Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2811

 

 

 

 

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2019/02811

Улаанбаатар хот

 

                  МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.О  -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Б -т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “Г.Б   нь 2018 оны 10 сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн зээлийн гэрээгээ 1,000,000 төгрөг нэмж зээлэн 3,000,000 төгрөг болгон авсан. Гэтэл Г.Б  нь зээл, зээлийн хүү, алданги төлөхгүй, төлнө гэж худлаа бичиг хийж өгдөг, хэл ам хийж утсаа ч авахаа больсон. Сүүлдээ би наад мөнгийг чинь төлж чадахгүй гэж хэл амаар доромжлох болсон. Гомдлоо цагдаагийн байгууллагад гаргаж байж 2019 оны 01 сарын 22-ны өдөр 910,000 төгрөг, 24-ний өдөр 615,500 төгрөг, нийт 1,525,500 төгрөг төлсөнийг би 4 сарын гэрээний алданги болох 1,800,000 төгрөгийг төлсөнд тооцож нэхэмжлэл гаргаж байна. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу 1,525,500 төгрөгийг алдангид тооцож авсан. Хариуцагч үүргээ хүлээн зөвшөөрөөд 2017 оны 10 сарын 04-ний өдрөөс 2018 оны 10 сар хүртэл үндсэн хүү төлсөн байдаг. Мөн 2018 оны 10 сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөгийг авсан нь үнэн, төлнө гэсэн баталгаа гаргаж өгсөн байдаг. Одоо болтол зээл, зээлийн хүүд нэг ч төгрөг төлөөгүй болно. Иймд Г.Б ээс үндсэн зээл 3,000,000 төгрөг, 4 сарын хүү 1,200,000 төгрөг, нийт 4,200,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Иргэн Г.Б  би 2018 оны 10 сарын 22-ны өдөр С.О  гэгчээс 2 сая төгрөг хэзээ ч зээлж аваагүй болно. Мөн нэмж энэ өдөр 1 сая төгрөг огт зээлж аваагүй. Мөн өдөр Г.С.О тэй ямар нэгэн зээлийн гэрээ үйлдэж гарын үсэг зураагүй. Иймд түүний шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэл болон баримтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ этгээд нь бусдад өндөр хүүтэйгээр мөнгө хүүлж ашиг олдог явдлаа байнга нуун далдалж баримт сэлтийг /зээлийн гэрээ/ цаг тухайд нь үйлддэггүй, зөвхөн дарамт шахалтаар гарын үсэг зуруулж, хүчирхийллээр асуудлаа шийдэж явдаг этгээд юм. Би олон хүнтэй харьцаж зээл мөнгө хүүтэй авдаг боловч Г.С.О  шиг худал хуурмаг гүтгэлэг, дарамт шахалттай хүчирхийлэгч хүнийг үзээгүй. Г.С.О ээс 2017 оны 09 сарын 04-нд 400,000 төгрөг, 09 сарын 06-нд 600,000 төгрөг, 09 сарын 08-нд 500,000 төгрөг, 09 сарын 10-нд 500,000 төгрөгийг цувуулан авч, нийтдээ 2,000,000 төгрөгийг зээлсэн. Өгөхдөө манай өвгөнд хэлж болохгүй шүү гэж надад захин ямар ч гэрээ үйлдэхгүйгээр зээлсэн. Энэ мөнгийг өгч дууссан өдөр нь 09 сарын 10 байтал надаас сар бүрийн 04-ний өдрөөр бодож хүүгээ авна шүү гэж сүрдүүлсэн. Ингээд түүний сүрдүүлгээр сар бүрийн хүүг нь төлж эхэлсэн бөгөөд яг энэ үед надтай цуг ажилладаг байсан Ундармаа гэдэг эмэгтэйд Г.С.О  нь 500,000 төгрөг хүүтэй зээлсэн байсан. Тэгээд бид хоёроос хүүгээ нэхэж оройд нь аль алин руу нь утастдаг байсан. Ундармаа бид хоёрын зээл ойролцоо цаг үед авсан учир хэн хэнийгээ мэддэг болсон учраас тэр намайг гэрчилнэ. Ингээд сар бүр Г.С.О т би хүүний 200,000 төгрөг төлсөөр 2018 оны 10 сарын 22-ны байдлаар би түүнд зөвхөн хүүний төлбөрт нийтдээ 2,084,500 төгрөг төлчихсөн байсан. Мөн үндсэн зээл болох 2,000,000 төгрөгөөс нь 310,000 төгрөгийг буцааж төлчихсөн байсан. Аргагүйн эрхэнд надад мөнгө хэрэг болоод 2018 оны 10 сарын 22-нд би Г.С.О тэй уулзахад надтай дараах тооцоог хийж 700,000 төгрөг нэмж зээлсэн. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 1,690,000 дээр хүүгийн төлбөрт 2,084,500 авснаасаа гадна үргэлжлэн гарсан хүүний төлбөр 610,000 төгрөгийг нэмээд 2,300,000 төгрөг дээр 700,000 төгрөгийг нэмж өгөөд 3,000,000 төгрөг болгосон бололтой. Ер нь энэ хүний дарамтанд өдөр бүр орж ая талыг нь засахын эрхэнд кимчи, стүжин өг гэхэд нь өдөр бүр өгдөг байсан. Удсан бараагаа зарж өг гэж намайг дарамталж заруулдаг байсан, архи пиво авч өг гэхэд нь хэд хэдэн удаа авч өгч байсан. Миний хувьд ажил амьдралын төлөө тасралтгүй хөдөлмөрлөж, өр зээл үүссэн ч хүнийг хохироохгүй өгч авч өдийг хүрсэн шударга иргэн билээ. Харин энэ эмэгтэй бол өндөр хүүтэй мөнгө хүүлж, тамхи зарж архи ууж агсам тавьж баярхдаг, гүтгэлэг хийж луйварддаг этгээд юм байна. Г.С.О ээс өөр ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг өгч авалцсан тооцоо байхгүй учир зээлийн гэрээ гэгч нь бодит байдалд нийцэхгүй хууль зөрчсөн шударга бус гэрээ гэж үзэж байна. Харин 2,000,000 зээлчихээд түүнээс зах зээл дээр байхгүй маш өндөр хүүтэй хүү бодож нийт хүүнд хүүний төлбөр гэж 2,084,500 төгрөг, үндсэн зээлээс хассан мөнгө 310,000 төгрөг, 2018 оны 10 сарын 22-нд зээлсэн 700,000 төгрөг, хүүгийн хамт төлсөн 910,000 төгрөг, 2,000,000 төгрөг зээлсэн дээр 1,000,000 төгрөг хүүний хамт 3,000,000 төгрөг болгосон гүйцээлт мөнгө 615,500 төгрөг, нийт 3,920,000 төгрөгийг төлсөн байгаа тул Иргэний хуулийн дагуу бүрэн төлөгдөж дууссан гэж үзэж байна.

С.О ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зүйн үндэслэл байхгүй юм байна. Тухайлбал түүний зээлийн гэрээ гэгч нь зөвхөн С.О ийн нэг талын хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн бөгөөд нөгөө талдаа утга санаа ухамсарлах боломж өгөхгүй, айлган сүрдүүлж, дүр үзүүлэн халхавчлах замаар гарын үсэг зуруулсан. Өөрөөр хэлбэл хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан явдлыг хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгохгүй хэмээн Улсын дээд шүүхийн 2010 оны 06 сарын 22-ны Иргэний хуулийн 5,6,7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарласан тогтоолд бий. Баримтын агуулгыг алдагдуулж, болоогүй үйл явдлыг болсон мэтээр үйлдэж, гэрээний стандартыг ноцтой зөрчсөн нь харагддаг. Өөрөөр хэлбэл хэдэн оны, хэдэн сарын өдөр, хаана үйлдсэн нь тодорхойгүй, зээлдүүлэгчийн овог нэр, регистр зэрэг нь бичигдээгүй, хэзээнээс эхэлж 6 сарын хугацаа тоологдох нь мэдэгдэхгүй, дээр нь хүү алдангийн талаар дурдаагүй атлаа нэхэмжлэлдээ 910,000 төгрөг, 615,000 төгрөг, нийт 1,525,000 төгрөгийг төлснийг гэрээний алданги болох 1,800,000 төгрөгийг төлсөнд тооцож байгаа мэтчилэн дур зоргоороо авирласан байна. Мөн 2018 оны 10 сарын 22-ны өдрийн 2 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн хэмээн гүтгэн гүжирдсэнээс гадна өөрийн дураар “нэмэлт 2018 оны 10 дугаар сарын 22-нд нэмж 1 сая төгрөг болгов“ засвар хийн, өөрчилж бичсэн байна. Нөгөө талаар Иргэний хуулийн 281.1.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө, эд хөрөнгө шилжүүлэх... үүргийг тус тус хүлээнэ” гэж заасныг ноцтой зөрчиж, бичгээр хийсэн хэлцлийг талуудад тус бүр хүртэх хувь үйлдэж, үлдэх хувь дээр харилцан гарын үсэг зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ гэсэн Иргэний хуулийн 42.7-г зөрчжээ. Хариуцагч Г.Б ийн хувьд С.О т байнга дарамтлуулан, доромжлуулдаг тул аргагүйн эрхэнд хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн, агуулгыг нь эндүүрсэн явдал болжээ. Иймд иргэн болон шүүх байгууллагаар тохуурхан, даажигнасан С.О ийн үйлдлийг таслан зогсоож, нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Зээлийн гэрээ болон гар бичиглэл гэгчийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.4-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Сөрөг нэхэмжлэлд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус байх нөхцөлийн аль заалтаар хүчин төгөлдөр бусад тооцуулах нь тодорхойгүй. Сөрөг нэхэмжлэлд уг заалтанд хамааруулан нэхэмжлэл гаргаагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “энэ хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр  хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасан. Тэгвэл талууд анх хийсэн зээлийн гэрээгээ хүчин төгөлдөр бус гэж үзээгүй төдийгүй уг гэрээний үндсэн зээл төлөгдөөгүй учир үргэлжлүүлэн 2018 оны 10 сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг нэмж 3,000,000 төгрөг болгон гэрээ хийсэн. Үүнийгээ баталж 2018 оны 10 сарын 26-ны өдөр Г.Б  нь иргэн С.О ээс 2018 оны 10  сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн, зээлээ 3 сарын дотор төлж дуусгана гэсэн баталгаа гаргаж өгсөн. Түүнчлэн гүтгэн гүжирдсэн, хүч хэрэглэн айлган сүрдүүлж гарын үсэг зуруулсан гэж байгаа боловч Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлд уг заалтанд хамруулан нэхэмжлэл гаргаагүй. Энэ нь өөрийнх нь 2018 оны 10 сарын 26-ны өдөр гаргасан зээл авсан, төлөх талаар гаргасан баталгаа, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн С.О т холбогдох Г.Б ээс гаргасан Зөрчлийн S-2612 материалыг шалгаж зөрчил үйлдэгдсэн нь тогтоогдоогүй үндэслэлээр 2019 оны 06 сарын 13-ны өдөр зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоол үйлдэн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно” гэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяад ирүүлсэн 250/4622 тоотын хариу зэргээр үгүйсгэгдэж байгаа бөгөөд дээрх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан болно. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй байна. Хариуцагч Г.Б  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас зээлээ төлөхгүй хугацаа хожих гэсэн дээ янз бүрийн нэмэлт, сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл дээр ямар нэгэн хуулийн заалт баримтлаагүй байдаг. Өнөөдөр шүүх хурал дээр хэлж байгаа тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 09 сарын 04-ний өдрийг гэрээг хүлээн зөвшөөрөөд бүтэн жил хүүг нь төлөөд явсан байдаг. Өөрөө баталгаа гаргаж өгсөн. Тэгэхээр хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.О  нь хариуцагч Г.Б т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,000,000 төгрөг, 4 сарын хүү 1,200,000 төгрөг, нийт 4,200,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг,

хариуцагч Г.Б  нь нэхэмжлэгч С.О т холбогдуулан 2018 оны 10 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.

 

            Зохигчдын хэн аль нь эсрэг талын гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хэрэгт нэхэмжлэгч С.О , хариуцагч Г.Б  нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нотлох баримтаар авагдсан бөгөөд нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан байна. /хх-5-8/

 

Хариуцагч нь уг гэрээн дээр гарын үсэг зурсан талаар маргаагүй боловч 2018 оны 10 сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөг, нэмж 1,000,000 төгрөг аваагүй, тухайн өдөр мөнгө өгч авалцаагүй тул уг зээлийн гэрээ гэх баримт нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн  хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч С.О  нь хариуцагч Г.Б т 2017 оны 09 сарын 04-ний өдөр 400,000 төгрөг, 2017 оны 09 сарын 06-ны өдөр 600,000 төгрөг, 2017 оны 09 сарын 08-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 09 сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн, хариуцагч нь тохиролцсон хэмжээгээр хүүг төлж байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн 2018 оны 10 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнд 2,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн, мөн 2018 оны 10 сарын 22-ны өдөр нэмж 1,000,000 төгрөг болгов гэх бичиглэл хийгджээ.

 

Хариуцагч нь 2017 оны 09 сарын 04-нөөс 10-ны өдрийн хооронд нийт 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлсэн талаар маргаагүй бөгөөд 2018 оны 10 сарын 22-ны өдөр тооцоо хийж 700,000 төгрөгийг нэмж зээлсэн, нийт зээлийг төлбөл зохих хүүгийн хамт төлж дуусгасан гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

2017 оны 09 сард 2,000,000 төгрөгийг зээлэх үед гэрээ хэлцэл байгуулаагүй, 2018 оны 10 сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөгийг бодитоор өгч авалцаагүй талаар зохигчид маргаагүй бөгөөд 2018 оны 10 сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөгийн зээлийн хүрээнд бичгийн хэлбэрээр зээлийн гэрээ байгуулагджээ.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 10 сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөгийг хариуцагчид нэмж өгсөн гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй.

 

Нэхэмжлэгч нь 1,000,000 төгрөгийг хариуцагчид нэмж өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээ болох 700,000 төгрөгийг нэмж зээлсэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

2018 оны 10 сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь шилжүүлэн өгөөгүй боловч 2017 онд зээлсэн 2,000,000 төгрөгийн зээлтэй холбоотой гэрээ байгуулагдсан, мөн хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээ болох нэмж зээлсэн 700,000 төгрөгийн зээлтэй  холбоотой гэрээ байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч С.О  айлган сүрдүүлж, өгөөгүй мөнгийг өгсөн мэтээр, нөгөө талын хүсэл зоригийг тусгаагүй, дүр үзүүлэн хийсэн хэлцэл дээр гарын үсэг зуруулсан гэх тайлбарыг гарган, эдгээр үндэслэлээр 2018 оны 10 сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардсан байх боловч тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй.

 

Зохигчдын хооронд 2,000,000 төгрөг, 700,000 төгрөгийг зээлсэн зээлийн харилцаа үүссэн болох нь баримтаар тогтоогдож байх тул 2018 оны 10 сарын 22-ны өдрийн гэрээнд өмнө зээлсэн 2,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр зээлсэн мэтээр бичсэн, мөн “2018.10.22-нд нэмж 1 сая төгрөг болгов” гэж гараар бичсэн нь уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”, 56.1.3 “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл”, 56.1.4 “үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэл болохгүй.

 

 Зохигчид зээлийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь тэдний харилцан тохиролцсон мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилгыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч 2017 оны 09 сард зээлсэн 2,000,000 төгрөгийн төлбөл зохих хүүг 2018 оны 10 сарын 22-ны өдрийн байдлаар төлж дуусгасан, үндсэн зээл 2,000,000 төгрөгийг нэмж зээлсэн 1,000,000 төгрөгийн хамт нийт 3,000,000 төгрөгийг гэрээгээр тохирсон хүү 10 хувиар тооцож маргаан үүсэхээс өмнөх хугацаа буюу 4 сарын хүү нэхэмжилсэн гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь 2018 оны 10 сарын 22-ны өдрийн байдлаар 2,000,000 төгрөгийн хүүнд 2,084,500 төгрөг, үндсэн зээлээс 310,000 төгрөгийг төлсөн байсан гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээгээр 6 сарын хугацаанд сард 10 хувийн хүү төлөхөөр тохиролцсон тул 2,700,000 төгрөгийн хүүнд 1 сарын хүү 270,000 төгрөгийг нэхэмжлэгчийн шаардсан хугацаа буюу 4 сараар тооцоход зээлийн хүүнд 1,080,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч нь 2019 оны 01 сарын 22-ны өдөр 910,000 төгрөг, 2019 оны 01 сарын 24-ний өдөр 615,500 төгрөг, нийт 1,525,500 төгрөгийг төлсөнийг нэхэмжлэгч нь 4 сарын алдангид тооцон авсан гэж тайлбарласан.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон байх боловч хариуцагчийн төлсөн төлбөрийг алдангид тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцохоор заасантай нийцэхгүй тул хариуцагчийн төлсөн 1,525,500 төгрөгийг түүний төлбөл зохих төлбөрөөс хасч тооцох нь хуульд нийцнэ.

 

Хариуцагч нь зээл 2,700,000 төгрөг, зээлийн хүүнд 1,080,000 төгрөг, нийт 3,780,000 төгрөгийг төлөхөөс түүний төлсөн 1,525,500 төгрөгийг хасч тооцоход 2,254,500 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Г.Б ээс зээлийн гэрээний үүрэгт 2,254,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,945,500 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн гаргасан 2018 оны 10 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

   1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Б ээс зээлийн гэрээний үүрэгт 2,254,500 /хоёр сая хоёр зуун тавин дөрвөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,945,500 /нэг сая есөн зуун дөчин таван мянга таван зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч С.О т холбогдох 2018 оны 10 сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Г.Б ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын  орлогод  тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 7,250 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн  данснаас гаргуулж хариуцагч Г.Б т буцаан олгож, хариуцагч Г.Б ээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 51,022 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.О т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР