Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2022/0031

 

 

 

 

 

 

2022 01 12 128/ШШ2022/0031

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х ХХК /РД: /,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Э.М

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н

Хариуцагч: Орон сууцны дэд бүтцийн газрын хяналтын хороо.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б, нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч нь Орон сууцны дэд бүтцийн газрын хяналтын хороонд холбогдуулан Орон сууцны дэд бүтцийн газрын хяналтын хорооны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хурлын 02/8 дугаар шийдвэрийг илт хууль бусад тооцуулах-аар маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/340 дүгээр захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн Удирдах Хорооны 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 15-ны өдрийн 13 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материал орчим, ГХДТ-2013/1 багцын Б1, В1 хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр Х ХХК-ийг шалгарсныг батламжилжээ.

2.2. Маргаан бүхий Хяналтын хорооны хурлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02/8 дугаартай Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай шийдвэрээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал орчмын В1 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч Х ХХК-ийг төсөл хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан хэмээн үзэж, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай саналыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, Х ХХК-ийг төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ.

2.3. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар захирамжаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Ханын материал орчмын В1 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч Х ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйлд ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан тул тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, 3 дахь заалтаараа Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/340 дүгээр захирамжийг хүчингүй болгосонд тооцож шийдвэрлэсэнтэй маргажээ.

2.4. Уг эрх цуцалсан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Х ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүх захиргааны хэрэг үүсгэж, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0043 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.5. Дээр дурдсан анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 380 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

2.7. Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03/20 дугаар Х ХХК-д Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/340 дүгээр захирамжаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материал орчмын В1 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч Х ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай шийдвэр гарсныг мэдэгджээ.

2.8. Уг мэдэгдлийг нэхэмжлэгч Х ХХК хүлээн аваад 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Орон сууцны дэд бүтцийн газарт Хяналтын хорооны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны В1 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай шийдвэрийг гарсан. Уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргасан.

2.9. Орон сууцны дэд бүтцийн газрын дарга 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02/386 тоот албан бичгээр тус албан бичгийн хариуг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 02/270 дугаартай албан бичгээр өгсөн байна. Иймд дээр дурдсан албан бичгийн хариуг хавсралтаар дахин хүргүүлж байна гэсэн хариуг өгсөн.

2.10. Х ХХК нь дээрх албан бичгийг гардан авч, улмаар тус шүүхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу Орон сууцны дэд бүтцийн газрын хяналтын хорооны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хурлын 02/8 дугаар шийдвэрийг илт хууль бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргасан.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай компанийн хувьд 2014 оны дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр шалгарч Б1 хэсэгчилсэн талбайд инженерийн шугам сүлжээ дэд бүтцийн ажил хийгдээгүйн улмаас барилга барих боломжгүй болж удаа дараа Орон сууцны дэд бүтцийн газраас инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн ажил хийж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан боловч шийдэж өгөөгүйн улмаас манай дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа явуулах эрхийг цуцалсантай холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Энэ нь инженерийн ажил дэд бүтцийн ажил хийж өгөөгүйн улмаас барилга барих боломж байдаггүй. Инженерийн шугам, цахилгааны шугам, холбоо, дулааны, бохирын шугамын транс явсан учир бид барилгаа төлөвлөж барих боломжгүй. Эхний ээлжид бид тоймлогдсон байдлаар ерөнхий төлөвлөгөөний зургаа батлуулсан. Нэгдүгээрт хийгдэх инженерийн шугам сүлжээний ажил хийгдээгүйн улмаас бид барилгын ажлыг эхлүүлэх боломж байгаагүй.

Орон сууцны дэд бүтцийн газрын хяналтын хорооны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02\8 тоот шийдвэр гарч манай компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан уг шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй манай компанийг ямар зөрчил хэзээ гаргасан байх нь тодорхойгүй байх тул барилга ажил хийгдэхгүй байгаа гэдэг нөхцөлөөр цуцалсан. Энэ талаар ямар тогтоол шийдвэр, зөрчил гаргаснаар хяналтын хороо хуралдаж шийдвэр гаргасан байна гэдэг дээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд 47.1.6 дахь хэсэгт заасан шинжийг агуулсан бол захиргааны илт хууль бус шийдвэр гэж үзэж байна.

3.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн аж ахуй нэгжийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж байгаа. Хяналтын хорооны шийдвэр дээр нэг зүйлийг тодруулсан байгаа нэхэмжлэгч компанийн төсөл хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан хэмээн үзэж гэж байгаа. Хэмээн үзэхдээ ямар нэг баримт байх ёстой гэтэл ямар ч баримт байхгүй. Мэргэжлийн хяналтын ирүүлсэн баримт байгаа. Энэ нь манай ажилтай хамааралгүй. Орон сууцны дэд бүтцийн газрын хяналтын хорооны шийдвэр нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны шийдвэр юм. Мэргэжлийн хяналтын газрын өгсөн бичиг нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн бичиг юм. 2019 ондоо шалгалт хийгээд зөрчлийн бичиг ирүүлсэн. Орон сууцны дэд бүтцийн газраас ямар зөрчил гаргасан акт баримт байхгүй. Иймд үүнтэй холбоотой баримтыг гаргуулах тухай хүсэлт гаргасан. Үзэмжээрээ үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан гэж дүгнэж болохгүй. Энд бид санал нэг байгаа гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан "Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр, 2013 оны 23 дугаар тогтоолоор атлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг баримтлан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдээс нийслэлийн хэмжээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр 2013, 2014, 2018 онуудад нийт 26 байршил 78 хэсэгчилсэн талбайг баталсан. Батлагдсан 25 байршил, 76 хэсэгчилсэн талбай нь Улаанбаатар хотын 8 дүүргийн 1516,6 га талбайн 16317 нэгж талбарыг хамарч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд нийт 9229 айлын орон сууц ашиглалтад орсноос 2019 онд 2002 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байдаг.

"Х" ХХК нь 2014 онд төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдсанаас хойш 4, 5 жилийн хугацаанд сонгосон В1 талбайдаа газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч нарын газар чөлөөлөлт хийгээгүй, барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газраас төслийн ажлыг эхлүүлэх, эрчимжүүлэх тухай хугацаатай үүрэг даалгаврыг өгч, удаа дараа албан бичгээр хүргүүлсэн боловч төслийн ажлыг эхлүүлэх талаар аливаа арга хэмжээ аваагүй. Иймд Нийслэлийн Засаг дарга Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-ыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар захирамжаар "Х" ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж шийдвэрлэсэн.

Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар батлагдсан дээрх журмын 5.2-т "...Төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална гэж заасны дагуу Хяналтын хороо нь Нийслэлийн Засаг даргын шийдвэрт саналын эрхтэй оролцдог байгууллага юм.

Мөн Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 4.1, Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.3, 26 дугаар зүйлийн 26.1-д "Төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороог тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн төлөөллийн байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулна. Уг хороог төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсны дараа тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулна" гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/180 дугаар захирамжаар Хяналтын хороо байгуулагдаж, төсөл хэрэгжүүлэгч компаниудын төслийн асуудлыг цаашид хэрхэх талаар хэлэлцэх хурал хийсэн. Өөрөөр хэлбэл Хяналтын хороо нь тухай бүрд байгуулагддаг бөгөөд хяналтын хорооны гишүүд харилцан өөр өөр байдаг.

Хяналтын хороо нь Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасны дагуу төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой иргэдийн оролцоо бүхий гомдол, саналыг хэлэлцэх бүрэн эрхтэй байгууллага юм. Иймээс тус хороо нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д заасны дагуу олонхын саналаар шийдвэр гаргаж, уг шийдвэр бүхий саналыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга гадагш чиглэсэн захиргааны акт гаргадаг. Иймээс Хяналтын хорооны шийдвэр илт хууль бус байх үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан шаардлагын аль нь болохыг тодорхой бичээгүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. гэж заасан бөгөөд Хяналтын хорооны хурлын шийдвэр нь гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бий болгосон захирамжилсан шийдвэр биш, харин Нийслэлийн Засаг даргын шийдвэрт санал өгөх хэлбэрээр гардаг дотогш чиглэсэн акт юм. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны илт хууль бус акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Маргаан бүхий хорооны шийдвэрийг үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/202 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 43 дугаар шийдвэр, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 0380 дугаар магадлал, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын эрхийг цуцалсан маргаан дээр илүү дэлгэрэнгүй яригдсан. Орон сууц дэд бүтцийн хөгжлийн газрын хяналтын хорооны хурлын шийдвэр нь захиргааны акт мөн үү. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг агуулсан уу гэдгийг тодруулах хэрэгтэй. Энэ нь захиргааны акт биш бөгөөд хяналтын хороо гэдэг зохион байгуулалтын нэгж нь Нийслэлийн Засаг даргад Барилга хот байгуулалтын 46 дугаар тушаалын хүрээнд шийдвэр гаргаж байгаа ба төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Энэ нь нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан иргэн хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч компани нь тухайн нэгж талбар дээр төсөл хэрэгжүүлэх эрх авсан захирамж гарсан гэдэг нь танай байгууллагатай холбогдох эрх ашиг хөндөгдөх хууль ёсны эрх нь үүссэн. Ингээд холбогдох хууль дүрмийн дагуу иргэдтэй хоёр талт гэрээ хийгээд явна.

Хяналтын хороо нь Хот суурин газар хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн шатны Засаг дарга өөрийн захирамжаар томилдог. Хяналтын хорооны бүрэлдэхүүнийг дараах захирамжаар томилсон. Хот суурин газар хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4 дэх хэсэгт заасан барилга байгууламжийн сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан журмын 5.1, 5.2, 5.3 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа бол эрхийг цуцлах талаарх саналаа Нийслэлийн Засаг даргад хүргүүлдэг. Үүний дагуу хүргүүлсэн энэ шийдвэр нь нэхэмжлэгчид төсөл хэрэгжүүлэх эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжийг шууд хүчингүй болгосон гэсэн захиргааны акт биш. Нийслэлийн Засаг дарга уг саналыг хүлээн аваад цуцлах эсэх нь өөрийнх нь эрх хэмжээний асуудал юм. Өөрийн эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчийн төсөл явуулах эрхийг нь цуцалж үүнтэй холбогдолтой маргааны Нийслэл дэх Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр шийдвэрлэгдээд асуудал яригдсан байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх Х ХХК-аас Орон сууцны дэд бүтцийн газрын газрын хяналтын хороонд холбогдуулан гаргасан Орон сууцны дэд бүтцийн газрын хяналтын хорооны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02/8 дугаар шийдвэрийг илт хууль бусад тооцуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1. Нэхэмжлэгчээс маргаан бүхий Орон сууцны дэд бүтцийн газрын Хяналтын хорооны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай 02/8 дугаар шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн шинжийг агуулсан гэж маргаж байна.

2. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл. Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа, 14.7. Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дараах үе шатыг баримтална:, 14.7.3. Хэрэгжүүлэх үе шат:, 14.7.3.а. энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан Хяналтын хороог байгуулах;, 26 дугаар зүйл. Хяналтын хороо, 26.1. Төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороо (цаашид "хороо" гэх)-г тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн төлөөллийн байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулна. Уг хороог төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсны дараа тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулна. гэж тус тус заажээ.

3. Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Журам батлах тухай 46 дугаар тушаалаар Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам-ыг баталжээ.

4. Дээрх журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийг баримтлан төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол, саналыг хэлэлцэх, нөхөх олговрын хэмжээг тогтоох зорилгоор үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хяналтын хороог байгуулна. гэж заасан байна.

5. Хууль болон журмын дээрх заалтуудыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Хяналтын хороо байгуулах тухай А/180 дугаар захирамжаар маргаан бүхий шийдвэрийг гаргасан Хяналтын хороог байгуулжээ.

6. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам-ын 5 дугаар зүйлийн 5.2-т Төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална. гэж заасан байна.

7. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх хяналтын хорооны дүрэм-ийн 4 дүгээр зүйлийн 4.9-д Хорооны хуралдаанд ирсэн гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ. гэжээ.

8. Хариуцагч болох Нийслэлийн Засаг дарга нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хороо нь 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж маргаан бүхий 02/8 дугаар шийдвэрийг гаргасан байна.

9. Дээрх шийдвэрээр хариуцагч Хяналтын хороо нь өөрийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.9-д заасныг үндэслэн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны зөрчил гаргасан, гэрээний үүргийн биелэлтийг хангалтгүй биелүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал орчмын В1 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч Х ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, төсөл хэрэгжүүлэх талбайд урилга зарлахаар шийдвэрлэжээ.

10. Дээрх шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай А/202 дугаар захирамжаар нэхэмжлэгч Х ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж шийдвэрлэсэн байна.

11. Нэхэмжлэгч Х ХХК-аас дээрх Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0043 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

12. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 380 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар тогтоолоор анхан шүүхийн дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

13. Дээрх нөхцөл байдлаас үзвэл, тус хэргийн маргаан бүхий захиргааны актыг үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар захирамжийг гурван шатны шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэсэн байх тул тус захирамжийн үндэслэл болсон маргаан бүхий Хяналтын хорооны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02/8 дугаар шийдвэр ч үндэслэлтэй гэж үзэхээр байна.

14. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдгийг тухайн захиргааны актын үйлчлэл чиглэж байгаа иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хуульд заагаагүй үндэслэлээр халдсан байхыг ойлгоно.

Тодруулбал, хууль болон журмаар тухайн харилцааг зохицуулах эрх олгогдоогүй байхад олгогдсон мэтээр захиргааны акт гарган захиргааны актын үйлчлэл чиглэж байгаа иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан бол энэ нь илт хууль бус захиргааны акт болох юм.

15. Маргаан бүхий Хяналтын хорооны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02/8 дугаар шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт илт хууль бус байх шинжийг агуулаагүй байна.

Тодруулбал, хариуцагч орон сууцны дэд бүтцийн газрын Хяналтын хороонд маргаан бүхий шийдвэрийг гаргах эрх нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Нийслэлийн Засаг дарга нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/180 дугаар захирамжаар олгогдсон байна.

16. Иймд хариуцагч орон сууцны дэд бүтцийн газрын Хяналтын хорооны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02/8 тоот шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт илт хууль бус байх шинжийг агуулаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х ХХК-иас Орон сууцны дэд бүтцийн газрын Хяналтын хороонд холбогдуулан гаргасан Орон сууцны дэд бүтцийн газрын хяналтын хорооны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хурлын 02/8 дугаар шийдвэрийг илт хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ