үүрэгжүүлэн даалгасан бөгөөд Засаг дарга санаатай, санамсаргүйгээр энэ үүргээ биелүүлээгүй нь ч дээрх захиргааны актыг эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, 14.6. 14.7 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр буюу нөхөн олговрын асуудалд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад шүүх огт өөр сэдвээр буюу өмнө нь Монгол Улсын дээд шүүхийн эцэслэн шийдвэрлэсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3/04 дугаар тогтоол эрх зүйн үйлчлэлтэй эсэхийг татан авч үзсэн нь хэрэг маргааныг буруугаар тодорхойлж, үндэслэлгүй шийдвэр гаргахад хүргэсэн гэж үзэж байна. Нөхөн олговорын асуудлаар өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд эрх зүйн ач холбогдол бүхий үйл процесс болоогүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буюу хариуцагчаар тодорхойлсон захиргааны байгууллага, албан тушаалтан тус бүрт холбогдуулан нэхэмжлэлийн ямар шаардлага гарган маргаж байгаа болох, тэдгээрийн үндэслэлийг бүрэн тодруулалгүй хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”,

52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл” гэж тус тус заасанчлан тус шүүх нь нэхэмжлэгч хүн, хуулийн этгээдээс нэхэмжлэлдээ хариуцагчаар  тодорхойлсон захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага, түүнээс гаргасан захиргааны актад хамаарах тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна.

          4. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “Х***” ХХК-иас “Ашигт малтмалын ашиглалтын MV-02*** дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “Х***” ХХК нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргаж маргаж байхад анхан шатны шүүх хариуцагчаар тодорхойлсон Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон сумын Засаг даргад холбогдуулан тус бүр ямар шаардлага гаргаж байгаа болох,

          хариуцагчаар татагдсан сумын Засаг даргын ямар шийдвэр, үйл ажиллагааны улмаас хуульд заасан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн хөндөгдөж, зөрчигдсөн хэмээн үзэж маргаж байгаа болох зэрэг үйл баримтыг бүрэн гүйцэд  тодруулалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасанд нийцээгүй.

           5. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-д “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.5-д “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх” тус тус заасан бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 30 дугаар тогтоолоор “нийтийн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг гаргахад тавигдах урьдчилсан нөхцөлийг тухайлан тайлбарласан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тухайн төрлийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хуульд заасан шаардлага хэрхэн хангагдсан болохыг тодруулж, дүгнэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй. Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан “...нэхэмжлэгч нь дээрх шаардлагаас өөр шаардлага гаргах боломж байсан эсэх нь тухайн хэргийг шийдвэрлэхэд чухал байхад шүүх энэ талаар тодорхой дүгнэлт хийгээгүй”, “...Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “Х***” ХХК нь эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргахаасаа өмнө нөхөн олговрын хэмжээ, төлөх хугацаатай холбоотой асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлсэн эсэх нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байхад шүүх анхаарч үзээгүй” гэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            6. Иймд анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулах, нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосны дараа нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 120/ШШ2025/0009 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

      

 

 

                             ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН

                             ШҮҮГЧ                                                А.САРАНГЭРЭЛ

 

                             ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА