Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2019/03156

 

                                                                                                                                               

 

 

 

 

 

 2019 оны 12 сарын 04 өдөр   

    Дугаар 184/ШШ2019/03156

                     Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ..........................................................................-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .......................................................................... холбогдох,

 

Гуравдагч этгээд: .......................................................................... ХХК,

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................, нэхэмжлэгчийн өмгөөлөгч …….., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .............., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ................. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00402 дугаартай шүүгчийн захирамжаар ....................., .......... нараас зээлийн гэрээний үүрэгт 12,579,690 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 108,125 төгрөг, нийт 12,687,815 төгрөгийг гаргуулж ........... ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байсан. Төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсанаар тус газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч .....................ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201019778 дугаарт бүртгэлтэй, ........................... байрлах, 64,5 м.кв талбай бүхий хувийн сууц, тус хаягт байрлах Г-2201007814 дугаарт бүртгэлтэй 451 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газраас төлбөр гаргуулахаар ажиллагаа хийж байгаа юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00402 дугаартай шүүгчийн захирамжид үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлээгүй атал шүүгчийн захирамжид тусгаагүй заалтыг баримтлан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгаа үйлдэл хууль бус гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.4-д зааснаар “Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулах бөгөөд төлбөр төлөгч-иргэнд мөнгөн хөрөнгө байхгүй, эсхүл мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн бусад хөрөнгөөс төлбөрийг гаргуулна” гэж заасныг зөрчсөн үйлдэл болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасны дагуу шууд шүүхэд хандсан болно. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас .....................ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201019778 дугаарт бүртгэлтэй, ........................... байрлах, 64.5 м.кв талбай бүхий хувийн сууц, тус хаягт байрлах Г-2201007814 дугаарт бүртгэлтэй 451 м.кв талбай бүхий газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хийж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах үндсэн шаардлагатай. Нэмэгдүүлсэн шаардлага нь тус шүүхээс 2019 оны 10 сарын 24-ний өдөр .....................ын нэхэмжлэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч .............. нь 2019 оны 10 сарын 24-ний өдөр нэхэмжлэлийг өөрөө гардаж авсан байдаг. Шийдвэр гүйцэтгэгч .............. нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д зааснаар  “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлыг шүүх, эсхүл дээд шатны албан тушаалтан үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх” мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 27.1.1-д заасан үндэслэл илэрсэн бол шүүхэд, 27.2-т заасан үндэслэл илэрсэн бол ахлах шийдвэр гүйцэтгэгчид ажлын 3 өдрийн дотор мэдэгдэх бөгөөд эрх бүхий албан тушаалтан түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна” гэж заасан байхад үүнийг зөрчин .....................ын 64.5 м.кв талбай бүхий хувийн сууц, 451 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хийж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 11 сарын 01-ний өдөр эхний дуудлага худалдааг явуулсан байсан. .....................ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэсэн хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төлбөр төлөгч ....................., .......... нараас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 11 сарын 30-ны өдөр хийгдсэн. Түүнээс өмнө нь төлбөр төлөгч .....................аас төлбөр гаргуулахаар 2015 оны 07 сарын 02-ны Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 4310 дугаартай шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагаа 2015 оны 08 сарын 03-ны өдөр явагдсан байдаг. Тийм болохоор үүргийн гүйцэтгэл хангагдаагүй, барьцаа хөрөнгөөс гаргуулаагүй, зөвхөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа л явагдаж байгааг ойлгоогүй байна. Яагаад гэхээр 2015 оны 08 сарын 03-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 сарын 02-ны өдрийн 102/ШШ2015/04310 дугаартай шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч .....................аас төлбөр авагч .............. холбогдох 1,500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 19,375 төгрөгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Дараагийн ажиллагаа 2015 оны 09 сарын 15-ны өдрийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2015 оны 05 сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/03509 шийдвэрээр төлбөр төлөгч нь нэг учраас ........... ХХК-ийн барьцаалсан хөрөнгийг битүүмжилсэн тогтоол нь ........... ХХК-ийн шийдвэртэй ажиллагаанд биш ............... ажиллагаан дээр битүүмжлэгдсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан хөрөнгө тодруулах ажиллагаанууд явагдсан талаар 2015 оны 08 сарын 10-ны өдрийн тоотоор нотлох баримтуудаа бүгдийг нь гаргаад өгсөн байгаа.  2015 оны 08 сарын 18-ны өдөр .....................ын бичиж өгсөн тайлбарт 1 настай хүүхдээ асарч байгаа тул түр хугацаагаар хойшлуулна уу гэсэн тайлбар байдаг. Мөн 2015 оны 10 сарын 05-ны өдөр төлбөр төлөгчийн дансанд байгаа мөнгийг битүүмжилж, данс хаах тоотыг бүх банк руу явуулсан байдаг. Бүх банкнаас мөнгөн хөрөнгийн үлдэгдэл хүрэлцэхгүй болон данс байдаггүй гэсэн хариунууд ирж байсан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс .....................ын өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгө нь 2013 онд ........... ХХК-тай байгуулсан зээлийн барьцаанд бүртгэгдсэн гэсэн хариу 2015 оны 08 сарын 25-ны өдөр ирсэн. Энэ бичгийн дагуу манайхаас ........... ХХК-руу 2015 оны 09 сарын 07-ны өдөр зээлийн үлдэгдэл болон зээл дууссан эсэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлнэ үү гэсний дагуу албан тоотын хариу 2015 оны 09 сарын 09-ний өдөр зээлийн үлдэгдэл 8,003,882 төгрөгийн үлдэгдэлтэй. Зээлийн гэрээ дуусгавар болох хугацаа нь 2016 оны 08 сарын 04-ний өдөр гэж ирсэн байдаг. .....................аас төлбөр авагч нь ..................., н................., ........... ХХК, н................ гэсэн дөрвөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа байгаа. ........... ХХК нь барьцаалагчийн давуу эрхээр барьцаа хөрөнгөөс өөр мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгө байхгүй болох нь нотлогдсон тул барьцаа хөрөнгөөр хангагдсан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан баталгаажуулах арга хэмжээ нь явагдсан. Дараа нь сайн дураараа төлж барагдуулаагүй учраас үл хөдлөх хөрөнгө дээр хийгдсэн ажиллагаа явагдсан. 2016 оны 12 сарын 12-ны өдөр хөрөнгө хураах ажиллагаа явагдсан. 45,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож байсан. Тухайн үед явагдсан анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй. 2017 оны 08 сарын 08-ны өдрийн 3/19626 дугаартай тоотыг .......... хүлээж авсан байдаг. Төлбөр авагчид 2017 оны 08 сарын 11-ний өдөр төлбөр санал болгох ажиллагаа явагдана гэсэн тоот гардуулсан байдаг. 2019 оны 08 сарын 07-ны өдөр ........... ХХК буюу төлбөр авагч нь дахин үнэлгээ тогтоолгоод бодит ханшийг хөндлөнгийн шинжээчээр тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсний дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 2016 онд хураасан тогтоолыг хүчингүй болгоод дараа нь 2018 онд дахин хурааж талуудаас үнийн санал авсан хэдий ч хоорондоо тохиролцож чадаагүй үнийн зөрүү гарсан. 15,012,000 төгрөгийн зөрүү гарч байсан.  2019 оны 09 сарын 12-ны 4/19882, 4/19823 дугаартай тоотуудаар төлбөр төлөгч нарын хаяг руу баталгаат шуудангаар төлбөр төлөгч нарт мэдэгдлийг явуулсан. Төлбөр авагч нарт анхны дуудлага худалдаа явуулах талаар 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 4/20966 дугаартай мэдэгдлийг 1027 тоот тогтоолын хамт илгээсэн байдаг ба энэ дуудлага худалдаагаар хөрөнгө нь худалдагдаагүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаа 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 4/240072 гэсэн мэдэгдлээр талуудад мэдэгдсэн байдаг. Албадан дуудлага худалдаа болон хураах ажиллагаа, баталгаажуулах арга хэмжээ мөн хуульд заасны дагуу явагдсан учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ........... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “........................ .......... нарт банкнаас 2016 оны 04 сарын 08-ны өдөр 14,500,000 төгрөгийн зээлийг ........................... байрлах 64,5 м.кв талбай бүхий хувийн сууц, 451 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрыг барьцаалан олгосон байдаг. Зээлээ хугацаанд нь төлөөгүй учраас 2016 оны 07 сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээс захирамж гарч, тус захирамжаар зээлээ хуваарь гарган төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж, 12,579,690 төгрөгийг төлөхөөр хуваарь гаргаж батлуулсан байдаг боловч хуваарийн дагуу төлөөгүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт хандсан. Барьцаалагчийн давуу эрхээр барьцаа хөрөнгөөр хангуулахаар ажиллагаа хийж байгаа юм. Энэхүү 402 тоот захирамж нь төлнө гэсэн үнийн дүнг баталгаажуулсан болохоос биш, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахгүй, зөвхөн бэлэн мөнгөөр хангуулна гэсэн захирамж биш юм. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны тухайд .....................ын хувьд гурав дахь, ..........ийн хувьд дөрөв дэх ажиллагаа нь байдаг юм. Манайхаас өмнө таван шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Нийтдээ ....................., .......... нараас 14,500,000 төгрөг гаргуулах ажиллагаа явагдаж байгаа юм байна лээ. Төлбөр авагчийн хувьд зөвхөн өөрт хамааралтай материалуудтай л танилцах ёстой. Гэтэл энэ ажиллагаа нь 2013 оноос хийгдсэн харагдаж байна. ..................... болон ..........ийн талаар бүх л лавлагаануудыг цуглуулахад зээлийн төлбөр төлөгдөх боломжгүй байсан учраас барьцаанд байгаа эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хийгдсэн. Төлбөр авах ажиллагаа дарааллаараа явагдах ёстой гэж үзэж байгаа боловч Иргэний хуулиараа барьцаалагч давуу эрхтэйгээр оролцоно гэдэг үүднээс дараагийн хураах ажиллагаа 2016 онд манайд авагдсан байдаг. Хуучин хуулиараа өөр зохицуулалттай байсан. 2016 оноос хойш зогсонги байдалтай явж байгаад саяхнаас эхэлж дахин үнэлүүлэх хүсэлт гаргаж өгсөн байгаа. Өмнө нь хэдийгээр үнийн дүнд хүрэхгүй ч гэсэн хоёр удаа албадан дуудлага худалдаа явуулахад борлогдоогүй. Хураах ажиллагааг 2019 оны 08 сард дахин явуулаад, хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэж үнэлүүлэхэд 15,012,000 төгрөгөөр үнэлэгдэж төлбөр төлөгч тал болон, төлбөр авагч талд мэдэгдсэн. Анхны дуудлага худалдаагаар борлогдоогүй, сая 2019 оны 11 сарын 01-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа зарлагдсан. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-д зааснаар “Үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй” гэж заасныг үндэслэн манай зүгээс дуудлага худалдаанд оролцох эрх нээлттэй. Үүний дагуу манай талаас дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ аваачиж өгсөн. Ингээд дуудлага худалдаагаар 8,706,000 төгрөгөөр хөрөнгийг худалдаж авсан байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан. Түдгэлзүүлэх тал дээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаанд гомдол гаргаагүй. Мөн хоёр дахь дуудлага худалдаа явагдах хүртэл хугацаанд гомдол болон ямар нэгэн санал ирээгүй байсан. Тиймээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргах нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хариуцагч нар шүүгчийн захирамжид заасан 12,579,690 төгрөгийг 2016 оноос хойш нэг ч төгрөг төлөгдөөгүй, өдий 3 жил илүү өнгөрөөд байна. Ямар нэгэн байдлаар энэ төлбөрөөс хийх хүсэл эрмэлзэл огт байхгүй ингэж хойш сууж байгаа нь төлбөр авагчийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа. Манай байгууллага 2 дахь албадан дуудлага худалдаанд оролцогчоор оролцсон нь .....................ын хөрөнгийг өөрийн болгох гэсэн санаа огтхон ч байхгүй, Төлбөр төлөгч нар өнөөдөр ч мөнгөө төлчихвөл бид хөрөнгийг нь буцаагаад өмчлөлд нь шилжүүлэх бүрэн боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ..................... нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /цаашид “НШШГГ” гэх/-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй

болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00402 дугаар захирамжаар хариуцагч ....................., .......... нар нь 12,579,690 төгрөгийг 2016 оны 08 сарын 26-нд 2,000,000 төгрөг, 2016 оны 09 сарын 26-нд 2,000,000 төгрөг, 2016 оны 10 сарын 26-нд 8,579,690 төгрөгөөр тус тус барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Шүүгчийн 2016 оны 11 сарын 14-ний өдрийн 184/ШЗ2016/05988 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, 2016 оны 11 сарын 23-ны өдрийн 705 дугаар “Шүүхийн гүйцэтгэх хуудас”-нд үндэслэн “НШШГГ” нь  2016 оны 11 сарын 30-ны өдөр 16271604 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж эхэлжээ.

 

“НШШГГ” нь төлбөр төлөгч нарт шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 53 дугаар зүйлийн 53.1-т заасан журмаар ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 08 сарын 20-ны өдрийн №1/10726, Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 2015 оны 08 сарын 27-ны өдрийн №700, Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 11 сарын 03-ны өдрийн №09/1444, Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 11 сарын 04-ний өдрийн №1192, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2015 оны 11 сарын 17-ны өдрийн №5/7683, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 10 сарын 22-ны өдрийн №1569, “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн 2015 оны 10 сарын 16-ны өдрийн №02/1934, ............ ХХК, “Хаан банк” ХХК, “Улаанбаатар хотын банк” ХХК, “Кредит банк” ХХК, “Төрийн банк” ХХК, “Голомт банк” ХХК, “Капитал банк” ХХК, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Транс банк” ХХК, “Чингис Хаан банк” ХХК-ийн тус тус албан тоотуудаар нотлогдож байна.

 

Дээрх баримтуудаар төлбөр төлөгч болох ....................., .......... нарын нэр дээр мөнгөн хадгаламж болон бусад хөрөнгө байхгүй болох нь тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 53 дугаар зүйлийн 53.6-д зааснаар .....................ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болон газрыг 2015 оны 08 сарын 31-ний өдөр битүүмжилсэн байх боловч тухайн хөрөнгө нь ............ ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалагдсан байжээ.

 

Төлбөр төлөгч ....................., .......... нарт холбогдох ............., Д................., “Практикал” ХХК, Э................, ..................., ............ ХХК нарын төлбөр авагчтай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа “НШШГГ”-т тус тус явагдаж байх бөгөөд нэг төлбөр төлөгчтэй шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг тус бүрт мөнгөн хөрөнгө, хадгаламж, эд хөрөнгийн лавлагааг гаргуулах шаардлагагүй ба бусад төлбөр авагчид холбогдох ажиллагаанд хийгдсэн ажиллагааг давтан хийх нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа шуурхай байх зарчимд нийцэхгүй болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 77 дугаар зүйлд хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг хангах дарааллыг хуульчилсан ба мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т зааснаар “...барьцаалагч тэргүүн ээлжинд хохирлоо арилгуулах эрх эдэлнэ” гэж заасан тул төлбөр авагч ............ ХХК-ийн хувьд шүүгчийн захирамжид барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагаагүй хэдий ч төлбөр төлөгч .....................ын хувьд байгаа ганц хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгө болон газар болох нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар тогтоогдсон тул хуулийн 53 дугаар зүйлийн 53.6-д зааснаар үл хөдлөх хөрөнгөөс барьцаалагчийн давуу эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.1.2-т зааснаар барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах эрхтэй байна.

 

.....................ын өмчлөлийн ....................... тоот хаягт байршилтай, 64,5 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Y-2201019778 дугаартай, хувийн сууц, мөн хаягт байршилтай, 451 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2201007814 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 08 сарын 31-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2016 оны 12 сарын 12-ны өдрийн 136/12 дугаар тогтоолоор хурааж, 2 удаагийн албадан дуудлага худалдаа явуулсан боловч хөрөнгө худалдагдаагүй байна. Эд хөрөнгө хураах тухай 136/12 дугаар тогтоолыг Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 8 сарын 27-ны өдрийн 90 дугаартай тогтоолоор хүчингүйд тооцож, 2019 оны 08 сарын 29-ний өдрийн 16271604/10 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хөрөнгийг дахин хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 оны/-ийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т зааснаар хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг талууд тохиролцоогүй тул “НШШГГ” 2019 оны 09 сарын 06-ны өдрийн 271 дугаар “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгөнд үнэлгээ хийлгэхээр шинжээчээр хөрөнгийн үнэлгээний “Баян модот” ХХК-ийг томилжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “НШШГГ”-ын хөрөнгийн шинжээч томилж, үнэлгээ хийхтэй холбоотой ажиллагаа нь хууль зөрчсөн эсэх талаар маргаан байхгүй, харин шүүгчийн захирамжид эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах заалт тусгаагүй байхад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгаа, мөн хоёр дахь албадан дуудлага худалдаа нь хууль зөрчсөн тул зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг тул шүүхээс нэхэмжлэгчийн маргаагүй, гомдоогүй үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

............ ХХК төлбөр авагчтай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 оны/-ийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.2, 86.4-т заасныг зөрчсөн үндэслэл тогтоогдсонгүй.

 

2019 оны 11 сарын 01-ний өдөр төлбөрт хураагдсан эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг явуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлээгүй, төлбөр төлөгч нарт 2019 оны 10 сарын 25-ны өдөр хүргүүлсэн албадан дуудлага худалдааны мэдэгдэл дээр “...анхны дуудлага худалдаанд оруулах” гэж мэдэгдсэн хэмээн тайлбарлаж гомдох боловч уг мэдэгдлийн агуулгаас үзэхэд тухайн хураагдсан хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэлгээний 50 хувиар буюу 7,506,000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоосон талаар тодорхой бичсэн, “...анхны дуудлага худалдаанд оруулах” гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа гэж үзэж болохоор, мөн анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2019 оны 09 сарын 26-ны өдөр 4/20965 дугаар тоотоор мэдэгдэж, дуудлага худалдаа 2019 оны 10 сарын 04-ний өдөр явагджээ. Тиймээс 2 дахь дуудлага худалдааны мэдэгдлийг хуульд заасан хугацаанд талуудад мэдэгдсэн гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрхэд хамаарах тул шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээгүй нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................ нь захирамжид тусгаагүй заалтыг баримтлан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгаа, мөн хоёр дахь албадан дуудлага худалдаа нь хууль зөрчсөн гэх тайлбар гаргадаг хэдий ч тухайн шаардлага үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй,   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 184/ШШ2016/00402 дугаар захирамжийн дагуу хийсэн “НШШГГ”-ын 2016 оны 11 сарын 30-ны өдрийн16271604 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, 2019 оны 11 сарын 01-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдоогүй болно.

 

Иймд нэхэмжлэгч .....................ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг хуульд заасны дагуу улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Төлбөр авагч ............ ХХК-тай 2016 оны 11 сарын 30-ны өдрийн 16271604 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль мөрдөгдөж байх үед эхэлж, ажиллагааны явцад 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчин төгөлдөр болоход үргэлжилсээр байсан тул шүүхээс дээрх 2 хуулийг үндэслэн дүгнэлт хийсэн болохыг дурдах нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 оны/-ийн 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон 2019 оны 11 сарын 01-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай .....................ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.УРАНЗУЛ