Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 519

 

 

 

 

 

 

 

 

 

А.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/00033 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.Агийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Д.Оад холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3 500 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.О,

Хариуцагч: Д.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.О нь 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр А.Агаас 10 хоногийн хугацаатай хүү, алданги тооцохгүй гэж итгэлцлийн үүднээс тохиролцож 3 500 000 төгрөг зээлсэн. Гэтэл ямар нэгэн шалтаг хэлж зээлж авсан мөнгөө эргүүлэн өгөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрээр албадан гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд Д.Оаас 3 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч А.Атай газар эзэмших гэрчилгээг харилцан тохиролцсоны үндсэн дээр 3 500 000 төгрөгөөр зарахаар тохирсон. Гэвч тэр үед газар эзэмших гэрчилгээ нь миний хүү О.Болдбаатарын нэр дээр байсан тул харилцан шилжүүлэх хүртэлх хугацаанд зээл авсан мэтээр тохиролцож бичиг баримт бүрдүүлсэн юм. Үүний дараа тохирсон ёсоор газар эзэмших гэрчилгээг өгсөн. Гэвч Сүхбаатар дүүргийн газрын алба кадастрын зурагт өөрчлөлт оруулснаар уг газрыг авахгүйгээр мөнгөө эргүүлэн авна гэсэн шаардлага тавьж байгаа юм байна гэж би ойлгож байна. Хэрэв газрыг авахгүй мөнгөө эргүүлэн авна гэж байгаа бол миний хувьд газрын гэрчилгээгээ эргүүлэн авч, тухайн газрыг зарсны дараа л мөнгийг нь эргүүлэн төлөх боломжтой байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Д.Оаас 3 500 000 төгрөгийг гаргуулж А.Ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 71 000 төгрөгөөс 70 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 50 төгрөгийг төсвөөс, 70 950 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний хүү О.Болдбаатарын нэр дээр байсан газрыг зарахаар тохиролцож, газар эзэмших гэрчилгээг шилжүүлэх ёстой байсан боловч хүү түр хугацаагаар ажлын журмаар гадаад улсад явж байсан тул ирэх хүртэл хугацаанд хүү, алданги тооцохгүй 3 500 000 төгрөгийг зээл хэлбэрээр авсан. Гэхдээ газар эзэмших гэрчилгээг барьцаанд нь өгсөн байсан. Дараа нь 2016 оны 4 дүгээр сарын 27-нд охин О.Одгэрэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцон А.Атай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж газар эзэмших гэрчилгээ болон холбогдох баримтуудыг шилжүүлэн өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь энэ талаар дурдахгүйгээр зөвхөн анхны зээлийн гэрээг үндэслэн надаас 3 500 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь зүйд нийцэхгүй. Сүхбаатар дүүргийн газрын алба кадастрын зурагт өөрчлөлт оруулсан нөхцөлд тухайн газрыг албан ёсоор эзэмшигч газрын албатай маргаанаа шийдвэрлүүлэх ёстой гэж бодож байна. Хууль, эрх зүйн мэдлэггүйгээс болон газар эзэмших гэрчилгээ шилжүүлсэн баримтыг хавсаргаагүй мөн 2018 оны 1 дүгээр сарын 3-нд болсон шүүх хурлын мэдэгдлийг өөрийн биеэр хүлээн аваагүйгээс шалтгаалан хурал болох өдөр амжиж очоогүй алдаа гаргасан болно. Иймд гомдлыг хүлээн авна уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Д.Оад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй болно.

Тодруулбал, шүүх хариуцагчид хэргийн материалтай танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “хэргийн оролцогч хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох …”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “зохигч … нотлох баримт … шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заасныг зөрчиж, хариуцагчийг мэтгэлцэх боломжоор хангаагүй байна.

 

Түүнчлэн хариуцагч тайлбартаа 3 500 000 төгрөгийг газар эзэмших эрх худалдах, худалдан авах хэлцэлтэй холбогдуулж тайлбарласан бөгөөд энэ талаарх үйл баримтыг бүрэн тодруулах нь зүйтэй юм.  

 

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/00033 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.НАРАНЦЭЦЭГ 

 

                              ШҮҮГЧИД                                          Ч.ЦЭНД

                                                                                                 

                                                                                                     Г.ДАВААДОРЖ