Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 52

 

Б.Н-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ  даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганзориг,

шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Ч.Атарболд,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1721 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан давж заалдах гомдлоор Б.Н-д холбогдох эрүүгийн 1906057032210 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Б.Н-, 1993 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, чөлөөт бөхийн багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,  

            Б.Н- нь 2019 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Баяржаргалын хэвлийн тус газарт 2 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь “нарийн гэдэсний чацархайн урагдал, няцрал, нойр булчирхайн няцрал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Н-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Ч.Атарболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Н- нь тамирчин бөгөөд байнгын бэлтгэл сургуулилт хийхийн зэрэгцээ, тэмцээн уралдаанд оролцож өөрийн хэрэгцээний зардлыг олдог тул шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Тэрээр анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч гэмшин, учруулсан хохирлоо сайн дураар төлж барагдуулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад саад учруулаагүй болно. Хувийн байдлын тухайд Монгол Улсын аймгийн хурц арслан цолтой, спортын мастер, дотоодын болон гадаадын уралдаан тэмцээнд амжилттай оролцож медальт байр эзэлж байсан. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбаргүй.” гэв.

Прокурор Б.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн бөгөөд шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар арван гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Б.Н- нь 2019 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Санан дурсахуй” баарны үүдэнд бусадтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар маргаан дууссаны дараа Г.Баяржаргалын араас очиж, түүний хэвлийн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь “нарийн гэдэсний чацархайн урагдал, няцрал, нойр булчирхайн няцрал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Г.Баяржаргал нь “...шөнийн 01 цагийн үед баарны гадаа шорлог идэх гээд тойроод зогсож байтал Н- гэх үл таних залуу ирээд манай найз Очироотой маргалдсан. Би Очироог салгаж зугтаагаад байрны голоор ороод явж байхад Очироо хашаа давсан. Би хашаа давж чадахгүй тойроод явж байтал Н- хамт явсан хүмүүстэйгээ миний урдаас гарч ирээд намайг татаж унагаад хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Тэрнээс хойш би ухаан алдсан бололтой ганцаараа гудамжинд хэвтэж байсан. Удалгүй манай найз Баясгалан, Чүлтэм, Мөнхбаатар нар цагдаа нарын хамт ирээд намайг босгосон. Би тэр өдрийн 18-19 цагийн үед дотуур цус алдалтаас болж мэс засалд орсон. Чацархай, нойр булчирхай зэрэг эрхтнүүд гэмтсэн байна гээд 2019 оны 9 дүгээр сарын 22-ноос 27-ны өдрийн хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хавсарсан гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. ...” /хх 7-8/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

- гэрч Д.Чүлтэмийн “...баарны үүдэнд бид нарын хажуу талд гурван залуу тамхи татаад зогсож байсан. Тэгээд байж байтал Очироо гэх залуу Баярааг зодсон Н- гэх залуутай маргалдаж эхэлсэн. Бид нар хоорондоо хэрэлдээд баарны хашаанаас гарцгаасан. Замын нөгөө талд гараад Баяраа, Очироо хоёр байрны голоор салж явсан. Дараа нь баарны хамгаалагч нар болон Н- найзуудын хамт Баяраа, Очироо хоёрын араас явсан. Тэгэхээр нь Мөөгий ах, Баясгалан бид гурав араас нь дагаж очсон бөгөөд “Манай найз хаана байна” гэхэд “Танай найз нар зугтаагаад явчихсан” гэж хэлсэн. Би цаашаагаа яваад хартал манай найз зодуулчихсан, эвхэрчихсэн хэвтэж байсан. ...” /хх 14/,

- гэрч А.Баясгалангийн “...Очироо, Н- нар маргалдаад хоорондоо зодолдох гээд байхаар нь арай гэж салгасан. Баяржаргал, Очироо нарын явж байсан зүг рүү баарны хамгаалагч нар болон Н- найзуудын хамт явж байхаар нь юу болов гээд араас нь яваад очсон. “Манай найзууд хаана байна” гэж асуусан чинь Н- “Би яаж мэддэг юм, тэр зүгт зугтаагаад алга болсон, өндөр залуугаа олоод ир” гээд томроод байсан. Тэгэхээр нь Чүлтэм орон сууцны хооронд алхаж яваад Баяржаргалыг газар хэвтэж байхыг олсон ба бид нар цагдаа дуудсан. ...” /хх 19/,

- гэрч Э.Төмөр-Очирын “...манай хэд шорлог тойроод хэдэн хүүхнүүдтэй юм яриад зогсож байтал хажууд үл таних залуу /Н-/ яриан дундуур орж ирээд бидэнтэй хэрүүл хийхээр нь бид хоёр маргалдсан. Миний эрүүн тус газарт гараараа 1 удаа цохисон чинь тэдний найзууд болон манай найзууд дундуур орж ирээд салгасан. Би Баяржаргалыг явъя гэж хэлээд зам хөндлөн гараад байрны дундуур алхаад явсан. Эргээд хартал баарны үүдэнд маргалдсан хүмүүс бид хоёрын араас гүйгээд ирж байхаар нь би хашаа даваад цааш явсан. Баяржаргал хашаа давж чадалгүй тойрч явах гээд ардаас гүйж байсан... ардаас гүйгээд ирэхгүй байхаар нь Баяржаргал руу залгахад “цагдаагийн хэлтэс дээр ирсэн байна” гэж хэлсэн. ...” /хх 28/,

- шүүгдэгч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...зугтаасан залуугийн найз нь зогсоод үлдсэн. Тэр залуу тоосго бариад над руу далайхаар нь би гарыг нь барьж аваад гэдэс рүү нь гараараа 2 удаа цохиод “Найзыгаа олоод ир” гэж хэлээд явуулах гэсэн чинь тэр залуу явахгүй замын боржур дээр доошоо тонгойгоод надтай хэрэлдээд суугаад байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Тухайн үед надад цохиулсан залуугийн хэвлий хэсгээр нь өвдөөд байна гэхээр нь цагдаагийн алба хаагч түргэн тусламж дуудсан. ...” /хх 42/ гэсэн мэдүүлгүүд,

- хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 11691 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 31/,  2019 оны 9 дүгээр сарын 22-ноос 27-ны өдрийн хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх 78-85/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Н-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

 Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар арван гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хүсэл зоригт нийцүүлэх албагүй юм.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Ч.Атарболдын “...торгох ял биелүүлэх хугацааг сунгаж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1721 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                  ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН