Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар  2023/ШЦТ/308

 

 

      2023         03            07                                            2023/ШЦТ/308

 

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цасшихэр,

улсын яллагч Б.Одонтуяа, 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г, 

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2203 00407 0064 дугаартай хэргийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны нутаг, Дарь Эхийн зам, 0 дүгээр гудамжны 0 тоот хашааны урд шороон замд 2022 оны 07 дугаар сарын 13 өдрийн 13 цаг 00 минутын орчимд Тоёота акуа маркийн 2*-8* УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. Мөн дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч явган зорчигч Ч.Намсрайжавын амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Гомдол, санал байхгүй. 16,000,000 төгрөгийн төлбөрийг авсан. Нэмж нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

3ам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн: “Осол хэрэг нь Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Дарь эх, 0 дүгээр гудамжны зүүн үзүүрт болсон ослын газарт очиход шороон гадаргуу дээр цус мэт улаан шингэн зүйлээр бохирлогдсон байх ба 2*-8* УАС улсын дугаартай Тоёото Акуа маркийн тээврийн хэрэгслийг ослын газраас хөдөлгөж төв засмал замын дагуу байрлуулсан байв. Үзлэгт 2*-8* УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б-ийг байлцуулан тээврийн хэрэгслийн ул мөр, бохирлогдсон ул мөр зэргийг үндэслэн хүн анх мөргөсөн А цэг болон хүн унасан байсан гэх Б цэгийг тогтоон үл хөдлөх цэгээр 0 дүгээр гудамжны 0 тоотын зүүн урд ... авч хэмжилтийг хийв. Хэмжилтээр А цэгээс Б цэг хүртэл 0,60 метр, А цэгээс В цэг хүртэл 4,0х1,80 метр, А цэгээс 1 тоот хашаа хүртэл 1,45 метр, А цэгээс урд талын гудамжны 1 тоот хашаа хүртэл 3,75 метр, В цэгээс урд талын гудамжны 1 тоот хашаа хүртэл 3,50 метр, гудамжны өргөн 5,25 метр тус тус хэмжээтэй байсныг тэмдэглэв. Зам орчны байдалд үзлэг хийхэд шороон, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, эсрэг хөдөлгөөнгүй, ... цаг агаар тогтуун байв.

Зам тээврийн осол нь 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн байх ба ослын шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор Тоёото Акуа маркийн 2*-8* УАС улсын дугаартай автомашины жолооч болон түүний өмгөөлөгчийг оролцуулан осол хэрэг үйлдэгдсэн гэх газрыг заалгаж нөхөн үзлэгийг явуулахаар тогтов, жолооч осол болох үед явган зорчигчийг анх харсан цэгийг заалгаж №1 дугаар байрлуулан явган зорчигчийг шороон хэсгээс зорчих хэсэгт унаж байсныг харсан үзлэгийг заалгаж №2 дугаар байрлуулан явган зорчигчийг мөргөсөн цэгийг А үсэг, автомашинд дайрагдсан хэсэгт Б үсэг байрлуулан төмөр хашааны зүүн урд булангаар үл хөдлөх В цэгийг авч техникийн болон криминалистикийн мэргэжилтэнг оролцуулан ... А цэгээс Б цэг хүртэл 0,60м, А цэгээс үл хөдлөх В цэг хүртэл 4.0х1.80м, А цэгээс №2 дугаар хүртэл 1.35м, А цэгээс №1 дугаар хүртэл 5.70м №1 дугаараас хашааны булан хүртэл 4.10м, №2 дугаараас урагшаа 4.20м, А цэгээс урагшаа 3.15м, Б цэгээс урагшаа 3.50м замын өргөн 5.25м, А цэгээс хашааны шороон хэсгийн өндөр 22см байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав.” гэх үзлэгийн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-16, 131-132, 134 дүгээр хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аав маань 194* онд Улаанбаатар хотод төрсөн ганц хүүхэд нь байгаа юм. Аав маань эхээс 6 уулаа одоо 4 эмэгтэй дүү нь Улаанбаатар хотод байдаг. Нэг дүү нь нас бараад олон жил болж байна. Талийгаач аав маань жолооч мэргэжилтэй 30 гаруй жил жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Ээж маань намайг бүр бага байхад нас барсан. Аав маань хойд эх болох Х-т гэх хүнтэй хамтран амьдраад 30 гаруй жил болж байна. Тэр хүнтэй хамт амьдардаг. Аав маань бусадтай нөхөрсөг, нийтэч хүн, сардаа 1-2 удаа архи уучихдаг уухлаараа ээжтэй маргалдаагүй бол гэртээ унтаад өгдөг, ээж архи уулаа гэж загнахаар манайд эсвэл дүүгийнх рүү яваад өгдөг. Би 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хөдөө явах гээд 22-н товчоо  ойролцоо явж байхад дүү залгаад аав осолд орчихлоо гэж хэлсэн. Тэгээд би буцаад шууд гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд баруун суга хэсэг нь их шархалсан байсан. Би талийгч аавыгаа 4 өдөр сахисан. Тэгэхэд өдөр жоохон унтаад, шөнөдөө унтахгүй ёолоод хэвтдэг байсан. Аавыг мөргөсөн автомашины жолооч гээд залуу эмнэлэг дээр эргэж тойрдог байсан. Аав маань эмчлэгдэж байгаад 7 дох хоногийн орой нас барсан. Буяны ажилд нь 16,000,000 төгрөгийн зүйл зарцуулсан гэж аавын дүү хэлсэн. Зарим зүйлд баримт өгдөггүй юм билээ. Жолооч 6,500,000 төгрөг орчим төлж барагдуулсан. Хуулийн дагуу шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1949 дугаар: “... Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр баруун суга, баруун тохой, баруун өвдөгний эдийн дутагдал бүхий халдварлагдсан шарх, баруун талын 2,3,6,7,8 дугаар хавирганы суганы урд шугамаарх, 4,5 дугаар хавирга суганы дунд хоёрлосон шууд хугарал, 9 дүгээр хавирганы далны шугамаарх шууд бус хугарал, баруун атгаал ясны далд хугарал, эрүү, дээд уруул, зүүн өвдөг, баруун шилбэ, шагай, тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр бөөрний дэвшицэрийн архаг үрэвсэл, элэгний хатуурал, ходоодны архаг үрэвсэл өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. Талийгаач нь баруун суга, баруун тохой, баруун өвдөгний эдийн дутагдал бүхий халдварлагдсан шарх, булчин арьс зөөлөн эдийн үхжил, нянгийн гаралтай идээт ширхэглүүрт үрэвслийн улмаас үжлээр хүндэрч олон эрхтний дутагдлаар нас баржээ. ГССҮТ-н 9792 тоот өвчний түүхэнд дурдсанаар 2022.07.19-ний өдрийн 20:40 цагт нас баржээ. Талийгаачийн цус нь А2-р бүлгийн харьяалалтай байна. Химийн шинжилгээгээр Ч. Н-ийн цусанд спиртийн зүйл илрээгүй, цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36-43 дугаар хуудас),

Шинжээч эмч Т.Чимэд-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх бөгөөд авто ослын үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эдгээр гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд эдгээр гэмтэл нь халдварлагдаж бохирлогдсоны улмаар хүндэрч талийгаач Ч.Намсрайдоржийг үхэлд хүргэсэн байна. ...талийгаачид хийсэн бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл элэгний хатуурал, ходоодны архаг үрэвсэл өвчин тогтоогдсон бөгөөд тухайн архаг хууч өвчин нь талийгаачийн нас барсан шалтгаантай ямар ч хамааралгүй үхэлд хүргээгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 188 дугаар хуудас),

Автотээврийн үндэсний төвийн ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтэд: “..Уг автомашиныг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр үзлэгийн инженерийн мэдлэг ур чадварт тулгуурлан хэмжилт хийж шалгаж үзэхэд урд, хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормос, автомашины хүрдний хайрцгийн ажиллагаа, баруун зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгал зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. ...Уг автотээврийн хэрэгсэлийг техникийн хяналтын үзлэгийн МV13 программ дээр шалгахад уг тээврийн хэрэгсэл нь Монгол улсад 2021 оны 02 сарын 22-ны өдөр импортлогдож орж ирээд 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн. Мөн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 58-62 дугаар хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн Шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, шинжлэх ухааны болон шинжлэн магадлахын магистр, авто инженер нарын бүрэлдэхүүнтэй: “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материал дахь нотлох баримтад Тоёото акуа маркийн 2*-8* УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь дөлгөөний чиг өөрчлөхдөө зам орчны байдлыг биеэр шалгаж, аюул осол үүсгэхгүй байх, хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах дүрмийн шаардлагыг биелүүлээгүй байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ч.Н нь замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан замын хөдөлгөөнд оролцохдоо өөрт болон бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй байх дүрмийн заалтыг биелүүлээгүй байх үндэслэлтэй байна. Тоёота Акуа маркийн 2*-8* УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 12.3-д заасан заалтыг биелүүлээгүй байх үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт зэргээр тогтоогдсон байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 177-180 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3, 4 дүгээр хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох тухай хүсэлт (хавтаст хэргийн 76 дугаар хуудас), 

Б.Б гаргасан зардлын баримтууд (хавтаст хэргийн 93-101, 103-107 дугаар хуудас),

Тоёота акуа маркийн 28-84 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт (хавтаст хэргийн 108 дугаар хуудас),

Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн тодорхойлолт, хавсралт (хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас),

Invescore”-ийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2051 дүгээр албан бичиг (хавтаст хэргийн 114 дүгээр хуудас),

“Цагаан шонхорын жигүүр”-ийн нэхэмжлэл (хавтаст хэргийн 138 дугаар хуудас)

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын санал (хавтаст хэргийн 205, 210, 211, 212, 213, 214-215 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Гэрч А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний хүү Б.Б нь манай 6 дахь хүүхэд байгаа юм. 10 жилийн сургуулийг Нийслэлийн 0 дугаар сургуулийг сурч төгссөн. Тэгээд авто засварчин мэргэжлээр мөн төгссөн. Одоо мэргэжлээрээ Акума засварын байгууллагад инженер ажилтай байгаа. Эхнэр нь одоо бие давхар удахгүй төрөх гэж байгаа анхных нь хүүхэд. Их дөлгөөн томоотой, даруухан хүнд их тусархуу, хамт олондоо нэр хүндтэй, хөдөлмөрч зантай, аливаа ажил үүрэг хүлээж авбал дуусгаж байж л санаа нь амардаг тийм хүн, архи хэрэглэхгүй. Хүү маань одоо эхнэртэйгээ хадмындаа амьдарч байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 198 дугаар хуудас),

Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Б-ийн эхнэр байгаа юм. Бид хоёр танилцаад 4 жил болж байна. Манай нөхөр их даруухан, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй, архи хэрэглэхгүй, тамхи бол татдаг. Ажлынхаа хүмүүст их нэр хүндтэй нийтэч зантай хүндээ, сагсан бөмбөг тоглох сонирхолтой.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 201 дүгээр хуудас)

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дугаар хуудас),

Жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57, 209 дугаар хуудас),

Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дугаар хуудас),

Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас),

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 71, 78 дугаар хуудас),

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 72 дугаар хуудас),

“Акума Эрин” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 79 дүгээр хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 80-84 дүгээр хуудас),

Хувийн байдалтай холбоотой баримт (хавтаст хэргийн 85, 86-92, 111-112 дугаар хуудас),

Б.Бат-Эрдэнийн нэр дээрх ХААН банкин дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 163-164 дүгээр хуудас),

Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, “Акума-Эрин” ХХК-ийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б.Бат-Эрдэнийн хүүхдийн төрсний гэрчилгээ, Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Б-ийн нэр дээрх ХААН банкин дахь депозит дансны хуулга (9 хуудас) зэргийн шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны нутаг, Дарь Эхийн зам, 0 дүгээр гудамжны 0 тоот хашааны урд шороон замд 2022 оны 07 дугаар сарын 13 өдрийн 13 цаг 00 минутын орчимд Тоёота акуа маркийн 2*-8* УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. Мөн дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарч явган зорчигч Ч.Намсрайжавын амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоолгох саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны нутаг, Дарь Эхийн зам, 0 дүгээр гудамжны 0 тоот хашааны урд шороон замд 2022 оны 07 дугаар сарын 13 өдрийн 13 цаг 00 минутын орчимд Тоёота акуа маркийн 2*-8* УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явган зорчигч Ч.Н-ыг мөргөж, түүний амь нас хохирсон үйл баримт тогтоогдож байна.

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1949 дугаар дүгнэлтээр амь хохирогч Ч.Н-т “баруун суга, баруун тохой, баруун өвдөгний эдийн дутагдал бүхий халдварлагдсан шарх, баруун талын 2,3,6,7,8 дугаар хавирганы суганы урд шугамаарх, 4,5 дугаар хавирга суганы дунд хоёрлосон шууд хугарал, 9 дүгээр хавирганы далны шугамаарх шууд бус хугарал, баруун атгаал ясны далд хугарал, эрүү, дээд уруул, зүүн өвдөг, баруун шилбэ, шагай, тавхайд зулгаралт” гэмтэл тогтоогдсон байх ба “баруун суга, баруун тохой, баруун өвдөгний эдийн дутагдал бүхий халдварлагдсан шарх, булчин арьс зөөлөн эдийн үхжил, нянгийн гаралтай идээт ширхэглүүрт үрэвслийн улмаас үжлээр хүндэрч олон эрхтний дутагдал”-ын улмаас нар барсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан байна.

Шүүгдэгч Б.Б нь амь хохирогчийг мөргөсөн үйл баримт дээр маргадаггүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгчээ.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн болгоомжгүй болон холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

Шүүгдэгч Б.Б нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монголын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, мөн дүрмийн 12.3-д заасныг тус тус зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогч Ч.Н-ын амь нас хохирсон байх бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогчийн амь нас хохирсон хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус заасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г нь мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт болон мэдүүлэхдээ “гомдол, саналгүй, 16,000,000 төгрөгийн төлбөрийг авсан. Нэмж нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн.

Иймд шүүгдэгч Б.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг танилцуулж, Б.Б уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж шийдвэрлэв.

Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Б.Б-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

6. Шүүгдэгч Б.Б-ийн 830401 дугаар B ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ