| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2023/0422/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/452 |
| Огноо | 2023-04-03 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/452
2023 4 03 2023/ШЦТ/452
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
улсын яллагч Н.Ганчимэг,
шүүгдэгч, Н.Б түүний өмгөөлөгч Г.Оюунболд нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаржуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.Б холбогдох эрүүгийн 2206 04067 0286 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны орой Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Скай ресиденс хотхоны гадна хохирогч Б.О эзэмшлийн Самсунг А12 маркийн гар утсыг мөн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 07 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Өрнөх хорооллын 9а байрны 8 давхарт хохирогч Б.О эзэмшлийн гар цүнхтэй бичиг баримт, гар утас зэрэг эд зүйлсийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэрэг, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ажлын байр болон гэрээсээ урьд дотно харилцаатай байсан иргэн Б.О 2022 оны 3 дугаар сараас эхлэн “өөрөөс нь саллаа” гэх шалтгаанаар түүнийг өөртэй нь уулзах, утасны дугаарыг нь блоклохгүй байх, мөнгө нэхэх” зэргээр тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардан, өөрт нь “чамд хүрнэ, дүрнэ, ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар айлган сүрдүүлсэн, дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа иргэн Б.О болон түүний хүүхдийнх нь зураг, утасны дугаар зэрэг хувь хүний мэдээллүүдийг цахим орчин болох “Булган аймгийн зарын нэгдсэн групп”, “Хөвсгөл аймгийн нэгдсэн зарын групп”, “Санхүү өгнө авна” гэх олон нийтийг хамарсан фэйсбүүк группүүдэд “санхүү авна 50к”, “тэмбүүтэй хүүхэн, залуу”, “луйварчнаас мөнгөө авмаар байна” гэх зэрэг илт худал мэдээлэл байршуулж тараасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 21 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Скай резиденс хотхоны гадна гэрлүүгээ орох гээд утсаар яриад явж байтал гэнэт хойноос манай хуучин найз залуу буюу Н.Б хүрч ирээд шууд юу ч ярилгүй миний гарнаас шууд гар утсыг аваад явчихсан. Тэгэхээр нь шууд хүний утсаар би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би цагдаагийн утаснаас өөрийнхөө дугаар луу залгахад Н.Б би очиж чадахгүй би архи ууж байна. Цагдаатайгаа нийлээд олоорой гэсэн. Эрхэлсэн ажил байхгүй, гэрийг нь сайн мэдэхгүй байна. 2021 оны 07 сард танилцаж байсан. Харьцаа холбоогоо таслаад 8 хонож байна. Өмнө нь бол намайг дарамталж, агсам согтуу тавьж, заналхийлдэг байсан бас Булган аймагт байхад нэг удаа согтуудаа багалзуурдаж байсан. Тэгэхээр нь бүх юмаа блок хийгээд дугаараа хүртэл солиод холбоогүй болчихсон юм. Н. Б утас нь 80010508, 72128856 ийм дугаарууд бариад байдаг, амжилт хүсье гээд утасны цаанаас ярьсан. ...Булан тойроод явчихсан байгаа газрыг нь мэдэхгүй байна, эрүүл байсан. ... эргээд хартал Н.Б нь миний гар утсыг булаагаад гүйгээд ...тэр чигээрээ төв зам руу гүйгээд алга болсон. ...Анх 2021 оны 07 дугаар сард би гэртээ ганцаараа байхдаа хоорондоо ярилцаж тохиролцсоны үндсэн дээр манай гэрт буюу Булган аймаг Булган сум дах гэрт уулзсан. Уулзахдаа бид 2 хоол цай идэж ууж улмаар дотно харьцаанд орж 2-3 хоносон санагдаж байна. Тэр үед миний дотуур хувцастай болон нүцгэн зургийг маань дарсан байсан. Эхэндээ уулзахад ханьтай түшигтэй байсан боловч миний бие тэр хүний нас зөрүүтэй надад тохирохгүй, хардаж сэрдэж эвгүй байдалд оруулаад байсан учир салъя гэсэн байр сууринаас хандаж харьцахаа багасгасан. Н. Б нь тэр үед над руу утсаар болон фэйсбүүкээр байнга залгаж харилцаагаа сэргээхийг хүсдэг байсан. Би ихэнхдээ гар утсыг авдаггүй байсан ч сүүлдээ авахаар миний хажууд эрэгтэй хүн байна, хаана явж байна гээд байнга шалгаж зовоодог байсан. Харилцаа эхлэх үед миний бие маш илэн далангүй бүх мэдээллээ Н. Б гэх хүнд алдчихсан байсан ба энэ асуудлаар маань барьцаалж 2022 оны 01 дүгээр сараас дарамталж олон нийтэд миний уулзаж байсан үеийн зураг бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьсан байсан. ...2022 оны 03 дугаар сараас эхлэн миний ашигладаг албаны утас болох 99794909 гэсэн дугаарыг тавиад санхүү авна гэх маш олон фэйсбүүк грүпп-д олон удаагийн давтамжтай тавьсан. 2022 оны 07 дугаар сарын 11-ний орой Н.Б нь үл таних эрэгтэй хүн рүү миний нэрийг барьж холбогдож улмаар гэр бүлийн эмэгтэй нь над гаргасан тухай над руу залгасан эмэгтэйд хэлж учирлан хэлсэн. Н. Б сүүлдээ надаас мөнгө нэхэж, фэйсбүүкт луйварчин, авсан мөнгөө өг гэх зэргээр хэлдэг болсон. Миний бие өр төлбөр байхгүй. ...хэрэг үүсгэсний дараагаар надаас өгсөн мөнгөө авъя луйварчин минь гэж ахиж фэйсүүк-д тавьсан. ..Н.Б нь мөнгө ороогүй гээд ахиж над руу уурлаж луйварчнаар дуудаж нэр төрд халдаад байна. ...олон хүнтэй групп болон зарууд, байгууллагын цахим хуудасны сэтгэгдэл хэсэгт пост бичиж байгаа. BO, СН, АА зэрэг нэртэй хаягуудаар тавьж байгаа. Ухаад үзвэл олон хаяг байгаа. Маш олон группт тавьсан бөгөөд түүвэрлээд гаргаж өгсөн. ...Чи надтай харилцаж хаана юу хийж байгаагаа хэлэх ёстой, утаснууд блоклохгүй байх, фэйсбүүк найзаар ав зэрэг хэлбэрээр, ажлын байрны хувьд хамт ажилладаг хүмүүс рүү холбогдож байнга намайг асууж, хамт олны дунд эвгүй байдалд оруулж сэтгэл зүйн дарамт айдас түгшүүрт байнга өртүүлж байна. “2022 оны 01 дүгээр сарын үед янаг цэцэг дуун дээр гардаг шиг чамайг зөрж яваад хутгалчихвал яах уу” 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр утсаар ярьж байхдаа “Би чамд, хүрнэ, дүрнэ” гар утасны рекорд байгаа боловч гар утсаа өчигдөр орой дээрэмдүүлсэн. 2022 оны 07 дугаар сард “чи намайг цагдаадаа өг, би хуулийн хариуцлага хүлээж гарч ирчхээд та нарыг харнаа, чиний ясыг чинь цайлгана, зүгээр байдаггүй байгаа шүү би чамтай таарна шдээ, би их муу хүн шүү, шүүх цагдаа намайг гөлөг болгодоггүй байгаа шүү, чам шиг нь намайг бардаггүй байгаа шүү” гэх мэтээр байнгын заналхийлдэг. Би 2023 оны 01 сарын 27-ны өглөө 07 цаг 30 минутад ажилдаа явах гээд гэрээсээ гарахад Н.Б зогсож байсан. Тэгснээ Б “яасан их өдөж байнаа, шазруун хүн яадгийг хараарай” гээд миний гар цүнхнээс татаад ..цүнхний оосор тасраад хамаг юмыг маань аваад зугтаасан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 16-19, 102-106, 199-200 дугаар хуудас),
Шүүгдэгч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...би Сүхбаатар дүүрэг багшийн дээдийн ойролцоо байх Б.О ажил дээр очиж өөрийнхөө гар утсаараа бичлэг хийж “чи намайг шоронгийн шар А гэдэг хүнээр алуулна гэсэн хэзээ алуулах бэ алуулахаасаа өмнө бичлэг хийж авъя” гэж бичлэг хийгээд уг бичлэгийг өөрийнхөө АА гэсэн фейсбүүк хаягнаас фейсбүүк орчинд тараасан. Мөн би 99794909, 99373809 утасны дугааруудыг оруулж фейсбүүкийн санхүү авна гэсэн групп дээр өөрийнхөө АА болон BO хаягнуудаас хэд хэдэн удаа “санхүү авна гэж” пост оруулсан, мөн фейсбүүк дээр Б.О зургийг оруулж “тэмбүүтэй хүүхэн” гэж пост оруулсан, мөн Б.О хүүхдийн зургийг оруулж фэйсбүүк цахим орчинд өөрийнхөө BO гэх хаягнаас “tembuutei zaluu shu bolgoomjil” гэх утгатай пост нийтэлсэн. О намайг өөрийнхөө найз болох Шар А гэх нөхрөөр удаа дарамтлуулсанд би О уурлаад, гомдсондоо дээрх нийтлэлүүдийг ямар нэгэн үндэслэлгүйгээр би фейсбүүк цахим орчинд тараасан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 111 дүгээр хуудас),
Шүүгдэгч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “..миний бие 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр О-д нэртэй авто угаалгын газарт байхдаа Б.О нэр төрд халдаж эхэлсэн. Тэр цагаас хойш олон нийтийн сүлжээнд хэд хэдэн хуурамч хаяг байршуулж, нэр төрд халдсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 177 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 8, 9, 195 дугаар хуудас),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 30-31, 204 дүгээр хуудас),
Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар хуудас),
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 95 дугаар “Яллагдагчийг цагдан хорих тухай” захирамж, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 152 дугаар “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” (1 дүгээр хавтаст хэргийн 79-80, 234-236 дугаар хуудас),
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар хуудас),
Facebook post (1 дүгээр хавтаст хэргийн 114, 116, 117, 119, 127, 128 дугаар хуудас),
Хавтаст хэргийн материалтай Н.Быг танилцуулсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 226 дугаар хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (1 дүгээр хавтаст хэргийн 241, 242, 243-244, 2 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 66 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 64, 138 дугаар хуудас),
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 159-160 дугаар хуудас), хохирлын мөнгө шилжүүлсэн хуулганы хуулбар, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (2 хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас “Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны орой Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Скай ресиденс хотхоны гадна хохирогч Б.О эзэмшлийн Самсунг А12 маркийн гар утсыг мөн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 07 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Өрнөх хорооллын 9а байрны 8 давхарт хохирогч Б.О эзэмшлийн гар цүнхтэй бичиг баримт, гар утас зэрэг эд зүйлсийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэрэг, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ажлын байр болон гэрээсээ урьд дотно харилцаатай байсан иргэн Б.О 2022 оны 3 дугаар сараас эхлэн “өөрөөс нь саллаа” гэх шалтгаанаар түүнийг өөртэй нь уулзах, утасны дугаарыг нь блоклохгүй байх, мөнгө нэхэх” зэргээр тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардан, өөрт нь “чамд хүрнэ, дүрнэ, ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар айлган сүрдүүлсэн, дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа иргэн Б.О болон түүний хүүхдийнх нь зураг, утасны дугаар зэрэг хувь хүний мэдээллүүдийг цахим орчин болох “Булган аймгийн зарын нэгдсэн групп”, “Хөвсгөл аймгийн нэгдсэн зарын групп”, “Санхүү өгнө авна” гэх олон нийтийг хамарсан фэйсбүүк группүүдэд “санхүү авна 50к”, “тэмбүүтэй хүүхэн, залуу”, “луйварчнаас мөнгөө авмаар байна” гэх зэрэг илт худал мэдээлэл байршуулж тараасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Н.Б болон түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Н.Б нь Б.О нар нь 2021 оны 7 дугаар сард танилцаж, дотно харилцаатай болжээ.
Улмаар Н.Б, Б.О нар нь хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, 2022 оны 3 дугаар сараас “өөрөөс нь саллаа” гэх шалтгаанаар түүнийг өөртэй нь уулзах, утасны дугаарыг нь блоклохгүй байх, мөнгө нэхэх” зэргээр тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардан, өөрт нь “чамд хүрнэ, дүрнэ, ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар айлган сүрдүүлжээ.
Дээрх үйлдлийг гаргах явцдаа Б.О болон түүний хүүхдийнх нь зураг, утасны дугаар зэрэг хувь хүний мэдээллүүдийг цахим орчин болох “Булган аймгийн зарын нэгдсэн групп”, “Хөвсгөл аймгийн нэгдсэн зарын групп”, “Санхүү өгнө авна” гэх олон нийтийг хамарсан фэйсбүүк группүүдэд “санхүү авна 50к”, “тэмбүүтэй хүүхэн, залуу”, “луйварчнаас мөнгөө авмаар байна” гэх зэрэг илт худал мэдээлэл байршуулж тараажээ.
Мөн Н.Б нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны орой Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Скай ресиденс хотхоны гадна Б.О эзэмшлийн Самсунг А12 маркийн гар утсыг,
2023 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 07 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Өрнөх хорооллын 9а байрны 8 давхарт түүний эзэмшлийн гар цүнхтэй бичиг баримт, гар утас зэрэг эд зүйлсийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Б.О эзэмшлийн Samsung A12 маркийн гар утсыг 324,700 төгрөгөөр,
“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлангаар Samsung A12 маркийн гар утсыг 350,000 төгрөгөөр, цүнхийг 380,000 төгрөгөөр, бээлийг 20,000 төгрөгөөр тус тус үнэлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэж хуульчилсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
“Илээр авсан” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг, “хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг тус тус ойлгоно.
Шүүгдэгч Н.Б нь хохирогч Б.О эзэмшлийн Samsung A12 маркийн гар утас, цүнх, бээлий зэргийг өөрт нь мэдэгдэж, нүдэн дээр нь илээр, түүнд амь нас, эрүүл мэндийн байдалд халдалгүйгээр авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан.
Шүүгдэгч Н.Б нь “дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байна.
Иймд шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар бүлэгт “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг” гэмт хэргийг хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэж тус тус хуульчилсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “...Хэний ч нэр төрийг нь доромжилж болохгүй” гэж, арван долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” гэж Монгол Улсын иргэний үндсэн үүргийг заажээ.
Шүүгдэгч Н.Б нь хохирогч Б.О 2022 оны 3 дугаар сараас “өөрөөс нь саллаа” гэх шалтгаанаар түүнийг өөртэй нь уулзах, утасны дугаарыг нь блоклохгүй байх, мөнгө нэхэх” зэргээр тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардан, өөрт нь “чамд хүрнэ, дүрнэ, ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар айлган сүрдүүлж, уг гэмт хэргийг үйлдэх явцдаа Б.О болон түүний хүүхдийнх нь зураг, утасны дугаар зэрэг хувь хүний мэдээллүүдийг цахим орчин болох “Булган аймгийн зарын нэгдсэн групп”, “Хөвсгөл аймгийн нэгдсэн зарын групп”, “Санхүү өгнө авна” гэх олон нийтийг хамарсан фэйсбүүк группүүдэд “санхүү авна 50к”, “тэмбүүтэй хүүхэн, залуу”, “луйварчнаас мөнгөө авмаар байна” гэх зэрэг илт худал мэдээлэл тараасан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэр төр, алдар хүндэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Н.Б нь хохирогч Б.О 2022 оны 3 дугаар сараас “өөрөөс нь саллаа” гэх шалтгаанаар түүнийг өөртэй нь уулзах, утасны дугаарыг нь блоклохгүй байх, мөнгө нэхэх” зэргээр тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардан, өөрт нь “чамд хүрнэ, дүрнэ, ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар айлган сүрдүүлсэн нь “Заналхийлэх” гэмт хэргийн шинжийг,
Дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа Б.О болон түүний хүүхдийнх нь зураг, утасны дугаар зэрэг хувь хүний мэдээллүүдийг цахим орчин болох “Булган аймгийн зарын нэгдсэн групп”, “Хөвсгөл аймгийн нэгдсэн зарын групп”, “Санхүү өгнө авна” гэх олон нийтийг хамарсан фэйсбүүк группүүдэд “санхүү авна 50к”, “тэмбүүтэй хүүхэн, залуу”, “луйварчнаас мөнгөө авмаар байна” гэх зэрэг илт худал мэдээлэл тараасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч Н.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хохирогчийн Б.О нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтдээ гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Н.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Н.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулах саналыг танилцуулж, Н.Б нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч Н.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлахаар тогтоов.
Мөн Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ын цагдан хоригдсон 19 хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг 7 сар 11 хоногоор тогтоов.
Шүүгдэгч Н.Б-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож хяналт тавихыг харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Н.Б-т урьд авсан Улаанбаатар хотоос гарч явахыг хязгаарлах, хохирогч Б.О-тэй болон түүний гэр бүлийн гишүүдтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овогт Нэргүйн Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 8 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Н.Б-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож хяналт тавихыг харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ын цагдан хоригдсон 19 хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг 7 сар 11 хоногоор тогтоосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-т урьд авсан Улаанбаатар хотоос гарч явахыг хязгаарлах, хохирогч Б.О-тэй болон түүний гэр бүлийн гишүүдтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ