Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/391 

 

     2023            06           06                                         2023/ШЦТ/391                                

 

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Р-ийн Н, Б овогт Ц-гийн Ц нарт холбогдох эрүүгийн 22100 1700 1476 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Энх-Амгалан, шүүгдэгч/хохирогч  Р.Н, түүний  өмгөөлөгч С.Г, М.Д шүүгдэгч/хохирогч  Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.Т нарыг оролцуулан, тус шүүхийн хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, *-ний өдөр * төрсөн, *, *настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, * гэх, ам бүл * Хан-Уул дүүргийн * тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 297 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Ц овогт Р-ийн Н /РД:**********/,

 

2. Монгол Улсын иргэн, * оны * дүгээр сарын 1*-ны өдөр * төрсөн, эмэгтэй, * настай, * боловсролтой, мэргэжилгүй, * гэх, ам бүл *, * хамт амьдрах, * тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Ц-гийн Ц /РД:********/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

1. Шүүгдэгч Р.Н нь 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Туул гол орчим хохирогч Ц.Ц-тэй маргалдаж, нүүрийг нь маажиж, улмаар түүний эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний доод зовхи, хацар, хамрын хянга, эрүү, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

2. Шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, *байрны * тоотод хохирогч Р.Н-тай маргалдаж, гарыг нь хазах, түлхэх зэргээр халдаж түүний эрүүл мэндэд нь зүүн сарвууны 4, 5 дугаар хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, зүүн сарвууны хуруунд зулгаралт, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Р.Н-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Цийг 2022 оны 05 дугаар сарын сүүлээс таньдаг болсон. Манайхаар орж гардаг болсон байсан. Бид хоёр нэг байранд амьдардаг юм. Өмнө нь бидний хооронд хэрүүл маргаан огт болж байгаагүй, муудалцаж ч байгаагүй.

Тухайн өдөр пиво уусан байсан, гэхдээ би биеэ хянах чадвартай байсан. Ц Налайх явъя гэснээс болж хэрүүл маргаан үүссэн. Намайг явахгүй гэхэд хүчлээд байсан. Ц манай гэрт араас орж ирээд миний гарыг хазсан. Хэрэг гарснаас хойш холбогдсон боловч уулзахгүй гээд зугтаагаад байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын зарим баримтууд давхцаж байсан тул шүүхээс тогтоосон хэмжээгээр учирсан хохирлыг нөхөн төлнө. Би хийсэн алдаагаа ухамсарлаж, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч Ц.Ц-ээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байх би өдрийг нь сайн санахгүй байна.  “Орой далан дээгүүр алхъя” гэж Н өөрөө залгасан. Би найзтайгаа хамт байна гэж хэлээд бид гурав хамт далан дээгүүр алхсан. Бид гурав пиво аваад ууж байсан.

Н анх пиво уух санал гаргасан юм. Би утсаар ярих гээд Н-ын гар утсыг нь санаандгүй газарт унагаасан чинь чи миний утсыг унагаалаа гээд уурлаад  миний нүүрийг самардаж эхэлсэн. Би өөрийгөө хамгаалахын тулд гарыг нь хазсан. Гарыг нь далан дээр байхдаа хазсан. Налайхад байдаг найз залуу гэж байна. Тэр хүн миний найз залуу биш, манай найз байгаа юм. Өмнө нь бид хоёр маргалдаж байгаагүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Намайг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.“ гэсэн мэдүүлэг,

 

3. Хохирогч Р.Н-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“....2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 14 цагт Ц найзтайгаа манайд ирээд гарч явчхаад, хэсэг байж байгаад буцаж ирээд бид гурав хамт гарсан. Ц, Ч бид гурав хоорондоо ярилцаад 2.5 литрийн пиво авч уусан. Тэр үед манай байрны цэвэрлэгч эгч ирээд бид дөрөв хамт ууцгаасан. Ц миний гар утсаар фэйсбүүк орж байгаад газар унагаасан. Би “утас унагаалаа” гэж уурласан.

Тэгэхэд “манай найз залуу Налайхад байгаа, хамт явъя” гээд байхаар нь намайг “явахгүй” гэж хэлэхэд уурласан. Тэгээд намайг алгадахаар нь би зөрүүлж алгадаж, улмаар бид хоёр бургас дунд зодолдож байхад Ч ирж салгасан. Би харих гээд түрүүлээд явж байтал Ц араас ирээд  далан руу түлхэж унагасан. Намайг гэртээ орсон байхад манай гэрт орж ирээд зодолдсон. Тухайн үед Э ах, Ч хоёр хамт байсан. Болдоо ах, Ч нар бид хоёрыг салгасан. Миний биед учирсан хөлийн зулгаралт гэмтлийг намайг далан руу түлхэж унагахад учирсан гэмтэл, бусад гэмтлүүд нь манай гэрт орж ирээд хэрүүл маргаан хийж, бид хоёр зодолдоход үүссэн. Би эмчилгээ хийлгээгүй. Гэмтлүүд ердийн явцаараа эдгэрсэн. Шинжээчийн дүгнэлттэй маргах зүйл байхгүй. Надад Ц-ээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг,

 

4. Хохирогч Ц.Ц-ээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“....Далан дээр пиво ууж сууж байхдаа миний нүүрийг самардахаар нь өөрийгөө хамгаалах гэж гарыг нь хазсан. Тухайн хэрэг явдал  би Н-н гар утсыг газар унагааснаас болж гарсан. Миний утсыг унагаадаг хэн бэ гэж уурлаад миний нүүрийг самардсан. Далан нь налуу байдаг. Миний хойноос явж байгаад хувцаснаас татаад намайг унагаасан. Миний нүүрнээс өөр газарт учирсан гэмтэл байхгүй. Би татаж унадаг өвчтэй болохоор 3 удаа татаж унасан. Одоо арьс гоо сайхны төлжилтийн эмчилгээ хийлгэж байгаа. Эмчилгээний зардал төлбөрт 4.283.600 төгрөгийг Н-аас нэхэмжилж байгаа. Эмчилгээ хийлгэхэд мөнгө байхгүй байсан учир хүнээс мөнгө зээлж аван эмчилгээгээ хийлгүүлж байгаа. Одоо ч дуусаагүй байна. Нүүрний арьсанд үүссэн сорви удаан эмчлэгддэг, хийгдэж байгаа лазер  эмчилгээ нь өртөг өндөртэй юм байна. иймд өмгөөллийн хөлс, эмчилгээний зардал, зээлийн хүү зэрэг нийт 8.969.600 төгрөгийг хохиролд нэхэмжилж байна. “гэсэн мэдүүлэг,

 

Хоёр. Эрүүгийн 22100 1700 1476 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Ц-ийн хохирогчоор өгсөн:

“... 2022 оны 06 дугаар сарын 16-ны орой 19 цагийн орчимд найз Н болон Ч нартай өөрийн амьдардаг Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *байрны гадна уулзаж, далангаар алхахаар болж далангаар алхаж, Сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво уугаад сууж байхдаа би найз Ч-ийн гар утсаар фэйсбүүк ороод нэг хүнтэй чат бичиж байсан. Тэр үед Н өөрийнхөө гар утсыг унахад Ч унагаасан гэж бодоод надаас утсаа нэхэхээр нь би “одоохон хүнтэй бичиж байна” гэж хэлэхэд Нинжээ хажуугаас “чи наад утсыг нь өгөөч” гэхэд нь би “өгнө ш дээ” гэж хэлээд маргаан болсон. Намайг “аятайхан яриач” гэж хэлэхэд нь би “аятайхан ярьж байна, чамд ямар ч хамаагүй биз дээ” гэхэд далангийн хажууд миний нүүрийг маажсан.

Би Н-ийн төрсөн ахад нь хэлэхээр -* тоот руу ороход Н “би чамайг энэнээс аймаар болгож чадна” гэхэд нь би “чи дандаа тэгдэг биз дээ, яасан муухай ааштай юм” гэж хэлээд маргаан болж би Н-ийн гарыг нь хазсан. Н-ийн ах, Ч хоёр бид хоёрыг салгасан. Би Н гэх охинтой нэг байранд амьдардаг, таньдаг болоод 2 хонож байгаа. Урьд нь мэндлээд өнгөрдөг байсан. Тухайн үйл явдлыг Ч харсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Н * байрны * тоотод ганцаараа амьдардаг гэж хэлж байсан. Миний нүүрийг зүгээр болгоод өгвөл ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 18-19 дэх тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.Н-ын хохирогчоор өгсөн:

“.... 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байхад 14 цагийн үед Ц найз Ч-ийн хамт манай гэрт орж ирээд “гадаа халуун байгаа болохоор далан дээр очиж пиво ууя” гэж хэлэхэд нь би “гармааргүй байна” гэж хэлэхэд Ц, Ч нар гараад явсан. Гарч явснаас хойш 30 минутын дараа буцаж орж ирээд Ц “гадаа үнэхээр гоё байна, 30 минут гарчхаад ирье” гэхээр нь бид гурав хамт гарсан. Гэрээс гарч дэлгүүр ороод 2.5 литрийн Сэнгүр нэртэй 2 ширхэг пиво аваад Туул голын наана далан дээр очоод, авсан пивоо бид гурав хувааж ууж дуусгасан.

Тэр үед Ц намайг “тамхи аваад өг пизда минь” гэж хэл амаар доромжилсон. Удалгүй Ч бид хоёр хамт дэлгүүр явж 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво болон тамхи аваад Ц дээр очсон. Уг пивоо гурвуулаа хувааж уугаад сууж байтал Ц намайг хэл амаар доромжлоод байсан. Намайг Налайх руу манай найз залуу дээр очоод ирье гэхээр нь үгүй гэж хэлэхэд хэл амаар доромжилж, шууд алгадсан.

Би алгадуулчхаад түүний нүүрийг маажсан. Тэр үед Ч бид хоёрыг салгаж, Ц бид хоёр эвлэрсэн. Дараа нь голын цаана байсан үл таних 2 залуутай танилцаж тавуулаа хамт ууцгаасан. Тухайн үед Ц нь над руу мөн адил дайрч улмаар бид хоёр зодолдсон. Ч, Ц бид гурав байр луугаа явж, би гэр лүүгээ орсон. Гэтэл Ц нь манай хаалгыг нүдээд намайг авч гарна гэхээр нь үгүй гэж хэлтэл уурлаж, бид хоёр дахин зодолдсон. Бид хоёрыг зодолдож байхад манай ах Э салгасан.

   Би голын цаана байсан гэх 2 үл таних залууг танихгүй. Надад тэдгээрийн талаар мэдэх зүйл огт байхгүй. Би Ц-ийн ядам хуруу, чигчий хурууг хазсан, үсэдсэн, нэг удаа алгадаж, өшиглөсөн. Мөн далангаас буцаад алхаад явж байтал намайг түлхэж миний зүүн гуяыг шалбалчихсан. Ц надад “Налайх руу манай найз залуу руу явъя баар орж үргэлжлүүлье” гэж хэлэхээр нь би “үгүй” гэж хэлсэн чинь уурлаж маргаан үүссэн. Ц бид хоёр нэг байрны нэг орцонд амьдардаг, бие биеэ таньдаг хүмүүс байгаа юм. Миний ядам, чигчий хуруу одоо хөндүүртэй, зүүн гуя сорвитой болчихсон. Надад одоогоор гаргаж өгөх баримт байхгүй. Би Ц гэх хүнд их гомдолтой байна. Би 1.000.000 төгрөгийг хуруундаа эмчилгээ хийлгэх зорилгоор нэхэмжилж байна.” (хэргийн 26-27 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ч-ийн гэрчээр өгсөн:

“.... 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өөрийн найз Ц-тэй уулзаж Хан-Уул дүүрэгт байрлах гэр лүү нь орсон. Ц “манай найз гэртээ ганцаараа байгаа, бид хоёр өчигдөр гарч пиво уусан, хоёулаа хамт оръё” гээд намайг дагуулж орсон. Ц бид хоёр түүний найз Н-ын гэрт ороход “өчигдөр уучихсан шартаад байна гурвуулаа хамт голын эрэг орж пиво уух уу” гэж хэлэхэд Ц зөвшөөрч бид 3 хамт байрны урд талын далан дээр очсон. Замдаа дэлгүүрээс 2.5 литрийн хэмжээтэй пиво авч голын эрэг дээр хувааж ууцгаасан. Пивоо ууж дуусгачхаад Н гэх охин дахиад нэгийг аваад ирье гэж хэлээд дэлгүүр явж дахин 2.5 литрийн пиво авч ирээд бид гурав хувааж уусан.

Би бие засах гээд бид гурав хамт голын цаад талд гарсан. Голоор гарч байхдаа Н гэх охин Ц-т хандаж “Би чамайг өчигдөр хамт гарахдаа байнга даасан, тэгэхэд чи одоо явлаа гэж хэлээд байхдаа яах вэ дээ, би найзтай чинь хэдэн үг солимоор байна” гээд хэрүүл маргаан хийж эхэлсэн.

Би тухайн үед цаашаа явж бие засчхаад эргэж ирэхэд Ц, Н нар хоорондоо барьцалдаад, Н нь Ц-ийн энгэрийг нэг гараараа барьчихсан, нөгөө гараараа нүүрийг нь самардаад байхаар нь “салцгаа” гэж хэлээд болиулах гэхэд бие биеэ огт тавихгүй байсан. Хэсэг зууралдаж байгаад арай гэж салгаад Ц-ийг аваад голоор гарч байрных нь урд очиж гэрэлд Ц-ийн нүүр хэсгийг харахад битүү маажсан, цустай холилдсон байсан.

Би Ц-ийн гэрт орчхоод дараа нь Н-ын гэрт орж “чи манай найзыг яаж байгаа юм бэ, нүүр нь аймаар болсон байна” гэж хэлэхэд өөдөөс “наадах чинь өөрөө эхэлсэн биз дээ, одоо манайхаас гар” гээд хөөгөөд байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан. Бид гурав 2.5 литрийн пиво хувааж хэрэглэсэн. Ц нэлээн согтсон. Н бид хоёр хэвийн байсан.

....Н далан дээр унаж бэртсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Н бид хоёроос түрүүлээд явсан байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 31-32 дахь тал),

 

4. Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 8967 дугаартай дүгнэлтэд:

1. Р.Н-ын биед зүүн сарвууны 4, 5-р хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, зүүн сарвууны хуруунд зулгаралт, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо болон ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 35-36 дахь тал),

  

5. Шинжээч эмч Б.Д-аас 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлэг авсан тэмдэглэлд:

Асуулт 1: Та 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 8967 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтэд Р.Н-ын биед зүүн сарвууны 4, 5-р хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, зүүн сарвууны хуруунд зулгаралт, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдсон байна. Дээрх гэмтлүүдийн аль нь хүний гараар цохих үед, аль нь унах үед үүсэх боломжтой вэ?

Хариулт 1: Н-н биед учирсан гэмтлүүд нь унах үед үүсэх боломжтой ба хүний гараар цохигдох үед цус хуралт гэмтлүүд нь үүсгэгдэх боломжтой. Бусад гэмтлүүд нь мохоо болон ирмэг бүхий зүйлээр нидрэх, шүргэх үед үүсэх боломжтой юм.

Асуулт 2: Дээр дурдагдсан гэмтлүүд нь нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байна уу, эсхүл дан ганц гэмтэл хөнгөн зэрэгт хамаарах эсэх.

Хариулт 2:  Р.Н-н биед учирсан зүүн сарвууны 4, 5-р хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Асуулт 3: Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу.

Хариулт 3: Надад өөр нэмж хэлэх зүйл үгүй” гэсэн мэдүүлэг (хэргийн 38-39 дэх тал),

 

6. Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 8710 дугаартай дүгнэлтэд:

1. Ц.Ц-ийн биед баруун зүүн нүдний доод зовхи, хацар, хамрын хянга, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 44-45 дахь тал),

 

7. Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1045 дугаартай дүгнэлтэд:

1. Ц.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Харин мэдрэлийн талаас унадаг өвчинтэй байна.

2. Ц.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Харин мэдрэлийн талаас унадаг өвчинтэй байна. Дээрх мэдрэлийн эмгэг нь бага наснаас үүссэн гэх эмнэлгийн бичиг баримт байна.

3. Ц.Ц-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4. Ц.Ц нь болж өнгөрсөн үйл явдлын тухай үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.Ц нь болсон хэргийн талаар санах чадвартай байна. Ц.Ц нь өөрийн өгч байгаа мэдүүлгийнхээ мөн чанарыг ухамсарлан ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Ц.Ц нь цохиулж зодуулсны улмаас сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл үгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргасан иргэний эрүүл мэндийн дэвтэр, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт (хэргийн 50-69 дэх тал),

 

8. Хохирогч Ц.Ц-ийн хохирол 2.128.600 төгрөг нэхэмжилсэн талаарх баримт, хавсаргасан хохирлын баримтууд (хэргийн 72-94 дэх тал),

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.Н-ын яллагдагчаар өгсөн:

“.... Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.

Би 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байхад Ц найз Ч-ийн хамт орж ирээд “хамт гаръя” гэж хэлсэн. Намайг нүүрээ будах хооронд Ч, Ц хоёр манайд хоол идээд бид гурав хамт гарсан. Гадаа гарахад цаг агаар их халуун байсан учир Ц пиво ууя гэж хэлсэн. Би Болдоо ахыг сэрэхээр нь “голын эрэг дээр сууж, агаар салхинд гарчхаад ирье” гэхэд “1 цаг болоод ир, удахгүй шүү” гэж хэлсэн.

Ц, Ч бид 3 Туул гол явах замдаа 2.5 литрийн 1 пиво аваад голын эрэг дээр ууж сууцгаасан. Пиво дуусахад Ц надад хандаж “Хоёулаа хамт Налайх руу манай найз залуу дээр оччихоод ирье” гэхэд нь үгүй гэж хэлэхэд “чи ёстой миний найз биш, чи хамт явчихаач” гээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэр үед хажуу талаас Ч “за за гурвуулаа дахиад ганц пиво ууя” гэж хэлэхээр нь зөвшөөрч Ч-тэй хамт явж дахин 2.5 литрийн пиво авсан. Тэр пивоо бид гурав хувааж уусан.

Ц “манай найз залуу руу хамт явъя” гээд гараас чанга атгаад байхаар нь уурлаад нэг удаа алгадсан. Тэр үед Ц зөрүүлээд намайг алгадахаар нь нүүрийг нь маажсан. Би Ц-тэй зодолдож байгаад больж, би түрүүлж гэр лүүгээ алхаад явсан. Гэр лүү харих замд далан байдаг ба намайг далангаар дайраад дээшээ алхаж байхад Ц намайг өшиглөж унагаасан. Би унах үедээ цементэн дээр хөлөөрөө гулсаж шалбарсан. Би босоод гэртээ орж, Энхболд ахад болсон зүйлийн талаар хэлээд зогсож байхад Ц араас орилж орж ирээд дахин зодолдсон.

Э ах бид хоёрыг салгаад “эрүүл үедээ ярилц” гэж хэлээд Ц-ийг гэр лүүгээ ор гэж хэлээд явуулсан. Ц нь манай байранд амьдардаг ба энэ оны 06 дугаар сарын эхээр анх танилцаж байсан. Танилцаад 7 хонохдоо их дотно болж, манай гэрт ганц, хоёр лааз пиво уугаад гэр лүүгээ ордог болсон. Ц нь Налайхад байдаг манай найз залуу руу хамт яваад өнөөдөр гоё байж байгаад ирье гэхэд нь зөвшөөрөөгүй. Тэгтэл над руу уурлаж гараас чанга атгаснаас болж хэрүүл маргаан эхэлсэн.

Би Ц-ийг эхлээд алгадаж, дараа нь гарын хумсаараа нүүрэнд нь маажсан. Харин Ц нь намайг үсдэж, алгадаж, хазсан. Намайг алхаад явж байхад хөлөөрөө өшиглөж далангийн гүн хэсэг рүү унагасан. Миний биед учирсан зүүн сарвууны 4, 5-р хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, зүүн сарвууны хуруунд зулгаралт, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт гэмтлийг Ц учруулсан. Би Ц-т хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Надад одоо гомдол, санал байхгүй, нэхэмжлэлтэй холбоотой баримтууд байхгүй. Би Ц-т учирсан хохирлыг төлөөгүй, одоогийн байдлаар төлөхгүй гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 107-108 дахь тал),

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Ц-ийн яллагдагчаар өгсөн:

“.... Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг учрал болох үед Н миний нүүрэн тус газарт алгадаж, гарынхаа хумсаар маажсан учраас өөрийгөө хамгаалах зорилгоор хурууг нь хазсан.

2022 оны 06 дугаар сард би яг хэдний өдөр гэдгийг санахгүй байгаа ба нэг байранд байдаг Н гэх охинтой пиво ууж байхад нь танилцсан. Танилцсаны маргааш өдөр нь Ч манайд хонохоор болж бид хоёр уулзсан ба тухайн үед Н над руу фэйсбүүкээр “хамт пиво ууж сууя” гэж чат бичсэн. Энэ талаар найз Ч-т хэлэхэд зөвшөөрсөн тул Н-т “тэгье” гэж хэлсэн.

Ч, Н бид гурав байрны гадаа 15 цагийн үед уулзаад байрны ойролцоо байх үерийн далан руу явсан. Замдаа Хатантуул гэх дэлгүүрээс Н 1 том пиво авсан ба тухайн пивоо бид гурав ууж дуусгасан. Тэр пивоо ууж дуусгаад дахин пиво авахаар болж Н дэлгүүрээс дахин том пиво авч ирсэн. Н-ын авч ирсэн пивоноос Ч бид хоёр нэг нэг аяга ууж, үлдсэнийг нь Н ганцаараа уусан.

2 дахь пиво дууссаны дараа Ч хүнгүй газар очиж бие засахаар явсан ба энэ үед би Н-ын гар утсыг оролдож байгаад газарт унагаачихсан. Н нэлээн согтсон байдалтай над руу уурлаж, дайрч, намайг түлхэж газарт унагаад миний дээр гарч суучхаад, гараараа намайг алгадаж, хумсаараа нүүр хэсэгт олон удаа маажсан. Энэ үед өөрийгөө хамгаалах зорилгоор Н-ын хурууг нь хазаж үйлдлийг нь таслан зогсоосон.

Н-аас салаад байж байтал Ч ирээд намайг харчхаад “нүүр чинь яачихсан юм бэ” гэхэд нь гайгүй байгаа байх гэж бодоод утасны камераар харахад нэлэнхүйдээ маажуулаад улайчихсан байсан. Хэрүүл маргаан дууссаны дараа найз Ч-ийн хамт гэр лүүгээ орж толинд харахад миний нүүрний олон газарт маажсан аймаар харагдаж байсан тул Н-ын эцэг, эх, ахад нь хэлье гэж бодоод гэр лүү нь орсон. Гэрт нь ороход Н нэлээн муудсан байдалтай намайг “чи манай гэрт орж ирдэг хэн бэ” гэх зэргээр хэл амаар доромжилж байгаад намайг үсдэж гэрээсээ гаргасан. Энэ явдлаас хойш Н гэх охинтой дахиж уулзаагүй.

Ч, Н бид гурав нийлээд нэг том пиво уусан ба сүүлийн пивоноос Ч бид хоёр бараг уугаагүй. Н нэлээн согтчихсон байсан. Ч бид хоёр бага зэргийн согтолттой байсан. Н бид хоёр танилцаад 1 хонож байсан тул ямар нэг өс хонзон болон таарамжгүй харилцаа байгаагүй. Н намайг түлхэж газарт унагаагаад миний дээр гарч суугаад нүүрэн тус газарт алгадаж дараа нь гарынхаа хумсаар олон удаа маажсан. Н намайг алгадаж, маажсан тул уг үйлдлийг таслан зогсоох зорилгоор хурууг нь хазсан. Надад Н-ыг далан дээр явж байхад нь өшиглөж унагасан зүйл байхгүй. Н анх надад фэйсбүүк чатаар пиво уух санал тавьсан. Тухайн чатыг устгачихсан. 2 том пиво худалдаж авахад хоёуланг нь Н худалдаж авсан.

Зодоон болох үед Ч найз маань бие засах гээд хүнгүй газар руу явсан байсан. Тийм болохоор хэрүүл маргаан, зодоон цохион болох үед хажууд ямар нэг хүн байгаагүй. Хохирол нөхөн төлсөн зүйл байхгүй ба хохирлоо төлүүлсэн зүйл ч байхгүй.

Энэ хугацаанд нийт 1.883.600 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Дээрх эмчилгээний баримтыг хэрэгт хавсаргасан. Цаашид 290.000 төгрөгийн үнэлгээтэй нөхөн сэргээх эмчилгээнд 5 удаа, 590.000 төгрөгийн үнэлгээтэй лазер эмчилгээнд 3 удаа явах тул нийт 5.103.600 төгрөг, мөн өмгөөлөгчийн зардлыг тус тус нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 114-117 дахь тал) болон шүүгдэгч Ц.Ц-ийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 120 дахь тал), шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 125, 130 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар (хэргийн 127, 160 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Р.Н, Ц.Ц нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч Р.Н нь 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Туул гол орчим хохирогч Ц.Ц-тэй “Налайхад байх найз залуу руугаа нь хамт явъя гэж хүчилж, гараас чанга атгалаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрийг маажиж Ц.Ц-ийн эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний доод зовхи, хацар, хамрын хянга, эрүү, хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол,

2. Шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 100Б байрны 87 тоот дахь хохирогч Р.Н-ын гэрт “миний нүүрийг маажиж ийм болголоо” гэх шалтгаанаар маргалдаж, зодолдон, түүний гарыг нь хазах, түлхэх зэргээр биед нь халдаж, Р.Н-ын эрүүл мэндэд нь “зүүн сарвууны 4, 5 дугаар хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, зүүн сарвууны хуруунд зулгаралт, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалтай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Шүүгдэгч Р.Н нь 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Туул гол орчим хохирогч Ц.Ц-тэй “явахгүй гэж хэлээд байхад намайг хүчиллээ, миний гараас чанга атгалаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар Ц.Ц-ийг алгадаж, нэг гараараа заамдаж, нөгөө гараараа нүүрийг нь маажих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний доод зовхи, хацар, хамрын хянга, эрүү, хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий хохирол учруулсан,

Ц.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 100Б байрны 87 тоотод хохирогч Р.Нтай “миний нүүрийг маажиж, олон тооны шарх үүсгэлээ” гэх зэргээр маргалдаж улмаар харилцан зодолдож Р.Н-ын эрүүл мэндэд нь “зүүн сарвууны 4, 5 дугаар хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, зүүн сарвууны хуруунд зулгаралт, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хооронд шалтгаант холбоотой байна.  

 

Прокуророос шүүгдэгч Р.Н, Ц.Ц нарын дээрх гэмт үйлдлийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, тэдгээрийн гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн шүүгдэгч Р.Н, Ц.Ц нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Р.Н, Ц.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Р.Н, Ц.Ц нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэ хэргийн хохирогч Р.Н, Ц.Ц нар нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

 

Хэргийн хохирогч Р.Н нь баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байх тул шүүгдэгч Ц.Цээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзнэ.

 

Харин хэргийн хохирогч Ц.Ц нь бодитой гарсан эмчилгээний зардлын нийт 2.128.600 төгрөгийн баримтыг хэргийн 72-94 дэх талд хавсарган бэхжүүлсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирол төлбөрт 4.283.600 төгрөг нэхэмжилж байгаа, мөн өмгөөллийн хөлс, зээлийн хүү зэргийг оруулаад нийт 8.969.600 төгрөг нэхэмжилж байна” хэмээн мэдүүлж, Сорбус мед эмнэлэгт лазер багцын эмчилгээ хийлгэсэн төлбөрийн баримт, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2.520.000 төгрөгийн зээлийн гэрээ, Ц.Ц-ийн Хаан банкны дансны хуулга зэрэг баримтуудыг хэрэгт гаргаж өгснийг шүүх нэг бүрчлэн шинжлэн судлахад:

- эмчилгээ, оношилгооны баримттай гарсан зардлын дүн 4.283.600 төгрөг болж байна.   

- мөн хохирогч Ц.Ц нь Д.Ерөө гэх иргэнтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2.520.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй зээлж аван, өөрийн  сорвины эмчилгээнд зарцуулсан болох нь шүүх хуралдаанд гаргасан эмчилгээний төлбөрийн баримт, Ц.Ц-ийн Хаан банкны дансны хуулга, зээлийн гэрээ зэрэг баримтуудаар нотлогдож байх тул уг зээлийн хүүгийн зардал 440.000 төгрөгийг нэхэмжилж буй хохирогчийн шаардлагыг буруутгах үндэслэлгүй юм.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийн хүрээнд сайн дураар эрх зүйн туслалцаа авч гэрээ байгуулж хөлсөө тохирсон байх ба тухайн хэргийн хувьд заавал өмгөөлөгчтэй орохоор хуульд тусгайлан заасан хэрэгт хамаарахгүй тул хохирогчийн өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг шүүх хангах үндэслэлгүй юм.  

 

Дээр дурдсан үндэслэлээр гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгч Р.Н-аас хохирогчийн эмчилгээ үйлчилгээний болон бусад баримттай гарсан зардлын нийт 4.723.600 /дөрвөн сая долоон зуун хорин гурван мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ц-т олгож, түүний нэхэмжлэлээс үлдэх 4.246.000 /дөрвөн сая хоёр зуун дөчин зургаан мянга/ төгрөгийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Ц нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 125 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

 

Шүүгдэгч Р.Н нь урьд ял шийтгүүлж байсан талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 130 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар баримт (хэргийн 134-139 дэх тал), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол (хэргийн 132 дахь тал) баримт тус тус хэрэгт авагдсан ба “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүх, шүүгдэгч Р.Н-ын урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.

 

Нэр бүхий шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх, шүүгдэгч Ц.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

- гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгч нарын хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ц.Ц, Р.Н нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн,

- эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор Р.Н-т 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Ц.Ц-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь зүйтэй.

 

Хэргийн шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Ц.Ц-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн санал дүгнэлт гаргаж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэсэн,

- мөн зүйл, хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх: тухайн гэмт хэргийн улмаас учруулсан нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ял сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” хэм хэмжээ нь шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэгжүүлэх, үүрэг болгосон эрх зүйн зохицуулалт биш бөгөөд шүүгдэгч Ц.Ц-ийн зүгээс гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцон хохирогч Р.Н-т сайн дураар хохирол төлбөр нөхөн төлсөн баримтгүй, тухайн хохирогч иргэн хуруундаа эмчилгээ хийлгэх зорилгоор  1.000.000 төгрөг нэхэмжилж байна хэмээн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн (хэргийн 26-27 дахь тал) хэдий ч дээрх нэхэмжлэлээ шүүхийн хэлэлцүүлгийн явцад дэмжсэн тайлбар гаргаагүй, “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн баримттай (шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан хэрэглэх шаардлагагүй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Энэ хэрэгт Р.Н, Ц.Ц нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Р.Н нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

ТОГТООХ нь:

 

1. Ц овогт Р-н Н, Б овогт Ц-ийн Ц нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Н-т 800 /найм зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

- Ц.Ц-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Р.Н, Ц.Ц нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Р.Н-аас 4.783.600 /дөрвөн сая долоон зуун наян гурван мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч * тоотод оршин суух, РД:*********, Б овогт Ц-ийн Ц-т олгож, түүний нэхэмжлэлээс үлдэх 4.246.000 /дөрвөн сая хоёр зуун дөчин зургаан мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Энэ хэрэгт Р.Н, Ц.Ц нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Р.Н нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Р.Н, Ц.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.БАЗАРХАНД