Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2025/0499

 

Д.Н-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Д.Н

Нэхэмжлэгч: Д.Н

Хариуцагч: Улсын Ерөнхий прокурор, Улсын ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, Улсын ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/34 дугаартай “Д.Н-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийхийг даалгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0346 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, Ц.М, хариуцагч Улсын ерөнхий прокурорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Улсын ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, Ж.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ц

Хэргийн индекс: 128/2025/0107/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Н- нь Улсын Ерөнхий прокурор, Улсын ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлд тус тус холбогдуулан “Улсын ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, Улсын ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/34 дугаартай “Д.Н-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийхийг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0346 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4, Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5, 56 дугаар зүйлийн 56.2, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Улсын ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт анхан шатны шүүхийн шүүгчээс юу гэж дурдсан байна вэ гэхээр өргөдлөө өгсөн бол буцааж авснаар өргөдлөөсөө татгалзсан гэж үзэхгүй. Заавал прокурорын байгууллагын дотоодод мөрдөгддөг журмын дагуу бүртгэх процесс нь хийгдээд, татгалзах процесс нь хийгдээд явах ёстой байсан гэдэг агуулгаар буюу мэдээлэл лавлагааны ажилтны хийх ёстой байсан үүргийг нэхэмжлэгч өөрөө хийх ёстой байсан мэтээр тайлбарласан. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг хангахгүй орхисныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энд 2 эрх зүйн харилцаа яваад байсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, прокурорын ажилтны ёс зүйн зөрчил гаргасан уу, үгүй юү гэдгийг шалгах ажиллагаа нь дотоод хяналт шалгалтын ажил хийж байсан тэр хүрээнд гаргасан тайлбар гэж нэг тусдаа байгаа. Хоёрт хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх гэсэн энэ 2 эрх зүйн харилцааг хольж буюу тэр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн тайлбартаа энэ хүсэлтийн талаар дурдсаныг нь ажлаас чөлөөлөгдөх хүсэл зориг тэнд хадгалагдаж байсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй болгосон.  Үүнийг нэг үндэслэлээ болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл хүн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө бичгээр гаргасан өргөдлөөр тодорхойлогдох ёстой болохоос биш зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хэлсэн тайлбараар  тэр хүсэл зориг хадгалагдаж байна гэж 2 тусдаа эрх зүйн харилцааг холбон авч үзэж нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг хангахгүй байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Ёс зүйн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн 56 дугаар хуудсанд н.Л гэж мэдээллийн ажилтны өгсөн тайлбар нь байж байдаг.  Тайлбарт  Д.Н прокурор өргөдлөө өгсөн боловч тэр даруй н.Ш прокурор орж ирээд өргөдлийг буцаагаад авсан. Буцаагаад өргөдлийг нь нөхөн ав гэдэг шаардлагыг удирдах албан тушаалтан тавьсны дагуу өргөдлийг нь нөхөн авахад өргөдлийн агуулга өөрчлөгдсөн байсан гэдэг тайлбарыг хэлсэн байдаг. Тэгэхээр Д.Н бол эхний ээлжид ажлаас чөлөөлөгдье гэдэг өргөдлөө өгсөн, өгснийх нь араас өөр ажил тушаалд шилжүүлэн томилчихсон байсан.  Өөрөөр хэлбэл Улсын ерөнхий прокурорт хэлтсийн даргаар ажиллаж байсан хүнийг Баянгол дүүргийн прокурорын хэлтэст хяналтын ахлах прокуророор томилчихсон. Тэгэнгүүт өөр ажилд шилжүүлэн томилж байгаа учраас өргөдлөө татан авъя гээд өргөдлөө өөрийнхөө хэлтсийн ажилтнаар татуулсан үйл явдал болсон. Гэтэл араас нь мэдээллийн ажилтан юу гэж ярьсан гэхээр таны өргөдлийг архивлах шаардлагатай байгаа учраас өргөдлөө дахин өг гэхээр нь дахин бичиж өгөхдөө 1 сарын хугацаатай чөлөө олгож өгөөч гэдэг өргөдлийг яг бичгээр өгсөн. Тэгэхээр прокурорын байгууллагад хадгалагдаж байгаа ганцхан Д.Н-ын өргөдөл ерөөсөө л нэг сарын хугацаатай чөлөө олгож өгөөч гэдэг ийм өргөдөл хадгалагдаж байгаа. Гэтэл энэ өргөдлөөсөө татгалзсан учраас өмнөх байхгүй өргөдөл нь байгаа мэтээр түүнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж байгаа нь өөрөө эрх зүйн хувьд үндэслэлгүй. Хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн асуудал гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхээс үүнд дүгнэлт хийгээгүй үйл баримт байдаг. Энэ н.Л гэж хүн дотоод хяналт шалгалтын ажилтнуудад тайлбар өгөхдөө юу гэж хэлдэг вэ гэхээр өмнөх өргөдлийг чинь авъя солигдсон байна гэж хэлэхэд миний тушаал гарчихлаа тийм болохоор өргөдлийнхөө агуулгыг сольсон гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлөгдье гээд өргөдөл өгөхөөр удирдах албан тушаалтан нь өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилсон учраас өргөдлийнхөө агуулгыг сольсон гэдэг үйл баримтыг энэ н.Л гээд мэдээллийн ажилтан нь илэрхийлсээр байтал энэ өргөдлийг ажлаас гарах хүсэл зориг байсан мэтээр анхан шатын шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийн 2 шаардлага гаргасан.  Эхний шаардлага буюу ёс зүйн зөрчилтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг бол шүүхээс хангаж шийдвэрлэж ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг хүчингүй болгосон Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх хэсэгт зааснаар өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахдаа, маргаан бүхий захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 буюу бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй.  Нэхэмжлэгч түр чөлөөлөгдөх буюу 1 сарын хугацаатай чөлөөлөгдөх өргөдлийг өгсөн. Төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх гэдгийг Улсын дээд шүүхийн 2016 оны 33 дугаар тогтоол буюу Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 14 дэх хэсэгт заасан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх гэдэг агуулгаар ойлгогдож байгаа.  Хэн нэгэн дарамт шахалт, зүй бус нөлөөлөл байхгүйгээр бичгээр гаргасан өргөдлийг хэлнэ гэж байгаа юм. Гэтэл хянан шалгалтын үед амаар гаргасан тайлбарыг үндэслээд шүүх нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгодог. Захиргааны байгууллага ямар үүрэгтэй байдаг гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 хэсэгт заасан захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл түр чөлөөлөх буюу хүсэл зориг нь өөрчлөгдөөд байгаа үйл явцыг тодруулахгүйгээр, бодит үйл баримттай нийцүүлэхгүйгээр шийдвэр гаргаад байгаа нь хуулийн үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаад байгаа юм. Энэ дээр ганцхан зүйл байгаад байгаа нь юу вэ гэхээр 11 дүгээр сарын 05-нд 1 сарын хугацаатай чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Энэ хүсэлтийнх нь дагуу Баянголын прокурорын газарт томилчихсон.  Баянголын прокурор дээр очоод энэ хүн ажил үүргээ хэвийн гүйцэтгээд байгаа байхгүй юу.  1 дүгээр сард чөлөөлөөд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүх энийг шийдвэрлэхдээ Иргэдээс төрийн байгууллагад өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулиар энэ хүний өргөдлийг 30 хоногоор сунгасан гэж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоод байгаа юм. Гэтэл энэ хуулийн зохицуулалт нь гаднаас буюу хувь иргэн хүн төрийн байгууллагатай холбоотой өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэхтэй холбоотой. Төрийн албанд бол ажилтан, ажил олгогч хоёрын хооронд Төрийн албаны тухай хуулиар зохицуулна. Хуулиар хамаарахгүй харилцааг шүүх энэ хамааралтай мэтээр 30 хоногоор сунгасан гэдэг агуулгаар яваад байгаа. Гэтэл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх гэдэг бол Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар Төрийн албаны зохицуулаагүй харилцаа Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар түр чөлөөлөгдөх буюу хувийн чөлөө авах ийм хүсэлт гаргаж байгаа энэ агуулга дээр хэрвээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бол 30 хоногийн дараа ажлын байраа орхих хэрэгтэй. Гэтэл өөр албан тушаалд томилогдсон учраас хүсэл зориг нь өөрчлөгдөөд байгааг удаа дараагаа илэрхийлээд байгаа. Энэ хүсэл зоригийн илэрхийллийг шүүх бодитой үнэлж дүгнээгүй гэдэг агуулгаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байна гэж үзэж байгаа юм” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Н-аас Улсын Ерөнхий прокурор, Улсын ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлд тус тус холбогдуулан “Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, Улсын ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/34 дугаартай “Д.Н-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгч Д.Н нь Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст ахлах прокуророор ажиллаж байгаад Улсын ерөнхий прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/748 дугаар тушаал /өөрийнх нь хүсэлтийг үндэслэн/-аар Баянгол дүүргийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих прокуророор томилогджээ.

3.2. Х.Б гэх иргэнээс Д.Н-ад холбогдуулан 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт, шалгалтын газрын даргад Монгол Шуудангаар илгээсэн гомдол, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Д.Н дээд шатны болон зохих шатны прокуроруудад хандаж доромж үг хэлсэн, Улсын ерөнхий прокурорт өгсөн өргөдлөө өөрчилсөн болон түүний ажил байдал, ажлын цаг ашиглалттай холбоотой мэдээлэлд Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн хяналтын прокурор Ж.У хяналт, шалгалтын ажиллагаа явуулж, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 144 дугаартай танилцуулгыг Улсын ерөнхий прокурорт, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 148 дугаартай танилцуулгыг Прокурорын ёс зүйн зөвлөлд тус тус танилцуулжээ.

3.3. Улмаар Улсын ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай дүгнэлтээр танилцуулгын зарим хэсэгт дурдсан зөрчлүүдийн талаар дүгнээд “Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор ажиллаж байсан Д.Н нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар зарлигаар баталсан “Прокурорын ёс зүйн дүрэм”-ийн 2.4.18, 2.4.20-д тус тус заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн” гэж дүгнэсэн.

3.4. Мөн Улсын ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Д.Н-ын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн түүнийг прокурорын албан тушаалаас чөлөөлснөөр энэхүү маргаан үүсжээ.

4. “Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

4.1. Анхан шатны шүүх “... гомдол шалгах эрх бүхий албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, “Прокурор, ажилтантай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг хянах, шалгах, шийдвэрлэх журам”-ын 5.3.1-д “гомдолд дурдсан асуудлыг үнэн зөв, бодитой шалгах тогтоох” гэж заасны дагуу Д.Н-ыг дээд шатны болон зохих шатны прокуроруудад хандаж доромж үг хэллэг хэрэглэсэн, прокурорын албан тушаал, байгууллагын нэр хүндийг ашигласан болохыг шалган, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй тул түүнийг Прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэж, дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэсэн байна.

4.2. Анхан шатны шүүхээс Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулж хариуцагч нараас давж заалдах гомдол гаргаагүй, дээрх дүгнэлттэй холбоотойгоор талууд маргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан хүрээнд давж заалдах гомдол гаргагч этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмын дагуу давж заалдах шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлага, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэв.

5. “Улсын ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/34 дугаартай “Д.Н-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийхийг даалгуулах” шаардлагын тухайд:

5.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Д.Н нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр буюу нэг цаг хугацаанд “... докторын зэрэг горилсон судалгааны ажлыг хамгаалахаар Дотоод хэргийн их сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн төлөвлөгөөнд туссан бөгөөд ... судалгааны ажлын цар хүрээнээс шалтгаалан АНУ-д судалгааны ажлыг үргэлжлүүлэх шаардлага үүсэж байгааг харгалзан үзэж 1 сарын хугацаатай цалинтай чөлөө олгож өгнө үү”, мөн “... Докторын зэрэг горилсон судалгааны ажлыг хамгаалахаар Дотоод хэргийн их сургуулийн 2024 оны хичээлийн жилийн төлөвлөгөөнд туссан бөгөөд ... судалгааны ажлын цар хүрээнээс шалтгаалан АНУ-д судалгааны ажлыг үргэлжлүүлэх шаардлага үүсэж байгаа шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү” гэсэн 2 хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хандан гаргажээ.

5.2. Дээрх ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь үндэслэн Улсын Ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар Д.Н-ыг Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорын албан тушаалаас чөлөөлсөн.

5.3. Нэхэмжлэгчийн “... 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө хагалгаанд орохоор эмнэлэг явах замаараа ажлаасаа бүрмөсөн чөлөөлөгдөх тухай хүсэлтийг бичиг хэргийн ажилтанд өгсөн бөгөөд хөрөнгө, орлого, ашиг сонирхлын мэдүүлэг хариуцсан ажилтан утсаар залгаж, дүүрэг рүү шилжин томилогдсон тул ХАСХОМ-оо мэдүүлэх хэрэгтэй гэж мэдэгдсэн тул хамт ажилладаг прокурор руу залгаж “би сая өргөдөл өгсөн, тэргийг буцаагаад авчих” гэж хэлсний дагуу мэдээлэл, лавлагаа хариуцсан ажилтнаас авсан. 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр анх өгсөн өргөдлийг архивлах, бүртгэж авах, дарга нарт танилцуулах шаардлагатай гэсний дагуу нөхөж аваачиж өгсөн үйлдэл бөгөөд энэхүү өргөдлөөсөө татгалзчихсан байсан үе юм” гэх тайлбар үндэслэлгүй байна.

5.4. Учир нь, Улсын ерөнхий прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/124 дүгээр тушаалаар баталсан “Прокурорын байгууллагад гаргасан өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хянан шийдвэрлэх заавар”-ын 2.1 дүгээр зүйлийн 1-д “... өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг Улсын ерөнхий прокурорын газарт Мэдээлэл лавлагааны ажилтан хүлээн авна”, 4-т “Мэдээлэл лавлагаа хариуцсан ажилтан нь өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч цахим бүртгэлд бүртгэн дээд шатны прокурорт даруй танилцуулна”, 15-д “Өргөдөл, гомдол, хүсэлт гаргагч нь өргөдөл, гомдол, хүсэлтээсээ татгалзаж буцаан авсан тохиолдолд бүртгэлд энэ тухай тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулан өргөдөл, гомдол, хүсэлтийг буцаан өгч, цахим бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан.

5.5. Д.Н-ын Улсын Ерөнхий прокурорт 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан “1 сарын цалинтай чөлөө хүссэн” хүсэлтээсээ татгалзаж, татгалзлаа бичгээр илэрхийлэн гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба мөн өдөр гаргасан “ажлаас чөлөөлөгдөх” тухай хүсэлтээсээ татгалзсан гэх баримтгүй, энэ талаарх нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй.

5.6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээсээ татгалзсан тохиолдолд энэ талаар тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зурснаар хүсэлтээ буцаан авах боломжтой байсан боловч энэ талаарх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул дээрх гомдлыг хүлээн авахгүй.

5.7. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө” гээд 46.2.4-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэж заасныг үндэслэн Д.Н-ын өөрийнх нь гаргасан хүсэлтээр түүнийгУлсын Ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, үндэслэл бүхий болжээ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

6. Харин, анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг баримталсан нь буруу байна.

6.1. Учир нь дээрх хуулийн зорилгоос үзвэл, уг хууль нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх харилцааг зохицуулахаар байх бөгөөд байгууллагын дотоод харилцаанд хэрэглэгдэхгүй тул шийдвэрийн тогтоох хэсгээс хассан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0346 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

              ШҮҮГЧ                                                                       Г.МӨНХТУЛГА

              ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН