Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2980

 

 

 

 

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2019/02980

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Б” ТӨХК-ийн ТУЗ холбогдох,

 

2018 оны 12 сарын 06-ны өдрөөс 2019 оны 04 сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,640,000 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.      

        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, хариуцагчийн төлөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч Б.Б миний бие 2012 оны 12 сарын 20-ны өдрөөс эхлэн “Б ” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын ажилд томилогдон ажиллаж ирсэн. Гэтэл тус газрын ТУЗ  нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 356 тоот тогтоолыг үндэслэл болгон 2018 оны 08 сарын 03-ны өдөр 7 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний гаргасан тус газрын даргын 2018 оны 08 сарын 03-ны өрдийн 6 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгуулах шаардлагыг Баянзүрх дүүргийн шүүхийн 2018 оны 12 сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/03705 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдсэнийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 сарын 16-ны өдрийн 136 дугаар магадлалаар дээрх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Быг “Б ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн томилж, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,396,530 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон хөдөлмөрийн дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгасугай” гэж өөрчлөлт оруулснаар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, өмнө эрхэлж байсан ажилдаа томилогдох эрхийг сэргээсэн. Уг магадлалд хариуцагч талаас ямар нэг гомдол гаргаагүй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг. Хариуцагч талаас шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулж, “Б ” ТӨХК-ийн ТУЗ ийн 2019 оны 04 сарын 15-ны өдрийн тогтоолоор  ажилд эгүүлэн тогтоож, мөн сарын 24-ний өдөр ажлаа хүлээн авсан. Гэвч хариуцагч байгууллага нь хууль зөрчиж намайг ажлаас халсан атлаа шүүхийн шийдвэр гарсан буюу 2018 оны 12 сарын 06-ны өдрөөс ажилд томилсон хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг өнөөдрийг хүртэл олгохгүй хуулийг зөрчиж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг хариуцах ба мөн хуулийн 69 дүгээр зүйлийн  69.1-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор, 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу ажил олгогч ажилтнаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд ажилгүй байсан хугацааны цалин болох анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 12 сарын 06-ны өдрөөс 2019 оны 04 сарын 15-ны өдөр хүртэлх нийт 6,640,000 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б ” ТӨХК-ийн ТУЗ  шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Б ” ТӨХК-ийн ТУЗ ийн 2018 оны 08 сарын 03-ны өдрийн хурлаар хувьцаа эзэмшигч буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 356  тоот тогтоолоор өгөгдсөн удирдамжийн хэрэгжилтийг хангаж захирал Б.Быг ажлаас нь чөлөөлсөн. Хэдийгээр чөлөөлөх  шийдвэр 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гарсан ч тэрээр 2018 оны 09 сарын 28-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн билээ. Б.Б ТУЗ ийн шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2018 оны 12 сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/03705 дугаар тогтоол гарч түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн. Харин нэхэмжлэгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч магадлуулахаар гаргасан хүсэлтийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 сарын 16-ны өдрийн 136 дугаар магадлалаар хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг цуцлан нэхэмжлэлийг бүрэн хангуулахаар хариуцуулсан байдаг. Дээрх шийдвэртэй холбогдуулан “Б ” ТӨХК-ийн ТУЗ  хуралдаж хувьцаа эзэмшигчээс ирүүлсэн удирдамжийн дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Уг шийдвэрт: “....1. ТУЗ ийн 2019 оны 04 сарын 15-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Базарсадын Батсайханыг “Б ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар 2019 оны 04 сарын 16-ний өдрөөс эгүүлэн томилсугай. 2. Б.Бд холбогдох шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 5,396,530 төгрөгийн нөхөн олговор олгох, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэрт холбогдох бичилт хийхийг ерөнхий нягтлан бодогч Г.Цэцэгмаад үүрэг болгосугай..” гэжээ. Ингээд 2019 он 04  сарын 22-ны өдөр ажлыг хүлээлцүүлэн, түүний нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт нийт 5,396,530 төгрөгийг олгоод байна. Дээрх нөхөн олговор нь ажилгүй байсан хугацааны 4 сарын буюу 2018 оны 10, 11, 12, 2019 оны 1 дүгээр сарын цалин юм. Нэхэмжлэгч нийт 7 сар ажилгүй байсан бөгөөд ажилгүй байх хугацааны 4 сарын цалинг нөхөн олговор хэлбэрээр олгож, нийгмийн даатгалын зохих бичилтийг хийсэн. Дээрх баримтаас харахад нэхэмжлэгчийн гаргасан шаардлага тооцоолол  дутуу хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхийн шийдвэр 2018 оны 12 сарын 06-ны өдөр гараад үүнээс хойш ажилд нь томилоогүй явсан нь үнэн. Нэхэмжлэгч арай илүү төлбөр нэхэмжилж байна гэж үзэж байна. 2019 оны 01 сарын цалин нөхөж олгосон нийгмийн даатгалын тайлан байгаа. Тийм учраас 2 сар хагасын цалинг албан ёсоор өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна" гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь “Б ” ТӨХК-ийн ТУЗ д холбогдуулан 2018 оны 12 сарын 06-ны өдрөөс 2019 оны 04  сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,640,000 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлсний  тооцооллыг буруу хийсэн, 2 сар хагасын цалин хөлсийг олгох үндэслэлтэй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Б.Б нь “Б ” ТӨХК-ийн ТУЗ д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/03705 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 сарын 16-ны өдрийн 136 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгч Б.Быг “Б ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн томилж, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,396,530 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон хөдөлмөрийн дэвтэрт холбогдох бичилт хийхийг хариуцагч “Б ” ТӨХК-ийн ТУЗ д даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-7-9, 10-12/

 

Тус магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болжээ

 

“Б ” ТӨХК-ийн ТУЗ ийн 2019 оны 04 сарын 15-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор Б.Быг “Б ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн томилж, шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5,396,530 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь ажлаас халагдах үед ажлаасаа чөлөө авсан байсан, 2018 оны 09 сард хөдөлмөрийн чадвараа түр алдсан тул 240,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас авсан, ажил олгогч шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих 5,396,530 төгрөгийг 2018 оны 10 сараас 2019 оны 01 сарын цалин хөлс олгосноор бичилт хийж олгосон гэх тайлбар гаргасныг хариуцагч баримтаар үгүйсгэж няцаагаагүй. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу 5,396,530 төгрөгийг авсан талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилох хугацааны буюу 2018 оны 12 сарын 06-ны өдрөөс 2019 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Б.Бы 0409733 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт 2018 оны 09 сард 240,000 төгрөг, 10, 11, 12 сард тус тус 1,342,132 төгрөг, 2019 оны 01 сард 1,349,132 төгрөгийн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгож, холбогдох нийгмийн даатгалын шимтгэл тооцсон бичилт хийгдсэн нь хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5,396,530 төгрөгийг 2018 оны 10, 11, 12 сар, 2019 оны 01 сарын цалин хөлс олгосноор хуваан бичилт хийж олгосон гэж үзэхээр байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн 2018 оны 12 сарын 06-ны өдрөөс 2019 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулж олгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу хариуцагч “Б ” ТӨХК-ийн цалингийн тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгч Б.Бы сарын дундаж цалин хөлсийг 1,660,000 төгрөгөөр тооцон, ажилгүй байсан 2018 оны 12 сарын 06-ны өдрөөс 2019 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэл цалинтай тэнцэх олговрыг тооцоход 6,898,222 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,640,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх тул түүний нэхэмжилсэн хэмжээгээр буюу 6,640,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иймд 2018 оны 12 сарын 06-ны өдрөөс 2019 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,640,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгохоор шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасныг баримтлан Б.Бы ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагчид даалган шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагчаас 2018 оны 12 сарын 06-ны өдрөөс 2019 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,640,000 /зургаан сая зургаан зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б ы ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,190 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 1,810 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн  данснаас гаргуулж нэхэмжлэгч Б.Б д буцаан олгож, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 121,190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР