Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2025/0331

 

 

 

 

 

 

 

 

 “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Л

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч  “Э” ХХК

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0093 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д

Хэргийн индекс: 128/2024/0475/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч  “Э” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0093 дугаар шийдвэрээр:  Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/*** дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Л нар давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан, нотлох баримтыг тал бүрээс нь судлах, хуульд нийцсэн шийдвэр гаргах шүүхийн үндсэн зарчмыг алдагдуулж шийдвэр гаргасан.

Нийслэлийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/*** дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ хуульд заасан нөхцөл байдлыг тал бүрээс нь судалж Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01-09/***, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01-06/****, 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 01-05/**** дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13, 14 дэх хэсэгт нэхэмжлэгчээс 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01119-2011/******** тоот Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулснаас хойш маргаан бүхий газартаа үйл ажиллагаа явуулах зорилгоор дараах бичиг баримтыг эрх бүхий байгууллагаар батлуулж, бүрдүүлсэн байна. Үүнд: Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 01119-2011/****** дугаар батлуулж, цахилгааны техникийн нөхцөлийг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хугацааг сунгуулан шинэчлэн авч, У ТӨХК-аас Дулааны техникийн нөхцөлийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хугацааг сунгуулан шинэчлэн авч, Цэвэр, бохир усны техникийн нөхцөл болон цэвэр усны шугам зөөж шилжүүлэх зөвшөөрлийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шинэчлэн авч, цэвэр, бохир усны техникийн нөхцөл болон цэвэр усны шугамыг шилжүүлэн зөөх ажлын зургийг батлуулж, Барилгын эскиз зургийг 2022 онь 9 дүгээр сарын 15-ны өдөр батлуулж, “Э” ХХК-тай орон сууц, үйлчилгээний цогцолбор барилгын зураг боловсруулах гэрээг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан байна.

Шүүхээс маргаан бүхий С дүүрэг, 1-р хороо, Ч, ................. баруун доод хэсэгт байрлах 4390 м.кв газарт үзлэг хийхэд төмөр хашаагаар 4 талыг тойруулан хашаалсан, хашаан дотор 1 ширхэг монгол гэр барьсан, 2 ширхэг төмөр чингэлэг /агуулахын зориулалттай гэх/ байрлуулсан, 2 ширхэг трансформатор суурилуулсан, цамхагт кран, хэв хашмал труба, 5 тонны даацтай по, бетон цутгагч помп, төмөр арматур, подём, сапуд, люлк, цэвэр усны хоолой, цэвэр усны худгийн кальцо зэрэг барилгын тоног төхөөрөмж, бараа материалуудыг их хэмжээгээр хурааж буулгасан зэргээс үзэхэд зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдал нэхэмжлэгчийн тухайд бүрэн тогтоогдохгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн.

Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогголцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно. Гэтэл дуудлага худалдааны үнэ төлсөн, хашаа барьсан, хашаандаа гэр барьсан, техникийн нөхцөлүүдийг авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь шүүх хэргийг үнэн зөв байдлыг дүгнэх, хуульд нийцсэн үнэн зөв шийдвэр гаргах зарчим алдагдсан гэж үзэхээр байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэг зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0093 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Л нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт анхан шатны шүүх зөв дүгнэлт өгч, Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн *** дүгээр “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжаар[1] “Э” ХХК-д С дүүрэг, * дүгээр хороонд контор, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 4400 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр №01119-2011/****** дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г[2] байгуулсан байна.

4. Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01-09/*** дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр[3] “...танай компани нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”-г тус тус зөрчсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байна” гэж,

4.1 Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01-06/*** дугаар албан бичгээр “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Монгол Улсын Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг нь 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг дуустал үргэлжилсэн бөгөөд тухайн хугацаанаас хуанлийн бүтэн хоёр жилийн хугацаанд газрыг зориулалтын дагуу эзэмшээгүй нь тогтоогдож байна” гэж “Э” ХХК-д мэдэгдэл хүргүүлжээ.

5. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжаар[4] Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01-06/**** дугаар албан бичгийн дагуу С дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт контор, үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 4400 м.кв газрыг эзэмшигч “Э” ХХК нь газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн.

6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан ба газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан хоёр жил байх, ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцөлүүдийг хууль тогтоогчоос заасан тул эдгээр нь нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ.

7. Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай” зөвлөмжид “... Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийн “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг ойлголтыг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгоогүй байхыг ойлгох нь зүйтэй. Харин газар дээрээ хашаа барьсан, манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байвал зохино. Хуулийн дээрх зүйл, хэсгийн “хүндэтгэн үзэх шалтгаан” гэсэн заалт нь газрыг зориулалтаар ашиглаагүй, 2 жил ашиглаагүй гэдэг заалттай шууд хамааралтай юм. Гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан, эвдрэл, элэгдэл бий болсон болон эзэмшигч өвчтэй байсан, гадаадад ажилласан зэрэг зайлшгүй шалтгаанаар газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэн зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ. Эзэмшигч энэ тухайгаа эрх олгосон байгууллага, албан тушаалтанд албан ёсоор мэдэгдсэн, зориулалтыг өөрчлүүлэх, хугацааг сунгуулах арга хэмжээ авсан эсэхийг шүүх заавал шалгаж тогтоосон байвал зохино ...” гэж заасан байна.

8. 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр “...маргаан бүхий газар төмөр хашаагаар хашсан, хашаан дотор 1 гэр, 2 төмөр чингэлэг, цамхагт кран, хэв хашмал труба, 5 тонн даацын по, бетон цутгагч помп, арматур, подём, сапуд, люлк, цэвэр усны хоолой, трансформатор 2 ширхэг, цэвэр усны худгийн кольцо” гэх тэмдэглэл, фото зураг,

8.1 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн МЗХ2022/******** дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”[5],

8.2 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 15/01426/**** дугаар У ТӨХК-ийн баталсан Техникийн нөхцөл[6]

8.3 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч болон “Э” ХХК нарын “Э” ХХК-ийн орон сууц, үйлчилгээний цогцолбор барилгын зураг төсөл боловсруулах гэрээ[7] зэрэг баримтуудаар тухайн газрыг ашиглаж байгаа болох нь тогтоогдож байна.

9. Хуулийн дээрх заалт, тайлбараас үзэхэд газар эзэмшигч нь гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгохоор зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч “Э” ХХК нь газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх баримт тогтоогдохгүй байх тул газар эзэмших эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэр хууль бус гэж дүгнэх үндэслэлтэй байна.

10. Түүнчлэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ба Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд дээрх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар байна.

11. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Э” ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулснаас хойш Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоож тухайн газартаа үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал бий болж, уг хөл хориог цуцалсны дараа Архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөл, орон сууц, үйлчилгээний цогцолбор барилгын зураг төсөл боловсруулах гэрээ зэргийг 2022-2023 онд батлуулсан байх тул гэрээ хийгдсэний дараа буюу нийтэд илэрхий үйл явдал болох цар тахлын улмаас хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газраа зориулалтаар нь 2 жил дараалан ашиглаж чадаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

12. Хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэхдээ газрыг ашиглах талаарх ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан эсэх, “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх”-ийг нягтлан шалгаагүй шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасантай нийцээгүй байна.

13. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0093 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Л нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               Т.ЭНХМАА

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 208-210 хуудас

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 12-13 хуудас

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 18 хуудас

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 199 хуудас

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 93 хуудас

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 104-105 хуудас

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 65-69 хуудас