Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч Г.Батгэрэл,

Хохирогч С.Тунгалаг, 

Шүүгдэгч Г.Батчулуун,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

Иргэний хариуцагч Д.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Ганчулууны Батчулуунд холбогдох эрүүгийн 201624000932 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

   Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “ Сайхан-Ирээдүй “ ХХК-ний автобусны жолооч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 01 дүгээр гудамж 14 тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 447 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: МЭ 82080513 / Бэсүд овогт Ганчулууны Батчулуун нь:

- 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн орчим Вокзал-Долоон буудлын чиглэлд нийтийн тээвэрт явж байгаад Сүхбаатар дүүргийн нутаг 5-н буудлын автобусны буудал дээр Daewoo BS 106 маркийн 53-74 УБН дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2. " Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй." гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч С.Тунгалагийг автобусны баруун хойд талын дугуйгаараа дайрч биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                    

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд  / хх 4-11 /

Хохирогч С.Тунгалаг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн орчим Бөмбөгөр худалдааны төвөөс 5-н буудал руу явах автобусанд ганцаараа суугаад 5-н буудлын автобусны буудал дээр  зогсохоор нь хойд талын хаалгаар нэг эрэгтэй хүн буусан, араас нь би бууж дуусаагүй байхад автобусны хаалга миний гарыг хавчаад хаагдсан. Тэр үед би  “ Гарыг минь хавччихлаа “ гээд орилтол автобусны хаалга онгойж би урагшаагаа саваад унасан. Автобус хөдлөөд миний баруун хөлний шилбэ, зүүн хөлний тавхай хэсгээр дугуйгаараа дайраад гарсан. Намайг орилоход автобус зогсоод, жолооч бууж ирээд “ Эгч ээ яасан бэ “ гэж асуусан. Миний хөл маш их өвдөж, хөлнөөс цус гарч байсан. Зарим зүйлийг санахгүй байна.  103-н эмч намайг үзээд гэмтлийн эмнэлэгт авчирсан. Гэмтлийн эмнэлэгт ойролцоогоор 20 орчим хоног эмчлүүлсэн. Би түнхний саажилт гэдэг төрөлхийн өвчтэй. Миний биеийн зүүн гар, хөл сул мэдээгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувьтай байдаг. Автобусанд ганцаараа суугаад бууж сууж чаддаг.

Би Улаанбаатар хотод зүймэл даавуу урлалын сургалтанд хамрагдахаар 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ирээд байсан. Автобусны жолооч эм тариа хагалгааны зардал гээд бүгдийг шийдэж байгаа. Одоогоор өөрөөс эмчилгээний зардал ихээр гараагүй байна. Би их гомдолтой байна. Би одоо юу ч хийж чадахгүй,  нутагтаа очоод ажиллах чадваргүй, ажлын байргүй болсонд их харамсаж байна гэжээ.  / хх 17-18 /

Гэрч Ш.Амарбаатар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2016 оны 10 дугаар сард хэдний өдөр байсныг санахгүй байна. Өдрийн 16 цаг өнгөрч байхад 32-ын автобусны буудлаас “ 7-н буудал-Санзай “ гэсэн автобусанд суугаад 5-н буудал дээр буусан. Намайг автобусанд сууснаас буух хүртэл автобус их хурдтай яваад байсан. Би 5-н буудлын автобусны буудал дээр хамгийн түрүүлж хойд хаалгаар буугаад, буусан газартаа тамхи асаагаад зогсож байхад эмэгтэй хүний орилох чимээ сонсогдохоор нь хартал автобусны хойд хаалганаас эмэгтэй хүн унаад нилээн чирэгдээд дайруулсан янзтай байсан. Жолооч буугаад ирэхэд нь би цагдаа дууд гэж түүнд хэлсэн. Би 103 руу залгаж мэдэгдсэн. Ойролцоогоор 5 минутын дотор 103-н эмч эмэгтэйг үзээд эмнэлэг аваад явсан. Тэр эмэгтэй нэг суга таягтай байсан гэжээ. / хх 44-45 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14205 тоот дүгнэлтэнд:

1. С.Тунгалагийн биед баруун шилбэний шаант ясны ил хугарал, баруун шилбэний шарх, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдадтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна гэжээ. / хх 56 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6952 тоот дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүдийн СD дискэнд бичигдсэн "5374_161012171200_4.аvi " гэсэн нэртэй дүрс бичлэг нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн " 5374_161012171200_4.avi “ гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:00:41 секундэд бараан өнгийн хүрэмтэй таяг тулсан эмэгтэй хүн автобуснаас бууж автобусны хаалганы дотор хэсгийн бариулаас тавиагүй байх үед автобус хөдөлгөөнөө эхэлсэн байна гэжээ. / хх 60-62 /

Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа / хх 4 /

Техникийн шинжээчийн 683 тоот дүгнэлтэнд:

1. Daewoo ВЗ 106 маркийн 53-74 УБН дугаартай автобусыг жолоодон явсан жолооч Г.Батчулуун нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "21.2. Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэт зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэт хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй." гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Зорчигч С.Тунгалаг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна гэжээ. / хх 67-68 /

Шүүгдэгч Г.Батчулууныг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 77-79 /, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 80-82 /

Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 90 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Батчулуун нь мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн орчим Вокзал-Долоон буудлын чиглэлд өөрийн автобусыг жолоодон яваад 5-н буудлын автобусны буудал дээр ирж зогсоод зорчигчдоо буулган зөв талын толиндоо хараад хөдлөөд баруун талын толиндоо хартал хүн хаалганаас унаж байгаа харагдахаар нь автобусаа зогсоогоод буугаад очсон. Тэгээд цагдаа, түргэн дуудсан. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний зардалд 1.623.700 төгрөг төлсөн. Одоо нэхэмжилж байгаа 629.845 төгрөгийг төлье. Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө. Хохирогчийг цаашид харж хандана гэдгээ амлаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч С.Тунгалаг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 70 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан бөгөөд тахир дутуугийн группт байдаг. Өөрийн аймгаас сургалтанд суухаар ирсэн юм. Ингээд өөрийн түрээслэн амьдарч байсан гэртээ очихоор автобусанд суугаад 5-н буудал дээр ирээд автобуснаас буухаар баруун хөлөө газарт тавиад баруун гараараа зүүн хөлөө зөөж байхад автобусны хаалга хаагдсан. Би “ Гар хавччихлаа “ гээд орилтол хаалга нээгдээд би урагшаа саваад унасан. Гэтэл автобус миний баруун хөлөн дээгүүр гарсан. Тэр үед миний хөл маш их өвдөж байсан ба хөлнөөс маш их цус гарсан. Би төрөлхийн түнхний саажилттай зүүн тал мэдээгүй. Гэвч осолд орохоос өмнө би нэг таягтай, өөрөө хамаг юмаа хийгээд ганцаараа явж чаддаг байсан. Одоо бүрэн хүний асаргаанд орсон. Хэзээ хөл дээрээ босохыг мэдэхгүй байна. Энэ хугацаанд нийт 1.623.700 төгрөгний зардал гарсныг жолооч төлсөн. Эмнэлгээс гарснаас хойш гарсан зардал болох  629.845 төгрөгийг хүлээн авлаа. Би маргааш гэмтлийн эмнэлэгт хэвтэж, хагалгаа хийлгэх гэж байгаа бөгөөд хөл дээрээ босох хүртэл жолоочтой холбоотой байж, зардал мөнгөө төлүүлэх шаардлагатай байна. Иймд түүнийг хорьж цагдахгүйгээр аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Иргэний хариуцагч Д.Болдбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Г.Батчулуун нь манай компанид жолоочоор ажиллаж байгаад осол гаргасан учир хохирлыг тэргүүн ээлжинд манай компаниас гаргуулахаар намайг иргэний хариуцагчаар шүүх хуралдаанд оруулж байгааг ойлгож байна. Юуны өмнө хохирогчоос уйчлалт гуйж байна. Хохирогч хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан байж ганцаараа явж байсан нь осол гарахад нөлөөлсөн. Манай компаниас хохирогчийн эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн. Одоо нэхэмжилж байгаа мөнгөнөөс зохих хэсгийг би өгсөн. Цаашид хагалгаа хийлгээд баримтаа аваад ирвэл бид хохирлыг төлөхөд татгалзахгүй. Шүүгдэгч Г.Батчулуун нь хүнлэг , сайхан сэтгэлтэй залуу байгаа юм. Би түүнийг галчаар авч ажиллуулах боломжтой гэв.

Шүүгдэгч Г.Батчулуун нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн орчим Вокзал-Долоон буудлын чиглэлд нийтийн тээвэрт явж байгаад Сүхбаатар дүүргийн нутаг 5-н буудлын автобусны буудал дээр Daewoo BS 106 маркийн 53-74 УБН дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2. " Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй." гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч С.Тунгалагийг автобусны баруун хойд талын дугуйгаараа дайрч биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд  / хх 4-11 /, … автобусанд суугаад 5-н буудлын автобусны буудал дээр зогсохоор нь хойд талын хаалгаар буухаар баруун хөлөө газарт тавиад баруун гараараа зүүн хөлөө зөөж байхад автобусны хаалга хаагдсан. Би гар хавччихлаа гээд орилтол хаалга нээгдээд би урагшаа саваад унасан. Гэтэл автобус миний хөлөн дээгүүр гарсан. Тэр үед миний хөл маш их өвдөж байсан ба хөлнөөс маш их цус гарсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч С.Тунгалагийн мэдүүлэг  / хх 17-18 /, сидиний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 15 /,  ...Намайг автобусанд сууснаас буух хүртэл автобус их хурдтай яваад байсан. Би 5-н буудал дээр хамгийн түрүүлж хойд хаалгаар буугаад, буусан газартаа тамхи асаагаад зогсож байхад эмэгтэй хүний орилох чимээ сонсогдохоор нь хартал автобусны хойд хаалганаас эмэгтэй хүн унаад нилээн чирэгдээд дайруулсан янзтай байсан. Тэр эмэгтэй нэг суга таягтай байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ш.Амарбаатарын мэдүүлэг  / хх 44-45 /,  …  хохирогч С.Тунгалагийн бие махбодид хүнд гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14205 тоот дүгнэлт / хх 56 /,  ... Техникийн шинжээчийн 683 тоот дүгнэлт  / хх 67-68 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Батчулууныг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулинд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, хохирогчид учирсан эмчилгээний зардал болон бусад хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд хохирогч С.Тунгалаг нь эмчилгээний зардал болон Баянхонгор аймгаас ирж, очсон зардалд нийт 629.845 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нар нөхөн төлсөн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүйд тооцож, хохирогч нь цаашдын эмчилгэний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                                         

ТОГТООХ нь:

1. Ганчулууны Батчулууныг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч,  2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.Батчулууны эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, Г.Батчулуун  нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хохирогч С.Тунгалаг нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Г.Батчулуунд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

5. Г.Батчулууны жолоочийн 305904 тоот, мэргэшсэн жолоочийн 0031088 тоот үнэмлэхүүдийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар Г.Батчулууны эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7. Г.Батчулуунд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, иргэний хариуцагч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          С.ОЮУНЧИМЭГ