| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2019/02516/И |
| Дугаар | 2756 |
| Огноо | 2019-12-16 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2756
2019 оны 12 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2019/02756 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Х нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ч холбогдох,
орон сууц барьцаанаас чөлөөлүүлэх, гурилын үнэ болох 8,910,000 /найман сая есөн зуун арван мянга/ төгрөгийг гаргуулах тухай үндсэн, хугацаа хэтрүүлсний алдангид 7,800,000 /долоон сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гүнждагва, Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд, нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016.06.30-нд өөрийн өмчлөлийн *******,*******,*******,*******,******* тоот 2 өрөө орон сууцаа барьцаалан Б.Чтэй “Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” гэрээг Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчаар баталгаажуулж “Өег” гурилыг 2 жилийн хугацаагаар худалдан авахаар болсон. Гэрээнд заасны дагуу гурилаа зээлээр авч төлбөрөө цаг хугацаандаа барагдуулж ирсэн. Гэтэл Б.Ч 2018 оны 4 сард “та 11 тн гурилын өртэй байна мөнгөө хийгээрэй” гэсэн үгэнд нь итгээд 12 тн гурилын үнэ болох 9,680,000 төгрөгийг түүний ******* тоот дансанд хийсэн. Мөнгө шилжүүлсний дараа дансны хуулга болон өөрт байгаа бусад баримтаа тулган дахин тооцоогоо наийвчлан үзтэл би 12 тн биш 1 тн гурилын үнэ 770,000 төгрөгийн өглөгтэй байсан бөгөөд би 8,910,000 төгрөг илүү өгчихсөн байсан. Тэгээд Б.Чээс илүү өгсөн 8.910.000 төгрөгөө буцааж авах гэтэл хүү алданги нэхэж, байрны гэрчилгээг өгөхгүй байна. Иймд түүнээс 8,910,000 төгрөг гаргуулж, “Бүтээгдэхүүн худалдах худалдан авах тухай” гэрээ дуусгавар болсон, “Барьцааны гэрээ” мөн дуусгавар болсон тул барьцаанаас чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016.06.30-нд Х *******,******* 416-61 тоот орон сууцыг барьцаалан бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулж, 15,0 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлж авсан. Гэрээний хугацаа 2017.06.30-ны өдөр дууссан ч зээлээ хугацаандаа төлөхгүй байж байгаад 2018 онд 2 хувааж үндсэн зээлээ төлсөн бөгөөд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцно гэж гэрээгээр тохирсон тул Х төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсний алданги өгвөл байрыг чөлөөлнө. Харин 8,910,000 төгрөг гаргах үндэслэлгүй гэв.
Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний хугацаа 2017.06.30-ны өдөр дууссан. Гэтэл Х зээлээ төлөхгүй байж байгаад 2018 оны 4 сар гэхэд 2 хувааж төлсөн бөгөөд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцно гэж гэрээгээр тохиролцсон, Х хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтрүүлж зээлээ төлсөн. 2018 оны 07 сарын эхээр Б.Хгийн нөхөр *******тай уулзахад алданги 7,800,000 төгрөгийг чинь төлж чадахгүй, харин 1,500,000 төгрөг өгөөд гэрчилгээг авъя гэж хэлсэн ба тухайн үед Ч хүлээн зөвшөөрөөгүйн улмаас хэд хоногийн дараа Х нь өөрийн нөхөр ******* бас үл таних арбитын шүүхэд ажилладаг гэх эмэгтэйтэй очиж Чийг хуулиар далайлган байраа чөлөөлүүлэхээр шаардаж байсан бөгөөд улмаар арбитын шүүхэд ажилладаг гэх эмэгтэй нь “” ХХК руу утасдаж Чийн мэдээллийг авах гэж залгаж байсан. Хгийн Чт алдангид 1,500,000 төгрөг өгөхийг Ч зөвшөөрөөгүйн улмаас 2018 оны 11 сард Сонгонохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2019.01.02-ний өдрийн 184/Ш32018/00411 дугаар шүүгчийн захирамж гарсан. Мөн 2019.05.08-ны өдрийн 184/Ш32019/05302 дугаар захирамжаар ИХШХШТХ-ийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцаасан. Гэрээний 6.2.1-д төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд зээлийн хэмжээний 0,5 хувиар алданги тооцно гэж заасан. Тиймээс 15,0 сая төгрөгийн хоногийн 0,5 хувь гэхээр 75,000 төгрөг болж байгаа бөгөөд зөвхөн жилийн 365 хоногоор үржихээр 27,375,000 төгрөг болж байна. Гэвч Иргэний хуулийн 232.4-т анз нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул 15,000,000 төгрөгийн 50 хувь 7,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нараас сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Х 2016.06.30-ны өдөр орон сууц барьцаалан 15,0 сая төгрөгийг зээлсэн гэдэг нь ямар ч үндэслэлгүй бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, Б.Чээс 15,000,000 төгрөгийг Б.Хд шилжүүлээгүй. Талууд “Бүтээгдэхүүн худалдах худалдан авах” тухай гэрээ байгуулсан ба гэрээний хугацаанд буюу 2018.06.30-ныг хүртэл Б.Чээс нийлүүлсэн бүтээгдэхүүн буюу гурилын үнийг тухай бүр нь ямар 1 саадгүй, хугацаандаа түүний дансанд төлж ирсэн. Би тухайн үед 10 тн гурилын төлбөр байх ёсгүй гэж гэр бүлийн данс тооцоогоо шалгасан. Тэгээд Б.Чтэй “8,910,00 төгрөг илүү өгснөө авья, байрны ордер чөлөөлж өг” гэж удаа дараа утсаар ярихад тухайн үед би хүүндээ авч байна, дахиад ч хүү, алданги авах ёстой гэсэн. Анх Б.Ч бидэнд өөрийгөө Дарханы “Өег” гурилын үйдвэрийн ажилтан гэж танилцуулсан, бид тус үйлдвэрийн гурилыг сонирхож байсан тул итгэж гэрээ байгуулсан. Бид “Өег” гурилын үйлдвэр Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн гэдгийг мэдэж, арбитрт ажилладаг төрсөн эгчээр дамжуулан “” ХХК-иас Б.Чийн талаар мэдээлэл хүсэхэд “манайд ажилладаггүй гурилын ченж Б.Ч гэдэг залуу манайхаас гурил авч байсан, их хэмжээний өртэй, манайд олдохгүй байгаа” гэсэн. Ингээд бид удаа дараа оролдсоны эцэст Б.Чтэй холбоо барьж тооцоо нийлье гэж хуульч эгчтэйгээ очиж уулзсан нь үнэн. Би арга буюу илүү төлсөн 8,910,000 төгрөг, байрны ордероо авах гэж 2018 оны 7 сараас хойш шүүхээр явж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2.1-д зааснаар алданги нэхэж байгаа нь үндэслэлгүй хэзээний, ямар 15,0 сая төгрөгөөс алданги тооцоод байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй, алдангиа ямар хугацаанаас яаж тооцсон зэрэг нь тодорхойгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Б.Х нь Б.Чт холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8,910,000 төгрөг гаргуулах, орон сууцны барьцааны гэрээг цуцлуулж, нэр дээр буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, ажиллагааны явцад барьцаанаас чөлөөлүүлэхээр шаардлагаа өөрчилжээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ гэрээний дагуу төлөх төлбөрөөс илүү мөнгө шилжүүлсэн, Барьцааны гэрээ дуусгавар болсон гэж тайлбарлалаа.
Хариуцагч нь эс зөвшөөрч илүү төлбөр шилжүүлээгүй, харин манайд хугацаа хэтрүүлж төлбөр төлсөн тул алдангиа гаргуулна гэж маргав.
Зохигч 2016.06.30-ны өдөр “Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулж, нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,******* тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч барьцаалсан байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” байх зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Хариуцагч гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй, гэрээний агуулга, нөхцлийг дүгнэхэд талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан шаардлагыг хангасан байх бөгөөд гэрээний хугацаанд Б.Ч нь Б.Хгийн захиалгын дагуу “Өег” гурил нийлүүлэх, худалдан авагч нь 1 кг-ыг 850 төгрөгөөр тооцон, тухайн захиалга өгсөн сарын сүүлийн өдөр тооцоо хийхээр тохироцжээ.
Барааны үнийг “Өег” гурилын үйлдвэрээс зарласан ханшаар төлөхөөр тохиролцсон нь Төлбөр төлсөн түүвэр баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь үнийн талаар маргахгүй байна.
Тухайн түүврээр нийт 345,000 кг гурилыг худалдан авагчид нийлүүлж, 281,800,00 төгрөг төлсөн, шүүх хуралдаанд зохигч энэ талаар нэгбүрчлэн тулгахад 2017.03.25-ны өдөр гийн эзэмшлийн тоот данснаас 15,800,000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн, хариуцагч авсан гэж тайлбарласан, өөр байдлаар зөрүү гараагүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд 15,000,000 төгрөгийг шилжүүлэн зээлдсэн талаархи баримтгүй байх тул зээлийн гэрээний үүргийн дагуу алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Талуудын байгуулсан гэрээний 6.2.1-д Б.Х нь төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд зээлээр нийлүүлсэн барааны хэмжээний 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232.6-д заасанд нийцжээ.
Нэхэмжлэгчийн төлбөр төлсөн огноог үзэхэд сар бүрийн 25-ны өдөр төлбөрийг шилжүүлсэн байх бөгөөд гэрээний 2.11 дэх заалтаар “төлбөрийн үлдэгдэлтэй тохиолдолд дараагийн нийлүүлтийг хийхдээ тухайн үлдэгдэл төлбөрийн хэмжээгээр бууруулах”-аа тохиролцсоны дагуу үлдэгдэл төлбөр байсан, үүнээс хасч бууруулсан гэж үзэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагчийн нэхэмжлэгчээс хугацаа хэтрүүлсний алданги гаргуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нотлогдохгүй байх тул хангах үндэслэлгүй байна.
Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний хугацаа 2017.06.30-ны өдөр дууссан боловч талууд гэрээг дуусгавар болгоогүй, захиалгыг Б.Х өгснөөр Б.Ч нь 2017 онд 2 удаа, 2018 оны 6 сард нийт 11,7 тн гурилыг Б.Ч нь нийлүүлсэн байх тул мөн хугацаагаар гэрээг сунгасан гэж үзнэ.
Дээрх хугацаанд нийлүүлсэн барааны үнийг тухайн саруудын 25-ны өдрүүдэд нэхэмжлэгч шилжүүлснээр талуудын хооронд байгуулагдсан Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлснээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг дуусгавар болжээ.
Харин нэхэмжлэгч нь 2018.07.05-ны өдөр хариуцагчийн данс руу 8,910,000 төгрөг төлсөн, тухайн хугацаанд барааг захиалсан, нийлүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг нь дуусгавар болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэжээ.
Тухайн тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь үүнээс хойш хариуцагчийн дансанд 8,910,000 төгрөг шилжүүлснийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.
Иймд дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх мөнгийг буцаан шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон бол барьцааны эрх дуусгавар болно гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох юм.
Ийнхүү барьцааны эрх дуусгавар болсноор Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй гэж зааснаар барьцаалагч Б.Ч нь барьцааны зүйл болох орон сууц өмчлөгч Б.Хд буцаан өгөх үүрэгтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэхэд хариуцагчаас 8,910,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Баянзүрх дүүрэг,*******,*******, 416-61 тоот орон сууцыг Б.Чийн барьцаанаас чөлөөлж, хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн төлбөрийн алдөнгид 7,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан 15,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийн барьцаанаас чөлөөлүүлэх, 8,910,000 төгрөг гаргуулах буюу 23,910,000 төгрөгийн шаардлагад 277,500 төгрөг төлөхөөс 785,660 төгрөг төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар илүү төлсөн 508,160 төгрөгийг орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 785,660 төгрөг, хариуцагчаас төлсөн 137,950 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 277,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.3-т заасныг баримтлан Б.Чээс 8,910,000 /найман сая есөн зуун арван мянга/ төгрөг гаргуулан, Б.Хд олгож, Баянзүрх дүүрэг,*******,*******, 416-61 тоот орон сууцыг Б.Чийн барьцаанаас чөлөөлсүгэй.
2. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.4-т зааснаар Б.Хгөөс алдангид 7,800,000 /долоон сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай Б.Чийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 785,660 төгрөгийн 277,500 төгрөгийг, хариуцагчаас хураамжид төлсөн 137,950 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 277,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар 508,160 төгрөгийг орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ