Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2699

 

 

 

 

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2019/02699

Улаанбаатар хот

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

 

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Т ” ХХК /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Б ,

 

Хариуцагч: С.М  нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 17,127,462.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва, Н.Мягмарсүрэн, хариуцагч Н.Б , С.М ,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Т ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Хариуцагч Н.Б , С.М  нар нь “Т ” ХХК-иас 2018 оны 06 сарын 04-ний өдрийн 65 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 17,880,000 төгрөгийг жилийн 16,8, сарын 1,4 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлийг авсан. Н.Б , С.М  нар нь үндсэн зээл 5,400,783.70 төгрөг, үндсэн хүү 4,599,827.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,336.47 төгрөг нийт 10,001,947.43 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, хугацаа хэтрүүлснээр 2019 оны 06 сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15,599,216.30 төгрөг, үндсэн зээлийн хүү 1,514,844.62 төгрөг, нэмэгдүүлсэн 13,401.77 төгрөг, нийт 17,127,462.69 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд Н.Б , С.М  нараас үндсэн зээл 15,599,216.30 төгрөг, үндсэн зээлийн хүү 1,514,844.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,401.77 төгрөг нийт зээлийн үлдэгдэл 7,127,462.69 төгрөг, бүгд 17,127,462.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.  

            Хариуцагч Н.Б , С.М  нар шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Иргэн Норов овогтой Б  миний бие нь 2008 оны 01 сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл Хадгаламж- Т инд жолоочоор ажиллаж байсан болно. Нийт ажиллах 11 жилийн хугацаанд дэд захирлын жолооч болон мөнгөн зөөвөр, зээл, Тусгай активын хэлтэс гэх мэтчилэн бүх л газар хэлтсүүдийн жолоочоор ажиллаж байсан. Энэ хугацаанд нэг ч удаа шалтгаангүйгээр ажил таслаж байгаагүй бөгөөд ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй. Энэ хугацаанд олон удаа удирдлагын баг солигдож олон өөр хүний жолооч хийж байсан. 2017 оноос Иргэдийн банкны газрын захирлаар ирсэн Р******* захирлын жолоочоор 1 жил гаран ажиллаж байтал Хятад руу сурахаар явж оронд нь Б******* гэж хүн ирсэн. Тэр захиралтай 7 хоног явж байтал би өөрийнхөө жолоочийг авмаар байна. Та угаасаа мөнгөн зөөөвөрт явж байсан хүн байна. Танийг мөнгөн зөөврийн жолооч болгоод өгье гэхэд нь зөвшөөрсөн. Тэгээд мөнгөн зөөврийн жолоочоор ажиллаад 7 хоног явж байтал хүний нөөцийн газраас дуудаад  Баянзүрх дүүргийн Чулуун-Овоо салбарлуу томилсон тушаал өгсөн. Надтай хэлж ярьж зөвшилцөөгүй. Би салбар явах боломжгүй гээд үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Б*******тэй уулзахад чи энэ жолооч нараас ганцаараа өндөр цалин авч байгаа юм байна. Наадуул чинь чиний цалинг бууруулна гээд би ярьж байж цалинтай чинь шилжүүллээ гэсэн. Ингээд цалингийн нягтлантай уулзахад миний бүх материалыг аль эрт салбар луу шилжүүлсэн байсан. Хүний нөөцийн газрын захирал Б*******тай уулзахад би мэдэхгүй гүйцэтгэх захиралтай уулз гэсэн. Гүйцэтгэх захирал цаг байхгүй гээд хүлээж аваагүй. Би салбар явах боломжгүй байсан яагаад гэвэл салбар дээр очоод сарын дараа цалинг 500,000-600,000 төгрөг болгодог. Би төв дээр үндсэн цалин 960,000 төгрөг, хоол унааны мөнгө нэмэгдээд 1,400,000 төгрөгний цалин авдаг байсан. Ингээд эргээд Б******* захиралтай уулзахад салбар явахгүй бол өргөдлөө өг гэж шахсан. Ийм шахалтаар өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан. Гол нь нийгмийн даатгалын сангаас цалин гайгүй байгаа дээр ажилгүйдлийн тэтгэмж 2,200,000 төгрөг авах болсон. Нийт 6 сар ажилд орж чадахгүй явсан. Ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаанд зээлээ төлж яваад тэтгэмж дуусаад төлж чадахаа байсан. 2019 оны 04 сарын 15-ны өдөр Монкон группын захирлын жолоочоор ажилд орсон. Цалин 700,000 төгрөг татвар шимтгэлээ төлөөд 560,000 төгрөгний цалин авдаг. Үүнээс автомашины лизингд 300,000 төгрөг төлдөг. Цалингийн зээлэнд 200,000 төгрөг хийх гэтэл та зөвхөн хүүгээ л төлөх юм байна гээд илүү төлүүлмээр байна гээд зөвшөөрөөгүй. Надад үүнээс илүүгээр төлөх боломж одоохондоо байхгүй байна. Эхнэр М  маань байрны зээл болон цалингийн зээлтэй учир илүү гардаггүй. Би цалингийн зээл 17,500,000 төгрөг, автомашины лизинг 9,500,000 төгрөгний зээлтэй. Банкинд ажиллаж байхад зээл төлөлтөн дээр ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Авсан зээлээ төлж дуусгах сонирхолтой байгаа боловч хүүнээс нь илүү төлж чадахгүй байна. Ажилгүйдлийн тэтгэмж авахаар бүртгүүлсэн бол ажил хийх боломж байдаггүй юм байна. Аваад байгаа мөнгөөрөө төлөөд л явж байсан. Автомашинаа зараад зээлээ дарах гэсэн боловч автомашины үнэ уначихаад байна. Хэрэв цалингийн зээлийн хүүг зогсоочихвол үндсэн зээлээсээ төлж яваад автомашины зээл дуусаад цалин нэмэгдвэл шуурхай төлж дуусгамаар байна. Иймд бидний байдлыг харгалзан үзэж шийдвэрээ гаргана уу” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Т ” ХХК нь хариуцагч Н.Б , С.М  нарт холбогдуулан гэрээний үүрэгт 17,127,462.69 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нар нь ажлаас халагдсан, санхүүгийн хүндрэлийн улмаас зээлийг төлөх боломжгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдлийг төлөхийг хүлээн зөвшөөрч, ажлаас халагдсан хугацаанаас хойших хүүг төлөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Хариуцагч Н.Б , С.М  нар нь нэхэмжлэгч “Т ” ХХК-тай 2018 оны 06 сарын 04-ний өдөр 65 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/-г байгуулан зээлийн үлдэгдэл 12,880,000 төгрөг, нэмэлт зээл 5,000,000 төгрөг, нийт 17,880,000 төгрөгийг жилийн 16,80 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Гэрээ байгуулсан талаар зохигчид маргаагүй.

 

Зохигчдын хооронд байгуулсан дээр дурдсан гэрээний хугацаа 2022 оны 07 сарын 25-ны өдөр дуусахаар байх боловч зээлдүүлэгч “Т ” ХХК нь гэрээний 4.1.2-т зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй, зээлдэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан бол гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийг төлүүлэх арга хэмжээ авах эрхтэй гэж заасныг үндэслэн гэрээг цуцалж, гэрээний үүргийг зээлдэгч нараас гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Н.Б  нь “Т ” ХХК-д жолоочоор ажиллаж байгаад 2018 оны 11 сард ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд тэрээр түүнийг өмнө нь ажиллаж байсан ажлаас ямар ч шалтгаангүйгээр салбар тооцооны төвд жолоочоор шилжүүлсэнтэй холбогдуулан цалингийн хэмжээ багасч зээлээ төлөх боломжгүй болсон гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Гэрээний нэг тал үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг мэдэгдэл өгснөөр тогтоох тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нарын өмнөх зээлийн үлдэгдэл 12,880,000 төгрөг байсан болон 5,000,000 төгрөг нэмж зээлэн, гэрээ байгуулах үед нийт 17,880,000 төгрөгийн зээлтэй байсан талаар хариуцагч нар маргаагүй бөгөөд зээлийг олгосон талаар зохигчид маргаагүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу  зээлдүүлэгч “Т ” ХХК нь зээлдэгч Н.Б , С.М  нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй, зээлдэгч нар нь зээлээ хугацаанд нь төлөөгүй бол зээл, хүүг тус тус төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 08 сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 15,599,216.30 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 1,514,844.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүн 13,401.77 төгрөг, нийт 17,127,462.69 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн.

 

2018 оны 06 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 03 сарын 29-ний өдрийг хүртэл үндсэн зээлд 2,285,053.25 төгрөг, зээлийн хүүнд 2,156,960.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,336.47 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн талаар маргаагүй.

 

Хариуцагч нар нь 2019 оны 08 сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 17,880,000 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 3,040,703.69 төгрөгийг төлөх үүрэгтэй байх бөгөөд төлсөн төлбөрийг хасч тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 15,594,946.75 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 883,743.6 төгрөг байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү тооцохоор заасан байх боловч Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан нөхцөл бүрдээгүй буюу гэрээний хугацаа дууусаагүй байх тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзэн хариуцагч нарын нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 1,336.47 төгрөгийг төлбөл зохих үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н.Б , С.М  нараас үндсэн зээлийн үлдэгдэл 15,593,610.28 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 883,743.6 төгрөг, нийт 16,477,353.88 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 650,108.81 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                    

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Б , С.М  нараас зээлийн гэрээний үүрэгт 16,477,353.88 /арван зургаан сая дөрвөн зуун далан долоон мянга гурван зуун тавин гурван төгрөг наян найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 650,108.81 /зургаан зуун тавин мянга нэг зуун найман төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,587.32 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б , С.М  нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 240,336.77 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

        

 

 

 

            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                             Д.ЦЭРЭНДОЛГОР