Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/376  

 

 

     2023            05           29                                         2023/ШЦТ/376                                

 

                                                                                                                  

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х-ын Э-д холбогдох эрүүгийн 23100 0004 0553 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Нямдорж, насанд хүрээгүй хохирогч Б.Э-ий хууль ёсны төлөөлөгч Ц.Б, шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Баасандорж шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны * дүгээр сарын *-ны өдөр * төрсөн, эрэгтэй, * настай, * боловсролтой, * мэргэжилтэй, “*” ХХК-д гагнуурчин ажилтай гэх, ам бүл *, * хамт амьдрах, *тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Х-ын Э /РД:**********/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нийслэлийн Ерөнхий Боловсролын * дугаар сургуулийн орчимд насанд хүрээгүй хохирогч Б.Э-ийг “өөрийн дүү болох Н-ыг дээрэлхлээ” гэх шалтгааны улмаас үл ялих зүйлээр шалтаглан түүнийг газарт унаган биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, амны зүүн доод хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Х.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Х.Э-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би одоо Сэлбэд барилгын бригадад гагнуурчин хийж байгаа. Ээж эмээг асарч байгаа тул би одоохондоо ганцаараа амьдарч байгаа. Н нь миний төрсөн дүү. Одоо ээжтэй хамт амьдардаг. Тухайн хэрэг гардаг өдөр ажлаа тараад явж байсан чинь манай дүү, найзтайгаа хамт уйлчихсан явж байсан. Би “яасан бэ” гэж асуухад “манай ангийн 2 эрэгтэй хүүхэд дээрэлхээд байсан” гэсэн. Эмэгтэй найзыг нь далангаас доошоо түлхэж унагасан, Н-ыг түлхэх гэж байгаад, чи аавгүй гэх зэргээр хэлсэн байсан.

Тэгээд би тэр хүүхдүүдийг хаашаа явсныг нь асуугаад араас нь явсан. Би очоод сургууль руу нь хамт явъя, эсвэл аав ээжтэй чинь очиж уулзъя гэхэд явахгүй байсан.

Манай дүү, Э хоёр нэг ангид сурдаг. Насанд хүрээгүй хохирогчоос уучлалт гуйсан. Насанд хүрээгүй хохирогчийн хохиролд 600.000 төгрөг төлсөн. Надаас өөр зүйл нэхэмжлээгүй. Аавтай нь хоёр удаа уулзсан. Манай дүү тэр хоёрын харилцаа одоо хэвийн байгаа. Ангийн багштай нь уулзахад хэвийн байгаа гэсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.“ гэсэн мэдүүлэг,

 

2. Насанд хүрээгүй хохирогч Б.Э-ий хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“... Манай хүү Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах Ерөнхий боловсролын *дугаар сургуулийн * дугаар ангид сурдаг. Би энэ асуудал гарсны дараа хүүхэдтэйгээ ярилцаж, ангийн багш, сургуулийн захиралтай нь уулзсан. Би саяхан волейболын тэмцээнд оролцоход ангийнхантай нь хэсэг хугацаанд хамт байсан. Анги хамт олны хувьд хуваагдаж янз бүр болсон зүйл байхгүй байсан. Манай хүүхэд тархины томографын зураг авхуулж, бариачид бариулсан. Цаашдаа хэвийн болох байх.

Хэрэг гарснаас хойш 14, 15 хоног айгаад байна гээд хичээлдээ яваагүй. Хохиролд 600.000 төгрөг авсан. Одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хүүтэйгээ ярилцаж ангийнхаа охиныг дээрэлхсэн үү гэхэд тийм зүйл яриагүй. Би тэгээгүй л гэдэг.” гэсэн мэдүүлэг,

 

Гурав. Эрүүгийн 23100 0004 0553 дугаартай хэргээс:

 

   1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй Б.Э-ий хохирогчоор өгсөн:

“... 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо * дугаар сургуулийн орчимд хичээлээ тараад гэртээ харихаар явж байсан. Гэтэл манай ангийн охин Е-ий төрсөн ах гэх тамхи зуусан том биетэй эрэгтэй хүн гарч ирээд “энэ юм уу” гэж Н-аас асуухад Н “тийм” гэж хэлсэн. Тэр үед “чи муу манай дүүг яаж байгаа юм бэ” гэж хэлээд миний гарыг нэг удаа цохисон. Ах нь намайг куртикнээс заамдаж аваад шууд газарт савуулж унагаасан. Би газарт толгой, нүүр хэсгээрээ унасан. “Намайг дахиад ингэх юм бол гүүрнээс авч шиднэ шүү” гэж хэлсэн. Намайг уйлахад хамт явсан найз нь “дэлгүүр орж нойтон салфеткаар нүүрийг чинь арчаад өгье” гэж хэлсэн. Би “үгүй” гэж хэлээд уйлаад гэр лүүгээ явсан. Тэр үед манай ангийн Н, Е, М болон Е-ий ах найзуудтайгаа байсан.

Миний нүүр хавдаж, дотор муухайраад бөөлжис хүрээд байгаа. Намайг ангийн хүүхдүүдэд өөрт нь хайртай гэж хэлээд яваад байхаар нь би Е-ийг түлхэж унагаасан. Гэхдээ Е бэртэж гэмтээгүй. Би гар утсаа олж авмаар байна.

... Би М, А хоёртой хамт явж байхад Н-ын ах нь араас ирээд барьж аваад газарт нүүрээр маань унагаасан. Тэр хүн намайг ямар шалтгаанаар газар унагасныг би мэдэхгүй. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. Эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний төлбөр зардлуудыг төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг (хэргийн 22-23, 27-28 дахь тал),

 

2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй Б.М-ийн гэрчээр өгсөн:

“.... Би тухайн өдөр М, А, Э нартай хамт хичээлээ тараад далан дээр гулгаж байхад Н, Е нар ирсэн. Бид нар гулгаж байхад Э Е-ийг далангаас түлхсэн. Е доошоо буухдаа хөлөө эвгүй болгочихсон.

Далан дотор Э Н-ыг “аавгүй” гэх зэргээр муулахад Нарангарав уйлаад явчихсан. Бид нар гэртээ харих гээд байж байтал 2 ах бид нарын араас ирээд тамхи татсан ах Э-ийг заамдаж аваад цас руу шидэж унагаасан. Э-ийг босгоход нүүр нь цас болчихсон байсан. Тэр үед би А-т явъя гэж хэлээд хамт явсан. Гэтэл араас Э уйлчихсан ирээд ахдаа хэлж тэр хоёрыг зодуулна гэж ярьсан. Бид нар гэртээ харьцгаасан. Н-ын ах Э-ийг зодоогүй, аваад шидчихсэн. Э-ийг босгоход түүний нүүр нь цас болчихсон, нүүрний нэг тал нь шалбарчихсан байсан. Тухайн үед А, Н, нөгөө хоёр ах бид нар байсан. Би тэр үед гар утасгүй байсан тул бичлэг хийгээгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 39-40 дэх тал),

 

3. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 16020 дугаартай:  

1. Б.Э-ний биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, амны зүүн доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

6. Дээрх гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломж бага.” гэсэн дүгнэлт (хэргийн 46-47 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Э-ын яллагдагчаар өгсөн:

“... Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсан. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.

Тухайн өдөр би ажлаа тараад гэртээ 18 цагийн үед ирэхэд манай дүү, нэг эмэгтэй найзтайгаа хамт уйлчихсан явж байсан. Би дүү Н-аас юу болсон талаар асуухад “юман дээрээс түлхэж унагаагаад, дээрэлхээд байна” гэж хэлсэн. Би дүү Н болон найзтай нь хамт Хараагүйчүүдийн төвийн урд талын гэрлэн дохио дээр дээрэлхсэн гэх хүүхдийг гүйцэж очсон.

Би нөгөө хүүхдийн цүнхнээс барьж зогсоосон. Нөгөө хүүхэд цаашаа гүйх гээд байсан тул гараас нь татаж хавсарч унагаахад нүүр нь цас болчихсон, хацар нь улайчихсан байсан. Би дүүгээ дээрэлхүүлсэн гэдгийг сонсоод дүүгээ өмөөрч биед нь халдсан.

Тухайн үед манай найз Л хамт байсан. Би Л-ын талаар сайн мэдэхгүй, утасны дугаарыг нь мэдэхгүй. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Миний буруу.” гэсэн мэдүүлэг (хэргийн 60-61 дэх тал) болон шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 63, 69 дэх тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 64, 71 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 68 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 70 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Э-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Х.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нийслэлийн Ерөнхий Боловсролын ** дугаар сургуулийн орчимд “өөрийн дүү болох Нарангаравыг дээрэлхлээ” гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч Б.Э-ийг  хавсарч газарт унагасны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, амны зүүн доод хэсэгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан:

-Насанд хүрээгүй хохирогч Б.Э-ий: “... 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо * дугаар сургуулийн орчимд хичээлээ тараад гэртээ харихаар явж байсан. Гэтэл манай ангийн охин Е-ний төрсөн ах гэх тамхи зуусан том биетэй эрэгтэй хүн гарч ирээд “энэ юм уу” гэж Н-аас асуухад Н “тийм” гэж хэлсэн. Тэр үед “чи муу манай дүүг яаж байгаа юм бэ” гэж хэлээд миний гарыг 1 удаа цохисон. Ах нь намайг куртикнээс заамдаж аваад шууд газарт савуулж унагаасан. Би газарт толгой, нүүр хэсгээрээ унасан. “Намайг дахиад ингэх юм бол гүүрнээс авч шиднэ шүү” гэж хэлсэн. Намайг уйлахад хамт явсан найз нь “дэлгүүр орж нойтон салфеткаар нүүрийг чинь арчаад өгье” гэж хэлсэн. Би “үгүй” гэж хэлээд уйлаад гэр лүүгээ явсан. Тэр үед манай ангийн Н, Е, М болон Е-ий ах найзуудтайгаа байсан. Миний нүүр хавдаж, дотор муухайраад бөөлжис хүрээд байгаа. Намайг ангийн хүүхдүүдэд өөрт нь хайртай гэж хэлээд яваад байхаар нь би Е-ийг түлхэж унагаасан. Гэхдээ Е бэртэж гэмтээгүй.

... Би М, А хоёртой хамт явж байхад Н-ын ах нь араас ирээд барьж аваад газарт нүүрээр минь унагаасан. Тэр хүн намайг ямар шалтгаанаар газар унагасныг би мэдэхгүй. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. Эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний төлбөр зардлуудыг төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг (хэргийн 22-23, 27-28 дахь тал),

- Насанд хүрээгүй гэрч Б.М-гийн:  “.... Би тухайн өдөр М, А, Э нартай хамт хичээлээ тараад далан дээр гулгаж байхад Н, Е нар ирсэн. Бид нар гулгаж байхад Э Е-ийг далангаас түлхсэн. Е доошоо буухдаа хөлөө эвгүй болгочихсон.

Далан дотор Э Н-ыг “аавгүй” гэх зэргээр муулахад Н уйлаад явчихсан. Бид нар гэртээ харих гээд байж байтал 2 ах бид нарын араас ирээд тамхи татсан ах Э- ийг заамдаж аваад цас руу шидэж унагаасан. Э-ийг босгоход нүүр нь цас болчихсон байсан.

Тэр үед би А-т явъя гэж хэлээд хамт явсан. Гэтэл араас Э уйлчихсан ирээд ахдаа хэлж тэр хоёрыг зодуулна гэж ярьсан. Бид нар гэртээ харьцгаасан. Н-ын ах Э-ийг зодоогүй, аваад шидчихсэн. Э-ийг босгоход түүний нүүр нь цас болчихсон, нүүрний нэг тал нь шалбарчихсан байсан. Тухайн үед А, Н, нөгөө хоёр ах бид нар байсан. Би тэр үед гар утасгүй байсан тул бичлэг хийгээгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 39-40 дэх тал),

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 16020 дугаартай:  

1. Б.Э-ий биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, амны зүүн доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

6. Дээрх гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломж бага.” гэсэн дүгнэлт (хэргийн 46-47 дахь тал), болон шүүгдэгч Х.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хэргийн 60-61 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) зэрэг нотлох баримтуудаар хангалтай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Шүүгдэгч Х.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нийслэлийн Ерөнхий Боловсролын ***дугаар сургуулийн орчимд насанд хүрээгүй хохирогч Б.Э-ийг “өөрийн дүү болох Н-ыг дээрэлхлээ” гэх шалтгаанаар дүүгээ өмөөрч түүнийг хавсарч газарт унагасны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, амны зүүн доод хэсэгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хооронд шалтгаант холбоотой байна.  

 

Прокуророос шүүгдэгч Х.Э-ын дээрх гэмт үйлдлийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч Х.Э нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Х.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Э-ний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэ хэргийн насанд хүрээгүй хохирогч Б.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Б нар нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй ба шүүгдэгч Х.Э-аас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт насанд хүрээгүй хохирогч Б.Э-ний хууль ёсны төлөөлөгч Ц.Б-д 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг болон хэргийн 78 дахь талд авагдсан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ий бичгээр гаргасан хүсэлт зэрэг баримтаар нотлогдсон тул эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх хохирол, төлбөргүй гэж үзнэ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Х.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт хэргийн 70 дахь талд авагдсан тул түүнийг анх удаа эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.  

 

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогүй болно.

 

Шүүх, шүүгдэгч Х.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан

- эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор Х.Э-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт Х.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Х-ын Э-ыг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Э-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Х.Э-аас насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус тэмдэглэсүгэй.

 

5. Энэ хэрэгт Х.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.БАЗАРХАНД