Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/440

 

 

 

 

 

 

 

 

 

       2023          04         10                                        2023/ШЦТ/440

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

иргэдийн төлөөлөгч Б.Мөнхсайхан,

улсын яллагч Н.Ундрах,

хохирогч/ шүүгдэгч З.Г-, түүний өмгөөлөгч Б.Б.Г-, Ш.Чингис,

хохирогч/шүүгдэгч П.П-, түүний өмгөөлөгч Л.Цэндоо  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч З.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар,

Шүүгдэгч П.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 2208 000001964 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Нэг: Монгол улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй,  хувиараа мал малладаг, ам бүл 6, эхнэр, 3 хүүхэд, хадам эхийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Хужирын задгайд оршин суух, урьд 7 удаагийн ял шийтгэлтэй,

**** овогт З-ын Г  (регистрийн дугаар:ЧБ7712*****).

Хоёр: Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо ****  тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, 

**** овогт П-гийн П (регистрийн дугаар: НЫ8710*****).

 

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч З.Г- нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт гудамжинд байрлах ***** УБУ улсын дугаартай цагаан өнгийн сканиа маркийн тээврийн хэрэгсэл дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхойгүй шалтгааны улмаас П.П-н хэвлийн тус газарт хутгалж “хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний 3-р сегмент, ходоод гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

П.П- нь З.Г- өөрийг нь хутгалсан даруйд түүний зүүн шанаа тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, 26, 27 дугаар шүдний эмтрэл, зүүн завжинд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3. Шүүгдэгч З.Г-, түүний өмгөөлөгч нар: Гэм буруу дээр маргахгүй харин хэргийн зүйлчлэлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан хэргээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх байр суурьтай оролцсон.

4. Шүүгдэгч П.П-, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нар: Гарцаагүй байдалд хохирол учруулсан тул ялаас чөлөөлүүлэх байр суурьтай оролцсон.

5. Шүүгдэгч З.Г- нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт гудамжинд байрлах ***** УБУ улсын дугаартай цагаан өнгийн сканиа маркийн тээврийн хэрэгсэл дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхойгүй шалтгааны улмаас П.П-н хэвлийн тус газарт хутгалж “хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний 3-р сегмент, ходоод гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий амь насанд аюултай хүнд хохирол учруулсан болох нь:

5.1. Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсаар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “...Том машин дотор Болдоо гэх хүн П.П-гэх хүнийг хутгалсан, биеийн байдал нь муу байна хурдлаарай...” гэсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2 хуудас),

5.2. Хохирогч П.П-н “...Би мах идэх гэсэн чинь хутга байхгүй байхаар нь махнаас нь гараараа аваад зулгааж идчихээд би дахиад тонгойгоод ууттай махнаас гараараа нэг томыг аваад өндийгөөд суусан чинь Б.Г- эргээд над руу харах шиг болоод миний хэвлийн хэсгээр халуун оргихоор нь би хэвлий рүүгээ харахад Б.Г- миний хэвлий хэсэгт хутгалсан байсан... ...би хутгатай гарыг нь сугалаад Б.Г-ын нүүр рүү нь нэг удаа гараараа цохиод дарсан чинь ***** ах юу болж байна гээд надтай хамт Б.Г-ыг доош дарах үед Б.Г- хутгаа арагш ор руу шидсэн... ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 19 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

5.3. Гэрч  С.А-ийн “... би хажуу талаас нь болиулах  санаатай  П.П-татаад болиулахад  П.П-намайг данх **** хутгалчихлаа гэсэн. Тэгээд би шууд данх ****барьж аваад  доош нь дарсан,  энэ үед манай хүү жолооч талын  хаалгаар  орж ирээд П.П- хойш нь түшээд  машинаас буулгасан.Тухайн үед П.П-надад хэлэхдээ данх урд нь утсаар яриад надтай хэрүүл хийгээд байсан гэж хэлсэн. Тэгээд энэ хоёр хоорондоо энэ байдлаасаа болоод муудалцаад эдэс тус газарт хутгаар хатгачихсан. Харин би хутгалж байхыг нь хараагүй, болиулах санаатай П.П- татахад хутгалчихлаа гэсэн”... Б.Г-, П.П-хоёр бие биеэ цаашаа суу гээд гараараа түлхээд байсан, тэгээд гэнэт хоорондоо ноцолдоод зодолдоод эхлэхээр нь би салгах гээд П.П-бариад татахад  ****ах намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20, 28-29 хуудас),

5.4. Гэрч Б.Б-ын “...дээрээс нь дараад доош харуулчихсан  П.П-“Ахаа намайг Г хутгалчихлаа шүү дээ” гэсэн бөгөөд  надад цамцаа сөхөөд харуулахад  гэдэс өрц хоёрынх нь голд  хутганы  шарх харагдсан бөгөөд  шархнаас нь их цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 35-36 хуудас),

5.5. Гэрч А.Ө-ын “... П.П-“Энэ **** гэдэг хүн намайг танихгүй байж охин минь, бандиа, гичий минь гээд доромжлоод байгаа юм” гээд уурлаад ярьж байсан. ...Тэр машины кабин руу эргээд харсан чинь П.П- ах жолооч  талд сууж байгаа хүнтэй ноцолдоод байх шиг болохоор нь жолоочийн эсрэг талаар гүйгээд хаалга онгойлгоход  ах миний өмнө кабин руу авирчихсан зогсож байсан бөгөөд би эвгүй юм болж байна гэж бодоод кабин дотор ороход П.П-ах " ахаа наадах Г чинь намайг хутгалчихлаа шүүдээ" гэхэд аав юу яриад байгаа юм бэ" гэхэд нь П.П-ах цамцаа сөхөөд харуулсан чинь гэдэснээс нь маш их цус гарч байсан бөгөөд машинаас үсэрч буугаад жолооч талаар нь очоод П.П-ахыг араас нь татаад буулгаад цусыг нь аавын машины урд байсан нойтон салфетикаар дараад шууд эмнэлэг оръё гээд машиндаа тэр хоёрыг суулгаад аваад явж байх замдаа түргэний 103-руу залгахад цагдаа руу залгасан. Би яг хэн хутгалсныг хараагүй цонхоор ноцолдоод байх шиг байхаар нь хараад ороход тухайн үйл явдлууд болсон бөгөөд би П.П-ахыг араас нь татаад авах гэж байхад тэр Б.Г- гэдэг хүн машины арын ор руу ногоон хуйтай хар иштэй хутга шидэж харагдсан...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 38-39 хуудас),

5.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15123 дугаартай “П.П-н биед хэвлийн хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний 3-р сегмент, ходоод гэмтээсэн хатгагдаж шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. бүхий гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хунд зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 хуудас) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

6. Шүүгдэгч З.Г- болон түүний өмгөөлөгч нараас: Хутга өгөх гэж байгаад хутгалсан, санаатай үйлдэл гэдгийг зөвшөөрөхгүй, тухайн цаг хугацаанд хоорондоо маргалдаж, муудалцсан, хувийн таарамжгүй харилцаатай талаар баримтгүй, гэрчийн хутгалсан гэж хэлснээр санаатай гэмт хэрэг болохгүй, хохирогч мах авах гээд тонгойх, шүүгдэгч хутга аваад эргэх энэ хоёр хүчний үйлчлэлээр хутгалагдсан байх боломжтой тул болгоомжгүй гэмт хэргээр зүйлчилж өгнө үү гэсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй.Үүнд:

6.1. Шүүгдэгч, хохирогч хоёрын хооронд хутга авч, өгөлцөх талаар харилцан яриа  үүсээгүй, хутга аваад өг гэж шүүгдэгчид хэлээгүй, харин ч хохирогч дахин мах аваад эгцрээд суусан хойно хэвлий хэсэгт хутгалсан болох нь хохирогч П.П-н “...Би мах идэх гэсэн чинь хутга нь байхгүй байхаар нь махнаас нь гараараа аваад зулгааж идчихээд би дахиад тонгойгоод ууттай махнаас гараараа нэг томыг аваад өндийгөөд суусан чинь Б.Г- эргээд над руу харах шиг болоод миний хэвлийн хэсгээр халуун оргихоор нь би хэвлий рүү харахад Б.Г- миний хэвлий хэсэгт хутгалсан байсан... ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 19 хуудас)-ээр тогтоогдсон.

6.2. Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэргийн сэдэлт, зорилго хэзээ үүссэн нь хэрэг болгон дээр харилцан адилгүй бөгөөд хоёр хүн хоорондоо заавал муудалцаж маргалдсаны улмаас санаатай үйлдэл хийгддэг гэж шууд дүгнэх нь хэт нэг талыг барьсан, хэргийн үйл баримтад үндэслээгүй дүгнэлт болно.

6.3. Гэрч , хоорондоо ноцолдож зууралдсан байдалтай байсан зэрэг нь шүүгдэгчийн үйлдлийг санаатай гэдгийг давхар нотолж байгаа.

6.4.. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийн зааг ялгааг тусган хуульчилсан ба санаатай хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдэж, үйлдлийн үр дагаврыг хүсэж үйлддэг, үйлдлээрээ зориуд тэр үр дагаварт хүргэсэн байх шинжтэй байдаг.

6.5. З.Г- нь гадуур хувцастай мах идээд сууж байсан хохирогчийн хэвлийд хутгалсны улмаас хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний 3-р сегмент, ходоод гэмтээсэн, ...  нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хүсэж, хүнд хохирол учруулсан үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

7. Хохирогч П.П-н биед учирсан хүнд хохирол нь шүүгдэгч З.Г-ын хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, хүйтэн зэвсэгт хамаарах хутга хэрэглэсэн хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хүнд зэрэгт хамаарах хохирол учирснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинж хангагдсан.

8. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул З.Г-ын талаарх прокурор, иргэдийн төлөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй.

9. Шүүгдэгч П.П-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон талаар:

 

            9.1. Хохирогч П.П-н “... Би мах идэх гэсэн чинь хутга байхгүй байхаар махнаас нь гараараа аваад зулгааж идчихээд би дахиад тонгойгоод ууттай махнаас гараараа нэг томыг аваад өндийгөөд суусан чинь Б.Г- эргээд над руу харах шиг болоод миний хэвлийн хэсгээр халуун оргихоор нь би хэвлий рүүгээ харахад Б.Г- миний хэвлий хэсэгт хутгалсан байсан..., ... би хутгатай гарыг нь сугалаад Б.Г-ын нүүр рүү нь нэг удаа гараараа цохиод дарсан чинь Амартогос ах юу болж байна гээд надтай хамт Б.Г-ыг доош дарах үед Б.Г- хутгаа арагш ор руу шидсэн... ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 19 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

 

9.2. Гэрч  С.А-ийн “... би хажуу талаас нь болиулах  санаатай  П.П-г татаад болиулахад  П.П- намайг данх ************** хутгалчихлаа гэсэн. Тэгээд би шууд данх Болдоог барьж аваад  доош нь дарсан,  энэ үед манай хүү жолооч талын  хаалгаар  орж ирээд П.П- хойш нь түшээд  машинаас буулгасан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20, 28-29 хуудас),

9.3. Гэрч Б.Б-ын “... ******** ах Б.Г-ыг дээрээс нь дараад доош харуулчихсан П.П-“Ахаа намайг Б.Г- хутгалчихлаа шүү дээ” гэсэн бөгөөд  надад цамцаа сөхөөд харуулахад  гэдэс өрц хоёрынх нь голд  хутганы  шарх харагдсан бөгөөд  шархнаас нь их цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 35-36 хуудас),

            9.4. Гэрч ***************** “... Би яг хэн хутгалсныг хараагүй цонхоор ноцолдоод байх шиг байхаар нь хараад ороход тухайн үйл явдлууд болсон бөгөөд би П.П-ахыг араас нь татаад авах гэж байхад тэр Б.Г- гэдэг хүн машины арын ор руу ногоон хуйтай хар иштэй хутга шидэж харагдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 хуудас),

 

            10. Дээрх үйл баримтуудаас дүгнэлт хийхэд П.П- хутгалуулснаа мэдсэн даруйдаа хутгатай гарыг нь биеэсээ сугалж гаргуулаад З.Г-ын нүүр хэсэгт цохисон нөхцөл байдал тогтоогдсон.

 

            11. З.Г-ын хохирогч П.П- руу довтолсон довтолгоо үргэлжилж байхад хохирогч нүүр хэсэгт нь цохисон, гэрч С.А-ирж доош нь дарж хутгыг ор луу шидүүлсэн зэрэг нь гэрч С.А-, Б.Б нарын болон хохирогчийн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байгаа.

 

   12. Аргагүй хамгаалалтын асуудал нь Монгол Улсын эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлын институтэд чухал байр суурийг эзэлдэг төдийгүй өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг аюултай довтолгооноос хамгаалах талаар Эрүүгийн хуулиар зөвшөөрсөн.

13. П.П-н өөрийн амь нас эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилсан.

14. Шүүгдэгч П.П-н өөрийн нь амь насанд аюултайгаар хутга барин халдан довтолж хутгалсан даруй З.Г-ын хутгатай гарыг хэвлийгээсээ сугалан нүүр хэсэгт нь  нэг удаа гараараа цохисон үйлдэл нь өөрийн амь насаа хамгаалж хийсэн үйлдэл бөгөөд хажууд байсан гэрч ирж салгаснаас үзэхэд довтолгоо төгссөн байсан гэж үзэхгүй тул аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

15. Өмгөөлөгч Л.Цэндоогийн: П.П-н үйлдэл гарцаагүй байдалд хамаарна гэсэн нь үндэслэлгүй.Учир нь уг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлын субьект нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг арилгах үйлдэл хийсэн этгээд байх бөгөөд учирч болох байсан аюулын хэр хэмжээг урьдчилан тооцоолох боломжтой байх ёстой тул хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл нь Аргагүй хамгаалалт гэж үзэхээр хууль тогтоогчоос хуульчилсан.

16. Иргэдийн төлөөлөгчийн П.П-г гэм буруугүй гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй.

17. Шүүхээс П.П-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

18. Хохирогч П.П- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд 2,100,000 төгрөг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч З.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

19. Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч П.П-н эмчилгээнд зарцуулсан зардлын нотлох баримтгүй учраас энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

20. Улсын яллагчаас шүүгдэгч З.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 08 /найм/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.

 

            21. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас: Шүүгдэгч З.Г- нь гэм буруу дээр маргадаггүй, хохирогчид эмчилгээний зардал төлсөн, өмнө ял шийтгүүлсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал биш бөгөөд одоогоор эхнэр, хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг нь харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.  

 

            22. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд шүүх тооцоогүй бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай.

           

            23. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд урьд 7 удаагийн ял шийтгүүлсэн зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй.

 

            24. Шүүгдэгч З.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 07 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.

 

            25. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            26. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-ын 2023.03.14-04.10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 26 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

            27. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэх.

 

            28. П.П-г шүүхээс цагаатгасантай холбоотойгоор хохирлоо арилгуулах эрхийг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Сартуул  хөх овогт П-ийн П-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Инж овогт Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар З.Г-ыг 07 /долоон/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Г-од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар З.Г-ын 2023.03.14-04.10 өдрийг хүртэл цагдан хоригдсон 26 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Хохирогч П.П-н эмчилгээнд зарцуулсан зардлын нотлох баримтыг бүрдүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч П.П-д эмчилгээний зардалд 2,100,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч З.Г-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч П.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

10. П.П- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлд зааснаар хохирол арилгуулах эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.Г-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ДАШДОНДОВ

 

           ШҮҮГЧИД                         Г.ГАНБААТАР

                                                         

                                                          М.МӨНХБААТАР