Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/37

 

 

 

  2023          01           03                                           2023/ШЦТ/37

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цасшихэр,

улсын яллагч Ц.Төгөлдөр,

хохирогч Д.А , түүний өмгөөлөгч Н.Лхагвадулам,

хохирогч Ч.М , О.А , Б.Н ,

шүүгдэгч Б.Х , түүний өмгөөлөгч Н.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б.Х холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015 25022 071 дүгээр хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х  нь 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хохирогч Д.А д үүрэн холбооны оператор “Мобиком Корпораци” ХХК-ийн “9911”-тэй гэсэн зарна хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар их дэлгүүр”-ийн орчимд 2.000.000 төгрөгийг бэлнээр, 4.000.000 төгрөгийг өөрийн банканд эзэмшдэг 0 дугаарын дансаар, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын эмнэлгийн орчим 3.000.000 төгрөгийг бэлнээр, өөрийн “Хаан” банканд эзэмшдэг 0 тоот дансаар 2.000.000 төгрөгийг,

Мөн 2015 оны 04 дүгээр сард хохирогч Д.А гаас “замын тендер авах гэж байгаа, байр авах гэсэн мөнгө дутаад байна” гэх зэргээр хуурч, 17.000.000 төгрөгийг бэлнээр, 23.000.000 төгрөгийг дансаар тус тус залилан авч, нийт 51.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн Дөш” үнэт эдлэлийн дэлгүүрт хохирогч Ч.М гээс “бусдад зараад өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 13.2 граммын жинтэй хөөргөний шүрэн толгой 1 ширхэг 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 11 граммын жинтэй хөөргөний шүрэн толгой 1 ширхэг, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 14.2 болон 4.1 граммын жинтэй хөөргөний шүрэн толгой 2 ширхэг зэргийг залилан авч, 13.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sunday” худалдааны төвийн эсрэг талд байрлах нотариат дээр хохирогч Б.Н гийн эзэмшлийн 0 улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг “зараад гаалиар орж ирсэн тээврийн хэрэгсэл авч өгнө” хэмээн хуурч, түүний эзэмшлийн 0 улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг бусдад зарж мөнгийг авч, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үед Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт О.А д “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг миний машин байгаа юм. Та унаад яв, тээврийн хэрэгслийн гэрчилгээг 7 хоногийн дараа шилжүүлж өгье” хэмээн 4.700.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, зүүн дөрвөн замын уулзварын шатахуун түгээх станцын орчим тухайн тээврийн хэрэгслээ буцаан залилан хохироож, 4 удаагийн үйлдлээр бусдад нийт 77.050.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Х  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний ах Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Хангал гэж хүн байдаг. Миний ахын гэр Баянмонгол хороололд байдаггүй. Яллах дүгнэлтэд дурдагдсан мэдүүлгүүдэд манай ахыг хэрэгт холбоотой мэтээр гарсан байна. Миний ах тухайн хэрэгт холбоогүй. Миний ах хүнд худлаа ярьдаггүй, би ахаараа бахархдаг. Би хүнд итгэж, гэнэн томоогүй зан гаргаснаас болж ийм зүйл болсонд харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нараасаа уучлалт гуйж байна. Та бүхний хохирлыг ямар нэг байдлаар төлнө гэдгээ хэлэхийг хүсэж байна. Өөр хэлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч Ч.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Маш их хугацаа алдаж байна. Би бизнес эрхэлдэг хүн. Өнөөдрийн байдлаар мөнгөний ханш ямар байгаа билээ. Тухайн үед шүрэн толгойг авсан үнэ өнөөдрийн байдлаар 3-4 дахин өсчихсөн байгаа. Би шүүгдэгчид итгээд явуулсан. Би их гомдолтой байна. Би яаралтай хохирлоо барагдуулмаар байна. Би айлын том. Ээж маань харвасан, эмнэлэгт өндөр төлбөр төлж байна. Төрсөн дүүгээ алдсан. 13.350.000 төгрөгийн хохиролтой, үүнийгээ яаралтай авах хүсэлтэй байна. Анх Х  2016 оны 05 дугаар сард манай лангуугаар үйлчлүүлж 70.000 төгрөгийн орлого оруулсан байдаг. Би үйлчлүүлэгч олонтой. Танайхаас бараа авч байя гээд миний дугаарыг авч байсан. Өөрийгөө барилга барьдаг гэж хэлсэн. Үнэт эдлэл нь итгэлцэл дээр явагддаг. Өөр үйлчлүүлэгч нар маань авч яваад худалдаж авдаг. Барилгын ах маань үзье гэхээр нь би тэр хүнтэй тань уулзъя гэсэн. Тэгэхэд сүүлдээ ах нь алтны уурхайн эзэн болсон. Би энэ хүний ярианд нь итгэсэн.” гэв.

Хохирогч О.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би шүүгдэгчийг 2016 оны 10 сард анх харсан. Би приус машин авах гэж байхад манай танил “нэг хүн машин зарж байна. Та үзэх үү” гэж хэлсэн. Би Дарханд очиж Б.Х тай уулзсан. Очиход машин нь айлын хашаанд барьцаанд тавьсан байсан. Машиныг үзэхэд гайгүй машин байхаар нь авахаар болсон. Тухайн үед 6.000.000 төгрөгөөр тохирсон. Б.Х  нь тухайн үед Дарханд хэдэн залуутай мөрийтэй тоглодог гэж байсан. Тэр тухай сүүлд сонссон. Тэгээд Б.Х  нь “3 хоногийн дараа хот орно, тэгэхдээ танд шилжүүлээд өгнө. Та одоо унаад яв” гэсэн. Би машиныг унаад хотод ирсэн. Б.Х  нь 7 хоногийн дараа хотод ирсэн. Над руу залгаад “зүүн 4 зам дээр хүрээд ир” гэсэн. Яваад очиход  хэсэг хүмүүстэй зогсож байсан. Тэр хүмүүс нь хүүхдийн машиныг энэ хүн хямдхан залилаад авчихсан байна, бид нар хүүхдийнхээ машиныг буцааж авах гэсэн юм гэсэн. Б.Х  тэгэхэд ийм зүйл болчихлоо. Би таны мөнгийг 3 хоногтоо багтаагаад өгье гээд таг болсон. Б.Х  нь их сайн ярьдаг луйварчин гэж хэлмээр байна. Би хохирлоо барагдуулж авахыг хүсэж байна. Маш их гомдолтой байна. 4.700.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

Хохирогч Д.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хохирлоо барагдуулмаар байна. 51 сая төгрөгөөс 4.500.000 төгрөгийг надад өгсөн. 46.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Би түрээсийн байранд амьдардаг, олон хүүхэдтэй. Банканд зээлтэй, шүүхээр орчихсон байгаа. Миний амьдрал хэцүү байна. Маш их цаг хугацаа өнгөрлөө. Хохирлоо барагдуулчихвал өөр гомдол саналгүй.” гэв.

Хохирогч Б.Н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би анх 2009 онд Солонгос улс руу яваад 2013 онд Монгол улсад ирж байсан. Монгол улсад дөнгөж ирснийхээ дараа залуу, ганц бие байхдаа тухайн машиныг авч байсан. Амьдралын шаардлагаар таксинд явж байгаад Б.Х тай танилцсан. Тэр үеэс хойш найзалж 2 жил гаруй болсон. Б.Х  нь надаас ах байсан хэдий ч бид хоёр найзалж байсан. Надад байсан ганц хөрөнгө нь машин. Тухайн үед би ганц бие байсан бол одоо гурван хүүхэдтэй болсон. Би нэг зүйлд гомддог. Энэ хүнийг надаас илүү сэргэлэн гэдгийг би мэднэ. Найзалж байсан хүмүүсээ ингэж хуурч чадаж байгаа юм чинь бусад хүмүүст яадгийг би сайн мэдэхгүй байна. Гэвч Х  азтай. Тухайн үеийн 77.000.000 төгрөгийг одоогийн ханшаар бодоход 770.000.000 төгрөг төлөх байсан. Би өөрийн эд зүйлээ авах хүсэлтэй байна. Гурван хүүхдийн эцэг болчхоод залуу насандаа байсан өөрийн ганц эд хөрөнгийг Б.Х д алдчихсан. Би найман сар бие өвдөөд идэх хоолгүй байж үзлээ. Монгол улсад бүх хүн зовж байна. Б.Х  шиг хүмүүс энэ нийгэмд бага байгаасай гэж хүсэж байна. Би 12.800.000 төгрөгөөр машинаа авч байсан. Ямар үндэслэлээр 8.000.000 төгрөг болсныг мэдэхгүй байна. Гэхдээ би Б.Х аас бага зэрэг юм аваад салж байвал миний амьдралд хэрэгтэй байна. Миний зүгээс шүүх хурлыг хойшлуулж байсан бол уучлаарай. Гарцаагүй шаардлага байсан юм.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар   

Хохирогч Д.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын үед миний бие Налайх руу яаралтай ажилтай явж байгаад Баянзүрх дүүргийн Чулуун овооны тойргийн орчимд цагаан өнгийн жижиг тэргийг шүргэчихсэн юм бөгөөд тухайн машины жолооч нь Баатарын Х  гэж хүн байсан бөгөөд машины гэмтэлд 100,000 төгрөг өг гэсэн тухайн үед надад мөнгө байгаагүй учраас дараа өгөхөөр болж тэр өөрийн 99117419 дугаарын надад хэлж тэмдэглүүлсэн. Ингээд дараахан би мөнгийг нь өгөхөөр залгасан тэгтэл надад Хаан банкны данс өгсөн тэр данс руу нь 100,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд Х ы нэртэй данс байсан дугаарыг нь санахгүй байна. Ингээд мөнгө шилжүүлсэн үеэс хойш 2 долоон хоногийн дараа Х  утсаар яриад “таны данс руу буцаагаад 100,000 төгрөгийг хийчихлээ шүү” гэсэн тэгээд мөн айхтар ноцтой гэмтэл учраагүй тиймээс танаас ийм хэмжээний мөнгө авахгүй гэсэн, ингээд би тэр залууд итгэж эхэлсэн. Ингээд удалгүй Х  нь хөдөөнөөс ирлээ. Тантай нэг уулзаж ярих юм байна гэсэн тухайн үед төрсөн дүү Отгон, Отгонсүрэн нартай цуг хоол идээд сууж байсан тэгээд би байгаа газраа хэлээд дуудсан бөгөөд удалгүй ганцаараа хүрээд ирсэн. Тэр өөрийгөө Хятадуудтай хамтран ажилладаг гэж танилцуулсан, ингээд надаас бага хэмжээний буюу 1-3 сая орчим төгрөгийг аваад хугацаандаа өгчихдөг байсан энэ үед хүү мөнгө гэж авдаггүй байсан, мөн тэр надад 99113233 дугаарыг 18 сая төгрөгөөр зарна гэж байснаа танд бол 11 сая төгрөгөөр өгчихнө гэсэн тэгээд би бэлэн өгч чадахгүй мөнгийг нь тасалж өгье гэсэн ингээд 2015 оны 01 дүгээр сараас 2 дугаар сарын 5-ны өдөр 3-4 удаа 11 сая төгрөгийг цувуулж Х аад бэлнээр болон дансаар өгсөн. Ингээд цагаан сарын үеэр одоо дугаараа авъя гэтэл Х  нь цагаан сарын дараа танд өгье одоо эвгүй дугаараа өөрөө барихгүй болохоор эвгүй ш дээ гэсэн. Ингээд цагаан cap өнгөрсөн бүр 2,3 cap гарлаа тэгсэн тэр танд өөр дугаар өгье энэ бүтэхээ больчихлоо гэсэн тэгээд өөрийнхөн барьж байгаа 99117419 дугаарыг өгсөн, тэгээд 7 хоног барьж байтал буцаагаад авчихсан, Тэгээд өөрөө надад зарах гээд байгаа дугааруудаа барьцаанд байгаа, эсвэл түр хүнд бариулчихсан хүлээж бай л даа гэдэг байсан. Мөн Теди дээр дугаар зардаг гээд дугаар зарна гэсэн зар наагаад явж байсан надад нэгийг өгсөн бөгөөд би гаргасан гомдолтойгоо хавсаргаж өгсөн байгаа. Ингээд мөнгө нэхдэг тэгэхээр удахгүй өгнө тендер авахаар хөөцөлдөж байгаа дараа 7 хоногоос бүтнэ мөн байр авах гэсэн чинь 6 сая төгрөг дутчихлаа гэх зэргээр надаас сарын дотор дансаар болон бэлнээр нийтдээ 11 сая төгрөгөөс гадна 40 сая төгрөгийг өгсөн. Сүүлийн өгсөн 40 сая төгрөгийг төрсөн дүү Отгоноос зээлж авчихсан ба зарим мөнгийг нь хүнээс зээлж авч өгсөн асуудал байгаа Мэн Х аа нь байнга зовлон тоочиж өнөөдөр маргаашгүй өгнө барина гэхээр итгээд л явсан. Ингээд сүүлдээ манай дүү энэ асуудлыг хөөцөлдөж явж байгаад түүний төрсөн ах гэх Баатарын Хангалтай уулзаж 40 сая төгрөгийг өмнөөс егнө гэж 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өөрийн гараар тэмдэглэл бичиж өгсөн байгаа ба түүнийг гомдлын хамтаар хавсаргаж өгье.  2015 оны 02 дугаар сарын 20-ноос 06 дугаар сарын 01-ны хооронд би дүүгээс мөнгө авч Б.Х аад өгсөн 40 сая төгрөгийг нийтэд нь базаж намайг байхгүй хооронд дүү маань 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Төв Хаан банкны хажуугийн нотариат дээр зээлийн гэрээг хийсэн. 40 сая төгрөгөөс сүүлийн 17 сая төгрөгийг бэлнээр өгсөн байгаа бусад нь дандаа түүний дансаар шилжүүлсэн байгаа. Харин 11 сая төгрөгийн дугаарын асуудал дээр 2 сая төгрөгийг бэлнээр бусдыг нь дансаар өгсөн. 9911-тэй дугаар худалдаж авах гээд хамгийн анх түүнд 2 сая төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Улаанбаатар их дэлгүүрийн хажууд машин дотроо өгсөн. Үүнээс хойш цувуулж дансаар өгсөн байгаа. Нэг хоёр хамтдаа хоол идэж караокед орж байсан өөр харьцаа холбоо байхгүй. Б.Хангал нь 88110904 дугаараас манай дүү рүү ярьдаг гэсэн. Б.Х аа нь 99117419, 99113233 дугаарыг барьдаг байж байгаад холбогдохгүй байгаа 99107419 дугаараас мессеж бичээд байдаг, гэр оронд нь очиж байгаагүй. Надад бол Баянмонгол хорооллын 8 дугаар байрны 10 давхарт Хангал ахын найзаас 2 өрөө байр авсан гэж 2015 оны 4 дүгээр сард дагуулж очиж үзүүлж байсан. Мөн энэ байрыг авахад 6 сая төгрөг дутаад байна. Тэгээд дараа 7 хоногт чиний бүх мөнгийг шилжүүлж байраа тавиад хүүтэй нь өгнө гэж хэлэхээр би итгээд 6 сая төгрөгийг өгсөн. Тэр байранд нь дахин очиж үзээгүй. Ингээд энэ асуудлаар манай нэг дүү хэсэг хөөцөлдөж явсан. Мөн хамгийн сүүлд 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай дүү рүү залгаад удахгүй өгнө, цагдаад битгий өгөөч ээ гээд гуйж ярьсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),

Хохирогч Д.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2014 оны 07 билүү 08 дугаар сард би машинтайгаа явж байгаад Б.Х  гэх хүний машинтай мөргөлдсөн бөгөөд тухайн үедээ надад мөнгө тааруухан байсан учир бие биенийхээ утсыг аваад салцгаасан. Тэгтэл нэг өдөр Б.Х  нь над руу залгаад та миний данс руу 100,000 төгрөг хийчих. Би хөдөө тоглолтоор явж байна. Түлшний мөнгөгүй болчихлоо гэхээр нь гар утаснаасаа 100,000 төгрөг шилжүүлээд өргүй болчихлоо гэж бодож байсан. Тэгтэл бас хэд хоногийн дараа Б.Х аас миний данс руу 100,000 төгрөг хийчхээд над руу утсаар залгасан тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэхэд миний машин айхтар эвдэрч гэмтээгүй юм чинь танаас мөнгө авах шаардлагагүй хэд хоногийн өмнө нь зүгээр л түлшний мөнгөгүй болчхоод тан луу залгасан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууг их шударга залуу байна гээд их итгэчихсэн байсан. Тэгтэл 1 cap орчмын дараа манай дүү нар болох Отгон, Отгонсүрэн нартай хамт гадуур хоол идээд сууж байтал Б.Х  над руу залгаад та хаана байгаа юм бэ, дүү нь тантай нэг уулзах гэсэн юм гэхээр нь байгаа газраа хэлтэл хүрээд ирсэн. Тэгээд хамт хоол идээд сууж байтал Б.Х  нь хүрч ирээд өөрийгөө 9911-тэй дугаар зардаг юм гэж өөрийгөө танилцуулсан. Тухайн үед би 9911-тэй дугаар сонирхож байсан учир 99113233 гэсэн дугаарыг сонирхсон бөгөөд тэр дугаарыг 18 сая төгрөг гэж байснаа надад 11 сая төгрөгөөр өгье гэхээр нь би итгээд тэр дугаарыг нь худалдаж авахаар тохиролцсон. Тэгээд 2015 оны 01 дүгээр сараас эхлэн дугаар авах мөнгөө цувуулан өгч эхэлсэн бөгөөд хамгийн анх 2 сая төгрөгийг Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын байрны хажууд бэлнээр өгөөд 4 саяыг нь дансаар шилжүүлсэн. Түүний дараа дүү Отгоноос 3 сая төгрөг зээлж аваад дүүгийнхээ гэрийн гадаа буюу төмөр замын эмнэлгийн урд талын байрны гадна өгсөн. Тэгээд мөн 2015 оны 02 дугаар сард би өөрийнхөө данснаас мобайл банкаар 2 сая төгрөгийг Б.Х ы данс руу шилжүүлээд дугаарынхаа мөнгийг төлж дуусгаад дугаараа авъя гэхэд эгчээ би цагаан сараар дуулах гээд 99113233 гэсэн дугаараар зар өгчихсөн учир та цагаан сарын дараа дугаараа авчих гэхээр нь цагаан сарын дараа залгахад би яг одоо хөдөө явж байна очиж байгаад танд өгье гэж хэлээд 20 орчим хоногийн дараа ирээд надтай уулзахдаа би танд 99113233 дугаарыг өгч чадахаа больчихлоо оронд нь та 99117419 гэсэн дугаарыг ав гээд надад бариулсан. Тэгэхээр нь би нэрийг нь шилжүүлж авъя гэхэд наад дугаар чинь өөр хүний нэр дээр бүртгэлтэй байдаг юм. Дараа нь би таны нэр дээр шилжүүлж өгье гэсэн. Тэгээд тэр дугаарыг нь бариад 7 хонож байтал дахиж над руу залгаад та энэ дугаарыг ав гээд 99113765 гэсэн сим карт үүртэй нь хамт аваад ирэхээр нь наад дугаараа миний нэр дээр шилжүүлж өг гэхэд бас энэ дугаарынх нь хүн нь байхгүй байгаа 7 хоногийн дараа таны нэр дээр шилжүүлж өгнө гэсэн. Тэгтэл 7 хоногийн дараагаас эхлэн утсаа огт авахгүй байж байгаад өөрөө над руу залгаад уулзъя гэхээр нь явж очоод уулзахад би замын тендер авахаар хөөцөлдөж байгаа мөн байр авах гэсэн чинь мөнгө дутаад байна гэх зэргээр өмнөх 11 сая төгрөгөөс гадна 40 сая төгрөгийг увуулж цувуулан авсан. Тэгээд эдгээр мөнгөнөөсөө эргүүлэн огт төлөхгүй байсан учир хөөцөлдсөөр байгаад түүний ах Б.Хангал гэх хүнтэй уулзахад 14 хоногийн дотор би дүүгийнхээ авсан мөнгийг төлж дуусгана гэж надад бичиг хийж өгсөн боловч мөн энэ хугацаандаа мөнгийг маань өгөхгүй байсан учир цагдаагийн байгууллагад хандсан юм. Б.Х д 51 сая төгрөгөөс 17 сая төгрөгийг нь бэлнээр өгсөн учир баримт байхгүй. Харин бусад мөнгөнүүдийн хувьд дансаар шилжүүлсэн учир баримтууд нь байгаа. Б.Х д дугаар авахаар увуулж цувуулж өгсөн 11 сая төгрөг нь миний мөнгө бөгөөд сүүлд өгсөн 40 сая төгрөгөөс 15 сая төгрөгийг нь би өөрийнхөө машинуудыг барьцаанд тавьж олсон. Хорлоо гэх найзаасаа 5 сая төгрөг дүүгийн эхнэр Батцэцэгээс 10 сая төгрөг зэргийг зээлж өгсөн. Мөн өөрийнхөө бизнесийн үйл ажиллагаанаас олсон байсан хүнд өгөх гэж байсан 10 сая төгрөг зэргийг Б.Х д өгсөн. Би Б.Х д хэлэхдээ өөрт нь өгсөн бүх мөнгө манай дүү Отгоных гээд хэлчихсэн байсан юм. Түүнээс гадна Б.Х д өгсөн мөнгөнүүдээ эргээд нэхэх баримттай болгоё гэж бодоод дүүгээ Б.Х тай гэрээ хийлгэчихсэн байсан юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас),

Хохирогч Д.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Б.Х  нь хамгийн сүүлд надаас 17 сая төгрөг авахдаа өөрийн ах Б.Хангалтай хамт ирсэн бөгөөд надаас 17 сая төгрөг авсныхаа өөрийн ах Хангалтай утсаар яриад мөнгөө бараг авчихлаа та хаана байна би одоо мөнгөө аваад очлоо гэж ярьж байсан учир түүний ах Хангал нь энэ асуудалд холбоотой гэж бодож байна. Миний хувьд Б.Х тай танилцаад удаагүй байж зүгээр 11 сая төгрөг зээлүүлнэ гэж байхгүй шүү дээ. Тухайн үед Б.Х  надад 99113233 гэсэн дугаар байгаа гэж хэлхээр нь миний сонирхлыг татаад уг дугаарыг нь авах гэж мөнгө зээлүүлсэн. Б.Х ы хувьд анх надаас авсан 11 сая төгрөгөөс гадна 40 сая төгрөгийг увуулж цувуулан авсан нь үнэн бөгөөд 40 сая төгрөгийг надаас авахаас өмнө Б.Х  манай дүү Отгоны Тоёота кроун маркын автомашиныг өөртөө худалдаж авна гэж олон хоног авч унаж байгаад авахаа болилоо гээд буцаагаад өгч байсан нь үнэн. Гэхдээ надад өгөх ёстой 51 сая төгрөгт уг машин огт хамаагүй зүгээр л Б.Х ы бэлнээр авч явсан мөнгө дангаараа 51 сая төгрөг болж байгаа. Б.Х  надаас авсан мөнгөө юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна. Надад хэлэхдээ Багануур дүүрэгт Хятадуудтай хамтарч барилга барьж байгаа. Тэр барилгаас мөнгө ороод ирнэ гээд байдаг байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар хуудас),

Хохирогч Д.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн5 “...Б.Х  нь надаас эхлээд 11 сая төгрөгийг 2015 оны 02 дугаар сард авсан бөгөөд түүний буюу 2015 оны 04 дүгээр сард 40 сая төгрөгийг замын тендер авах гэж хөөцөлдөөд байна гэж хэлээд авч байсан. Б.Х  нь эхний 11 сая төгрөгийг надаас авахдаа 99113233 гэсэн дугаарыг надад зарна гэж хэлээд авсан. 40 сая төгрөгийг замын тендер авах ажилдаа зарцуулна, мөн зарим мөнгийг өөртөө байр худалдаж авах гэсэн чинь мөнгө дутаад байна гэж хэлээд зээлж авсан. Б.Х  нь надад 4,500,000 төгрөгийг увуулж цувуулж өгсөн. Одоо 46,500,000 төгрөг дутуу байгаа бөгөөд үлдсэн мөнгөнийхөө оронд манай нөхөрт Б.Х  нь Багануур дүүрэгт баригдаж дуусаагүй байгаа барилгаас авах ёстой байраа өгье гээд танихгүй хүнтэй гэрээ хийлгэсэн байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 129 дүгээр хуудас),

Хохирогч Д.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Машин мөргөлдөөд Х  бид хоёр танилцсан. Би Х тай дотно найз биш. 2015 онд Х аас мөнгө авахын тулд би хайраа гэж худлаа хэлж байгаад мөнгөө авчих санаатай фейсбүүкээр янз бүрийн юм бичиж байсан юм. Тэрнээс биш жинхэнээсээ янз бүрийн явдал болсон юм байхгүй... Х  2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 3 сая, 3 сая, 2,750,000 төгрөгөөр хүний данснаас миний данс руу мөнгө шилжүүлсэн байдаг ба энэ мөнгө нь одоогийн авах 51 сая төгрөгөөс өөр тусдаа шилжүүлж авсан мөнгө юм...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),

Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2014 оны 09 билүү 10 дугаар сард эгч маань хүний машин мөргөчихсөн гэж ярьж байсан бөгөөд нөгөө хүндээ 100,000 төгрөг шилжүүлсэн боловч хэрэггүй гээд буцаагаад өөрт нь өгсөн тухай ярьж байсан. Тэгээд 2014 оны 10 билүү 11 дүгээр сард А , Отгонсүрэн эгч бид гурав хоол идэх гээд байж байтал А эгч рүү нөгөө машиных нь жолооч Х  гэх залуу залгаад бид гурвын сууж байсан газар хүрээд ирсэн. Тэгээд А эгч тэр залуугаа Отгонсүрэн эгч бид хоёрт танилцуулаад удалгүй хоолоо идчихээд салаад явцгаасан. Тэгтэл 2015 оны 01 дүгээр сард А эгч манайд ирээд эгч нь хүнээс 9911-тэй дугаар маш хямдхан авахаар болчихлоо гээд надаас 3 сая төгрөг зээлээд аваад явсан. Тэгтэл түүнээс хойш А эгч хэд хэдэн удаа надаас мөнгө асуугаад байсан. Тэгээд миний унаж байсан кроун маркын автомашиныг 19 сая төгрөгөөр авахаар ярилцаж тохирч аваад надаар 8 сая төгрөгөөр банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиулаад мөнгийг нь авч байсан. Тэгтэл 2015 оны 06 дугаар сард А эгч Солонгос улс руу явах ажилтай болсон түүнээс гадна А эгч надад нэлээн хэдэн төгрөгийн өртэй байсан учир Б.Х  гэх залууд өгсөн 40 сая төгрөгт нь би гэрээ хийсэн. Тухайн үед Б.Х д өгсөн зарим мөнгөнүүдийг эгч маань надаас авч байсан боловч тэр мөнгийг өөрөөсөө надад төлөөд барагдуулчихсан. Харин одоо тэр мөнгөнүүдийг эгч маань өөрөө авах ёстой. Миний санаж байгаагаар Хятадуудтай нийлж барилга барьж байгаа бас гар утасны лангуу худалдаж авах гэж байгаа зэргээр эгчид маань худал хэлж эгч маань хүмүүсээс мөнгө олж өгсөөр байгаад сүүлд нь ийм байдалд хүрээд байна. Уг нь эгчид маань 99113865 дугаарын утас өгч бариулсан бөгөөд эгч маань солонгос явахдаа надад үлдээгээд явахаар нь би барьж байтал цаанаас нь хаалгачихсан. Тэгээд тэр дугаар луу залгахаар Ганзориг гэх хүн утас аваад энэ угаасаа миний дугаар гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар хуудас),

Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Б.Х тай 4 жилийн өмнө Хятадад явж байгаад танилцсан бөгөөд түүнээс хойш танилын холбоотой байдаг болсон. Тэгээд 2014 оны 10 дугаар сард би Багануур дүүрэгт барилгын ажил эхлүүлж байхад Б.Х  нь тухайн үед эрхэлсэн тодорхой ажилгүй байсан болохоор миний барилгын ажилд сайн дураар туслахаар болоод Улаанбаатар хот руу ямар нэгэн ажил гарвал би Б.Х ыг зарчихдаг юм. Б.Х  нь 2015 оны 6 дугаар сард манай барилгад зардалтайгаа нийлээд 16 сая төгрөгийн арматур төмөр өгсөн бөгөөд түүний хариуд нь би өөрийнхөө барьж байгаа барилгыг баригдаж дуусахаар 2 өрөө байр өгөхөөр тохиролцсон зүйл байгаа. ... Б.Х д манайхаас 48 мкв талбайтай 2 өрөө орон сууц өгөх бөгөөд 1 мкв-ийг 1,380,000 төгрөгөөр тооцож байгаа.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 114 дүгээр хуудас)

Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... Би 2014 оны сүүлээс эхлэн Хятадуудтай хамтарч орон сууц барихаар ярилцаж тохиролцсон бөгөөд тухайн үед би төрийн албанд ажилладаг байсан учраас барилгын зөвшөөрөлтэй компани байгуулахдаа өөрийн нэрээр байгуулж чадалгүй өөрийн аав болох Содномренчингийн нэр дээр байгуулж байсан юм. Ингээд би 2015 оны 7 дугаар сард тэтгэвэртээ гарснаас хойш ерөнхийдөө барилгаа өөрөө хариуцаж байгаа ба миний хувьд уг барилгаас 1500м2 талбайг эзэмших эрхтэй учраас би өөрийн авах ёстой талбайнаасаа Б.Х д өгөх гэж ярилцаж тохиролцсон байсан. Гэтэл Б.Х  нь хэрэгт холбогдож шалгагдаж байгаа талаар надад  хэлээд цаад хүндээ хохирлын мөнгөнийхөө оронд надаас авах ёстой байраа шилжүүлэхээр нотариат хийх гэсэн юм гэж хэлэхээр нь би аавыгаа дагуулж ирээд 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дамдинхүү гэх хүнд Б.Х ы авах ёстой байсан байрыг баригдаж дуусахаар нь шилжүүлэхээр гэрээ хийлгэсэн.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 131 дүгээр хуудас)

Шүүгдэгч Б.Х ы мэдүүлгийг газар дээр шалгасан: “Мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагаа Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явуулахаар тогтон яллагдагч Б.Х  нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо Гандангийн ертөнцийн зүгээр зүүн талд 4 давхар карказ босгосон барилгыг заасныг өөрийн гар утасны аппаратаар 2 ширхэг зураг дарж бэхжүүлснээр мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааг дуусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 116-117 дугаар хуудас),

Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...99113765 дугаарыг анх 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр миний танил Ангараг гэдэг хүн 10 сая төгрөгийн барьцаанд тавьж надаас мөнгө зээлж авсан. Тэгээд зээлийн хугацаа дууссан боловч мөнгөө хугацаанд нь өгч чадахгүй болоод түр миний нэр дээр шилжүүлж өгөхөөр болсон. Гэтэл миний нэр дээр уг дугаараас гадна таван дугаар бүртгэлтэй байсан тул Мобикомоос нэг хүн дээр 5-аас илүү дугаар бүртгэж болдоггүй дотоод журамтай гээд бүртгэж өгөхгүй болохоор нь хамаатныхаа дүү болох Чулууны Отгонтөмөрийн нэр дээр түр шилжүүлчихсэн байгаа. 2015 оны 08 дугаар сард надад шилжүүлэн өгөх гэсэн боловч болохгүй байсан учир Ч.Отгонтөмөрийн нэр дээр шилжүүлчихсэн. 2015 оны 08 дугаар сараас өмнө энэ дугаарыг хэн эзэмшиж ашиглаж байсныг мэдэхгүй. Ангараг гэдэг хүн мэдэж байгаа байх. Тэр одоо 99113765 дугаарыг өөрөө барьж байгаа ба зээлээ бараг төлөөд дуусаж байгаа. Би Баатарын Х  гэдэг хүнийг огт танихгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 147 дугаар хуудас),

Гэрч П.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би одоо барьж байгаа дугаараа 2015 оны 08 дугаар сард зээлээр худалдаж авсан бөгөөд уг дугаар нь одоо Отгонтөмөр гэдэг нэртэй хүний нэр дээр бүртгэлтэй боловч би өөрөө ашиглаж байгаа. Намайг энэ дугаарыг худалдаж авахаас өмнө Теди төв дээр зогсдог ченжүүд ашигладаг байсан бөгөөд яг ямар хүн ашиглаж байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 148 дугаар хуудас),

Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.Х  гэдэг хүнийг 2012 оноос эхлэн таньдаг болсон бөгөөд Б.Х  нь тухайн үед миний 99117419 дугаарын утас руу залгаад та дугаараа зарах уу гэж асууж анх залгаж байсан. Учир нь Б.Х  нь  7419 гэсэн дугаараар төгссөн. Их олон дугаарыг өөртөө ашигладаг хүн байсан. Тэгэхээр нь би эхэндээ зарахгүй гэж байгаад сүүлдээ надаас дугаараа түр ашиглуулахаар болоод 2012-2015 оны 07 дугаар сар хүртэл Б.Х д өөрийн дугаараа ашиглуулж байгаад буцаагаад авчихсан. Одоо миний 99117419 дугаарыг миний таньдаг хүн ашиглаж байгаа. Б.Х  нь надаас дугаараа зарах уу гэж асууж байснаас биш хүнд зарах гэсэн юм гэж ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 163 дугаар хуудас),

Гэрч М.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Б.Х  гэх хүнтэй 2014 оны намар танилцаж байсан бөгөөд тухайн үед би өөрийнхөө 99113233 дугаарыг түрээслүүлнэ гэсэн тавьчихсан байсны дагуу Б.Х  гэх залуу над руу яриад ахаа би хөдөө орон нутгаар явж тоглолт хийх гэж байгаа юм та дүүдээ дугаараа түрээслүүлчих хэлээд надаас түр авч төлбөр төлж хэрэглэж байсан гэдгээр нь танина. Б.Х  гэх залуу миний дугаарыг түрээсээр хэрэглэж бай таны дугаарыг нэг хүн сонирхоод байгаа юм та дугаараа зарвал хэдэд өгөх гэж асууж байсан тэгэхээр нь би яахав үнээ ярилцаж тохиролцвол зарсан яахав гэж хэлж байсан тэгтэл өөрөө таг чиг болчихсон. Б.Х  нь миний дугаарыг түрээсэлсний үлдэгдэл болох 150000 төгрөг өгөх дутуу байгаа, түүнээс гадна бас надад нэг удаа 192,000 төгрөгийн төлбөрөө төлүүлж байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 130 дугаар хуудас),

Гэрч М.С мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би Х д гар утасны 99113233 дугаарыг түрээслүүлсний үлдэгдэл болох 150,000 төгрөг, ярианы төлбөрөө төлүүлсний 192,000 төгрөгийг нэхэмжилнэ. Гэхдээ би энэ асуудлыг шүүхээр иргэний журмаар нэхэмжилж авна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 165 дугаар хуудас),

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хэргийн талаар юу ч мэдэхгүй. Би ахынхаа хувийн зан байдлын талаар ярьж болно. ... Би одоог хүртэл А гэдэг хүүхнийг хараагүй, танихгүй, уулзаж ч байгаагүй, ярьж ч байгаагүй. Би ердөөсөө уулзаж байгаагүй. Ярьж ч үзээгүй. Ингэж хэлсэн зүйл огт байхгүй. Манай гэр бүлийнхэн Х  ахын асуудлыг огт мэдээгүй байж байгаад цагдаа шүүх болоод ирэхэд нь мэдсэн. Надаас өөр эмэгтэй дүү гэвэл миний эгч Хонгорзул буюу Х  ахын дүү гэсэн үг. Хонгорзул бид хоёр хоёулаа А гэдэг хүнийг мэдэхгүй, танихгүй, уулзаж ч байгаагүй. Ер нь манай гэрийнхэн тэр хүнийг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 220-221 дүгээр хуудас),

Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би А гэдэг хүнийг огт танихгүй. Царайг нь ч харж байгаагүй. Би дүү Х тай хамт очиж 17 сая төгрөг авсан гэдэг нь ор үндэсгүй гүтгэлэг. Намайг гүтгэж, миний нэр хүндэд халдаж байна... 2015 оны 08 дугаар сард буюу Монголын эмнэлгийн ажилтны баярын өдрийн үеэр би Архангай аймгийн Эрүүл мэндийн 90 жилийн ойн тоглолтоор явж байхад Отгон гэдэг эмэгтэй над руу утсаар яриад дүү чинь надаас 40 сая төгрөг зээлсэн. Дүүгээ олж өг гэж над руу ярьж байсан. Би 3-4 хоногийн дараа Отгон гэдэг эмэгтэйтэй уулзахад надад нотариатаар баталсан зээлийн гэрээг үзүүлж байсан. Тэгэхэд л би Х ыг мөнгө зээлсэн гэдгийг мэдсэн. Тэр үед Отгон дүүгээ олж өгөхгүй бол цагдаагийн хурандаа найзуудтай, тэр хүмүүст хэлж байгаад төлүүлнэ гэж хэлж байсан. ... Би Х тай хамт явж мөнгө төгрөг зээлж авсан зүйл огтхон ч байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 222 дугаар хуудас),

Хохирогч Ч.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн дөш үнэт эдлэлийн дэлгүүрт хөөрөг, шүр үнэт эдлэл зардаг юм. Намайг 2016 оны 05 дугаар сарын дундуур яг өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Ажил дээрээ байж байхад Баатарын Х  гэх 30 орчим насны залуу хүрч ирээд шүрэн толгой үзчихээд явсан. Явахдаа миний утасны дугаарыг аваад явсан. Түүнээс хойш утсаар байнга залгаад би таны шүрэн толгойг чинь зараад өгье, дундаас нь ашиг олоод хэдэн төгрөг олно. Барилгын компанийн захирал нь манай ах байгаа юм. Таны шүрэн толгойны зургийг нь харуулсан чинь авъя гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнээ чи дагуулаад хүрээд ирээ гэж хэлсэн чинь хөдөө ажилтай алтны уурхай дээрээ байгаа хөдөө аваад ир гэж байна гэж хэлсэн. Тэгээд зарахаар болоод 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ирээд 13,2 грамм хөөргөний шүрэн толгой, өндөр 2см, хуучны шүрэн толгой 2,500,000 төгрөгийн үнэтэй байсныг 2,000,000 төгрөгөөр бодож урьдчилгаа 250,000 төгрөг аваад 10 хоногийн дараа бүх тооцоог чинь хийнэ гээд аваад явсан. Ахын санхүүжилт орж ирэхээр нь өгнө гэж хэлээд явсан. Түүнээс хойш 2016 оны 07 дугаар сарын сүүлээр Б.Х ы утас руу нь залгаад шүрэн толгойны мөнгөө нэхсэн чинь эгчээ асуудал байхгүй. Маргааш мөнгийг чинь дансанд чинь хийнэ гэж хэлээд одоог хүрсэн. Дараа нь 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ээжийн эгчдээ шүрэн эрх авч өгөх юм гээд 108 ширхэгтэй бөөрөнхий шүрэн эрх диаметр нь 12-тай, 4,000,000 төгрөгөөр бодож авсан. Үүнээс удалгүй 7-8 хоногийн дараа нь дахин ирж 21 диаметртэй 11 граммтай хуучин шүрэн толгойг 3,000,000 төгрөгөөр бодож авч явсан. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 14,2 граммтай хуучин шүрэн толгойг 3,5 сая төгрөгөөр зараад өгье, нөгөө компанийн захирал ах авъя гэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би өмнө авсан шүрэн эдлэлийн мөнгөө өгөхгүй юм уу гэсэн чинь нөгөө ах маань алтны мөнгөтэй санхүүжилт нь ганц нэг хоног хойшлоод байна гэж хэлээд аваад явсан. Тэд өдрийн үдээс хойш нь ирээд 4,1 граммтай 13,3 см урттай хуучин шүрэн толгойг алтан нуухны хамтаар 850,000 төгрөгөөр бодож аваад явсан. Нийтдээ Б.Х д 13,350,000 төгрөгийн үнэт эдлэл өгч явуулсан байна. Үүнээс урьдчилгаа 250,000 төгрөг, дансаар 400,000 төгрөг шилжүүлсэн. Үүнийг нь хүүнд өгөөд дуусгасан байгаа. Би анх юмаа өгөхөөс хэд хоногийн өмнө манай дэлгүүрээр орж ирээд надаас шүрэн толгой сонирхож байгаад явсан. Үүнээс удалгүй ирээд миний толгойг эргүүлж байгаад хуурч мэхлээд эд зүйлийг аваад явсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас),

Хохирогч Б.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2014 оны өвлөөс 2015 оны 05, 06 сарыг хүртэл Б.Х д өөрийн 0 улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашинаар үйлчилж жолоочоор явдаг байсан. Тэгсэн нэг өдөр машин чинь одоо хуучирсан юм чинь зарчих, би дараа нь барилгын ажил дуусахаар орж ирсэн машин авч өгнө гэж хэлээд миний 2012 оны 10 дугаар сард Монгол улсад орж ирсэн 2004 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Приус 20 машиныг зарсан гэсэн. Тухайн үед би хэдээр зарсан юм бэ гэж асуусан чинь надад тэр нь чамд хамаагүй. Дараа угаасаа орж ирсэн машин авч өгөх юм чинь гэж хэлээд өгөөгүй. Тухайн үед Багануур дүүрэгт Х  нь нэг ахтай нийлээд 9 давхарт 2 байр бариулж байсан. Очвол зааж өгч мэднэ. Тухайн үед тэр байрандаа мөнгө хэрэгтэй гээд миний машиныг зараад одоо хүртэл 1 төгрөг ч өгөөгүй байгаа. Хамгийн сүүлд Х тай өчигдөр мессеж бичсэн. Миний машиныг 7 хоногийн дараа өгнө. Хэд хоног хүлээ гээд байгаа юм. Утас нь холбогдохгүй байж байж нэг холбогдохоороо байнга хугацаа хойшлуулдаг. 2015 оны 06 дугаар сард бөхийн өргөөний замын урд талын цайны газрын орчим миний машиныг унаад явсан. Одоо хаана байгааг мэдэхгүй байна. Өөрөө тогтсон гэр байхгүй, энд тэндгүй байр хөлслөөд байдаг юм...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас),

Хохирогч Б.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “....Би анх 2013 онд өөрийнхөө эзэмшлийн 0 улсын дугаартай цагаан өнгийн Приус 20 загварын автомашинтайгаа гадуур таксинд явж байгаад Х тай танилцсан. Анх танилцахдаа Х  надад би чамайг ер нь өдрөөр түрээслээд явж байж болох уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би болно оо гээд л салцгаасан. Анх бол түрээсийн мөнгөө өгдөг байсан. Хааяа миний машиныг ч бас аваад явчихдаг байсан. Тэгээд сүүлдээ дан Улаанбаатар хотод биш хөдөө орон нутгуудаар явах болсон. Х  нь өөр хүмүүстэй уулзах үедээ намайг жолооч гэж танилцуулаад бусад үед бид 2 найзууд шиг л байдаг байсан. Тухайн үед Х  Багануур дүүрэгт нэг ахтайгаа барилга барилж байсан. Тэгээд надад найз нь хүмүүсийн цалин мөнгө болон барилгад мөнгө хэрэгтэй байна, чи одоо надад нэг туслаадах, чиний машиныг зарчихъя, дараа нь ажил бүтэхээр шинэ орж ирсэн машин өгье гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд Х  бид хоёр Сандей төвийн эсрэг талд байрлах нотариат дээр очиж Х  нэг таньдаг ахдаа миний машиныг зарсан. Машиныхаа нэрийг би өөрөө байж байгаад тэр хүнийх нь нэр рүү нь шилжүүлж өгсөн. Х  тэр хоёр гэрээн дээр үнийг нь хэд гэж бичих юм гэж хэлснээ 4 сая төгрөг гээд биччих гэж хэлээд гэрээгээ байгуулсан. Тэгээд уг нотариатын гаднаас тэр ах нь миний машиныг унаад аваад явсан. Явахдаа тэр ах нь Х д ах нь орой үлдсэнийг нь шилжүүлчихье гэж хэлээд явсан. Тэгээд Х тай хагас жил орчим холбоотой байж байгаад л нэг мэдэхэд утсаа авахаа больсон. Хааяа холбогдохоор надтай уулзахгүй зугтаах болсон. Наад машин чинь 1 жил гаран хөдөө явчихлаа, би уг барилгын ажлаа дуусгачихвал болох гээд байна. Найз нь дараа нь чамд шинэ машин авч өгнө, уг ажил дээр Амараа ахад тусалчихвал болох гээд байна гэж хэлсэн. 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 оны 11 дүгээр сард шинээр орж ирсэн машины би 12,800,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Бүтэн “Жи” приус 20 машин байсан. 3 жил гаран найзалж явсан. 3 саран харин яг хамт амьдарч байсан. Машин зарах үед Баянмонгол хороололд хамт амьдарч байсан. Уг байрны түрээс нь сарын 800,000 төгрөгөөс 1,000,000 төгрөг байсан. Уг байранд 2 сар гаруй амьдарсан. Түрээсийн мөнгийг нь Х  өгсөн юм. Гэхдээ машин зарсан мөнгөнөөс өгөөгүй. Бүр анх түрээсэлж орохдоо түрээсийн мөнгийг нийтэд нь өгсөн юм. 2-3 удаа нэг таньдаг ахдаа миний машиныг барьцаанд тавьж мөнгө зээлж байсан. Гэхдээ тэр мөнгөнүүдээс надад мөнгө өгч байгаагүй. Хааяа буудалдаа тэдийг өг, тэдээр бензин хий гэх мэтээр л надад бага багаар мөнгө өгч байсан. Би хоёулаа машинаа зараад байрныхаа мөнгөөр түрээсийг төлье гэж хэлээгүй. Гэхдээ сүүлд нэг муудалцахад Х  надад чиний машиныг зарсан мөнгөнөөс тэр Баянмонгол хорооллын байрны түрээсийг хасна, би тэр түрээсийг өөрөөсөө мөнгө гаргаж төлсөн. Хэрэв чи машинаа надаас авна гэж байгаа бол тэр байрныхаа түрээсийг хасаж бодоорой гэж хэлсэн. Тухайн үед би бас өөрөө 13 дугаар хороололд байр түрээсэлж байсан. Миний байрны түрээсийн хугацаа ч дуусаагүй байсан. Тэгэхэд Х  намайг нэг гэр оронгүй хүн авчраад байрандаа оруулсан юм шиг зүйл ярих болсон. Х  өөрөө л намайг хамт байя гэж дуудаад байдаг байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 142-143 дугаар хуудас),

Хохирогч О.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би Приус 20 загварын машин авах гээд явж байхад миний зүс таньдаг Бааяа гэх залуу над руу утасдаад энд гайгүй машин байна та авах уу гэж ярихаар нь би Бааяагийн хэлсэн машиныг үзэхээр яваад очсон. Би Дарханд очиж уг машиныг үзтэл надад таалагдсан. Би уг машины бичиг баримтыг үзэхэд машины эзэн гэх Баатарын Х  гэх залуу надад банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлсэн бичиг баримт үзүүлсэн. Ингээд би уг машиныг авахаар болоод Дархан хотод урьдчилгаа 4,700,000 төгрөг өгөөд машинаа аваад хотод ирсэн. Хотод ирээд байж байхад Х  гэх залуу над руу утасдаад үлдэгдэл мөнгө өгчих гэж хэлэхээр нь гэрээсээ мобайл банкаар Х ы данс руу шилжүүлж өгсөн. Ингээд над руу 2, 3 утасдаад хүрээд ир гэж дуудахаар нь би машины бичиг баримт сольж өгөх гэж байна гэж бодоод яваад очтол Х  надад нэг асуудал гарлаа. Би уул нь наад машиныг чинь худалдаж авсан юм. Тэгсэн уг хүний эцэг эх нь хүрч ирээд миний хүүхэд хямдхан зарсан байна гэж хэлээд эцэг эх нь машинаа буцааж авмаар байна гэж байна. Би танд буцаагаад мөнгийг чинь өгье гэж хэлэхээр нь би Х тай хамт ирсэн хүмүүст машины түлхүүрийг нь өгөөд явуулсан. Гэрээ байгуулаагүй. Би машинаа Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, МТ шатахуун түгээх станцын дэргэд өгсөн болохоор энд гомдол гаргасан юм. Шилжүүлсэн мөнгөний баримт байгаа. Эхлээд 4,700,000 төгрөгийг бэлэн өгсөн. Өгч байхыг Бааяа гэх залуу харсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 244 дүгээр хуудас),

Хохирогч О.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Х  надад хэлэхдээ энэ машин миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Одоо гэхдээ банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа гэж надад хэлсэн. Зээлийн үлдэгдэл 2,600,000 орчим төгрөг байгаа гэж хэлсэн. Тэгээд би уг автомашиныг нь нийт 6 сая төгрөгт худалдаж авахаар болоод урьдчилгаа 4 сая төгрөгийг бэлнээр Дархан хотод өгөөд би автомашиныг унаад Улаанбаатар хот руу ирсэн. Х  надад хэлэхдээ би таны араас 3 хоногийн дараа Улаанбаатар хот руу орно. Би одоо энд зээлээ чөлөөлчихнө. Тэгээд араас чинь очоод машины нэрийг нь шилжүүлээд өгье гэж хэлсэн. ... Тэгээд намайг Улаанбаатар хотод ирснээс хойш 7 хоногийн дараа Х  ирж уулзсан. Уулзахдаа Х  надад ахаа нэг яриа байна. Би наад машиныг чинь хүүхдээс авсан юм. Тэгтэл тэр хүүхдийнх нь эцэг, эх нь надаас хүүхэд хуурч, хямд үнээр автомашиныг нь авсан байна гээд хэл ам хийгээд байна. Хоёулаа энэ машиныг буцаагаад өгчихье. Би таны мөнгийг харин 3 хоногийн дотор гаргаад өгье гэж хэлээд надад өгсөн автомашинаа зүүн дөрвөн замын клонк дээрээс аваад явсан. Тэрнээс хойш ямар ч сураггүй алга болсон...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 36 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.Х ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Д.А гаас авсан мөнгөнөөс 16-17 орчим сая орчим сая төгрөгөөр нь арматур төмөр худалдаж аваад Багануур дүүрэгт барилга барьж байгаа таньдаг ах Амарбатын барилгад оруулчихсан. Харин би хариуд нь энэ барилгыг баригдаж дуусахаар нь 2 өрөө орон сууц авахаар тохиролцчихсон байгаа. Бусад мөнгөний тухайд гэвэл дандаа цувуулж авч байсан учир бага багаар ажил амжуулах гэж зарцуулсаар байгаад дуусгачихсан. Миний хувьд Д.А д анхнаасаа 9911-тэй дугаар өгнө гэж огт хэлээгүй бөгөөд сүүлд өрөө нэхээд байсан учраас өрнийхөө оронд 9911-тэй дугаар олж өгье гэж хэлж байсан 99117419 дугаар нь Наранбаатар гэх хүний нэр дээр байдаг бөгөөд энэ хүнээс би уг дугаарыг худалдаж авъя гэж бодоод мөнгийг нь өгч чадалгүй өөрөө барьж байсан дугаар байгаа юм. Харин 99113233 дугаар нь Сайхнаа гэх хүний нэр дээр байдаг бөгөөд тухайн үед дугаараа зарна гэж ярьж байсан учир би өрнийхөө оронд А д аваад өгчихье гэж бодож байсан. Харин 99113765 дугаарыг манай найз зарах гэж байхаар нь би түр аваад мөнгөний боломжтой бол худалдаж авч А д өгье гэж бодоод А д бариулж байсан боловч мөнгөний боломж гараагүй учир цаад хүн нь дугаараа авчихсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 115 дугаар хуудас),

Хохирогч Д.А гийн ХААН банкин дахь 5069223148, 5017051836 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 14-39, 239 дугаар хуудас),

Зарын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар хуудас),   

Шүүгдэгч Б.Х ы ХААН банкин дахь 0 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 65-98 дугаар хуудас),

“Мобиком Корпораци” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1671 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 120-121 дүгээр хуудас),

2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ” (1 дүгээр хавтаст хэргийн 134, 139 дүгээр хуудас),

2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ” (1 дүгээр хавтаст хэргийн 140 дугаар хуудас),

2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ” (1 дүгээр хавтаст хэргийн 138 дугаар хуудас),

Хохирогч Ч.М гийн үнэт эдлэлүүдийн хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 151-152 дугаар хуудас),

Хохирогч Б.Н гийн Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 101 дүгээр хуудас),

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 71-я дугаар “Яллагдагчийг цагдан хорих тухай” захирамж, сунгасан захирамж, (2 дугаар хавтаст хэргийн 81-82, 159-160 хуудас,  3 дугаар хавтаст хэргийн 41-42, 43-44, 61-62, 99-102 хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 141-144 дүгээр хуудас),  

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 109 дүгээр хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дугаар хавтаст хэргийн 125 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Б.Х  нь үргэлжилсэн үйлдлээр буюу нийт 4 удаагийн үйлдлээр бусдыг залилж их хэмжээний хохирол буюу нийт 77.054.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатад өгсөн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна. Иймээс шүүгдэгч Б.Х ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол, төлбөрийн тухайд Д.А д 51.000.000 төгрөгийн хохирол учруулснаас 4.500.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс 46.500.000 төгрөгийг, Б.Н д 8.000.000 төгрөгийг, Ө.А 4.700.000 төгрөгийг, Ч.М  нь шүүгдэгчээс 650.000 төгрөгийг авсан гэх мэдүүлэг байдаг хэдий ч Ч.М  нь хүүнд тооцуулах саналтай байдаг учир шүүгдэгчээс дээрх хохирол, төлбөрийг гаргуулж хохирогч нарт олгуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Х  нь:

хохирогч Д.А  нар нь 2014 оны 11 дүгээр сард танилцсан байх ба Д.А  нь Б.Х д мөнгө зээлж, Б.Х  нь зээлсэн мөнгөө хугацаанд төлдөг байсан ба танилын харилцаатай,

хохирогч Ч.М тэй 2016 оны 05 дугаар сарын дундуур Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн Дөш” үнэт эдлэлийн дэлгүүрт танилцсан,

хохирогч Б.Н тэй 2013 онд такси үйлчилгээнд явж байхад нь танилцаж, түүний эзэмшлийн “Toyoto Prius 20” 0 улсын дугаартай автомашинаар нь үйлчлүүлдэг ажил хэргийн болон найз нөхдийн харилцаатай,

хохирогч О.А тэй 2016 онд танил хүнээр дамжуулан тус тус танилцжээ.  

Шүүгдэгч Б.Х  нь 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хохирогч Д.А д үүрэн холбооны оператор “Мобиком Корпораци” ХХК-ийн 9911 дугаар зарна гэж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар их дэлгүүр”-ийн орчимд 2.000.000 төгрөгийг бэлнээр, 4.000.000 төгрөгийг өөрийн банканд эзэмшдэг 0 дугаарын дансаар, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын эмнэлгийн орчим 3.000.000 төгрөгийг бэлнээр, өөрийн “Хаан” банканд эзэмшдэг 0 тоот дансаар 2.000.000 төгрөгийг,

2015 оны 04 дүгээр сард хохирогч Д.А гаас “замын тендер авах гэж байгаа, байр авах гэсэн мөнгө дутаад байна” гэж хэлж 17.000.000 төгрөгийг бэлнээр, 23.000.000 төгрөгийг дансаар авч, нийт 51,000,000 төгрөгийн хохирол,

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн Дөш” үнэт эдлэлийн дэлгүүрт хохирогч Ч.М д 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 13.2 граммын жинтэй хөөргөний шүрэн толгой 1 ширхэг, 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 11 граммын жинтэй хөөргөний шүрэн толгой 1 ширхэг, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 14.2 болон 4.1 граммын жинтэй хөөргөний шүрэн толгой 2 ширхэг зэргийг бусдад зараад өгье гэж авч, 13.350.000 төгрөгийн хохирол,

            2016 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sunday” худалдааны төвийн эсрэг талд байрлах нотариат дээр хохирогч Б.Н д түүний эзэмшлийн “Toyota Prius 20” загварын автомашины оронд нь  гаалиар орж ирсэн тээврийн хэрэгсэл авч өгнө гэж,  түүний эзэмшлийн “Toyota Prius 20” загварын 0 улсын дугаартай автомашиныг бусдад зарж, 8.000.000 төгрөгийн хохирол,

2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үед Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт О.А д “Toyota Prius 20” загварын автомашиныг миний эзэмшлийн автомашин, 7 хоногийн дараа нэрээ шилжүүлж өгнө гэж, 4,700,000 төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, зүүн дөрвөн замын уулзварын шатахуун түгээх станцын орчим тухайн автомашиныг хүүхдийн машин, эцэг, эх нь хэл ам хийгээд байна, 3 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэж хэлж буцаан авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдаанд хэргийн үйл баримт болон хэргийн зүйлчлэлд маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Х ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “их хэмжээний хохирол учруулж” гэж хүндрүүлэх шинжийг тус тус заажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн Гуравт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж,

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог бөгөөд их хэмжээний хохирол буюу тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсныг хүндрүүлэн зүйлчилдэг.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

“Хуурах” гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг, “зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэж өөрийгөө амжилттай яваа бизнесмен, баян, их хэмжээний эд хөрөнгийн өв залгамжлагч, томоохон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мэтээр зохиомол байдлыг бүрдүүлэх, “бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж дампуурсан үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдагдалтай хөрөнгө оруулалт шаардлагатай байдлыг нуух зэргээр бусдыг төөрөгдүүлж, “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах” гэж урьд эрхэлж байсан ажил, албан тушаал, нэр хүндийг ашиглах, олон жил хамтран бизнес хийсэн, гэрээт борлуулагчаар ажилласан, олон жилийн өмнөөс бие биеэ мэдэх болсон байдал зэргээр итгэлийг урвуулан ашигласныг тус тус ойлгоно.

Шүүгдэгч Б.Х  нь 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хохирогч Д.А д үүрэн холбооны оператор “Мобиком Корпораци” ХХК-ийн “9911”-тэй гэсэн зарна хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар их дэлгүүр”-ийн орчимд 2.000.000 төгрөгийг бэлнээр, 4.000.000 төгрөгийг өөрийн банканд эзэмшдэг 0 дугаарын дансаар, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын эмнэлгийн орчим 3.000.000 төгрөгийг бэлнээр, өөрийн “Хаан” банканд эзэмшдэг 0 тоот дансаар 2.000.000 төгрөгийг, мөн 2015 оны 04 дүгээр сард хохирогч Д.А гаас “замын тендер авах гэж байгаа, байр авах гэсэн мөнгө дутаад байна” гэх зэргээр хуурч, 17.000.000 төгрөгийг бэлнээр, 23.000.000 төгрөгийг дансаар тус тус залилан авч, нийт 51.000.000 төгрөгийн хохирол учруулсан, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн Дөш” үнэт эдлэлийн дэлгүүрт хохирогч Ч.М гээс “бусдад зараад өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 13.2 граммын жинтэй хөөргөний шүрэн толгой 1 ширхэг 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 11 граммын жинтэй хөөргөний шүрэн толгой 1 ширхэг, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 14.2 болон 4.1 граммын жинтэй хөөргөний шүрэн толгой 2 ширхэг зэргийг залилан авч, 13.350.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sunday” худалдааны төвийн эсрэг талд байрлах нотариат дээр хохирогч Б.Н гийн эзэмшлийн 0 улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг “зараад гаалиар орж ирсэн тээврийн хэрэгсэл авч өгнө” хэмээн хуурч, түүний эзэмшлийн 0 улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг бусдад зарж мөнгийг авч, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үед Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт О.А д “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг миний машин байгаа юм. Та унаад яв, тээврийн хэрэгслийн гэрчилгээг 7 хоногийн дараа шилжүүлж өгье” хэмээн 4.700.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, зүүн дөрвөн замын уулзварын шатахуун түгээх станцын орчим тухайн тээврийн хэрэгслээ буцаан авсан байгаа нь “Залилах” гэмт хэргийн “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол” гэх үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Хохирогч Ч.М гийн эзэмшлийн 13.2 граммын жинтэй хөөргөний шүрэн толгой 1 ширхэг, 11 граммын жинтэй хөөргөний шүрэн толгой 1 ширхэг, 14.2 болон 4.1 граммын жинтэй хөөргөний шүрэн толгой 2 ширхэг зэргийг эд зүйлийн үнэлгээгээр нийт 13.350.000 төгрөгөөр, хохирогч Б.Н гийн эзэмшлийн 0 улсын дугаартай “Toyota Prius 20” загварын автомашиныг тээврийн хэрэгслийн үнэлгээгээр 8,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн ба, хохирогч Д.А гаас бэлнээр болон дансаар 51.000.000 төгрөг, хохирогч О.А ээс 4.700.000 төгрөгийг тус тус авсантай маргадаггүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг уг хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон хэмжээгээр болон хохирогч нарын мэдүүлэг, дансны хуулга зэргээр тогтоогдсон хэмжээгээр тооцох нь хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж хохирлын хэмжээг заажээ. 

Шүүгдэгч нь хохирогч Д.А д 51,000,000 төгрөг, хохирогч Ч.М д 13.350.000 төгрөг, хохирогч Б.Н д 8,000,000 төгрөг, хохирогч О.А д 4,700,000 төгрөг, нийт 77.050.000 төгрөг болж байх ба 50.000.000 төгрөгөөс дээш байх тул “Залилах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Шүүгдэгч нь анхнаасаа бусдын эд хөрөнгийг шилжүүлэн аваад буцаан хариу төлбөр өгөхгүй байх гэмт санаа зорилготой байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Х  нь залилах гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байна.

Иймд шүүгдэгч Б.Х ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг “бусдад их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Хохирогч Д.А  нь шүүгдэгч Б.Х аас 4,500,000 төгрөгийг авсан гэж 1 дүгээр хавтаст хэргийн 129 дүгээр хуудаст мэдүүлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч нарт нэмж хохирол барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч Б.Х аас нийт 63,150,000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.А д 46,500,000 төгрөгийг, хохирогч Ч.М д 13,350,000 төгрөгийг, хохирогч Б.Н д 8,000,000 төгрөгийг, хохирогч О.А д 4,700,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч нь хохирол төлбөр барагдуулахтай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулах тухай хүсэлт гаргаагүй болохыг дурьдав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Б.Х д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна.” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байдаг. Энэ хэрэгт яагаад орсон тухайгаа дүгнэлт хийж байгаа. Миний үйлчлүүлэгч анх А гэх хүнтэй танилцаад зохих хэмжээний итгэлийг нь олоод Багануур дүүрэгт баригдаж байгаа барилга дээр санхүүжилт авъя гээд хөрөнгө мөнгийг нь энэ хүнээс авсан байдаг. Мөн тодорхой хэмжээгээр буцааж өгдөг ийм танилын харилцаатай байж байгаад хохирогчийн мөнгө нь Багануур дүүрэгт баригдаж байгаа барилга руу орсон байдаг. Энэ хэрэг үүсэж, Амарбат болон Амарбатын аав нар Б.Х  нь хоёр өрөө байр авах ёстой, барилга баригдаад дуусахаар хүссэн хүний нэр лүү шилжүүлж өгч болно гэж мэдүүлсэн байдаг. 48 м.кв хэлцэл хийгээд хэрэгт хавсаргасан байдаг. Барилга нь газрын маргааны улмаас удааширч байгаа асуудал байдаг. Хөөргийн толгой, үнэт эдлэлийн хэргийн тухайд залилах санаагүй, хэн нэг этгээдийг дагаж гүйж байгаад ийм зүйл болсон байдаг. Хохирогч Нямсүрэнгийн машиныг хэрхэн залилсан дээр хэлэх үг алга. Түрээсийн байрын өртэй болоод машин тэргээ зарсан гэх асуудал хавтаст хэрэгт авагдсан баримтад харагддаг. Шүүгдэгчид нэг боломж байна.  Миний зүгээс 2022 оны 08 дугаар сараас хойш 5 удаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү, хохирогч нарын хохирол төлбөрийг төлөх боломж гаргаж өгнө үү гэсэн санал гаргаж байсан. Бидний зүгээс хохирол, төлбөрийг бүтэн төлж чадахгүй ч Багануурын байраас 60.000.000 гаруй төгрөгийг гаргаж авах боломж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Хохирогч нар Б.Х ы ааш занг ерөнхийдөө мэдэх байх. Шүүгдэгч нь тамтгаа алдсан залилагч биш. Шүүгдэгч мэдүүлэг өгөхдөө арга хэмжээ хөтөлдөг байсан гэж хэлж байсан. Ажил хөдөлмөр хийгээд явах юм бол 2 жилийн дотор хохирол, төлбөр төлөх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгчид ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан.

Шүүгдэгч Б.Х  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалт хэрэглэгдэх боломжгүй байна.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан.

Шүүгдэгч Б.Х ы үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилбэл эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай ба харин 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилбэл арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай.

Иймд шүүхээс Б.Х д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно. 

Шүүгдэгч Б.Х ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу 4 хохирогчийг хохироосон буюу үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдлсэн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад их хэмжээний хохирол учруулж, гэмт хэрэг үйлдсэнээс хойш шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд учирсан хохирлыг арилгаагүй байдал, хувийн байдал буюу мөрдөн шалгах ажиллагаанаас зайлхийж, Монгол Улсын хилээр гарч зугтаасан байдал зэргийг харгалзаж, түүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Шүүгдэгч Б.Х д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х ы цагдан хоригдсон 348 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Х д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Х Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг “бусдад их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Х д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Х д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х ы цагдан хоригдсон 348 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х аас нийт 63,150,000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.А д 46,500,000 төгрөгийг, хохирогч Ч.М д 13,350,000 төгрөгийг, хохирогч Б.Н д 8,000,000 төгрөгийг, хохирогч О.А д 4,700,000 төгрөгийг тус тус олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Б.Х д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.  

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Х д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ

                                                         ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ