Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2025/0403

 

 

 

 

 

 

 

 

“О” НҮТББ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга М.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “О” НҮТББ

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Гуравдагч этгээд “А” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” ** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “А” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0233 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “О” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Т.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2024/0**2/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “О” НҮТББ нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулж “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” ** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “А” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0233 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “О” НҮТББ-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” ** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан “О” НҮТББ-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “А” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга М.Э давж заалдах гомдолдоо:

“...Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.3-т “улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх”, 9.1.11-д “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын болон энэ хуулийн 24.1-т зааснаас бусад тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх”, 17 дугаар зүйлийн 17.3-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн “Талбайн солбицлыг тогтоох тухай” 243 дугаар тогтоолын хавсралтаар “Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицол”-ыг баталсан байна.

Үүний дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах үүрэг бүхий сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж ажилладаг.

Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор батлагдсан Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд хамаарсан Д аймгийн С сумын нутагт орших “З.........” нэртэй 4952.63 гектар талбайд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр сонгон шалгаруулалтыг тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлан явуулснаас “А” ХХК шалгарч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХV-********** дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болно.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, оторлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж, мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “гол, мөрний урсац бүрэлдэх эх гэж гадаргын урсцын үндсэн хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эхийг ойлгоно”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.5-д “Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж хуульчилсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар Засгийн газраас баталсан талбайн солбицлын хүрээнд төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялгаж, сонгон шалгаруулалт явуулах бөгөөд уг солбицол бүхий талбай нь 17.5.2-д “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх” гэж заасныг бүрэн хангасан байдаг.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 15 дахь хэсэгт “...байгаль орчны мэдээллийн сангийн үйл ажиллагааны талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хэрэгжилтэд нь хяналт тавих”, мөн Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага усны харилцааны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 10.1.9-д “улсын мэдээллийн сангийн бүрдүүлэлтэд хяналт тавих” гэж заасны дагуу Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны эрх зүйн мэдээллийн сан /https://eic.mn/-аар маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-********* дүгээр тусгай зөвшөөрлийн лавлагаагаар “...Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289-р тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалгүй, ойн сантай давхцалгүй, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалгүй, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна. Орон нутгийн усны энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй...” гэж бүртгэлтэй байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн систем /СМСS/, болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны эрх зүйн мэдээллийн санд Гол, мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалгүй, ойн сантай давхцалгүй, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалгүй, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна. Орон нутгийн усны энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй байна.

Дээрх сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг Засгийн газраар батлуулахдаа байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авдаг. Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс урьдчилсан санал авч баталгаажуулсан байхад дахин Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу “зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны санал” авах шаардлагагүй болно.

Усны тухай хуулийн 17 дугаар зүйлд Сав газрын захиргааны бүрэн эрхийг тусгаж өгсөн ба 17.2-т заасан сав газрын захиргааны бүрэн эрхийг Ашигт малтмал, газрын тосны газар хэрэгжүүлэх боломжгүй ба харин Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг зохицуулсан.

...Гуравдагч этгээд “А” ХХК-аас З......... нэртэй талбайд 2024 онд гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөөг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгээгүй байгаа нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн ялангуяа маргаан бүхий газрын өнөөдрийн нөхцөл байдлыг тодорхойлох ач холбогдлыг харгалзан үзээгүй байна гэж дүгнэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргах, түүнийг бүртгэх журам”-ыг зохицуулсан ба 18.1-д “Энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ энэ хуулийн 10.1.2-т заасан журмын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж хуульчилсан ба тус хавсаргах баримтад Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хавсаргаж өгөх талаар тусгаагүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “ашигт малтмал эрэх гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг”, 4.1.7-д “ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” гэж тодорхойлсон. Харин ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахад Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, 25.1.7-д “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г хавсаргаж өгөхөөр хуульчилсан.

Иймд анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.1 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

“...Ашигт малтмалын тухай хуульд Засгийн газрын хэрэгжүүлэх эрхийг хуульчилсан байдаг бөгөөд тус хуулийн 9.1.3-т “улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх”, 9.1.11-т “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг Засгийн газар тогтоож нийтэд мэдээлэх”, 17.3-т “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж тус тус заасан. Тиймээс 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас “Талбайн солбицлыг тогтоох тухай” *** тоот тогтоол гарсан ба тогтоолын хавсралтаар “Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицол”-ыг баталсан байдаг.

“А” ХХК нь энэ талбайн солбицолд хамаарсан Д аймгийн С сумын нутагт орших “З.........” нэртэй 4952.63 гектар талбайд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр явуулсан сонгон шалгаруулалтын тендерт шалгарч ашигт малтмалын хайгуулын ХV-******** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшсэн юм.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газар хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд холбогдох геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталсан байх ба “А” ХХК-ийн эзэмшиж буй талбай нь тус солбицолд хамаарч буй юм.

...Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг Засгийн газраар батлуулахдаа байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авдаг бөгөөд хавтаст хэрэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр х/**** тоотоор ирүүлсэн “Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 243 тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх үед Байгаль орчин. аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн саналаар тогтоогдож байгаа юм.

Өөрөөр хэлбэл Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны бүрэн эрхийг тодорхойлж өгсөн бөгөөд энэ нь тус хуулийн 15 дугаар зүйлийн 15 дахь заалтад “байгаль орчны мэдээллийн сангийн үйл ажиллагааны талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд нь хяналт тавих” гэж заасан заалтаар баталгаажиж байгаа юм.

Гэтэл шүүх нэгэнт нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллаж эрх бүхий газар нь саналаа ирүүлсэн байхад дахин Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж зааснаар тус сав газрын захиргааны саналыг авах ёстой байсан гэж тайлбарлан шийдвэрийн үндэслэлээ болгож буй нь үндэслэлгүй байна.

...“А” ХХК нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгээгүй байгаа нь дээрх заалтыг зөрчсөн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүхийн үндэслэх хэсэгт дурдсан дээрх байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэгч нь өргөдөлдөө хавсаргаж өгөхөөр хуульчилсан байгаа юм. “А” ХХК нь одоогоор төслийн ажлаа эхлээгүй байгаа ба Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу төслөө хэрэгжүүлэхээс өмнө дээрх байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэх ба үүний дараа дараа төслөө хэрэгжүүлэх юм. Мөн “А” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргаагүй гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

Иймд гуравдагч этгээд “А” ХХК-ийн зүгээс анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн буюу “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай “ ** дүгээр шийдвэрийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсье” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

   2. Хариуцагчаас давж заалдах гомдолдоо “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн систем /СМСS/ болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны эрх зүйн мэдээллийн санд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалгүй, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй, орон нутгийн усны энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй байна. Дээрх сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг Засгийн газраар батлуулахдаа байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авдаг. Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс урьдчилсан санал авч баталгаажуулсан байхад дахин Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу “зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны санал” авах шаардлагагүй болно” гэж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...шүүх нэгэнт нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллаж эрх бүхий газар нь саналаа ирүүлсэн байхад дахин Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар тус сав газрын захиргааны саналыг авах ёстой байсан гэж тайлбарлан шийдвэрийн үндэслэлээ болгож буй нь үндэслэлгүй байна... “А” ХХК нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгээгүй байгаа нь дээрх заалтыг зөрчсөн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь шүүхийн үндэслэх хэсэгт дурдсан дээрх байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэгч нь өргөдөлдөө хавсаргаж өгөхөөр хуульчилсан. “А” ХХК нь одоогоор төслийн ажлаа эхлээгүй байгаа ба Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу төслөө хэрэгжүүлэхээс өмнө дээрх байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэх ба үүний дараа дараа төслөө хэрэгжүүлнэ” гэж тус тус маргасан.

          3. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ** дүгээр “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” шийдвэрээр[1] Сонгон шалгаруулалтын журмын дагуу 2023 оны 12 дугаар сарын 28-ны зарлагдсан ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад шалгарсан “А” ХХК-д Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын З......... нэртэй 4952.63 гектар бүхий ****** кодтой талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.

          4. Ашигт малтмал, газрын тосны газраас 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын З......... нэртэй газарт 4952.63 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал хайхыг зөвшөөрч 2027 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацаагаар “А” ХХК-д XV-******* дугаартай гэрчилгээ[2] олгожээ.

5. “О” НҮТББ-аас 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад “...А ХХК-д олгосон тусгай зөвшөөрөлтэй холбоотой бичиг баримт болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаатай танилцахад Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Усны тухай хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл байна... 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ** тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг[3] гаргасан байна.

6. Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1/**** дугаар албан бичгээр[4] “...Засгийн газрын 2018 оны “Талбайн солбицол тогтоох тухай” 243 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд хамаарсан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг З......... нэртэй 4952.63 гектар талбайд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлан явуулснаас “А” ХХК шалгарч Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна” хэмээн “О” НҮТББ-д хариу хүргүүлжээ.

7. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “усны сан бүхий” газар гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг” гэж заасан.

8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ЕГ0325/**** дугаар “Шинжээчийн дүгнэлт”-ээр[5] “А” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай болох Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Зүүн чих хар уул нэртэй газарт орших 4952.63 гектар талбайд ашигт малтмал хайж ашигласан тохиолдолд газрын гадарга, амьтанд их сөрөг нөлөө, агаарын чанар, гадаргын ус, газрын доорх ус, ургамал дунд сөрөг нөлөө учирч болзошгүй байна” гэж дүгнэж, Дүгнэлтийн хавсралтад авагдсан Зураг №1-д “А” ХХК-ийн зөвшөөрөлтэй талбайн ерөнхий байдал, Зураг №2, 4, 10-т талбайд ус тогтсон байдалтай, Зураг №11-т Х******* булгийг харуулсан зургийг хавсаргасан байх тул гуравдагч этгээд “А” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн талбай нь усан сан бүхий газарт хамаарч байгаа болох нь тогтоогдож байна.  

9. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…хүрээлэн буй орчин бохирдох, газрын доорх ус бохирдсон тохиолдолд хөрсөөр дамжин хүрээгээ тэлж хөрс, хүн, мал амьтан, ургамалд сөргөөр нөлөөлж, тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн Үндсэн хуулиар олгосон эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөнө” гэж тодорхойлжээ.

10. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж заасны дагуу Сав газрын захиргааны саналыг үндэслэх шаардлага нь Ашигт малтмалын тухай хуульд хамааралгүй шаардлага бус, харин Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйл болон 26 дугаар зүйлийн нэгэн адил ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тавигдах нэг нөхцөл болох бөгөөд хариуцагчийн зүгээс Сав газрын захиргааны саналыг аваагүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болзошгүй нөхцөл байдлыг бий болгосон байна.

          11. Энэ тохиолдолд хариуцагчаас гаргасан “...мэдээллийн санд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалгүй, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй, орон нутгийн усны энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй, ...тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг Засгийн газраар батлуулахдаа байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авдаг. Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс урьдчилсан санал авч баталгаажуулсан байхад дахин сав газрын захиргааны санал авах шаардлагагүй”, гуравдагч этгээдийн зүгээс гаргасан “... байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэгч нь өргөдөлдөө хавсаргаж өгөхөөр хуульчилсан. “А” ХХК нь одоогоор төслийн ажлаа эхлээгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

          12. Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 2 дугаар зүйлийн 2.1-т “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж хуульчилсан.

          13. Өөрөөр хэлбэл, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргах мэдээлэл тэр дундаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, сав газрын захиргааны санал зэрэг ашигт малтмалын үйл ажиллагаанаас үүсэж болзошгүй сөрөг нөлөөлөл түүнээс урьдчилан сэргийлэхэд ач холбогдол бүхий мэдээлэл нь хариуцагчийн зүгээс хуульд нийцсэн шийдвэр гаргахад урьдчилсан нөхцөл болохоор байна.

          14. Анхан шатны шүүхийн “...сав газрын захиргаанаас холбогдох саналыг аваагүй, ...байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгээгүй, ...маргаан бүхий газрын өнөөдрийн нөхцөл байдлыг тодорхойлох ач холбогдлыг харгалзан үзээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

          15. “А” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:  

          16. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.

17. “А” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрөл нь эрх зүйн шууд үр дагавар бий болгосон бичгээр гаргасан захиргааны акт байх тул анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

18. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг” гэж заасан.

          19. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ** дүгээр шийдвэрийг үндэслэж “А” ХХК-д Д аймгийн С сумын З......... нэртэй зөвшөөрөл 4952.63 гектар бүхий ****** кодтой талбайд XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байх бөгөөд энэ утгаараа актын шинжийг агуулсан, эрх зүйн үр дагавар үүсгэсэн шийдвэр байна.

          20. Иймд “А” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0233 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “О” НҮТББ-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” ** дугаар шийдвэр, “А” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч “О” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай” гэж өөрчилж, 3 дахь заалтыг хасаж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                               Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

 

[1] 1 хавтаст хэргийн 61 хуудас

[2] 1 хавтаст хэргийн 51 хуудас

[3] 1 хавтаст хэргийн 13-14 хуудас

[4] 1 хавтаст хэргийн 15 хуудас

[5] 2 хавтаст хэргийн 23-45 хуудас