Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 67

 

 

 

 

 

 

    2020            1              9                                         2020/ДШМ/67                        

 

Т.Жд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Энхболд,

хохирогч Л.Отгонбаяр,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

                                                                                             

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 656 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Жигмэддагвын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1910015080651 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Банзар овгийн Т.Ж, 1962 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Ксения” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг, с2 байрны, 413 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УК62082851/,

Т.Ж нь 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөрвөн улирал цэцэрлэг хотхоны С-2 дугаар байрны зоорийн давхарын авто зогсоол дээр байсан иргэн Л.Отгонбаярын эзэмшлийн 44-34 УБП дугаартай Лексус-570 загварын тээврийн хэрэгслийн баруун хойд гуперыг шүргэж, баруун урд хаалга, урд гупер, крило, капод зэрэг эд хөрөнгийг хууль бусаар зурж гэмтээсний улмаас 2.060.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.Жн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Банзар овогт Т.Ж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.060.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Жд 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тооцож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол 2.060.000 /хоёр сая жаран мянга/ төгрөгийг Т.Ж нь хохирогч Л.Отгонбаярт нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогч нь гэмт хэргийн хор уршигт тооцон нэхэмжилж буй 4.000.000 төгрөгийн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий СиДи 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт Т.Ж нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Ж гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байх хугацаандаа өгсөн мэдүүлгүүдэд болон прокурорт шилжүүлэхийн өмнөх өдөр нь хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний үнэлгээчний 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн “Х-335” дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцуулсан хуудасны доод хэсэгт: “ тухайн өдөр машинаасаа буугаад аваарын шатыг халхлан зогсоол бус газар тавьсан 44-34 УБП улсын дугаартай машины чиг урд талын копутын чиглэлд огт ойртоогүй тул зураагүй, зурах ч боломжгүй, хойд гупер нь ямар нэг гэмтэл хонхойсон зүйл байхгүй байхад гуперыг, мөн урд гуперыг тайлж засварласнаар үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэдгийгээ бичсэн болно.

Хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцуулсан хохирогч, гэрчүүдийг байлцуулан анх удаа камерын бичлэгийг харуулахад: “тухайн өдрийн шөнийн 01 цагт авто зогоол руугаа орохдоо өмнөх машины хойд гуперыг машинаараа маш зөөлөн тулж очиж байгаад түлхсэн байдаг бөгөөд машинаа байрлуулчихаад бууж ирээд шууд өмнөх машины буруу талын хаалганы хавьцаа очиж, 32 секунд зогсоод нөгөө баруун талын машины урд талаар тойрон явсан нь харагддаг.

Ингэхдээ машины хаалгыг нь машины түлхүүрээр зурсан байдаг, магадгүй явахдаа гуперыг нь зурсан байх магадлалтай байна. Харин камерын бичлэгээс харахад машины чиг урд талын копут, гуперын зурагдсан гэх хэсэг рүү, мөн бичлэгт хохирогчийн хуруугаараа заагаад байгаа хойд гуперын баруун талын үзүүр хэсгийн маш жижигхэн харагдах төдий зураасыг зурсан, гэмтээсэн гэх үндэслэлгүй тэр чиглэлд ойртоогүй нь нотлогддог.

Миний бие нь хохирогчийн хэлсэн хохирлын үнийг хүлээн зөвшөөрсөн.

ХХБ-ны салбарт очиж эхнэрийнх нэр дээрхи дансанд 1.500.000 төгрөгийг шилжүүлж өгөн Хан-Уул дүүргийнхээ Цагдаагийн хэлтэстээ ирсэн бөгөөд харин байцаагч маань намайг зөрчлийн хуулийн дагуу 200.000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас бичиж байхад хохирогч Отгонбаяр нь явчихсан байсан.

2019 оны 6 дугаар сард миний бие нь Цагдаагийн байцаагчид анхны мэдүүлэг өгөхдөө: “өмнө нь би хохирогчийн хүсэлтээр түүний хэлсэн тохирсон төлбөрийг хангалттай нэгэнт барагдуулсан, миний бие нь “Шийтгэх хуудас”-аар арга хэмжээ авахуулсан, мөн “Камерын бичлэг”-ийг хараагүй, байцаагчийн мэдүүлгийн хуудсыг нүд маш муу хардагаас, ялангуяа анхааралгүй уншиж гарын үсэг зурсан байдаг. Үүнийгээ харин дараагийн мэдүүлэг, үнэлгээний тайлантай танилцахдаа зөвшөөрөхгүй, үнэлгээний тайланг дахин шалгах, хийлгэх санааг илэрхийлсэн байгаа.

Камерын бичлэгт: “ 44-34 УБП дугаартай машины урд хэсгийн копут, гупер болон хойд гуперын баруун хойд талын хохирогч гараараа зааж байгаа хэсэгт очиж зураагүй нь тодорхой харагддаг. Энэ нь “Тэнцвэр Эстимэйт” үнэлгээний тайлангийн дүнгээс бараг нэг сая орчим төгрөг хасагдахаар байна. Зүй нь Цагдаагийн байгууллагаас хохирлын үнэлгээ хийлгэхдээ “Тэнивэр Эстимэйт" ХХК-д тухайн машин нэгэнт засуулсан тул камерын бичлэгийг хуулбарлан өгөөгүй, мөн шүүгдэгч талд мэдэгдэлгүй зөвхөн ойлгомжгүй хохирогчийн хавтас хэрэгт хавсаргасан зургуудаар, ялангуяа хохирогч тал нь үнэлгээний компанитай уулзаж тайлбарласан байдлаар зөвхөн нэг талыг байлцуулан үнэлгээ хийлгэсэнд гомдолтой байсан.

Гэвч миний бие нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох маш буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдсэн. Хөрөнгийн үнэлгээний тайланд дурьдсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх 2.060.000.00 төгрөгийг бүрэн барагдуулсан билээ.

200,000.00 төгрөгөөр торгосон шийтгэлийг Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлэн ирсний дараа шүүхээс хүчингүй болгосон байх бөгөөд гэвч Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээллийн Сангаас “Зөрчлийн тухай хууль”-иар хасагдах боломжгүй хэмээн тухайн хэлтсийн дарга нь шүүхийн шийдвэрийг хураан авч торгуулийн 200,000.00 төгрөгийг төсвийн нэгдсэн санд нэгэнт төлөгдсөн тул буцаан олгогдоогүй.

Иймд миний бие нь дараах гомдол, хүсэлтүүдийг гаргаж байна.

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох маш буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт хамаарах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлийн шаардлагад нийцүүлэн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны үнэлгээчний тайланд дурьдсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх 2.060.000 төгрөгийг бүрэн барагдуулсан нөхцөл байдлыг болон миний бие нь жилд 4-5 удаа тогтмол Япон улсад зайлшгүй очиж эмчилгээ хийлгэн, мөн нүдний хараа эрс муудаж хагалгаанд орох зайлшгүй шаардлага үүссэнээс цаашид ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй болж байгааг, мөн энэхүү эрүүгийн нэг хэрэгт шүүхийн тогтоолоор хүлээсэн ялтан, гэм буруугийн шийтгэл болон “Зөрчлийн тухай хууль”-иар давхардуулан торгуулж, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллийн санд 2 удаа бүртгэгдэж эхний торгууль нь хасагдаагүй байдлуудыг харгалзан шүүхээс оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх торгуулийн ялыг өмгөөлөгчийн 450 нэгж хүртэл торгох хүсэлтийг дахин нягтлан үзэж, шүүхийн ялын торгуулийн хувь хэмжээг бууруулах;

2. Шүүхийн тогтоолын “тэмдэглэл” хэсэгт хохирогчийн гэмт хэргийн хор уршигт тооцон нэхэмжилж байгаа 4.000.000 төгрөгийг Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг маш сайн тодорхойлж өгсөн байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дахин дордуулахгүй байх хуулийн тодорхой заалтыг үндэслэн “Шүүхийн Тогтоол”-ын 4 дэх хэсгийг нягтлан хянаж өөрчлөх, хасуулах гомдол, хүсэлтийг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хохирогч Л.Отгонбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Ж нь анхнаасаа хийсэн хэргээ хүлээхгүй намайг элдвээр доромжилсон. Хавтас хэрэгт машиныг хойд талаас нь мөргөж байгаа болон хажуугаар нь орж байгаа бичлэг байдаг. 2.060.000 төгрөгийн үнэлгээ нь Үнэлгээний газраас гаргасан үнэлгээ болохоос миний зохиож хэлсэн тоо биш. Би өөрөө үнэлүүлэхэд 4.000.000 төгрөгөөр үнэлэгдэж байсан. Үнэлгээний газарт би очоод “энэ машиныг өндөр үнэтэй авсан. Машинд будаг хийсэн тохиолдолд 50 хувь үнэ цэнээ алддаг учраас хохиролтой байна” гэж хэлсэн. Хуулийн дагуу үнэлүүлэхэд 2.060.000 төгрөгийн хохирол тогтоосон. Т.Ж нь хохирлоо төлчихсөн, эсхүл надтай тохирсон гэж ярьдаг. Тухайн хэрэг гардаг өдөр нь бүтэн сайн өдөр байсан. Ямар ч үнэлгээний газар ажиллахгүй байсан. Т.Ж нь надад 1.500.000 төгрөг өгөөд, тохиролцоод гомдолгүй гэсэн бичиг хийгээд өгчих гэж байсан. Би тохиролцохгүй гээд, бичиг хийж өгөөгүй. Би “машинаа 170.000.000 төгрөгөөр авчихаад таны буруутай үйлдлээс болж хохирмооргүй байна. 1.500.000 төгрөгийг чинь аваад засварт өгөөд үзье. Хэрвээ сэтгэлд нийцэхгүй бол би хуулийн байгууллагаар явна” гэж хэлээд маргаан үүссэн. Т.Ж давж заалдах гомдолдоо “би 100 хувь өөрийнх нь хэлсэн хохирлыг барагдуулсан” гэжээ. Тийм зүйл огт байхгүй ...” гэв.

Прокурор П.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Т.Ж д анх зөрчлийн хуулиар арга хэмжээ авсан. Тухайн үед хохирогчтойгоо тохироод 1.500.000 төгрөг өгөөд засвар хийлгэсэн байдаг. Хохирогч будаг нь бүрзгэр, шаардлага хангахгүй байна. Сэлбэгээ солиулна гээд урьдчилсан байдлаар үнэлгээ хийлгээд 4.000.000 төгрөг болсон бөгөөд хохирогч үүнийгээ нэхэмжилсэн байна. Тухайн зөрчлийн арга хэмжээ авагдаад торгууль бичигдсэн шийдвэрийг хүчингүй болгож, цагдаагийн газрын зөрчлийн мэдээллийн сангаас хасуулах гэхэд хасагдах боломжгүй гэж тайлбарласан. Төрийн сангаас торгуулийг шилжүүлнэ гээд хохирогчийн дансыг авсан байсан. Одоогоор шилжиж орсон эсэхийг тодорхой мэдэхгүй байна. Эрүүгийн хариуцлагын хувьд 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хэргийн үйл баримтад тохирсон гэж үзэж байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Т.Ж нь 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөрвөн улирал цэцэрлэг хотхоны С-2 дугаар байрны зоорийн давхарын авто зогсоол дээр байсан иргэн Л.Отгонбаярын эзэмшлийн 44-34 УБП дугаартай Лексус-570 загварын тээврийн хэрэгслийн баруун хойд гуперыг шүргэж, баруун урд хаалга, урд гупер, крило, капод зэрэг эд хөрөнгийг хууль бусаар зурж гэмтээсний улмаас 2.060.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Л.Отгонбаярын “...гаражийн хяналтын камерыг шүүлгэж үзэхэд тус байрны 413 тоотод оршин суух Жигмэддагва гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 10-05 улсын дугаартай саарал өнгийн Тоёота Ланд крузер 105 загварын автомашинтай орж ирээд гаражид байрлуулах үедээ миний автомашиын баруун хойд талын гупер хэсэг рүү мөргөчихөөд өөрийнхөө автомашиныг байрлууж тавьсан. Тэгээд автомашинаасаа бууж ирээд миний автомашины баруун талаар орж хэсэг хугацаанд урд хаалга болон гупер, копуд, крило зэргийг хурц үзүүртэй зүйл ашиглан эвдэж гэмтээгээд жижүүрийн өрөөнд орж агсарч байгаад гарсан байсан. Жигмэддагвыг хэлтэс дээр авч очиж шалгасан ба буруугаа хүлээж надтай тохиролцъё гээд манай эхнэрийн Худалдаа хөгжлийн банкны 199164954 дугаартын данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Би АНУ-аас задаргааны эд анги авах мөнгө болох 4.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /хх 22-24/,

Т.Ж гэрчээр “...машинаа зогсоолдоо тавих үедээ урьд талын зогсоолд байсан Лексус 570 загварын автомашиныг хойноос нь шүргэсэн. Тэгээд машинаа байрлуулчихаад буугаад гэртээ орохдоо уг машины баруун талаар орж машины урд талын хаалга, гупер, копуд хэсэгт өөрийн машины түлхүүрээр зурж гэмтээсэн. Тухайн үед Лексус 570 загварын жолооч аваарын шат руу тулгаж тавихаар хойд тал нь хойшоо нэлээн илүү гараад байдаг ба намайг машинаа тавих үед урагшаа тулчихаад хоёр талын машинаа шүргэчихээд байдаг болохоор нь уур хүрээд түлхүүрээрэй зурж гэмтээсэн...” /хх 27-29/,

Т.Ж яллагдагчаар “...би машинаа бариад хөдөлгөж, өөрийн 118 дугаартай авто зогсоолд машинаа тавихад манай зогсоолын урд талд байдаг галын аюулын гарц руу бусад машинаас илүү гаргаад тавьсан машины арын гуперыг урагшаа хөдлөхдөө зөөлөн мөргөсөн. Тэгээд би бууж ирээд тэр машины баруун урд хаалга болон кирлоныг машиныхаа түлхүүрээр зурж гэмтээсэн. ...би машин зурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Машины эзэн залуу намайг яг хэдийг өгөх юм, тохиролцъё гэсэн. Тэгэхээр нь би 1.000.000 төгрөг өгье гэсэн чинь тэр залуу үгүй 1.500.000 төгрөг өгчих гэхээр нь тохиролцсон. Тэгээд би тэр залуугийн өөрийнх нь данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн...”/хх-43-44/ гэх мэдүүлгүүд,

эд мөрийн баримт /хх-10/, хяналтын камерын бичлэг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-11-12/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-17, 18-21/, эд зүйлийн үнэлгээ /хх-32-38/, хохирол төлсөн баримт /хх-76, 127/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Т.Жигмэддагвыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч оролцогчдыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Т.Жг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.060.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Т.Ж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.060.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Ж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.060.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Жд 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирчээ.

Шүүгдэгч Т.Ж “...тухайн өдөр машинаасаа буугаад аваарын шатыг халхлан зогсоол бус газар тавьсан 44-34 УБП улсын дугаартай машины чиг урд талын копутын чиглэлд огт ойртоогүй тул зураагүй, зурах ч боломжгүй, хойд гупер нь ямар нэг гэмтэл хонхойсон зүйл байхгүй байхад гуперыг, мөн урд гуперыг тайлж засварласнаар үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэдгийгээ бичсэн болно. Миний бие нь хохирогчийн хэлсэн хохирлын үнийг хүлээн зөвшөөрсөн.

ХХБ-ны салбарт очиж эхнэрийнх нэр дээрхи дансанд 1.500.000 төгрөгийг шилжүүлж өгч, Хан-Уул дүүргийнхээ Цагдаагийн хэлтэстээ ирсэн бөгөөд харин байцаагч маань намайг зөрчлийн хуулийн дагуу 200.000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас бичиж байхад хохирогч Отгонбаяр нь явчихсан байсан. “Шийтгэх хуудас”-аар арга хэмжээ авахуулсан, мөн “Камерын бичлэг”-ийг хараагүй, байцаагчийн мэдүүлгийн хуудсыг нүд маш муу хардагаас, ялангуяа анхааралгүй уншиж гарын үсэг зурсан байдаг. Үүнийгээ харин дараагийн мэдүүлэг, үнэлгээний тайлантай танилцахдаа зөвшөөрөхгүй, үнэлгээний тайланг дахин шалгах, хийлгэх санааг илэрхийлсэн байгаа.

Гэвч миний бие нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох маш буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдсэн. Хөрөнгийн үнэлгээний тайланд дурьдсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх 2.060.000.00 төгрөгийг бүрэн барагдуулсан билээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт хамаарах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлийн шаардлагад нийцүүлэн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны үнэлгээчний тайланд дурьдсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх 2.060.000 төгрөгийг бүрэн барагдуулсан нөхцөл байдлыг болон миний бие нь жилд 4-5 удаа тогтмол Япон улсад зайлшгүй очиж эмчилгээ хийлгэн, мөн нүдний хараа эрс муудаж хагалгаанд орох зайлшгүй шаардлага үүссэнээс цаашид ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй болж байгааг, мөн энэхүү эрүүгийн нэг хэрэгт шүүхийн тогтоолоор хүлээсэн ялтан, гэм буруугийн шийтгэл болон Зөрчлийн тухай хуулиар давхардуулан торгуулж, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллийн санд 2 удаа бүртгэгдэж эхний торгууль нь хасагдаагүй байдлуудыг харгалзан шүүхээс оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх торгуулийн ялыг өмгөөлөгчийн 450 нэгж хүртэл торгох хүсэлтийг дахин нягтлан үзэж, шүүхийн ялын торгуулийн хувь хэмжээг бууруулж өгнө үү.

Мөн шүүхийн тогтоолын “тэмдэглэл” хэсэгт хохирогчийн гэмт хэргийн хор уршигт тооцон нэхэмжилж байгаа 4.000.000 төгрөгийг Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг маш сайн тодорхойлж өгсөн байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дахин дордуулахгүй байх хуулийн тодорхой заалтыг үндэслэн шүүхийн тогтоолын 4 дэх хэсгийг нягтлан хянаж өөрчлөх, хасуулах гомдол, хүсэлтийг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаар “...хохирогч нь гэмт хэргийн хор уршигт тооцон нэхэмжилж буй 4.0 сая төгрөгийн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай...” гэж цаашид гарах хор уршиг, зардлыг нэхэмжлэх эрхийг зааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй.

Учир нь, Т.Ж үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууд нь тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ж гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 656 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ж гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 656 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Жигмэддагвын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ