Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 931

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Жын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/00302 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Жын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Мад холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 147 500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрчилгээ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мтай 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр түүнтэй зээлийн гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, нэг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Миний бие өөрийн Хаан банкны 502 090 1255 тоот данснаас 2 000 000 төгрөгийг Мэндбатын Хаан банкны 5720418922 тоот дансанд 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд 340 000 төгрөгийг миний Хаан банкны дансаар төлсөн бөгөөд энэхүү гэрээний үндсэн зээл 2 000 000 төгрөг, алдангид 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийн төлбөр дутуу байгаа болно. Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусах болоод ирмэгц дахин 2 000 000 төгрөг зээлээч гэхээр нь миний бие түүнд итгэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар, нэг сарын 10 хувийн хүүтэйгээр дахин зээлдүүлсэн. Миний бие өөрийн Хаан банкны 5000 645 942 тоот данснаас өмнөх зээлийн гэрээний хүүгийн үлдэгдэл 60 000 төгрөг надад өгөх байсныг хасч тооцож 1 940 000 төгрөгийг Мэндбатын Хаан банкны 5720418922 тоот дансанд 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Жаргал нь Б.Мын ээж Дашжаргалд 7 000 000 төгрөг зээлсэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч Жаргалын бусдад зээлсэн мөнгөний эргэн төлөлттэй хутган ярьж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэрэв Дашжаргал илүү мөнгө төлсөн гэвэл шаардах эрх нь нээлттэй байгаа. 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлэхэд 3 050 000 төргөг байсан гэж ойлгож болно. Улмаар зээлийн гэрээний эргэн төлөлтөд 1 946 000 төгрөгийг Мэндбат нь миний дансанд шилжүүлсэн болно. Шилжүүлсэн төлбөрийг хасч үндсэн зээл 365 000 төгрөг, хүү 400 000 төгрөг, алданги 382 500 төгрөг, нийт 1.147.500 төгрөг надад өгөх ёстой байгаа болно. Иймд 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 2 000 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг, 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 365 000 төгрөг, хүү 400 000 төгрөг, алданги 382 500 төгрөг, нийт 1 147 500 төгрөг байна. Иймд нийт 4 147 500 төгрөгийг Б.Маас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 2 000 000 төгрөг, 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлээд үндсэн мөнгө, хүүгийн хамт өдөрт 40 000 төгрөгийг 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 2 160 000 төгрөг төлсөн. Х.Жаас дахин 2 000 000 төгрөг зээлэхийг хүсэхэд таны зээл бараг төлөгдсөн, зээлнээс 60 000 төгрөг л үлдсэн байна, зээл авч болно гэхээр нь 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дахин 2 000 000 төгрөгийн зээл авахаар болж 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 60 000 төгрөгийг хасаад 1 940 000 төгрөгийг миний 5720418922 тоот Хаан банкны дансанд шилжүүлсэн. Тухайн 2 000 000 төгрөгийг авсан өдөр буюу 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр миний бие 260 000 төгрөг шилжүүлж, 60 000 төгрөг өгөөд 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн зээл бүрэн дууссан. 2015 оны 3 дугаар сарын 26-ны зээлийн хувьд миний бие 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 1 560 000 төгрөг төлсөн байдаг. 2015 оны 03 дугаар сарын 26-нд 260 000 төгрөг 60 000 төгрөг нь урьдах зээлийн үлдэгдэл төлсөн. 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 1 560 000 төгрөгийг төлсөн.

Мөн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 500 000 төгрөг төлсөн. Жаргалын дансанд шилжүүлсэн болно. Үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 200 000 төгрөг, нийт 2 200 000 төгрөг төлөх байснаас 2 060 000 төгрөг төлсөн. Өнөөдрийн байдлаар үндсэн мөнгө, хүү нийлээд 140 000 төгрөгийг төлөх ёстой. Мөн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр      3 050 000 төгрөг зээлсэн мэт бодит бус зээлийн гэрээ байгуулж миний газар өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар барьцаалсан. Нэхэмжлэгч Х.Жын үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа 4 147 500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хожуулын амны 31 дүгээр гудамж, 720 тоот хаягт байршилтай, 500 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын гэрчилгээг Х.Ж нь надад урьдны зээлийн чинь хүү, алданги өгөөд 3 050 000 төгрөг болсон гээд ямар ч мөнгө огт аваагүй байхад 3 050 000 төгрөгийн зээлийн гэрээ дээр гарын үсэг зуруулан авсан. Уг газрыг хууль зөрчин барьцаалсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, газар өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулж гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн хувьд маргахгүй. Уг гэрээний дагуу мөнгө бодитоор шилжүүлээгүй тул барьцааны зүйлийг буцаан шилжүүлэхэд татгалзахгүй гэжээ.

 

  •   : Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Маас 655 000/зургаан зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Жд олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 3 492 500/гурван сая дөрвөн зуун ерэн хоёр мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 58 дугаар зүйлийн 58.2.2 дахь заалтад заасныг баримтлан 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн № 2265 Зээлийн гэрээ, № БГ/2265 Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Х.Жаас Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хожуулын амны 31-р гудамж, 720 тоотод байрлах, 500 м.кв талбайтай, газрын 000321426 дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан хариуцагч Б.Мад олгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Жын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90 255 төгрөгийг, хариуцагч Б.Мын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Маас улсын тэмдэгтийн хураамжид 20 270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Жд, нэхэмжлэгч Х.Жаас 70 200 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Мад олгож  шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардалгад нийцэхгүй байна. Тухайлбал иргэний эрх зүйн тус тусдаа үүссэн харилцааг нэгийг нь нөгөөд хамааруулан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг бүхэлд нь зөрчиж байна. Нэхэмжлэгч 2015 оны 01 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг, 2015 оны 03 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 1 147 500 төгрөг нийт 4 147 500 төгрөг нэхэмжлэхдээ Х.Жын хааны банкны 5020901255, 5000645952 тоот дансуудаар "Б.Маас" гэх утгаар орж ирсэн гүйлгээний төлбөрийг хасч тооцсон. Гэтэл шүүх Х.Ж болон Ц.Дашжаргал нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг, хүчин төгөлдөр байдал, гэрээний үүргийн дүнг нэгтгэн тооцож илүү төлсөн хэмээн үзэж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Х.Жаас Ц.Дашжаргалын авсан зээлийг 5 000 000 төгрөг хэмээн хавтаст хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлалгүй буруу тогтоосон ба Ц.Дашжаргал нь 5 удаагийн гүйлгээгээр 7 000 000 төгрөгийг зээлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад Ц.Дашжаргалын илүү төлөлт 960 000 төгрөг гэсэн нь үндэслэлгүйг харуулж байна. Ц.Дашжаргалын зээлийн эргэн төлөлтийг хасч тооцож байгаа бол түүн рүү шилжүүлсэн 2 000 000 төгрөгт дүгнэлт хийхгүй орхигдуулж буй ойлгомжгүй. 2015 оны 08 сарын 05-ны өдөр Б.М болон Х.Ж нь 2015 оны 01 сарын 31, 2015 оны 03 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг дүгнэж төлвөл зохих дүнг 3 555 000 төгрөг хэмээн тооцож талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг нь Б.М зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг Х.Жд төлөхөө ойлгож түүнийгээ хүлээн зөвшөөрч байсныг харуулж байна. Иймд шүүхийн шийдвэрт шийдвэрт өөрчлөлт оруулж 3 492 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх шаардлагатай гэж үзэв.

Нэхэмжлэгч Х.Ж нь хариуцагч Б.Мад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 147 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 2265 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч Б.М нь зээлдүүлэгч Х.Жаас 2 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,4 хувиар алданги тооцох тохиролцоог хийж, мөнгөн хөрөнгийг Хаан банкны дансаар шилжүүлсэн байна. /хх 37,38 тал/

Талууд  дахин 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 2 000 000 төгрөгийг дээрх нөхцлөөр, алданги 0,5 хувь байхаар тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдэгчийн дансаар 1 940 000 төгрөгийг зээлдүүлэгч шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй болно. /хх 36, 43 тал/

Шүүх талуудын хооронд дээр дурдсан 2 зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээнүүдийг хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч Б.М нь 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн хүүд 340 000 төгрөгийг төлсөн нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь үндсэн төлбөр 2 000 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй.

Зээлдэгч нь 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 1 635 000 төгрөг төлсөн болох нь дансны хуулгаар тогтоогдож байх тул уг мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчээс бодитоор шилжүүлсэн 1 940 000 төгрөгөөс хасахад 305 000 төгрөгийн үндсэн үүрэг үлджээ. Зээлдэгчийн төлвөл зохих 2 сарын хүү 388 000 төгрөг дээр үндсэн үүрэг болох 305 000 төгрөгийг нэмэхэд 693 000 төгрөг, үүнээс хугацаандаа төлөөгүй алданги тооцоход 346 500 төгрөг, нийт 1 039 500 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна. /хх 39-43 тал/

Иймд дээрх хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 4 039 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ.

Хариуцагч 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн БГ/2265 барьцааны гэрээг  хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасанд нэхэмжлэгч маргаагүй, өөрөөр хэлбэл, уг гэрээг тухайн өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон байгуулсан гэх боловч зээлийн гэрээний зүйл болох 3 050 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч бодитоор шилжүүлээгүй, зээлдэгч хүлээн аваагүй нь тогтоогдсон, зохигчид үүнд маргаагүй.  Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/00302 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “…655 000 төгрөг…” гэснийг “4 039 500 төгрөг” гэж, “…3 492 500… төгрөг” гэснийг “108 000 төгрөг” гэж,

2 дахь заалтын “…нэхэмжлэгч Х.Жаас…” гэснийг хасч, “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан хариуцагч Б.Мад олгосугай” гэснийг “гэрчилгээтэй газрыг барьцаанаас чөлөөлсүгэй” гэж,

3 дахь заалтын “…20 270 төгрөг…” гэснийг “79 582 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                  Г.ДАВААДОРЖ