Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/523

 

 

 

 

 

                       

 

 

    2023         4           11                                         2023/ШЦТ/523

 

                                                                                                              

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч М.Оюунбат,

гэрч Ж.Ж , Д.Б , Г.Л ,

хохирогч Г.Э ,

шүүгдэгч Б.Х  , түүний өмгөөлөгч Д.Батдулам нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х  холбогдох эрүүгийн 2106 04362 1751 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х   нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр хорооллын 16 дугаар байрны өргөтгөлийн гадна, хохирогч Г.Э тай маргалдаж, улмаар гараараа Г.Э гийн нүүрэн тус газар цохих, мөргөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Х   шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр би сургууль руугаа явж байгаад цонхтой цаг болоод гэр лүүгээ харьсан. Тэгтэл ээж Э гэх хүнээс хийсэн ажлынхаа мөнгө авна гэсэн. Би завтай байсан тул цуг явъя гээд явсан. Э ээжийн утсыг блоклосон байсан тул би байр авах гэж байгаа талаар өөрийн дугаараас хэлсэн. Э 30 минутын дараа ирсэн. Ээж түрүүлж очоод байрных нь гадаа ярилцаж байсан. Нэхэмжлэлээ үзүүлээд өр төлбөрөө барагдуулаа гэж хэлээд маргалдаж байсан. Үүнийг өг гээд нэхэмжлэлээ Энхтайванд үзүүлтэл нэхэмжлэлийг аваад подбол руу шидсэн. Түүнийг би аваад ирж байхад ээжийн цээжин тус хэсэг рүү цохиж байсан. Салгах гээд дундуур нь орж Э холдуулсан. Тэгтэл чи бас яах гээд байгаа юм гээд миний хоёр гарыг шууд барьж аваад хавирсан. Хүн унаж байхдаа рефлексээрээ юм барьж авдаг. Тэгээд Э зуураад цуг унасан. Э миний дээр гараад бүсэлхийн дээр суугаад унасан. Би өндийж ерөөсөө чадахгүй байсан. Энэ хүн өндийгөөд дайрах гээд байсан тул би түүнийг тэвэрсэн дүр зурагтай л байсан. Төд удалгүй 2 ажилтан болон ээж ирээд Э дээш босгосон. Би зогсоолын тэнд очоод харахад хувцас шороо болсон байсан. Э тэр үед машин руугаа явж байсан тул би та яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Үүнийг сонссон үгүйг мэдэхгүй байна. Хувцсаа өмсөөд байж байтал ээж тавь гээд байж байсан. Э нэг ажилтнаараа ээжийг түлхүүлээд өөрөө машиндаа суусан. Би өр төлбөрөө авах гэж л очсон болохоор явуулахгүй гээд машиных нь урд зогссон. Э машин дотроосоо бичлэг хийгээд хүнтэй утсаар яриад байсан. Миний харсан гол зүйл бол голынхоо толинд өөрийнхөө шархыг маажаад инээгээд байсан. Хоёр талаас цагдаа дуудсан. Хаягийг нь мэдэхгүй байсан тул ард урд дэлгүүрээр яваад хаягийг нь авч цагдаад мэдүүлсэн. Манай дуудсан цагдаа ирэхээс өмнө Энхтайваны дуудсан цагдаа ирсэн. Би ирсэн 3 цагдаад нь бүх процессийг бичсэн замын камер байна гэж хэлэхэд тэмдэглэж авлаа гэсэн. Мөрдөгч дээр очиход Э түрүүлж ирээд мэдүүлэг өгч байсан. Ээж бид хоёр 2,3 цаг хүлээж байхад хүн яаралтай хэрэгтэй болчихлоо чамайг дараа нь дуудна гээд явуулсан. Тэгсэнч  намайг 45 хоногийн дараа дуудсан. Тэгтэл би яллагдагч болсон байсан. Тэр үед надад ч шарх сорви байсан. Намайг шүүх шинжилгээгээр орох уу гэхээр нь би ороод өдийг хүрсэн.” гэв.

Хохирогч Г.Э  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Ж гэдгийг нь би сая мэдлээ. Сувдаа л гээд байдаг. Би энэ эмэгтэйтэй 2 жилийн өмнөөс хамтарч ажилласан. Барилгын бизнест бетон зуурмаг авсан. Би жилийн өмнө land cruiser 200, mersedes benz, Toyota зэрэг 4,5 машин өгөөд жилийн дараа нь бетон зуурмагийг нь аваад явж байсан. Надаас цементийн мөнгөө өгөөч ээ, тэгвэл бетон зуурмаг гарах боломжтой байна гэж шантаажлаад зөрүү зэргээс маргалдсан. Нэг хоногийн өмнө тооцоо зөрөөд байна ахын дүү. Эхнэр чинь надаас мөнгө нэхээд байна. Миний бодлоор би мөнгө авах ёстой гээд байж байсан. Нэг өдөр ахаа байр авах гэсэн юм гээд нэг залуу над руу залгасан. Намайг өөрөө хүрээд ирээ би авах гээд байна гээд дуудсан. Би яваад очсон чинь Сувдаатай хамт над руу учир зүггүй дайраад гудамжаар орилоод байсан. Миний нүүр лүү цаасаар, гараараа цохиод байсан. Намайг түлхсээр байгаад нүх рүү унагаах гээд байсан. Мөөм зөөмөө гаргаад дайраад байсан. Би унах аюултай болсон тул гараа хажуу тийшээ болгоод нүхнээс холдсон чинь намайг учир зүггүй балбаад эхэлсэн. Би унаад манай ажилчид салгаад би машин руугаа зугтсан. Намайг явуулахгүй байхаар нь би цагдаа дуудсан. Түүнээс биш би цагдаагаар яваагүй. Надад одоо бол гомдол, санал байхгүй. Тухайн үед хөнгөн гэмтэл гарсан. Өөрийнхөө бурууг ойлгож байгаа байх. Залуу хүн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие ч муу байна. Хохирогч нь очихгүй болбол хэргийг хэрэгсэхгүй болгох байх гээд санаатайгаар 2, 3 удаа ирээгүй тал бий. Тухайн үед юм болоод эмчилгээгээ хийлгээд байсан. Масктай байгаад цус гоожоод байсан нь үнэн.” гэв.

Гэрч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт “Ажлаа хийгээд байж байхад ажлаа зогсоо гээд нэг харсан энэ хоёр дээр доороо ороод боогоод байж байгаа юм шиг байсан. Тэгээд тэднийг салгасан. Босоод ирэхэд нь нүүр нь цус болсон байсан. Түүнийг явуулахгүй байсан. Жүгдэрням, Э нар эхлээд маргалдаж байсан. Энэ залуу орж ирсэн байсан. Ажлаа хийгээд байж байхад пид пад гээд ноцолдоод байсан. Энэ залуу дээрээ гараад Тайванг багалзуурдсан. Улаан царайтай л босож ирсэн. Энхтайванг Х яаж цохиж зодсоныг хараагүй. Ажлаа хийгээд байж байхад л пид пад болоод байсан. Эргээд харсан энэ хоёр ноцолдоод байж байсан. Тэгээд л ажлаа зогсоо гээд ээж нь уртасгагч авч шидээд байсан. Х Энхтайванг мөргөөд, цохисныг нь бол хараагүй.  Маргааш, нөгөөдөр нь Э ажилдаа ирсэн. Ноцолдож байсан гэдэг нь дээр доороо орсон байсан. Энэ залуу дээр нь байсан байх. Намайг салгаад босгоход Э намайг боочихлоо гээд эрүү нь цустай байсан. Х нүүр нь улайсан л байсан. Цус харагдаагүй. Тайваны машины тэнд ээж нь хашхираад цагдаа болсон.” гэв.

Гэрч Г.Л  шүүхийн хэлэлцүүлэгт “Тухайн өдөр ажлаа хийгээд байж байхад шүүгдэгч нь ээжтэйгээ цуг ирсэн. Та нар наад ажлаа зогсоо, бид нар мөнгөө авч чадаагүй. Та нар ч гэсэн авч чадахгүй байх гэсэн. Бид өөрсдийн асуудлаа өөрсдөө мэднэ гэсэн. Гэтэл ажлаа зогсоо гэж уурлаад гадаа хэрэглэж байсан арзетка зэргийг шидсэн. Э ирсэн. Э ээжтэй нь маргалдаад байсан. Хавтастай тооцооны бичгээр нүүр нүд рүү нь цохиод байх шиг байсан. Эргээд харахад Х Э хоёр барьцалдаад авсан байсан. Ээж нь Энхтайваны дээрээс нь өшиглөөд би хөлөөрөө хаасан. Э машиндаа орсон. Тэгээд бид ажилдаа орсон. Э нь Жүгдэрнямтай маргалдаж байсан. Би 3-5 метрийн цаана байсан. Х тэр хавьцаа байсан. Бүх зүйлийг бол хараагүй. Шүүгдэгч болон Э нар нь хоорондоо чанга, чанга дуугаар маргалдаж байсан. Чимээ гараад эргэж харахад энэ хоёр дарж унаад дээр доороо орж байсан. Мөргөж байгаа юм шиг харагдсан. Х Энхтайванг мөргөж байгаа юм шиг л харагдсан. Хоёулангийнх нь хажуу талаас харсан. Х ээж ирээд дэвсэж байхад нь би салгасан. Тухайн үед Х Энхбаатарын дээрээс дарж унахад тэгж л харагдсан.” гэв.

Гэрч Ж.Ж  шүүхийн хэлэлцүүлэгт “2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би Э гэх хүнтэй хамтарч ажиллаад 4 жил болж байна. 6.500.000 төгрөгийн өглөгийн асуудлаас болж муудалцсан. Энэ хүн утсаа авахаа болиод намайг блоклоод би бетон нийлүүлж байсан барилга дээр нь очих болсон. Манай хүү сургууль дээрээ бууя гэхээр нь хүүгээ хамт очоод буцаад хүргээд өгье гэж хэлсэн. Тэгээд хамт очоод ажилчдаас нь асуухад ойрхон байгаа гэж хэлсэн. Би хүүгийнхээ утсаар байр үзье гээд залгуулсан. Энэ хүн хүрээд ирсэн. Яагаад хүний мөнгө аваад өгөхгүй байгаа юм гээд тооцооны хуудсаа өгсөн. Тэгтэл юу яриад байгаа юм. Надад хамаа байхгүй гээд намайг үл ойшоосон тул нүүрэнд нь цаасаа бариад чи үүнийгээ төл л дөө. Яах гээд хүн луйвардаад яваад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл чи цаашаа бай гээд хөх рүү гараараа цохисон. Би чи яаж байгаа юм гээд ёооё гээд орилсон. Тэгтэл манай хүү эмэгтэй хүн рүү та яаж байгаа юм бэ гэсэн. Гэтэл Э чи муу гөлөг яах гээд байгаа юм. Та нарыг яана, яана гэсэн. Тэр хооронд олон хараалын үг хэлсэн. Манай хүү 2 алхахад өмнөөс нь очоод манай хүүхдийг барьж аваад өшиглөөд дэгээдээд унагааж байсан харагдсан. Манай хүү доор нь унасан. Э дээрээс нь дарж унасан. Миний хүүгийн хоолойг боосон. Би болиоч ээ гээд татахад хүчрэхгүй байсан. Ажилчид руу энэ хоёр хүнийг салгаад өгөөч ээ гэж хэлээд салгуулсан. Босож ирээд машинд ороод ир гэчхээд хаалгаа түгжсэн. Би тэр хооронд цагдаа дуудсан. Машиндаа орж хаалгаа түгжсэнээ бичлэг хийгээд байсан. Цагдаа ирэхэд наад хүмүүсээ холдуулаач ээ гээд намайг зодсон гээд нүдэн дээр жүжиглэсэн. Нүүрэлдэх болоод ирэхэд өөрөө алга болсон. Ёс суртахууны болон хүн чанарын хувьд эхийг нь цохиход хэн ч эхээ өмөөрөх байлгүй дээ. Цагдаа дээр бид хоёроос түрүүлж ирээд хохирогч гээд мэдүүлэг өгсөн байсан. Гэтэл би ч бас бие, мөнгөөрөө хохирсон л байсан. Би үнэн зөвийг нь олоод өгөөч ээ л гэж байсан. Яс юман дээрээ би хохирогчоор тогтоогдох ёстой. Гэтэл миний хүүг шүүгдэгчээр, намайг гэрчээр, энэ хүнийг хохирогчоор тогтоогоод явж байгаа. Би шүүх дээр энэ асуудлыг ялгаж шийдэх юм байх л гэж бодсон. Гэтэл миний хүү яллагдагч, би гэрч, энэ хүн хохирогч болж жүжиглэсэн байдалтай л сууж байна. Шүүх танхимыг энэ мэтийн хүмүүс доромжилж байгаад харамсалтай байна. Өөрийн эрх ашгийг хамгаалах гээд дайраад байна. Үнэхээр хохирсон бол хамгийн түрүүнд ирээд зогсож байх ёстой байтал ирэхгүй байх арга замыг хайгаад байна. Энэ хүний үүсгэсэн хэрэг бол 6.500.000 төгрөгөө төлж чадахгүйгээс болсон. Миний хүүг тонгорч дээрээс нь өөрөө дарж унасан. Хоолойг нь боосон. Цээжин дээр нь нухаж дарсан. Би Энхтайванг өшиглөсөн зүйл байхгүй. Манай хүү доор нь орсон байсан тул би хүүгээ татаж гаргах гэж л байсан хөлөөрөө түлхэх, гараараа татсан ч юм уу процессыг хэн нэгэн нь андуурч өшиглөсөн гэж харсан байх. Төлбөрөө төл гээд асуудал үүссэн. Би зүгээр шаардлага тавьсан. Би хуулийн байгууллагад хандаж байхаар энэ хүнийг утсаа блоклосон байсан тул очиж уулзах гэж л очсон. Очиход байхгүй байхаар нь хүүгээрээ залгуулсан. Та намайг яаж байгаа юм гэхэд юу яриад байгаа юм чи гээд мэлзсэн. Би оронгуутаа л нохой гахай шиг орилсон зүйл байхгүй. Би зүгээр мөнгөө л шаардсан. Гэтэл энэ хүн намайг цохисноос болж ийм асуудал үүссэн. Энэ хүн төлбөрөө төлсөн бол ийм зүйл болохгүй байсан. Би энэ хүнийг мөнгөө төл гээд маргаан үүсгэсэн. Маргааны дундаас ийм асуудал үүссэн тул энэ хүн намайг буруудна гэж л харж байгаа байх. Би хүүгээ дагуулж очоод өөрийгөө өмөөрүүлэх ч гэдэг юм уу, түүнийг зодуулах гэж очоогүй. Би энэ хүнийг ийм байдал гаргана гэж бодоогүй. Би одоо харамсаж байгаа. Би түүнийг шүүхэд л өгөх байсан байна. Би очиж уулзаад ярилцаж байгаад л асуудал шийдэгдэх байх гэж бодсон.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар   

Хохирогч Г.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагийн орчимд намайг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол 16 дугаар байрны өргөтгөл дээр ажил дээр байж байхад 86733666  дугаараас над руу залгаад би байр үзмээр байна, та барьж байгаа байрныхаа гадаа гараад ирэх үү гэж асуусан. Би байрныхаа гараад очтол Сувдаа гэх эмэгтэй миний нүүр лүү цагаан цаасаар цохиод нүүр лүү нулимаад байсан. ... Сувдаа өөрөө дагуулж ирсэн залуу нь миний баруун хацар луу шанаадаад боож газарт унагаж, эрүү лүү нэг удаа мөргөсөн. Би газар унаад нөгөө залуутай ноцолдож байгаад нөгөө залуугийн дээр гарахад Сувдаа миний хоёр бөөр лүү 3-4 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

Гэрч Ж.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай компани Т.Дайриймаа гэх хүнтэй гэрээ байгуулж гэрээнд заасан болон төлбөр, хийх ажлууд дуусан. Тэгсэн Т.Дайриймаагийн нөхөр Э нь дахин машин өгий хэд хоногоос ороод ирнэ эсгүй бол авсан петоны мөнгийг өгнө гэж өгнө гэсэн. Түүнээс хойш 2 хоногийн дараа Э “lexus nx300h” гэх загварын 71-15 УАО дугаартай хар өнгийн машин үзүүлсэн боловч тохирсон үнээр нь авъя гэж байхад Э надад машин өгч байгаа хүн нь наймаа буцаах хэрэгтэй байна машинаа өгч авахгүй боллоо би оронд нь мөнгө төлнө гэж 2021 оны 10 сарын 14-ний өдрөөс хойш өнөөдрийг миний дугаарыг блок хийж алга болсон. 2021 оны 11 дүгээр сарын 11-ны 12 цагийн би хүүгийнхээ 86733666 дугаараас Энхтайвангийн 99117266 дугаар луу залгаад нэг байр үзэх гэсэн юм та хаана байгаа юм бэ уулзъя гэж хэлсэн. Э хэсэг хугацааны дараа Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа барилга дээр ирсэн. Тэгээд би Э уулзаж төлбөрөө төлөөч гэж хэлэхэд намайг пиздаа наахуу гэх мэтээр намайг хэл амаар доромжлоод байхаар нь би нүүрэнд нь төлбөрийн цаасыг бариад төлбөрөө төл гэж ойртуулахад Э төлбөрийн цаасыг аваад орцны шат руу шидээд намайг хуруугаараа чичиж байгаад түлхсэн би хариу түлхэлцэж хэд хэдэн би биеээ түлхэлцсэн. Ингээд би Энхтайванг түлхээд байхаар нь түлхэж байгаа замыг нь хаахад намайг заамдаж цээж рүү гараа нэг удаа цээж рүү цохсон. Хажуу талаас миний Энхтайванг та яагаад ээжийг цохиж байна вэ гэхэд Э манай хүү рүү дайрч хэл амаар доромжилж хүүг өөрт нь ойртож очиход заамдаж байгаад хавирч газарт унагаж дээр нь дарж газарт унаж хавирга руу нь хоёр удаа гараараа цохиж авахад би Э хоёрыг салгах гэж зулгаагаад Энхтайвангийн араас алгадаад дийлээгүй. Мөн Энхтайвангийн ажилчид манай хүү Э хоёрыг салгах гээд дийлээгүй маш их ноцолдож байгаад тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч нарын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 401 дүгээр “... 1. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Нансалмаагийн гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12107 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй. 2. Тархи доргилт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, нуруунд цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Г.Э гийн биед учирсан гэмтэлд дүгнэлт гаргахдаа шинжээч эмч өөрийн хийсэн бодит үзлэг, мэдрэлийн ерөнхий үзлэгт үндэслэсэн байна. 3. Тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нурууны цус хуралт, баруун, зүүн, өвдөгний зулгаралт гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-45 дугаар хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12107 дүгээр “... 1. Г.Э гийн биед тархи доргилт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, нуруунд цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч нарын 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 384 дүгээр “... 1. 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1081 дүгээр дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Б.Х  гийн биед гэмтэл тогтоогдоогүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас),

Гэрч Д.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би хувиараа барилгын туслах ажлыг Э гэх хүнтэй хамтран ажиллаад 4 жил болж байгаа бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажлын байрандаа ажиллаа хийгээд байж байтал үл таних эмэгтэй хүн ирээд Тайван хаачив мөнгөө төлөхгүй байна гээд уурлаад байсан ба хэсэг хугацааны дараа Э хүрч ирсэн. Э нь үл таних эмэгтэйтэй маргалдаж байсан ба тэр үл таних эмэгтэй нь ажил хийлгэхгүй ажиллаа зогсоо гээд байсан. Энэ үед тэр эмэгтэйтэй хамт явж байсан үл таних 20-30 орчим залуу гарч ирээд тэр эмэгтэйг өмөөрч Э маргалдаж эхэлсэн. Тухайн үед би Шарваа бид хоёр ажиллаа хийж байсан ба нэг мэдэхэд Э үл таних залуутай барьцалдаж тэр залуу нь доор нь Э дээр нь гарсан, доор нь байсан залуу нь Энхтайвангийн хоолойг боосон байдалтай байсан учир Шарваа бид хоёр очиж салгасан. Энэ үед Э нь машиндаа очоод суутал нөгөө эмэгтэй нь түүнийг явуулахгүй гээд машиныхан урд зогсож байтал удалгүй цагдаа нар ирж нөгөө хэдийг авч явсан. Тэр уурлаад байсан эмэгтэйг өмөөрч Э маргалдаж ноцолдож эхэлсэн. Хэрхэн яаж ноцолдож газарт унасан талаар сайн хараагүй Х гэх залуу нь газарт унасан байсан учир бид хоёр салгасан. Шарваа болон үл таних нэг залуу ажилд орж удаагүй гарч явсан. Тэр хүнийг сайн танихгүй бид 3 байсан. Энхтайвангийн нүүр нь улайсан байсан ба газраас босож шууд машиндаа суусан. Х царайг анзаарч хараагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас),

Гэрч Г.Л ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би хувиараа барилгын туслах ажлыг Э гэх хүнтэй хамтран ажиллаад 1 жил болох гэж байгаа бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажлын байрандаа хамт ажилладаг Болдоо ах нэрийг нь санахгүй туслах хийж байсан казак залуу бид хэд ажиллаа хийгээд ба байж байтал үл таних эмэгтэй хүн ирээд Тайван хаачив мөнгөө төлөхгүй байна гээд уурлаж бухимдаж бид нарыг ажилд саад учруулаад байсан ба хэсэг хугацааны дараа Э ах хүрч ирсэн. Э ах үл таних эмэгтэйтэй маргалдаж байсан ба тэр үл таних эмэгтэй нь ажил хийлгэхгүй ажиллаа зогсоо гээд байсан. Тэр эмэгтэйтэй хамт явж байсан үл таних залуутай ярилцаж бид нар ажиллаа хиймээр байна та нар ингэж болохгүй гэж тайлбарлаж бид нар ажиллаа хийж байсан. Гэтэл нэг мэдэхэд Х нь Э ахтай заамдалцаж авсан ба би гартаа барьсан байсан багжаа тавьж эргээд хартал газарт Э ахыг мөргөж хоёр цуг газарт унаж дээр доороо гарцгаасан. Э ах тухайн үед Х дээр гарсан байсан ба хажууд нь байсан үл таних эмэгтэй нуруу хэсэгт нь өшиглөхөөр нь би тэр эмэгтэйг холдуулж Э Х салгасан. Тэр үед Х гэх залуу нь дээгүүрх өмсөж явж байсан өнгийг нь санахгүй байна подволкоо тайлж улам асч ноцолдох гээд дайраад байсан. Э ах тэд нартай юм ярихгүй гээд машиндаа суусан. Удалгүй цагдаа нар ирсэн. Х гэх залуу нь Э ахыг мөргөх үйлдэл хийж байсан ба газарт хамт унаж өнхөрч ноцолдож Э ах мултрах гээд нөгөөх нь тавихгүй зуурч байсан ба Э ах дээр нь гарахад хажуу талаас нь үл таних эмэгтэй нуруу хэсэгт нэг удаа өшиглөж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 160-161 дүгээр хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 8, 9 дүгээр хуудас),

Хохирогч Г.Э гаас Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

“Med trauma” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу (хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас),

Шинжээчийн дүгнэлтийг Б.Х  д танилцуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 60 дугаар хуудас),

Мөрдөгчийн хохирогч Г.Э гаас гаргаж өгсөн нэг ширхэг цагаан өгийн СиДи-г хүлээн авсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 81-109 дүгээр хуудас),

ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл (хавтаст хэргийн 127 дугаар хуудас),

Нэг ширхэг СиДи,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дугаар хуудас),

Жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас),

Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 70 дугаар хуудас),

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 72 дугаар хуудас),  зэргийг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Өдийгөөс төдий болсон процессыг дүгнээд үзвэл би гэсэн үзэл эрх зүйн ухамсарт талуудын аль альд нь тухайн цаг хугацаанд байсан. Уур омгийн эцсийн үр дүнг шүүх танхимд хэлэлцэж байна. Х болон Э нар маргалдаж, ноцолдож улмаар хөнгөн гэмтэл учраад үүнийг нь прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татаад үүнийг хэлэлцэж байгаа мэт байна. Гэхдээ агуулгын хувьд аваад үзвэл хохирогч болон гэрч Ж нарын хоорондын таарамжгүй харилцаа, мөнгөний өглөг авлагын асуудал буюу асуудлыг эрүүл ухаанаар дүгнээд цэгнэж чадахгүй байгаа арчаагүй байдлын үр дүнд шүүгдэгч нь энд зогсож байна. Тухайн цаг хугацаанд ээж нь танихгүй нэг залуутай хэрэлдээд байсан тул өмөөрөөд дундуур нь орсон байх. Гэхдээ энэ хүүхдийг шүүгдэгчийн ширээний ард суулгах нөхцөл байдлыг хэн үүсгэснийг бодоорой. Зүгээр явж байгаад нэг хүнийг энэ залуу цохиогүй шүү. Гэхдээ асуудал яагаад үүссэн бэ гэдэг эх үүсвэр нь хэн дээр байсныг сайн ойлгоорой. Хүлээх ёстой хариуцлагаа хүлээх ёстой. Түүгээр явсан асуудлыг үүгээр дуудаад үр дүнд нь энэ залуу энд ингээд зогсож байна. Хүн мөнгөтэй, аж ахуй бизнес эрхэлдэг байж болно. Гэхдээ шийдэх боломжгүй бол бусад аргаар асуудлаа шийдвэрлэх байсан. Хэн аль нь ойлгож байгаа байх. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний халдашгүй байдалд халдсан нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдож байна. Бүх баримтууд хууль ёсны цугларсан баримт байна. Иймд шүүгдэгчийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нь хохирлын баримт байхгүй. Хохирол нэхэмжлэхгүй гэж байгаа тул хохирол төлбөргүй гэж үзэж байна. Харин цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Энэ хүүхэд зүв зүгээр байж байхад энэ хүнийг заамдаж аваад зодсон зүйл байхгүй. Энэ явдал гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл байгаа. Ээж нь дотоод шүүрлийн өөрчлөлттэй.  2018 оноос хойш эмчийн хяналтаар явж байгаа. Ээжийг нь цохиод холдуулахад нь салгах гээд дундуур нь орсон байдаг. Энэ хүн намайг хавсраад унагаасан юм гэдэг нь хэд хэдэн зүйлээр нотлогдож байдаг. Хохирогчийн ярьж байгаа шиг нүүр нүдгүй цохисон бол түүний ажилчид гээд 3,4 хүн хажууд нь зогсож байхад энэ хүүхэд ийм үйлдэл хийсэн үү. Мөрдөн байцаалтын шатанд харсан мэтээр мэдүүлж байснаа өнөөдөр хараагүй мэтээр л ярьж байна. Тухайн үед харсан үзсэн гэрч байгаад байдаг. Хаягийг нь мэдэх гээд гүйгээд байдаг. Энэ хүнийг удаа дараа гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Энд камер байна. Камерын бичлэгийг аваад өгөөч ээ гээд өөрсдөө үнэн зөвийг нь олуулах гээд явсан байдаг. Гэтэл 2 сар гарын дараа энэ хүмүүсийг яллагдагчаар татаад мэдүүлэг авна гээд надтай мэдүүлэг өгсөн байдаг. Цохиж аваад унагаасан зүйл байхгүй. Зөвхөн хохирогч л ингэж яриад байдаг боловч хохирогчийн мэдүүлэг тогтворгүй. Х хавсарч унагаахад дээр нь дарж унаснаас болж шинжээчийн дүгнэлтээр өвдгөнд гэмтэл учирсан байх боломжтой. Мөргөөгүй гэдэг нь дараах зүйлсээр нотлогдож байгаа. Шинжээчийн дүгнэлтээр эрүүнд зулгарал гэмтэл тогтоогдлоо гэж байдаг ч үүнийг бид учруулаагүй. Мөргөхөд эрүү шалбарахгүй. Шинжээчид хохирогч нь тухайн өдрөө үзүүлсэн байдаг. 11 ний үзлэг дүгнэлт 17-нд гарсан байдаг. Эрүүнд 0,5*,05 см улаан хүрэн өнгийн зулгаралттай. Уг зулгаралтаас улаан хүрэн өнгийн цус шүүрч хатсан, тэмтрэлтээр эмзэглэлтэй гэсэн байдаг. Энэ бол мөргөхөд учирсан гэмтэл биш. Зулгарал нь иртэй болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Зулгаралтын эдгэрэлтийн үе шат нь нэгдүгээр шат үүссэн хугацааг нэг хүртэл хоног гээд зулгаралтын гадаргуу улаан хүрэн чийглэг, аажмаар хатаж, арьсны түвшингөөс доош хонхойсон байдаг. 2 дугаар үе буюу 3-4 хохон буюу улаан хүрэн, овойсон зэрэг байдаг. Тухайн шарх нь 11 дүгээр сарын 11-ний өдөр үүссэн шарх биш. Түүнээс өмнө нь үүссэн шарх байна гэж дүгнээд дахин шинжээч томилуулахаар гомдол гаргасан. Шинжээч эмчийг байлцуулах хүсэлт гаргасан боловч шинжээч эмчийг асуугаагүй. Энэ талаар дахин шинжээч томилсон асуултдаа тусгаагүй. Зүгээр дээрх эмчийн дүгнэлт үндэслэлтэй байна гээд гарч байгаа тул шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна.Тархи доргилтыг энгийн хөдөлмөрийн чадварыг 5 хүртэл хувиар алдагдуулсан гэмтэлд хамаардаг. Дансны булчингийн хөшилтөөр гэмтлийн зэрэг тогтоосон байдаг. Гэмтлийн зэрэг тогтоох журмын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 8.2т тархи доргилтын Тархи доргилтын дараахь үлдэцэд 2 нүдний аньсаганы зай өөр өөр болж, хамар-уруулын нугалаас гөлийн, нүдний зовхи ба гар хуруу чичирч, шөрмөсний рефлекс ихсэн, судасны агшилт, тэлэлтийн хямралын шинж илрэх, энэ нь хөдөлмөрийн чадвар алдалтын 5% байна гэсэн байгаа. Энэ шинж тэмдгийн аль нь ч илрээгүй. Миний үйлчлүүлэгч тархи хөдөлсөн байж магадгүй гэхэд имрай өг гэсэн. Тэгж байж үүнийг тогтооно гэсэн. Гэтэл Энхтайванг зөвхөн өөрийнх нь өгүүлэмж, амаар нь шинжилсэн байдаг. Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргахдаа шинжлэх ухааны арга аргачлал стандартыг баримтлан, шинжилгээ хийх үйл явцын стандартыг баримтлан шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж дүгнэлт гаргах бөгөөд дүгнэлтийн үндэслэлийг шинжээч өөрөө хариуцна гэж заасан. Шүүх шинжилгээ хийх ажиллагаанд тавих шаардлагын CS1102432013 буюу байгууллагын стандартын 9.2-т адилтгах ба оношлох шинжилгээний үе шат дүрс оношилгоо, эмнэл зүй, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө, лабораторийн шинжилгээний хариунд дүн шинжилгээ хийнэ. 9.3 буюу дүгнэлт хийх үе шатанд харьцуулах ба оношлох шинжилгээний үе шатанд судалж тогтоосон онцлог шинж тэмдэг, дүрс оношилгоо, эмнэл зүй, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө, лабораторын шинжилгээний хариу, дүн шинжилгээнд үндэслэн дүгнэлт гаргах гэж заасан байдаг. Гэтэл огт шинжилгээний хариунд үндэслээгүй байдаг. Иймд Энхтайванд учирсан гэмтлийн зэрэг эргэлзээтэй байна. Харин Х биед учирсан гэмтлийн зэрэг үнэн зөв гараагүй. 12 дугаар сард ийм зовиур байгаа гээд одоо ч энэ асуудал хаясан юм шиг байна гээд больсон байхад намайг яллагдагчаар гэнэ үү гэрчээр мэдүүлэг өг гэж дуудаж байна гэсэн. Хэрвээ зовиур шинж илрээд байгаа бол зураг зэргээ авхуул гэсний дагуу хувийн эмнэлэгт үзүүлсэн байдаг. Нуруунд нь өөрчлөлт гарсан гэдэг нь нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлт, рентген зургаар нотлогдсон. Ингээд дахин шинжээч томилох хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Үүний дагуу ахин шинжээч томилсон. Нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлт, рентген зураг зэргийг огт ойшоогоогүй. Үндэслэлээ дурдалгүй Х биед гэмтэл тогтоогдсонгүй л гэж байгаа. Шинжээч томилох заавар журамд хүний биед гэмтлийн зэрэг тогтоохоор шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа шинжлүүлэгч зовиурыг бичсэн рентген зургаар ийм ийм зовиуртай гэж дурдчихаад үүнд ямар ч дүн шинжилгээ хийгээгүй буюу Байгууллагын стандартын 15.2-т Шинжилгээний магадлан итгэмжлэгдсэн лабораторийн тоног төхөөрөмжөөс гарсан шинжилгээний дүнг шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд үнэлж, дүгнэлт гаргана гэдгийг баримтлаагүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.1 Шинжлүүлэгч нь өмнө нь гэмтсэн эсхүл ямар нэг өвчтэй байсан зэргийг харгалзахгүйгээр зөвхөн тухайн үед гэмтлийн улмаас үүссэн эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох гэж заасан. Аль алийг нь баримтлаагүй шинжээчийн дүгнэлт гаргасан. Гэрчийг асуух хүсэлтийг хангасан мөртлөө түүнийг асууж, олж тогтоох ямар ч ажиллагаа хийгээгүй. Бид өөрсдөө хайж утсыг нь олсон. Гэхдээ утас нь холбогдохгүй байсан ч энэ бол энэ гэрчийг огт олж уулзах боломжгүй гэсэн зүйл биш. Хэрвээ шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаавал дээрх гэрчийг олж тогтоох боломжтой. Гэм бурууг бусдад нялзааж болохгүй. Ээжийгээ хамгаалаад боль гэсний төлөө эрүүл мэндээр хохирсон. Дээр нь дөнгөж сургуулиа төгсөөд амьдралаа эхлүүлж байгаа хүүхдэдээ хар толбо үүсгэсэндээ харамсаж байгаа. Эхийнх нь буруугаас болоод ийм асуудал үүсээд байна гээд ял зэмийг бусдад халдаах гэж байгаа нь үндэслэлгүй. Х энэ үйлдэл бол гэмт хэргийн шинжгүй. Аргагүй хамгаалалтын улмаас дээрх нөхцөл байдал үүссэн байх  боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй гэж заасан. Эхийг нь түлхээд, биед нь халдаад, орилоод хүү нь салгах гэж очсон. Хэн аль нь уурласан байсан тул Э хүүг хавсарч унагаагаад дээр нь гарсан. Х хүчтэй цохихоос хамгаалаад тэвэрсэн байхыг гэрч нар янз бүрээр мэдүүлж байгаа. Ээж Жүгдэрням, Э нарын таарамжгүй харилцааны улмаас энэ асуудал үүссэн юм байна. Улмаар салгах гэж очсон байх тул энэ байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Х   нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр хорооллын 16 дугаар байрны өргөтгөлийн гадна, хохирогч Г.Э тай маргалдаж, улмаар гараараа Г.Э тай заамдалцаж, ноцолдон газарт унасан, мөн хохирогчийг нүүр хэсэгт нь цохих, боох, мөргөх зэрэг үйлдлээр гэмтэл учруулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Э  “миний баруун хацар луу шанаадаад боож газарт унагаж, эрүү лүү нэг удаа мөргөсөн.” гэж,

 гэрч Д.Б ын “... нэг мэдэхэд Э үл таних залуутай барьцалдаж тэр залуу нь доор нь Э дээр нь гарсан, доор нь байсан залуу нь Энхтайвангийн хоолойг боосон байдалтай ...  эмэгтэйг өмөөрч Э маргалдаж ноцолдож эхэлсэн. Хэрхэн яаж ноцолдож газарт унасан талаар сайн хараагүй ... Энхтайвангийн нүүр нь улайсан байсан...” гэж,

гэрч Г.Л ын “... Х нь Э ахтай заамдалцаж авсан ба би гартаа барьсан байсан багжаа тавьж эргээд хартал газарт Э ахыг мөргөж хоёр цуг газарт унаж дээр доороо гарцгаасан. Э ах тухайн үед Х дээр гарсан байсан ба хажууд нь байсан үл таних эмэгтэй нуруу хэсэгт нь өшиглөхөөр нь би тэр эмэгтэйг холдуулж Э Х салгасан. ... Х гэх залуу нь Э ахыг мөргөх үйлдэл хийж байсан ба газарт хамт унаж өнхөрч ноцолдож Э ах мултрах гээд нөгөөх нь тавихгүй зуурч байсан ба Э ах дээр нь гарахад хажуу талаас нь үл таних эмэгтэй нуруу хэсэгт нэг удаа өшиглөж байсан.” гэж,

 

        

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Э  “... Би яваад очсон чинь Сувдаатай хамт над руу учир зүггүй дайраад гудамжаар орилоод байсан. Миний нүүр лүү цаасаар, гараараа цохиод байсан. Намайг түлхсээр байгаад нүх рүү унагаах гээд байсан. Мөөм зөөмөө гаргаад дайраад байсан. Би унах аюултай болсон тул гараа хажуу тийшээ болгоод нүхнээс холдсон чинь намайг учир зүггүй балбаад эхэлсэн” гэж,

гэрч Д.Б  “Ажлаа хийгээд байж байхад ажлаа зогсоо гээд нэг харсан энэ хоёр дээр доороо ороод боогоод байж байгаа юм шиг байсан. Тэгээд тэднийг салгасан. Босоод ирэхэд нь нүүр нь цус болсон байсан. ... Энэ залуу дээрээ гараад Тайванг багалзуурдсан. ... Эргээд харсан энэ хоёр ноцолдоод байж байсан. ... Намайг салгаад босгоход Э намайг боочихлоо гээд эрүү нь цустай байсан.” гэж,

гэрч Г.Л  “Э ээжтэй нь маргалдаад байсан. Хавтастай тооцооны бичгээр нүүр нүд рүү нь цохиод байх шиг байсан. Эргээд харахад Х Э хоёр барьцалдаад авсан байсан. ... Шүүгдэгч болон Э нар нь хоорондоо чанга, чанга дуугаар маргалдаж байсан. Чимээ гараад эргэж харахад энэ хоёр дарж унаад дээр доороо орж байсан. Мөргөж байгаа юм шиг харагдсан. Х Энхтайванг мөргөж байгаа юм шиг л харагдсан. Хоёулангийнх нь хажуу талаас харсан.” гэж тус тус мэдүүлжээ.

Дээрх мэдүүлгүүдээр хохирогч Г.Э гийн нүүрэн тус газар шүүгдэгч Б.Х   цохих, боох, мөргөх зэргээр гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон.

Хохирогч Г.Э д Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12107 дүгээр “тархи доргилт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, нуруунд цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Х  гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.Х   нь хохирогч Г.Э гийн нүүрэн тус газарт нь цохих, мөргөж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хохирогч Г.Э д Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12107 дүгээр “тархи доргилт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, нуруунд цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Х   нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.Х  гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг учруулаагүй, шинжилгээний хариунд үндэслээгүй дүгнэлт гарсан, мөн нэмж өөр гэрчийг асуулгах буюу шүүх хуралдааныг нэмэлт ажиллагаа хийлгэхээр завсарлуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хийсэн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан.

2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр хорооллын 16 дугаар байрны өргөтгөлийн гадна Г.Э , Ж.Ж  хамтран ажиллах гэрээний үлдэгдэл мөнгөнөөс болж маргалдаж, харилцан бие биенээ түлхэж, улмаар дээрх нөхцөл байдлаас бол Б.Х   өөрийн төрсөн эх Ж.Ж ыг өмөөрч маргаанд хөндлөнгөөс оролцжээ.

Улмаар шүүгдэгч Б.Х   нь хохирогч Г.Э тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн нүүрэн тус газарт нь цохиж, боож, харилцан заамдалцаж, мөргөж газарт унаж ноцолдсон байх ба энэ үйл баримт нь хохирогч Г.Э , гэрч Д.Б , гэрч Г.Л , гэрч Ж.Ж  нарын мэдүүлгээр тогтоогдсон.     

Хэрэгт авагдсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12107 дүгээр дүгнэлтээр хохирогчийн биед тархи доргилт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, нуруунд цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдсон бөгөөд хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой, 

Дахин Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч нарын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 401 дүгээр дүгнэлтээр Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Нансалмаагийн гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12107 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хохирогч Г.Э д тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12107 дүгээр дүгнэлтийг шинжээч эмч О.Нансалмаа нь гаргахдаа ямар нэгэн бичмэл баримтад бус хохирогч Г.Э гийн биед үзлэг хийж гаргасан байх бөгөөд дахин хэргийн материалд хийсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч нарын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 401 дүгээр дүгнэлтээр “шинжээч эмч өөрийн хийсэн бодит үзлэг, мэдрэлийн ерөнхий үзлэгт үндэслэсэн байна” гэж дурдсан байх бөгөөд шинжээч эмч нь өөрийн хийсэн бодит үзлэгт тулгуурлан гаргасан дүгнэлтийг “нарийн мэргэжлийн эмчийн магадлагаа, шинжилгээний хариу” зэрэгт үндэслэж гаргаагүй нь няцаах үндэслэл болохгүй.

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байх тул шүүх хуралдааныг завсарлуулж нэмж ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хойшлуулж болно гэсэн үндэслэл зохицуулалт байхгүй болно.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд Аргагүй хамгаалалтыг хуульчилж өгсөн бөгөөд аргагүй хамгаалалтыг “өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг” ойлгохоор заасан.

Эрх ашгийг зөрчих, гэмтээхэд чиглэсэн хууль бус, бодитой довтолгооны эсрэг хийж байгаа үйлдлийг аргагүй хамгаалалтын үйлдэл гэж үздэг бөгөөд арга хамгаалалтын үйлдэл нь довтолгооныг зогсоож, дуусгах эсвэл довтолгооныг зайлуулах буюу өөрийг хамгаалах сэдэлт зорилготой байдаг.

Мөн халдлага эхэлсэн, эхлэх нь илэрхий болсон үед аргагүй хамгаалалт эхлэх ба гэмт этгээдэд хохирол учруулах замаар халдлагыг таслан зогсоомогц аргагүй хамгаалалтын цаг үе дуусгавар болно.

Дээрх хэргийн үйл баримтад гэрч Ж.Ж ын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгооныг хохирогч Г.Э  хийсэн, уг довтолгооны эсрэг шүүгдэгч Б.Х   гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба Г.Э , Ж.Ж ын маргаан дундуур Б.Х   орж, Г.Э тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, эрүүл мэндэд нь халдсан үйлдлийг бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах буюу довтолгоо халдагыг таслах зогсоох, зайлуулах бус харин хохирогчид санаатай хэлбэрээр гэмтэл хохирол учруулах санаа зорилготой байна.

Нөгөө талаар хэрэв хохирогч Г.Э  нь гэрч Ж.Ж  руу  довтолсон гэж үзэх тохиолдолд шүүгдэгч Б.Х   нь уг довтолгоон дууссаны дараа хохирогч Г.Э ы эсрэг халдаж байх тул аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул санал хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.  

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч, гэрч Ж.Ж  нарын хооронд үүссэн хэрүүл маргаанаас болж, шүүгдэгч, хохирогч хэн аль нь уур бухимдлаа барьж чадаагүйгээс болж гэмт хэрэг үйлдэгджээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Э  нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, хохирол, төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй.” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Зан байдлын хувьд догшин ширүүн зантай. Зайлуулах үйлдэл хийсэн. 6 сая төгрөгөө авах гэж очоод дахин мөнгө өгөх гэж нөхцөл байдал үүсэж байна. Тэнсэн харгалзах ял оноож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

Шүүгдэгч Б.Х  гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид тархи доргилт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, нуруунд цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл учирсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогч гомдол, саналгүй гэсэн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Мөн шүүхээс шүүгдэгч Б.Х  гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х   нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Х  д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Х  д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х  г түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х   нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Х  д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ