| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2019/2128/и |
| Дугаар | 2698 |
| Огноо | 2019-10-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2698
| 2019 оны 10 сарын 08 өдөр | Дугаар 101/ШШ2019/02698 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.Б холбогдох
Зээлийн гэрээний төлбөрт 133,159,880 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2014 оны 05 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч нь иргэн П.Б тай харилцан тохиролцож 2011 оны 09 сарын 20-ны өдөр 2011/038 тоот зээлийн гэрээг байгуулж 47,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, мөнгийг бэлнээр хүлээлгэж өгсөн тухай зээлдэгчийн гарын үсэг бүхий зарлагын баримт үйлдсэн. Зээлийн эргэн төлөлтийг графикаар тохирсон боловч хүүгийн төлбөрт нийт 19,425,000 төгрөг төлсөн. Уг зээлийн төлбөрт буюу үндсэн зээлд 47,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 38,928,533 төгрөг, нийт 85,928,533 төгрөг байсан боловч 19,425,000 төгрөгийн хүүгийн төлөлтийг хасвал 66,503,533 төгрөг үлдсэн. Үүнийг 2014 оны 05 сарын 15-ны өдөр 2014/004 тоот зээлийн гэрээгээр 48,190 ам.долларт хөрвүүлж нэг ам.долларыг 1,380 төгрөгөөр тооцож сарын 2,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай төлөх нөхцлийг тохиролцож эргэн төлөх хуваарийг баталсан. Уг зээлийн гэрээний дагуу хүүд 24,962.42 ам.доллар төлөхөөс нийт 22,831.44 ам.доллар төлснийг хасч тооцвол хүүгийн үлдэгдэлд 2130.98 ам.доллар, үндсэн зээлийн 48,190 ам.доллар, нийт 50,320.98 ам.доллар болно. Дээрх зээлийн гэрээний үүргийг зээлдэгч тал гэрээгээр тохирсон 24 сарын хугацаанд биелүүлээгүй учраас талууд 2016 оны 03 сарын 15-ны өдөр дахин нэмэлт өөрчлөлт бүхий зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 2011 оны 09 сарын 20-ны өдөр байгуулсан 2011/038 тоот зээлийн гэрээний хугацааг 2016 оны 09 сарын 10-ны өдөр хүртэл сунгаж 2014 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэлх хүүгийн үлдэгдэлд 19,503,533 төгрөг, үндсэн зээл 47,000,000 төгрөг, нийт 66,503,533 төгрөг байхаар тохиролцсон юм. Нэмэлт гэрээний 3.4-т зааснаар 66,503,533 төгрөгийн үндсэн зээлийг ам.долларт шилжүүлж нэг ам.долларыг өмнө тохирсон 1380 төгрөгөөр бодож, хүүг 2,8 хувь байхаар тохирсон. Үүнээс хойш талууд байнга уулзаж, төлбөр тооцоог дуусгах талаар ярилцаж байсан ба П.Б нь энэ талаар хүсэлт бичиж, төлбөрийн үнийн дүн болон төлөх хугацааг баталгаажуулж байсан боловч төлөлт хийгдээгүй. Иймээс эцсийн байдлаар буюу 2018 оны 03 сарын 28-ны өдөр 52,379 ам.долларын зээлийг төгрөгт шилжүүлж тооцвол 125,185,810.880 төгрөг байхаар баталгаажуулсан баримт үйлдсэн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагчийн зээлийн хүүгийн үлдэгдэл 2130.98 ам.доллар, үндсэн зээлийн үлдэгдэл 48,190 ам.доллар нийт 50,320.98 ам.долларын үлдэгдэлтэй байна. Үүнийг нэхэмжлэл гаргах өдрийн албан ханшид хөрвүүлвэл 133,159,880 төгрөг болж байна. Иймд 133,159,880 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Зээлийн гэрээний өр төлбөр нийт 133,159,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь надаас зээлийн төлбөрт 133,159,880 төгрөг нэхэмжлэхдээ 2011, 2014, 2016 онуудын зээлийн гэрээнүүдийг үндэслэл болгож нэхэмжлэлдээ дурджээ. Би зээлдүүлэгч С.Б тай 2011 оны 09 сарын 20-ны өдөр 47,000,000 төгрөгийг 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлэхээр харилцан тохирч, мөн өдрөө зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг мөнгийг хүлээн авсан ба энэ талаар ямар нэгэн маргаангүй болно. Дээрх гэрээний хавсралтад зааснаар гэрээний хугацаа дуусахад зээл, хүүгийн хамт нийт 56,075,881 төгрөг төлөхөөр тохирч, график байгуулсан ба энэхүү гэрээний хугацаа 2012 оны 09 сарын 20-ны өдөр дууссан болно. Харин нэхэмжлэлд дурдсан 2014 оны 05 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээнд заасан 48.190 ам долларыг нэхэмжлэгч нь надад бодитоор өгөөгүй бөгөөд энэ тухайгаа нэхэмжлэлд тодорхой бичжээ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан. Хуулийн дээрх зохицуулалтаар зээлийн мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба зээлдүүлэгч нь зээлдэгчээс уг мөнгийг буцаан шаардах эрхтэй болно. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх гэрээнд заасан 48.190 ам долларыг надад шилжүүлэн өгөөгүй тул уг гэрээний дагуу зээл, хүүг нэхэмжлэх эрхгүй. Зээл олгосон тохиолдолд уг мөнгийг ашиглаж, эргэлтэд оруулсаны үндсэн дээр хүү төлөх бөгөөд нэгэнт зээл олгогдоогүй тохиолдолд хүү төлөх үндэслэл байхгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2011 оны зээлийн гэрээний хуримтлагдсан хүү 38,928,533 төгрөг гэжээ. 2011 оны 09 сарын 20-ны өдрийн гэрээний хугацаа 2012 оны 09 сарын 20-ны өдөр дууссан бөгөөд энэхүү гэрээг хуульд заасан журмын дагуу сунгасан асуудал огт байхгүй болно. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2-т зааснаар гэрээний хугацааг дуусахаас өмнө анх байгуулсан хэлбэрээр сунгах ба 2011 оны зээлийн гэрээг хуульд заасан журмаар сунгаагүй тул нэхэмжлэгч нь уг гэрээнд заасан хугацаанаас илүүгээр хүү шаардах эрхгүй. Нэгэнт 2014 оны 05 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний зүйл болох 48.190 ам долларыг шилжүүлээгүй тул уг гэрээнд 2016 оны 03 сарын 15-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь 2014 оны зээлийн гэрээнд заасан ам долларыг шилжүүлээгүй тул уг гэрээний дагуу төлбөр шаардах эрхгүй юм. Харин миний хувьд 2011 оны 09 сард 47,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй 12 хугацаагаар зээлж авснаа хүлээн зөвшөөрч байгаа тул уг гэрээний дагуу төлбөрийг төлөх үүрэгтэй. Дээрх зээлийн төлбөрт 2014 он хүртэл хугацаанд 19,425,000 төгрөг, үүнээс хойш 22.831 ам доллар төлсөн, энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсаныг хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл 2011 оны зээлийн гэрээний төлбөрт нийт 56,075,881 төгрөг төлөх байснаас 1 ам долларыг нэхэмжлэлд дурдсан 1380 төгрөгөөр тооцвол 51,000,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч С.Б ын гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч нь П.Б надаас зээлийн төлбөрт 133,159,880 төгрөг шаардаж нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэлийн үндэслэлд 2014 оны зээлийн гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2016 оны гэрээг дурджээ. Бидний хооронд 2011 оны 09 сард 47,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу зээлийг хүлээн авч, төлбөрийг төлж дууссан талаар нэхэмжлэлийн хариу тайлбарт тодорхой дурдсан болно. Харин нэхэмжлэлд дурдсан дээрх 2 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Юуны өмнө 2014 оны 05 сарын 15-ны өдөр байгуулагдсан гэх зээлийн гэрээнд заасан 48.190 ам долларыг нэхэмжлэгч нь надад бодитоор өгөөгүй, харин өмнөх төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл дээр хуримтлагдсан хүү гэх зүйлийг нэмж, түүнийгээ ам долларт шилжүүлэн тооцож зээлсэн мэтээр гэрээ байгуулсан байна. Үүнийгээ ч нэхэмжлэлдээ тодорхой бичжээ. Хэрвээ уг гэрээний үүргийг шаардаж буй бол нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 48.190 ам долларыг надад шилжүүлэн өгснөө нотлох хэрэгтэй бөгөөд нэгэнт уг мөнгийг өгөөгүй болохоор ийм баримт байхгүй юм. Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ам долларыг шилжүүлэн өгөөгүй тохиолдолд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Харин Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2.-т зааснаар хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцэлийнхээ агуулгыг эндүүрсэн бол тухайн хэлцлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцдог. Би нэхэмжлэгчээс 2011 онд 47,000,000 төгрөг зээлсэн, үүний зарим хэсгийг төлж чадаагүй байсан тул түүнийгээ төлөхөөр тохирч байна гэж ойлгон 2014 оны зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл нэхэмжлэгч нь надад 48.190 ам доллар шинээр олгосон мэтээр хууран мэхэлж, ноцтой төөрөгдөлд оруулан зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зуруулсан байна. Иймд 2014 оны 05 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч нь гэрээнд заасан 48,190 ам долларыг бодитоор өгөөгүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй мөн хэлцэл хийгч этгээд хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн, хууран мэхэлж, ноцтой төөрөгдөлд оруулан гарын үсэг зуруулсан гэжээ. 1/. Талуудын хооронд байгуулсан 2011 оны 09 сарын 20-ны өдрийн 2011/038 тоот зээлийн гэрээгээр П.Б нь 47,000,000 төгрөгийг зээлж, хүүг төлж байгаад нийт төлбөрийн үлдэгдэл 66,503,533 төгрөг дээр 2014 оны 05 сарын 15-ны өдөр харилцан тохиролцсон гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 48,190 ам долларыг 2,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байхаар харилцан тохиролцсон. Улмаар хариуцагч “Хүсэлт” гэх 2015 оны 06 сарын 12-ны өдөр, 2015 оны 07 сарын 04-ний өдөр, 2016 оны 06 сарын 08-ны өдөр, 2016 оны 09 сарын 21-ний өдөр, 2017 оны 12 сарын 20-ний өдөр, 2018 оны 03 сарын 28-ны өдрийн баримтуудаар дээрх гэрээний тохиролцоог баталгаажуулж төлбөрийг валютаар төлөх болсон. Үүгээр талуудын хооронд байгуулсан 2011/038 тоот зээлийн гэрээ сунгагдсан гэдэг нь нотлогдоно. Нэгэнт гэрээний хугацаа болон бусад нөхцөлийг сунгасан тохиолдолд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэхгүй. Бид ч мөн дурдсан хэмжээний ам доллар шилжүүлсэн гэж нэхэмжлээгүй, харин үндсэн гэрээний төлбөрийг хариуцагчийн өөрийнх нь хүсэлтээр ам долларт шилжүүлэн тооцох болсон. Ийм учраас хариуцагч гэрээний төлбөрөө ам долларт тооцож 2014 оны 10 сарын 09-ний өдөр 1000 ам доллар, 2014 оны 12 сарын 17-ны өдөр 1105 ам доллар төлсөн баримтаар нотлогдоно. 2/. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн бол тухайн хэлцлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцдог гэж тайлбарлажээ. Улмаар “нэхэмжлэгчээс би 2011 онд 47,000,000 төгрөг зээлсэн, үүний зарим хэсгийг төлж чадаагүй байсан тул түүнийгээ төлөхөөр тохирч байна гэж ойлгон 2014 оны зээлийн гэрээнд гарын үсэг зурсан” гэж өөрийн хүсэл зоригийг маш тодорхой бичсэн байна. Энэ нь үндэслэлтэй тайлбар болжээ. Үнэхээр ийм үйл баримт болсон талаар дээр дурдсан. Нэхэмжлэгчийн хувьд ч 48,190 ам долларыг шинээр олгосон гэж хуурч мэхэлж, ноцтой төөрөгдөлд оруулж гарын үсэг зуруулаагүй. Талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, гарын үсэг зурсан. Гэрээний нэмэлт өөрчлөлтөнд “гэрээг нотариатч бичиж өгсөн ба уншуулж танилцуулж, гарын үсэг зуруулав” гэж маш тодорхой, хэн ч уншсан ойлгогдохоор тусгагдсан байгаа. Үүнээс үзэхэд гэрээний агуулгыг үг өгүүлбэр болон утгын хувьд эндүүрэх, төөрөгдөх боломжгүй. Хариуцагч нь гэрээний төлбөрийг ам долларт шилжүүлж төлсөн. Үүнийхээ дагуу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, мөн гэрээний төлбөрийг ам доллароор төлнө гэдгээ удаа дараа “Хүсэлт” гаргаж мэдэгдсэн нөхцөл байдлаас үзвэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасантай нийцэж байгаа. Түүнчлэн Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт “нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж заасны дагуу хариуцагчийн гаргасан удаа дараагийн “Хүсэлт”-ийг зээлдүүлэгч талдаа бичгээр мэдэгдсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь дээрх баталгаагаар өмнөх гэрээний үүргийг үргэлжлүүлж буйгаа хүлээн зөвшөөрч мэдэгдсэн үйл баримт юм.
|
|
Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч П.Б д холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 133,159,880 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий үндсэн нэхэмжлэлийг,
хариуцагч П.Б нь нэхэмжлэгч С.Б д холбогдуулан 2014 оны 05 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.
Зохигчдын хэн аль нь эсрэг талын гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт нэхэмжлэгч С.Б , хариуцагч П.Б нарын хооронд байгуулагдсан дараах гэрээ нотлох баримтаар авагджээ. Үүнд:
Дээр дурдсан гэрээнүүдийг байгуулсан талаар зохигчид маргаагүй боловч хариуцагч нь 2014 оны 05 сарын 15-ны өдөр 48,190 ам.доллар өгч авалцаагүй тул уг зээлийн гэрээ болон гэрээний нэмэлт нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч С.Б нь хариуцагч П.Б д 2011 оны 09 сарын 20-ны өдөр 47,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн, 2014 оны 05 сарын 15-ны өдөр, 2016 оны 03 сарын 15-ны өдөр байгуулсан гэрээнд 47,000,000 төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар талуудын тохиролцоог тусгасан болох нь тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2011 оны 09 сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний дагуу мөн өдөр хариуцагч нь 47,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй.
2014 оны 05 сарын 15-ны өдөр 48,190 ам.долларыг бодитоор өгч авалцаагүй талаар зохигчид маргаагүй бөгөөд уг гэрээнд 48,190 ам.долларыг зээлсэн гэж тусгасан байх боловч бодитоор зээлсэн 47,000,000 төгрөгийн зээлийн хүрээнд бичгийн хэлбэрээр гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээл буюу 47,000,000 төгрөгийг тохирсон хүү болох сарын 2,5 хувиар тооцож шаардах эрхтэй.
2014 оны 05 сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 48,190 ам.долларыг нэхэмжлэгч нь шилжүүлэн өгөөгүй боловч 2011 онд зээлсэн 47,000,000 төгрөгийн зээлтэй холбоотой гэрээ байгуулагдсан байх тул уг хэлцэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй байна.
Хариуцагч нь 2011 оны 09 сарын 20-ны өдрийн гэрээний хугацаа 2012 оны 09 сарын 20-ны өдөр дууссан, гэрээнд заасан хугацааны үүргийг гүйцэтгэсэн гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна”, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасны дагуу тоолоход 2011 оны 09 сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа 2015 оны 09 сарын 20-ны өдөр дуусгавар болсон байна.
Зохигчид 2014 оны 05 сарын 15-ны өдөр, 2016 оны 03 сарын 15-ны өдөр 2011 оны 09 сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар зээлийн гэрээ гэх баримт үйлдсэн, мөн хариуцагчаас нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан 2014.09.12, 2015.06.12, 2015.07.04, 2016.06.08, 2016.09.21, 2017.12.20, 2018.03.28-ны өдөр хүсэлт гаргаж байсан, мөн 2014.10.09, 2014.12.17-ны өдрүүдэд зээлийн хүү гэж төлбөр төлж байсан баримтууд хэрэгт авагджээ.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, мөн хуулийн 79.7-д “хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасан бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид гаргаж байсан хүсэлт, төлбөр төлсөн баримтаас үзэхэд талуудын хооронд 2011 оны 09 сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа тасалдаж, шинээр тоологдсон гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг мөн хугацаагаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг 2016 оны 03 сарын 15-ны өдрийн гэрээнд тусгагдсанаар шаардсан талаар тайлбарыг гаргасан бөгөөд зээлийн гэрээний үүргийг 2016 оны 09 сарын 10-ны өдрөөр тодорхойлон хариуцагчаас гэрээний үүргийг гаргуулах нь зүйтэй.
2011 оны 09 сарын 20-ны өдрийн 2011/038 дугаартай гэрээгээр 47,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон тул 1 сарын хүү 1,175,000 төгрөгийг 2011 оны 09 сарын 20-ны өдрөөс 2016 оны 09 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаа буюу 59 сар 20 хоногоор тооцоход зээлийн хүүнд 70,108,333.2 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 19,425,000 төгрөг, 22,831.44 ам.доллар төлсөн гэх тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт эдгээр төлбөрийг авсан талаар маргаагүй.
Хариуцагч нь үндсэн зээл 47,000,000 төгрөг, зээлийн хүүнд 70,108,333.2 төгрөг, нийт 117,108,33.2 төгрөгийг төлөхөөс түүний төлсөн төлсөн 22,831.44 ам.долларыг талуудын тохиролцсоноор 1 ам.долларыг 1380 төгрөгөөр тооцож 31,507,387.2 төгрөг дээр 19,425,000 төгрөгийг нэмж, нийт 50,932,387.2 төгрөгийг хасч тооцоход 66,175,946 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч П.Б гаас зээлийн гэрээний үүрэгт 66,175,946 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 66,983,934 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн гаргасан 2014 оны 05 сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Б гаас зээлийн гэрээний үүрэгт 66,175,946 /жаран зургаан сая нэг зуун далан таван мянга есөн зуун дөчин зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 66,983,934 /жаран зургаан сая есөн зуун наян гурван мянга есөн зуун гучин дөрвөн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.2.2, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч С.Б д холбогдох 2014 оны 05 сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч П.Б гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 823,749.62 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 490,467 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б гаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 488,829.73 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР