| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 125/2023/0012/З |
| Дугаар | 221/МА2025/0500 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2025/0500
Т.А-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Т.А, өмгөөлөгч Д.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16-17/31 дугаартай актыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.А-, өмгөөлөгч Д.Э
Хариуцагч Б.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б
Хэргийн индекс: 125/2023/0012/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.А-аас Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.А, Б.Ж нарт холбогдуулан “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16-17/31 дугаартай актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн /1994 он/ 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.А-ийн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “... Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ: Т.А-ийг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх сургуулиас чөлөөтэй байсан хугацааг нөхөн даатгалд хамрагдсанаар тооцохыг зөвшөөрч байгаа талаар хариуцагч шүүх хуралдаанд тайлбарласан, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд сумын Баянбулаг багийн хүний бага эмчээр ажилласанд тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцож байгаа талаар хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тус тус тайлбарласан.
3.2. Нэхэмжлэгч Т.А-ийн өндөр насны тэтгэврийг анх тогтоохдоо 20 жил 1 сар нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцож тэтгэвэр тогтоосон, үүнээс Говь-Алтай аймаг дахь Анагаахын ухааны дунд сургуульд сурч төгссөн 5 сар 8 хоногийн хугацааг хасвал 19 жил 6 сар 22 хоног нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ба энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан “...20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн ...” байх шаардлагыг хангахгүй тул уг үндэслэлээр төлбөрийн акт тогтоосон нь хуульд нийцсэн байна гэж үзлээ” гэж тайлбарласан нь хуульд нийцэхгүй байна.
3.3. Т.А- нь ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхөн даатгалд хамрагдаж /1990-2000 он/ 11 жилийг нөхөн тооцуулсан.
3.4. Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.А, Д.Ж нарын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 16-17/31 дугаартай “Илүү олгосон тэтгэвэр буцаан олгох тухай” актын үндэслэл нь “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг зөрчиж эрх үүсээгүй тэтгэвэр тогтоолгож авсан зөрчил илрэв” гэжээ.
3.5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрүүлсэн болон 3 хүртэлх настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж хуульчилжээ.
3.6. Т.А- нь 5 /тав/ хүүхэд төрүүлж өсгөсөн. Нийгмийн даатгалын шимтгэлийг 20-иос дээш жил төлсөн.
3.7. Нийгмийн даатгалын байгууллага нь Т.А-ийн бүрдүүлж өгсөн баримтуудыг үндэслэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзэж өндөр насны тэтгэвэр тогтоосон байдаг.
3.8. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдөл гаргах, шийдвэрлэх хугацааг хуульчилжээ. Хуулийн зохицуулалтаас үзэхэд тэтгэвэр, тэтгэмж тогтоолгохыг хүссэн иргэний өргөдлийг нийгмийн даатгалын байгууллагын ажилтан хүлээн авч тэтгэвэр авах эрх үүссэн эсэхийг шалгаж, тэтгэвэр олгох эсэхийг шийдвэрлэхээр хуульчилжээ.
3.9. Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны хайнга алдаанаас үүссэн хохирол, хор уршгийг тэтгэвэр тогтоолгохыг хүсэж, өргөдөл гаргасан иргэн хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
3.10. Хариуцагч нар нь Т.А-ийг “Ажилсан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахдаа тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасныг зөрчсөн” гэж акт тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Хуулийг зөрчиж байна.
3.11. Ажилласан жил, нөхөн тооцуулах тухай 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн журамд “Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль, журамд зааснаар иргэний бүрдүүлж өгсөн баримтыг нийгмийн даатгалын байгууллагын ажилтан шалгаж хянаж үзээд нөхөн даатгалд хамруулах эсэхийг шийдвэрлэхээр хуульчлан журамлажээ.
3.12. Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны ажилдаа хайнга хандсан буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол хор уршгийг иргэн хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
3.13. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлэн хуулийг буруу хэрэглэж иргэн Т.А-ийн эрх, хууль ашиг сонирхлыг ноцтой хохироосон.
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаартай шийдвэрийг хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.А, Д.Ж нарын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16-17/31 дүгээр актаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг зөрчиж эрх үүсээгүй тэтгэвэр тогтоолгож авсан 5 690 322 төгрөгийг Т.А-ээр буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс дээрх улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч “... Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1990-2000 онуудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар хүсэлт гаргасан иргэний материалыг Нийгмийн даатгалын байцаагч шалгаж, шийдвэрлэх ёстой, түүнээс биш иргэн хүн өөрөө тооцох боломжгүй, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж үзэж тэтгэвэр тогтоосон хэрнээ тэтгэвэр авах эрх үүсээгүй гэж акт тогтоосон нь хууль бус, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т “нийгмийн даатгалын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэж заасан тул актын төлбөрийг төлөх үндэслэлгүй...” гэж тайлбарлан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16-17/31 дугаартай актыг хүчингүй болгуулахаарнэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.
2.2. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Т.А нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сар дуустал хугацааны нийт 11 жилийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлснөөр тооцуулан нөхөн даатгалд хамрагдаж, ... мөн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд зааснаар 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 07 дугаар сар дуустал нийт 1 жил 7 сарын хугацаанд малчнаар нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн тооцуулж баталгаажилтын хуудас авсан байх бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргахад Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудсаар 12 жил 7 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, 5 хүүхэд төрүүлж өсгөсөн, хүүхэд бүрийн тоогоор 1 жил 6 сар, нийт 7 жил 6 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцож, нийт 20 жил 1 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж үзэж өндөр насны тэтгэвэр тогтоон, олгож эхэлсэн үйл баримтууд тогтоогдож байна.
2.3. Анхан шатны шүүх “... Т.А-ийн өндөр насны тэтгэврийг анх тогтоохдоо 20 жил 1 сар нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцож тэтгэвэр тогтоосон, үүнээс Говь-Алтай аймаг дахь Анагаахын ухааны дунд сургуульд сурч төгссөн 5 сар 8 хоногийн хугацааг хасвал 19 жил 6 сар 22 хоног нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ба энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-д заасан “...20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн...” байх шаардлагыг хангахгүй тул уг үндэслэлээр төлбөрийн акт тогтоосон нь хуульд нийцсэн...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
2.4. Хэдийгээр нэхэмжлэгч Т.А-ийн хувьд 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сар дуустал хугацааны нийт 11 жилийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлснөөр тооцуулан нөхөн даатгалд хамрагдаж баталгаажилтын хуудас авсан байх боловч Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн үйлчлэл нь гагцхүү 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэдэд хамаарахаар байна. Тодруулбал, дээрх хуулийн зорилго нь өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон, аж ахуйн нэгж, байгууллага нь татан буугдсан, орон тооны цомхотголд орсон, мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд нь тухайн ажил, албан тушаалд тэнцэхгүй болсны улмаас ажлаасаа халагдсан иргэдийн ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох зорилготой бөгөөд нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн цаг хугацаанд буюу 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймаг дахь Анагаахын ухааны дунд сургуульд сурч төгссөн болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд тухайн суралцсан цаг хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанаас ийнхүү хасч тооцсон нь хуульд нийцжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.А, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН