Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0666

 

 

 

 

 

 

2021 10 15 128/ШШ2021/0666

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: З.Ш

Хариуцагч: * дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Т

Гомдлын шаардлага: * дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Т-ын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч З.Ш, гомдол гаргагчийн өмгөөлөгч П.Г, хариуцагч Ц.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч З.Ш шүүхэд гаргасан гомдолдоо * дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Т-ын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсаар З.Ш намайг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан зөрчил гаргасан гэж **,***,*** төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан бөгөөд үүнээс сонгуулийн зардлын дансыг бүртгүүлээгүй гэж намайг буруутгасан байна.

З.Ш би, Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд Та бидний эвсэл-ээс 24 дүгээр тойрог буюу * дүүрэгт нэр дэвшсэн бөгөөд ийнхүү сонгуулийн үйл ажиллагаанд оролцохдоо Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна гэж заасны дагуу 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкинд 513******* тоот төгрөгийн данс нээлгэж, энэхүү дансны мэдээллийг бүртгүүлэх ажлын хүрээнд Үндэсний аудитын газраас мэдээлэл авахад нэр дэвшигчийн дансны мэдээллийг намаас нэгдсэн журмаар ирүүлэх ёстой гэсний дагуу Та Бидний эвсэлд өөрийн сонгуулийн дансны мэдээллийг хүргүүлсэн.

Сонгуулийн явцад Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэж заасны дагуу З.Ш би сонгуулийн зардлын явцын тайланг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр, эцсийн тайланг тус оны 7 дугаар сарын 22-ны өдөр тус тус Үндэсний аудитын газарт хүргүүлсэн бөгөөд тус газраас тухайн тайлангуудыг хянаад зөрчилгүй гэсэн дүгнэлтүүдийг гаргаж, олон нийтэд мэдээлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансыг бүртгэх, түүний орлого, зарлага, зарцуулалт, зардлын тайланд хөндлөнгийн хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий Үндэсний аудитын газраас нэр дэвшигч З.Ш-гийн сонгуулийн зардлын данс, түүний тайланд хяналт шалгалтын ажиллагаа явуулсан байхад уг дансыг огт бүртгэгдээгүй данс гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Эцэст нь тэмдэглэхэд анхнаасаа энэ хэргийг зөрчлийн харьяалал зөрчиж шалгасан гэж үзэж байна. Хэргийн харьяаллын хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8.1-т зөрчил гаргасан газарт шалган гэсэн байдаг. Гэтэл бүртгүүлэх газар нь болох Үндэсний Аудитын газар Чингэлтэй дүүрэгт байдаг. Иймд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт тус үүргийг биелүүлсэн эсэх асуудал яригдах учраас хуулиар тогтоосон харьяалал зөрчиж шалгасныг уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох бас нэгэн үндэслэл гэж үзэж байна.

... Энэ зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн ажиллагаанд гомдол гаргаж байгаа. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд улсын байцаагч гаргасан гэж үзэж байгаа зөрчлөө нотолно гэсэн үүргээ зөрчсөн. Намайг чи сонгуулийн зардлын данс бүртгүүлснээ нотол гэсэн. Нотлох баримт цуглуулахдаа Үндэсний аудитын газраас бичиг ирсэн байдаг. Түүнийг зөрчиж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд зөрчлийн мэдээлэл гэж үзэж байгаа. Тэгэхээр улсын байцаагч албан бичиг ирснээр зөрчил үйлдэгдсэн нь нотлогдсон гэж үзэж байгаа. Сонгуулийн зардлын дансаа бүртгүүлээгүй талаар нотлох баримт ирүүлнэ үү гэсэн байдаг. Тэр нь дансаа бүртгүүлээгүй учир энэ талаар нотлох баримт байхгүй гэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх үүрэгтэй этгээд нь нотлох үүргээ гүйцэтгээгүй. Хууль зөрчсөн ажиллагааны үндсэн дээр шийтгэлийн хуудас гаргасан гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон Зөрчлийн тухай хууль, бусад хуулийн зохицуулалтыг харахад сонгуулийн дансыг Төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлэхийг нарийвчилсан ямар дүрэм тогтоосон, уг журмыг нэр дэвшигч хэрхэн зөрчсөнийг нарийвчлан тогтоогоогүй. Монголын Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.21 зүйлийг харахад тус сонгууль нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид хувь иргэний журмаар зардлын дансаа бүртгүүлэх үү, нэр дэвшиж байгаа нам эвсэл нь өөрийн нэрийн өмнөөс зардлын дансыг бүртгүүлэх үү гэдгийг Сонгуулийн тухай хуулиар нарийвчлан зохицуулж өгөөгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд холбогдогчоос мэдүүлэг авах ажиллагаанд, мөн нотлох баримтаар, гэрчийн мэдүүлгээр М******* нам буюу Та бидний эвслээс бүрдүүлж байгаа намын хэрэг эрхлэх газраас нэгдсэн журмаар сонгуулийн зардлын бүртгүүлээгүй нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэхээр аудитын байгууллагад өгч байсан тухай н.Уламбаяр даргын гарын үсэгтэй н.Б******* нь аудитын газар нэгдсэн журмаар сонгуулийн дансыг бүртгүүлэхээр хүргүүлсэн. Энэ талаар нэр дэвшигчийн шадар туслахаар ажиллаж байсан Сонгуулийн тухай хуулиар эрх үүрэг нь тодорхойлогдож байсан шадар туслах материалыг бэлдээд М******* намаар дамжуулаад өгсөн гэдэг үйл баримтыг тогтоосон. Шүүхэд маргаан үүсгэсний дараа дээр дурдсан хоёр нотлох баримт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хавтаст хэрэгт байгаагүй. Үүнийг шүүхээс хүсэлт гаргаж сүүлд нь гаргуулж авсан. Зөрчлийн хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хуульд заасан ямар журмыг хэрхэн зөрчсөнийг зөрчил шалган шийдвэрлэх хуулийн хүрээнд татварын улсын байцаагч тогтоож чадаагүй, мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллын хувьд гомдол гаргагчийн зардлын дансаа бүртгүүлээгүй эс үйлдэхгүйгээр зөрчил гаргасан гэж үзвэл уг зөрчлийг хэзээ хаана үйлдсэн харьяаллын асуудлыг хэрхэн тогтоож * дүүргийн татварын хэлтэс шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Төрийн аудитын байгууллагад бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй бүртгүүлэх талаар дүрэм зөрчсөн гэж үзвэл Төрийн аудитын байгууллага буюу Үндэсний аудитын байгууллага нь Чингэлтэй дүүргийн харьяалалд оршин байдаг. Гомдол гаргагч нь * дүүрэгт оршин суудаг нэр дэвшсэн харьяаллаар нь * дүүрэг рүү шилжүүлсэн үү оршин суудаг харьяаллаар нь шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй. Хаана зөрчил үйлдсэн газрыг тогтоох ёстой байсан ч тогтоогоогүй учир шийтгэлийн хуудас хууль бус болсон ба гомдол гаргагчийн эрхийг зөрчсөн. Үндэсний аудитын газрын хувьд тус байгууллага нь Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд зааснаар нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтыг бүртгэж авах үүрэгтэй. Гэтэл Үндэсний аудитын газраас гаргаж өгч байгаа хавтаст хэргийн 155 дугаар хуудсанд авагдсан баримтаар 2021 оны 6 дугаар сарын 17-ний өдрийн Үндэсний аудитын газрын тайлбар нь 27 хуудас баримт хавсаргаж ирүүлсэн байдаг. Уг нотлох баримтаас харахад нийт 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 7 дугаар сарын 04-ний өдрүүдэд ирсэн бичгийн бүртгэл буюу Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд зааснаар нэр дэвшигч нараас аудитын газарт гаргаж өгсөн зардлын данс бүртгүүлэхээр ирүүлсэн баримтыг бүртгэсэн, авсан бичгийг бүртгэсэн дэвтрийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнээс харахад З.Ш, М******* нам аль нь ч нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг бүртгүүлэхээр Төрийн аудитын байгууллагад ирүүлсэн өргөдлүүдийг ирсэн бичгийн бүртгэлээр нотлогдоно. Уг ирсэн бичгийн бүртгэлд байхгүй бол бүртгүүлээгүй гэсэн агуулгаар ойлгоно. Гэтэл нийтэд илэрхий байгаа Сонгуулийн ерөнхий хорооны сайт дээр байгаа нийтэд илэрхий байгаа баримт нь 2020 оны ээлжит сонгууль нь улсын хэмжээнд 606 нэр дэвшигч нэр дэвшсэн гэсэн мэдээ байгаа. Эдгээр нэр дэвшигчид бүгд зардлын данс нээлгэнэ, аудитын байгууллагад бүртгүүлнэ. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар аудитын газар нь 100 орчим хүний жагсаалт байсан. Үлдсэн 500 гаран хүний зардлын дансыг бүртгэсэн эсэх нь тодорхойгүй. Хэрэв үлдсэн 500 гаран нэр дэвшигчид зардлын дансаа бүртгүүлээгүй гэж үзвэл Монголын Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.21 зүйлээр шийтгэгдсэн байх ёстой. Хууль бус гэж үзэж байгаа үндэслэл нь сонгуулийн зардлын дансыг бүртгэх тусгайлсан нарийвчилсан журам хуулиар тогтоогоогүй. Хувь хүн нэр дэвшигчээр бүртгүүлэх, нам эвслээр бүртгүүлэх үү гэдэг нь тодорхойгүй байхад аудитын газраас зардлын дансыг бүртгэх үйл ажиллаагааг хуульд заасан шаардлагын хүрээнд хангалттай хариуцлагатай хийгээгүй. Энэ байдлаар н.Б-н аудитын байгууллагад бүртгүүлэхээр өгсөн материалыг аваагүй үлдээсэн нь хууль бус ажиллагаа учир Үндэсний аудитын газрын бүртгээгүй эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоолгосноор гомдол гаргагчийн эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасан.

... Үндэсний аудитын газрын тушаалаар сонгуулийн зардлын дансанд явцын аудит, эцсийн аудит хийх журмыг тогтоосон. 2020 оны А/**дугаартай тушаалыг З.Ш зөрчсөн ба Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар шийтгэл ногдуулсан гэж байна. 2020 оны А/**дугаартай тушаалыг зөрчсөн гэдэг нь захиргааны актыг зөрчсөн үндэслэлд хамаарна. Иймд бүхэлдээ шийтгэлийн хуудсыг хүчингүй болох үндэслэл тогтоогдож байна. Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар сонгуулийн зардлын дансыг хэн ч очиж бүртгүүлэх боломжтой байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан үндэслэл дээр мөн дурдсан байдаг. Үндэсний аудитын газраас нотлох баримт гаргуулъя гэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Гэхдээ Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэх ёстой Үндэсний аудитын газар ямар журмаар сонгуулийн данс бүртгэх ажиллагаа замбараагүй явагдсан. Үүнд сонгуулийн зардлын дансаа нэгдсэн журмаар намаасаа өг гэдэг зохицуулалтаар явах боломжтой байсан. Өмгөөлөгчийн зүгээс үзэхэд энэ хэрэг нь шүүхийн шийдэх асуудлаас хэтэрсэн гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Ц.Т шүүхэд гаргасан тайлбартаа: * дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Т би Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 06/3212 дугаар албан бичгээр ирүүлсэн Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй гэх иргэн З.Ш-д холбогдох гомдол мэдээллийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад зөрчлийн хэрэг нээсэн.

З.Ш нь Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд Та Бидний Эвсэл-ээс 24 дүгээр тойрогт нэр дэвшсэн ба Сонгуулийн тухай хуулийн 51.4-т Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчиж өөрийн сонгуулийн зардлын дансаа Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй болон нь өөрийн мэдүүлэг, Үндэсний аудитын газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны 01/3287 тоот албан бичиг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон тул шийтгэлийн хуудас бичсэн.

Гомдол гаргагч нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Та Бидний эвсэл өөрийн сонгуулийн зардлын дансны мэдээллээ хүргүүлсэн гэжээ. Сонгуулийн тухай хуулийн 51.4-т Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэсэн заалтын дагуу Төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлэх ёстой байсан.

З.Ш нь өөрийн сонгуулийн зардлын дансыг төрийн аудитын байгууллагад бүртгүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь зөрчлийн шинжтэй байсан тул зөрчлийн хэрэг нээн прокурорын хяналт доор шалгаж 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан болно.

Иймд хуульд заасан үндэслэл, журмын дагуу ногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Маргааны гол зүйл нь Улсын Их Хурлын Сонгуулийн нэр дэвшихтэй холбоотой. Үүнийг Улсын Их Хурлын тогтоолоор нутаг дэвсгэр болон нэр дэвшигчийн харьяаллыг тогтоосон. Иймд нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчсөн гэж бодохгүй байна. Зөрчлийн гол нөхцөл болох бүртгүүлсэн, бүртгүүлээгүй гэдгийг зөрчлийн дансыг хэн, хэзээ очиж бүртгүүлсэн нь тодорхойгүй. Зөрчлийн хэрэг дотор нотлох баримтууд хангалттай бүрдсэн гэж үзэж байна. Сонгуулийн дансны мэдээллийг бүртгүүлээгүй болохыг тогтоосон. Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэг нь сонгуулийн зардлын дансыг бүртгүүлээгүй этгээдэд хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Энэ нь Зөрчлийн тухай хуулиараа шийдэгдээд явж байгаа. Зөрчил гэж юуг хэлэх тухай хуульд тодорхой заасан үүнд нийцэж байгаа. Нотлох баримтыг зөрчлийн хэрэгт хангалттай цуглуулсан. Иймд шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх иргэн З.Ш-гээс * дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Т-т холбогдуулан гаргасан * дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Т-ын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах[1] тухай шаардлага бүхий гомдлыг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна[2].

Гомдол гаргагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдлын шаардлагаа Үндэсний Аудитын газарт холбогдуулан Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн 24 дүгээр тойрогт Та Бидний Эвсэл-ээс нэр дэвшсэн 3.Ш-н сонгуулийн зардлын дансны мэдээллийг М******* намаас хүргүүлснийг бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч Үндэсний Аудитын газрыг хамтран хариуцагчаар татаж[3] хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Гэвч гомдол гаргагч З.Ш нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Үндэсний Аудитын газарт холбогдуулан гаргасан Үндэсний Аудитын газарт холбогдуулан Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн 24 дүгээр тойрогт Та Бидний Эвсэл-ээс нэр дэвшсэн 3.Ш-н сонгуулийн зардлын дансны мэдээллийг М******* намаас хүргүүлснийг бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гомдлын шаардлагаасаа татгалзаж, шүүхээс хэргээс дээрх шаардлагыг тусгаарлаж шийдвэрлэсэн болно.

Гомдол гаргагч, түүний өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Т 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч З.Ш-г  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу **,***,*** төгрөгөөр торгон шийтгэл оногдуулжээ.[4]

Гомдол гаргагчаас маргаан бүхий шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ Миний бие Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т заасан сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ сонгуульд нэг эвсэл болж нэр дэвшсэн эвслээрээ /Та *******/ дамжуулан биелүүлсэн, намайг сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлээгүй гэх хууль зүйн үндэслэлгүй, мөн хариуцагч улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал зөрчиж ажиллагаа явуулсан тул шийтгэлийн хуудас хүчингүй болох үндэслэлтэй. гэж, хариуцагчаас гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т ...нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй. гэж заасан хуулийн дээрх заалт нь хоёрдмол утгыг огт агуулаагүй, тодорхой заалт юм. Гомдол гаргагчийн тухайд хуулиар хүлээсэн дээрх үүргээ биелүүлээгүй болох нь үндэсний аудитын газраас ирүүлсэн холбогдох баримтуудаар тогтоогдсон тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг бичсэн болно. Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал зөрчсөн зүйл байхгүй тул гомдлын шаардлага үндэслэлгүй. гэж тус тус тайлбарлаж маргажээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйл. Сонгуулийн зардлын данс, 51.1. Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна., 51.3. Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ., 51.4. Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй. гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр сонгуулийн зардлын нэг данстай байх байх бөгөөд нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй байна.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл. Сонгуулийн хуулийг зөрчих, 21. Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заажээ.

Дээрх хуулийн заалтаас үзвэл сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх хуульд заасан журмыг зөрчсөн бол иргэнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу **,***,*** /арван сая/ төгрөгөөр торгох зохицуулалттай байна.

Хуулийн дээрх заалтад заасан хуульд заасан журам гэдгийг сонгуулийн зардлын дансыг нээлгэх, бүртгүүлэхтэй холбоотой Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3, 51.4 дэх заалтуудыг ойлгохоор байна.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 дугаартай албан бичгийн нэгдүгээр хавсралтаар Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй нэр дэвшигчдийн жагсаалтыг ирүүлжээ[5].

Уг жагсаалтын 73 дугаарт 24 дүгээр тойрог, Та Бидний Эвсэл, З.Ш гэжээ.

Мөн Үндэсний аудитын газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 01/3287 дугаартай албан бичигт ... Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 24 дүгээр тойрогт ... Та Бидний Эвсэл-ээс нэр дэвшигч З.Ш, ... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйл. Сонгуулийн зардлын данс, 51.4-д Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй. гэж заасны дагуу Үндэсний аудитын газарт холбогдох мэдээллээ ирүүлээгүй болохыг мэдэгдэж байна. ... гэжээ[6].

Гомдол гаргагч З.Ш 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор өгсөн тайлбартаа ... Сонгуулийн зардлын тайлангийн маягтын дагуу урьдчилгаа тайлан болон эцсийн тайлангаа өгсөн болно. Уг маягт дээр дансны дугаар, банкны мэдээлэл бүгд байдаг иймээс би Аудитын газарт дансны дугаар нэр бүртгүүлээгүй зөрчил байхгүй гэж үзэж байна. гэжээ[7].

Иргэн Б.Батчимэг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр өгсөн тайлбартаа ... Сонгуулийн зардлын дансаа бүртгүүлэхээр 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр аудитын газартай утсаар холбогдоход НАМ Эвслээс нэгдсэн байдлаар бүртгүүлнэ гэсэн хариу өгсөн. Ингээд МАХН-н төв штабын ажилтанд данс бүртгүүлэхээр бэлтгэсэн төслөө хүргэж өгсөн. Штабын ажилтан данс бүртгүүлэх шаардлага хангахгүй бичиг баримт байна. Албан бичгээр МАХН-с явуулна гээд дансны дугаар бүртгүүлэх төслийг авч үлдсэн. гэжээ[8].

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, гомдол гаргагч З.Ш нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ биелээгүй байна гэж үзэхээр байна.

Гомдол гаргагчийн сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ сонгуульд нэг эвсэл болж нэр дэвшсэн эвслээрээ /Та *******/ дамжуулан биелүүлсэн гэх тайлбар мөн үндэслэлгүй байна.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй. гэж зааснаас үзвэл нам, эвсэл, нэр дэвшигч нар тус тусдаа өөрийн дансыг бүртгүүлэх үүрэг хүлээсэн байна.

Иймд гомдол гаргагчийн эвслээрээ дамжуулан бүртгүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд мөн эвслээрээ дамжуулан зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлсэн үйл баримт тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн гомдол гаргагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Үндэсний аудитын газарт холбогдуулан гаргасан байсан Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн 24 дүгээр тойрогт Та *******-ээс нэр дэвшсэн З.Ш-гийн сонгуулийн зардлын дансны мэдээллийг М******* намаас хүргүүлснийг бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд шүүхээс гомдол гаргагчийн зардлын дансны дугаар, банкны нэрийг М******* намаас Үндэсний аудитын газарт хүргүүлсэн гэх н.Б*******ийг гэрчээр асуухаар шийдвэрлэсэн боловч гомдол гаргагчийн зүгээс гэрчтэй холбогдох хувийн мэдээллийг гаргаж өгөөгүй болохыг мөн дурдах нь зүйтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, гомдол гаргагч нь 2020 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт Та *******-ээс нэр дэвшихдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Гомдол гаргагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

Зөрчлийн тухай хуулийн 1.8 дугаар зүйл. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал, 1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна. гэж заажээ.

Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар байна.

Маргаан бүхий тохиолдлын тухайд, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар гомдол гаргагчийг Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшихдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн эсэх асуудлыг шалгаж шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч нь 2020 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд 24 дүгээр тойрогт буюу Улаанбаатар хотын * дүүрэгт Та *******-ээс нэр дэвшсэн тул Зөрчлийн тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасны дагуу мөн зүйлийн 6.12.-т татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 17.1 дүгээр зүйлийн 21, дэх хэсэгт заасан зөрчил; гэж заанаар хариуцагч * дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч нь уг зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал зөрчөөгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчийн * дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдуулан гаргасан * дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Т-ын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасныг тус тус баримтлан иргэн З.Ш-гээс * дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Т-т холбогдуулан гаргасан * дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Т-ын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 1-2 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 6-7 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 130-132 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 44 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 27-28 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 25 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 37 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 39 дүгээр хуудас