Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 09

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын  хяналтын прокурор: П.Удвал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

Шүүгдэгч: Я.Одхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Салдан долоо овогт Ядамсүрэнгийн Одхүүд холбогдох 201620000334 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Увс  аймгийн Малчин суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Хяргас сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Салдан долоо овогт Ядамсүрэнгийн Одхүү /РД:ОЖ85021515/, 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Я.Одхүү нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Малчин сумын Баянмандал багийн нутаг дэвсгэрт 45-60 УВХ улсын дугаартай Kиа церес загварын автомашиныг жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж насанд хүрээгүй О.Бат-Оргилын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                  

            1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Минсэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “ Манайх 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрээ машиндаа ачаад нүүж явсан. Тэгээд хар зам дээр гарах гээд шуурсан цасан дээр дэвсэж жигд буулгаад дайрч гарах гэтэл машины дугуй хий эргэж цасанд суусан. Тэгээд миний хүү О.Бат-Оргил бид хоёр машинаас буугаад жолоочийн эсрэг талд хүүгээ орхиод нэг халуун сав тэвэрч явсан түүнийгээ машины хойд талд тавиад эргээд машин дээр очоод зогссон тэр үед машин хаазлаад засмал зам дээр гарсан. Тэр үед би газар тавьсан байсан халуун саваа аваад эргэтэл хүү маань газар унасан байсан. Тэр үед Бат-Оргил газраас босоод эргээд суусан. Тэгтэл нь очиж тэвэрч аваад юу болсон өвдөж байна уу? гэхэд толгой сэгсэрсэн. Тэгээд нөхөр бид хоёр ойрхон Наранбулаг сум руу явж эмчид үзүүлье гэж яриад эмчид үзүүлэхэд Улаангом яаралтай орж үзүүлэх шаардлагатай гэхэд нь Улаангом руу авч орж ирж эмнэлэгт хэвтүүлсэн. Нэгдсэн эмнэлэгийн эмч нар ЭХО-д үзээд хэвлийн хөндийд цустай байна гээд хэвтүүлсэн. Хүүхэд бол зам дээр биш замын ирмэг хөвөө хэсэгт нь дайрагдсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид бүхний хувьд өвөл цаг болсон, мал ахуй эзгүй маш хэцүү байхад нөхрийг минь шалгаж байгаад бид бүхний зүгээс бас хүнд байна. Иймд уг асуудлыг богино хугацаанд түргэн шуурхай шалгаж өгнө үү” гэх мэдүүлэг / хх-ийн 22-23, 24-р тал /,

            3. Гэрч С.Ариунаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 12 сарын 04-ний өдөр О.Бат-Оргил гэх хүүхдийг эцэг, эх нь 13.30 цаг орчим эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Тухайн үед ээж нь машин цасанд боогдоод цас малтаж байтал уг хүүхэд дээлэнд орооцолдож машины дугуй доогуур орсон гэж ярьж байсан. Хувцас хунар нь урагдаагүй байсан. Мөр илэрсэн эсэхийг анзаараагүй. Биед нь үзлэг хийхэд хэвлийн хүйс орчмын  доохон талаар бага зэргийн хөхөрсөн мөр байсан бөгөөд автомашины хээтэй мөр ажиглагдаагүй. Хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, нойрмоглосон байдалтай, гар хөл нь хүйтэн, орчиндоо харьцаатай, асуулт асуухад үг хэлэхгүй, толгой дохих юмуу, сэгсэрч хариулна. Зүрхний цохилтын тоо 125, даралт 90/60, захын судасны хүчилтөрөгчийн хэмжээ 93%, амьсгалын тоо 36 байсан. Үзлэгээр хэвлийн баруун доод хэсэгт шалбарсан, арьс нь цонхийсон хүүхэд ярагласан, хэвлийн булчингууд чангарсан, хэвлий эмзэглэлтэй, шээсний гарц хэвийн босож зогсож байсан. Биеэс гарсан цус байхгүй, ЭХО-д харахад хэвлийн хөндийд бага зэргийн шингэн хурсан байсан. Тиймээс хэвлийн өнгөц битүү гэмтэл гэсэн онош тавьж 2 цагийн турш өвдөлт намдаах зорилгоор аналгин, демидрол, цус тогтоох зорилгоор еаак хийсэн. Дотуур цус алдалт байж магадгүй гэж үзсэн юм. Ингээд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасгийн их эмч Н.Батсүхтэй холбогдож зөвлөгөө авч өвчтөнийг аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн. Өвчтөнийг Наранбулаг сумын эмнэлэгт хэвтүүлээгүй, 2 цагийн турш үзлэг эмчилгээ хийсэн юм” гэх мэдүүлэг / хх-ийн 25-р тал /,

            3. Гэрч Н.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “ Тухайн үед хүүгийн ээж Б.Минсэл цасанд машин суугаад цас малтаж байгаад цаснаас гарахдаа хүүхэд машинд дайрагдсан гэж хэлж байсан. Тэгээд үзлэг хийхэд хүүхдийн биеийн байдал хүндэвтэр баруун ташаа хөхөрсөн, зулгарсан шархтай байсан. Тухайн үедээ шинжилгээ аваад хэвтүүлсэн. Хүүхдийн хувцас болон биед автомашины дугуйн мөр үүссэн талаар анзаарч хараагүй. Хувцасыг сөхөж үзэхэд баруун ташаа хөхөрч зулгарсан байсан. Би асуухад Б.Минсэл машины арын дугуйд дайрагдаад гарсан гэж хэлсэн. Яг аль талын дугуйд гэдгийг асуугаагүй. Машин цаснаас гарахдаа дайрсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 26-р тал /,

            4. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 8-9-р тал/,

            5. Автомашин хураан авсан тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд, В ангилалын №1094515 дугаартай жолооны үнэмлэх хураан авсан тэмдэглэл / хх-ийн 11-12, 15-р тал /,

            6. Эд хөрөнгө ( нас гүйцсэн хүрэн зүсний морь ) битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд / хх-ийн 18-19-р тал /,

            7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 660 дугаартай шинжээчийн: “ О.Бат-Оргилын биед гэмтэл учирсан байна. Хөндлөн гэдэс, сэмжний няцрал цус хуралт, хэвлийн хөндийд цус хурсан 200 мл, баруун сүүжний ясны дэлбэнгийн хугарал, баруун цавьны хэсэгт цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт удаан хугацаагаар нөлөөлнө” гэх дүгнэлт / хх-ийн 30-р тал/,

            8. Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай шинжээчийн: “ 1. Жолооч Я.Одхүү нь Замын хөдлөгөөний дүрэм зөрчсөн байна. 2. МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д зааснаар “ Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн. 3. Тухайн тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох боломжгүй. 4. Уг үйлдэл нь зам тээврийн осол мөн байна. “ Зам тээврийн осол гэдэг нь: зам  дээр тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал юм.” 5. Жолооч Я.Одхүү нь ЗХД-ийн 7.6 дахь хэсгийг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан болж байна” гэх дүгнэлт / хх-ийн 36-р тал /,

            9. Увс финанс-Аудит ХХК-ний 2016 оны 12 сарын 15-ны өдрийн 625 дугаартай “Автомашин үнэлсэн тухай” дүгнэлт /хх-ийн 40-41-р тал /,

            10.  Увс финанс-Аудит ХХК-ний 2016 оны 12 сарын 15-ны өдрийн 626 дугаартай “Нас гүйцсэн морь үнэлсэн тухай” дүгнэлт /хх-ийн 46-47-р тал /,

            11. Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд / хх-ийн 63-64, 66, 68-р тал /,

            12. Шүүгдэгч Я.Одхүүгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн 61-р тал/, 

            13. О.Бат-Оргилын төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэл / хх-ийн 72, 73-р тал /,

            14. О.Бат-Оргилын 2016 оны 12 сарын 04-ний өдрөөс 12 сарын 14-ний хооронд Увс аймгийн нэгдсэн эмнэлэгийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 77-108-р тал /,             

           

           15. Шүүгдэгч Я.Одхүүгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Бид нар Увсаас Улаанбаатар чиглэлд явах хар замын дэргэд ирэхэд замын хажуу хэсэг рүү цас шуурч цасан хунгар үүссэн машин гарах боломжгүй байсан тул би түрүүлж буугаад хатуурсан цасыг гишгиж сулалаад дээгүүр нь дайраад гарах гэтэл гарч чадалгүй ховил руу нэг дугуй орж шаравсан тэгээд машин жаахан хүч алдахаар нь би бууж хараад буцаж суугаад хойш нь ухарч гараад ховил руу чулуу хийгээд эхнэр хүү хоёроо буулгачихаад буцаж машиндаа сууж засмал зам дээр гарч ирээд зам чөлөөлөөд машинаа байрлуулчихаад буугаад ирэхэд эхнэр Минеэл Баторгилыг тэврэзд миний дэргод ирээд чи хүүхэд машинаар шүргээд унагаачйхлаа гэж хэлсэн. Би машинаа засмал зам дээр гаргах үед миний машины зөв талын хойд дугуйнд ямар нэгэн зүйл тээглэх шиг болохоор нь чигээрээ явчихсан тэр үед л хүүхэд машины зөв талын арын дугуйнд шүргэгдсэн байх. Уг нь би эхлээд бууж ховил руу чулуу хийх гэж хайсан боловч зам дээр чулуу байхгүй болохоор нь 1-2 метрийн зайнаас чулуу авч ирж ховил руу хийсэн тэр үед машины эргэн тойронд ямар нэгэн чулуу харагдаагүй. Тэгээд эхнэр хүү бид 3 машинд суугаад явж байгаад хүухдээс өвдөж байна уу гэж асуухад энд өвдөж байна гээд гэдэс рүүгээ заахаар нь ойрхон Наранбулаг сум орж үзүүлье гэж хэлээд Наранбулаг сум руу орж ирээд эмчид үзүүлэхэд яаралтай Улаангом сум оръё гэж Улаангом сум руу авч ирж эмнэлэгт хэвтүүлсэн. Миний хүү 4 настай. Тухайн үедээ зам тээврийн осол болсон гэж мэдээгүй тэгээд ч хөдөө хээр газар байсан болохоор утасны сүлжээ байхгүй байх ойрхон Наранбулаг сум оръё гэж бодоод Наранбулаг суманд ирэхэд эмч үзээд яаралтай Улаангом сум руу оруул гэхээр нь хүүхэддээ анхаарал хандуулаад мэдэгдэх талаар огт бодоогүй Тэгээд би эхнэр хүүхэд хоёроо Улаангом суманд оруулж ирэхэд цагдаад мэдэгдсэн байсан хэн нь мэдэгдснийг мэдэхгүй байна. Өөрийн буруугаас болж ийм гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Миний хүүгийн бие одоо гайгүй болсон. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна”  гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

 

             Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд: Шүүгдэгч Я.Одхүү нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Малчин сумын Баянмандал багийн нутаг дэвсгэрт 45-60 УВХ улсын дугаартай Киа церес загварын автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж насанд хүрээгүй О.Бат-Оргилын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Минсэл, гэрч С.Ариунаа, Н.Гансүх нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 660 дугаартай шинжээчийн дүгнэлт,  Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлт,  шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           Мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Я.Одхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч Я.Одхүү нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж барагдуулсан, цаашид нэхэмжлэх хохиролгүй болох нь хохирогчийн төлөөлөгчийн мөрдөн байцаалтанд  өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул цаашид шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.    

 

Шүүгдэгч Я.Одхүү нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.

 

Шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй тул шүүгдэгч Я.Одхүүгийн эзэмшлийн нас гүйцсэн хүрэн зүсний морь битүүмжилсэн, 45-60 УВХ улсын дугаартай Киа церес загварын авто машин  хураан авсан мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Я.Одхүү нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан түүнд оногдуулсан хорих ял биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Я.Одхүүд оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Я.Одхүүгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 / нэг / жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1,  286 дугаар зүйлийн 286.1,  294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1-297.5 дахь хэсэгт, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Салдан долоо овогт Ядамсүрэнгийн Одхүүг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  215 дугаар зүйлийн  215.2 дахь  хэсэгт  зааснаар шүүгдэгч Я.Одхүүд  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж,  1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Я.Одхүүд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Я.Одхүү нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, эд мөрийн мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Я.Одхүүгийн  эд хөрөнгө  болох нас гүйцсэн хүрэн зүстэй морь нэгийг битүүмжилсэн , 45-60 УВХ улсын дагууртай, Киа церес загварын авто машин  хураан авсан мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, уг автомашиныг шүүгдэгч Я.Одхүүд  буцаан олгосугай.

6. Шүүгдэгч Я.Одхүүгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1094515 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Отгоннямд үүрэг болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Я.Одхүүд оногдуулсан  1  /нэг/ жил 6 /зургаа/ сар   хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т шүүгдэгч Я.Одхүүд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсуай.

9.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Я.Одхүүд  өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан,  хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.ГАНСҮХ