Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2019/01951

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2019/01951

Улаанбаатар хот

 

 

 

                              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-талбай 5, Ш/х-22, ГБны төв байр, ГБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:, Боржигин овогт Ч. Б

Хариуцагч: Б.С нарт холбогдох,

Зээлийн гэрээ цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 107.100.912 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа нар оролцов.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ч.Б нь 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ГБтай ЗГ3050004140 дугаарт Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 98.320.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатайгаар зээлж авсан.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр БГ3050004140-A дугаарт Ипотекийн гэрээгээр иргэн Ч.Болортулгын өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2204049661 дугаартай, Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол /13380/, Их Тойруу 30 дугаар байрны 7 тоот хаягт байршилтай, 49.16  м.кв талбайтай 2 өрөө орон сууц,  

-БГ3050004140-A дугаарт Ипотекийн гэрээгээр иргэн Ч.Б, Б.Снарын өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2003000949 дугаартай, Дархан-Уул, Дархан 8-р баг, 17-р хороолол 13-р байр, 5 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан.

Гэтэл зээлдэгч Ч.Б нь ЗГ3050004140 дугаарт зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 814 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 90.731.508 төгрөг, зээлийн хүү 16.250.484 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 118.919 төгрөг нийт 107.100.912 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар  зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн төлүүлэхээр буцаан шаардаж байна.

 

Иймд Ч.Б, Б.Снараас 107.100.912 төгрөг гаргуулж, Ипотекийн гэрээний Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол/13380/, Их Тойруу 30 дугаар байрны 7 тоот, 49,16 м.кв талбай 2 өрөө орон сууц, Дархан-Уул, Дархан 8-р баг, 17-р хороолол 13-р байр, 5 тоот, 29 м.кв талбай 2 өрөө орон сууцнаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №07/110/89 дугаартай Монгол улсын мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр Баянзүрх дүүргийн ...30 дугаар байрны 7 тоот 49,16 м.кв талбайтай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн чанарын доголдолтой гэж гарсан.

2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №09/1151 дугаартай ГБны мэдэгдэл гарсан, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №07/110/89 дугаартай дүгнэлтийн хугацаа, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №09/1151 ГБны мэдэгдэл түүний хугацаа зэргээс үзэхэд Иргэний хуулийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил өнгөрсөн байна. Иргэний хуулийн 82.1-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.

Иргэний хуулийн 205.4, 205.6-т ....үүрэг гүйцэтгэгч нөхөн төлбөр төлөхгүй, ...гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгчийн шилжүүлсэн зүйлийн чанарын доголдол нь үүрэг гүйцэтгэгч гэрээнээс татгалзах үндэслэл болсон бөгөөд тэрээр гэрээний зүйлийг боловсруулах, дахин боловсруулах явцдаа энэхүү доголдлыг илрүүлсэн.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ү-2204049661, Ү-2003000949 дугаартай гэрчилгээ тус бүрийг ГБнаас суллан надад олгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ

 

Нэхэмжлэгч ГБ нь Ч.Б, Б.Снарт холбогдуулан гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах, зээлийн гэрээний үүрэгт 107.100.912 төргөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч “...зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байна” гэж,

-хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...уг үл хөдлөх эд хөрөнгө чанарын доголдолтой, зээлийн гэрээний зүйл нь орон сууц, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул буцаан төлөх үүрэггүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзана” гэж эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч талаас: “...ЗГ3050004140 дугаартай ГБ, Ч.Б нарын хооронд байгуулагдсан Орон сууцны зээлийн гэрээ /хх-11-12/, Ч.Болортулгын Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-14-15/, Ч.Б болон ГБ ХХК-ийн хооронд хийгдсэн БГ3050004140-А дугаартай Ипотекийн гэрээ /хх-16-18/, Ч.Б, Б.Снар болон ГБ ХХК-ийн хооронд хийгдсэн БГ3050004140-Б дугаартай Ипотекийн гэрээ /хх-19-21/, Ч.Болортулгын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-22-23/, Ч.Болортулгын ГБинд гаргасан өргөдөл /хх-24/, Ч.Болортулгын ГБ ХХК дах 1109067176 дансны 2013.10.11-ний өдрийн дансны хуулга /хх-25/, ГБнаас Иргэн Ч.Бд 2019.5.1-ний өдрийн 09/1151 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-26/, Ч.Болортулгын зээлийн хүү тооцооллын хүснэгт /хх-27/,  Ч.Болортулгын зээлийн хүү тооцооллын хүснэгт” зэргийг,

хариуцагчаас “...Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагчийн гаргасан дүгнэлт /хх-40-41/, хариу тайлбар /хх-55”/ зэргийг, нотлох баримтыг бүрдүүлснийг үнэлж дүгнэв.

 

Зохигч 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ЗГ3050004140 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “ГБ” нь орон сууцны зээлийн зориулалтаар 98,320,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлийн төлбөрийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Мөн өдөр талууд ЗГ3050004140-А, Б тоот 2 ипотекийн гэрээ байгуулж, эрхийн бүртгэлийн Y-2204049661дугаартай бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол /13380/, Их Тойруу 30 дугаар байрны 7 тоот хаягт байршилтай, 49,16  м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг;  

- улсын бүртгэлийн Y-2003000949 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан 8-р баг, 17-р хороолол 13-р байрны 5 тоот хаяг байршилтай, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрсөн барьцаанд бариулжээ.

-хариуцагчид гэрээний үнийн дүн 98,320,000 төгрөг шилжүүлсэн, зээлдэгчээс үндсэн зээл 7,588,492 төгрөг, хүү 25,787,461 төгрөг тус тус төлсөн зэрэг үйл баримт тогтоогдлоо. Энэ талаар зохигч маргаагүй болно.

 

Дээрх зээлийн болон ипотекийн гэрээг талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг хууль /Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 166 дугаар зүйлийн 166.1., 451 дүгээр зүйлийн 451.2, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2, 29 дүгээр зүйлийн 1/-д заасан шаардлагыг хангасан, нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон ипотекийн гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Зээлдүүлэгч 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зээлдэгч Ч.Болортулгын 1109067276 тоот зээлийн дансанд 98,320,000 төгрөг шилжүүлсэн болох нь хүү тооцооллын хүснэгт, дансны хуулга, шилжүүлэн авсан байдалдаа маргаагүй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул шүүх нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Хариуцагчийн хувьд 2033 оны 10 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд зээл, түүний хүүг сар бүр буцаан төлөх үүргээ 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зохих ёсоор гүйцэтгэж, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зээлийн хүүнд 14,500 төгрөг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд үүнээс хойш  огт төлөлт хийгээгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

 

Түүнчлэн зээлдэгч 2019 оны 5-р сарын 31-ний өдрийн байдлаар 814 хоног, энэ өдрийн байдлаар 941 хоног хугацаа хэтрүүлсэн, зээлийн гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүй байх тул шүүх түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Үүний улмаас зээлдүүлэгч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 05/1151 тоот мэдэгдлээр 2019 оны 5 дугаар сарын 15-ны дотор байхаар тогтоож байсан боловч үр дүн гараагүй тул 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зохигч үүнд маргаагүй болно. 

 

Зээлдүүлэгч “ГБ” нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 90,731,508, зээлийн хүү 16,250,484, нэмэгдүүлсэн хүү 118,919, нийт 107,100,912 төгрөгийн үлдэгдэл байгаа гэж үзэж, зээлдэгчээс шаардаж, нэхэмжлэгчийн энэ тооцоололд хариуцагч маргаагүй.

Хариуцагч авсан зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ удаа дараа зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь тухай бүрд зөрчил арилгах тухай мэдэгдэж, зохих ёсоор үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоосон боловч үр дүн гараагүйгээс ийнхүү зээлийн гэрээг цуцлах нь орон сууцны зээлийн гэрээний 4.4.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Иймд Зээлийн болон ипотекийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, хариуцагч Ч.Бас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 90,731,508 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд бодогдсон хүү 16,250,484 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 118,919 төгрөг буюу нийт 107,100,912 төгрөг 53 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Ч.Б “...Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол /13380/, Их Тойруу 30 дугаар байрны 7 тоот хаягт байршилтай, 49,16 м.кв талбайтай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг чанарын доголдолтой, энэ нь мэргэжлийн хяналын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон тул зээлийг эргэн төлөхгүй” гэж тайлбарлах ба энэ чанарын доголдол нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээний харилцаа бус Худалдах худалдан авах гэрээний харилцаа юм.

 

Мөн хариуцагч “... зээлийн гэрээний зүйл нь орон сууц” гэж тайлбарлах ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээний харилцааны гэрээний зүйл нь мөнгөн хөрөнгө, хүү байдаг онцлогтой. Орон сууц, түүний чанар, доголдолын талаарх маргаан нь худалдах худалдан авах гэрээний зүйл болно.

 

Мөн “...дүгнэлтийн хугацаа, банкны мэдэгдэл, түүний хугацаа зэргээс үзэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил өнгөрсөн, хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй, зээлийг буцаан төлөх үүрэггүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзах” боловч зээлийн гэрээний хугацаа 240 сар буюу 20 жил гэж үзвэл гэрээ хийсэн өдрөөс хойш мөн хугацаа өнгөрснөөр энэ хөөн хэлэлцэх хугацааг тоолно, эсхүл гэрээ цуцлагдсан өдрөөс хойш мөн хугацааг тоолох тул Иргэний хуулийн 82.1-д зааснаар үндэслэлээр хариуцагчийг үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж үзнэ.  

Тиймээс Ү-2204049661, Ү-2003000949 дугаартай гэрчилгээ тус бүрийг ГБнаас суллан Ч.Бд олгох тухай тайлбар, үндэслэл хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ. 

 

Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан тул хариуцагч Ч.Б, Б.Снар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 763,654 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Б, Б.Снараас 763,654 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГБинд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                        

                                                                                                             ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Б, Б.Снараас 107,100,912 төгрөг 53 мөнгийг гаргуулж, ГБ ХХК-д олгосугай.

 

 2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Ч.Б нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ч.Болортулгын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2204049661 дугаартай, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол /13380/, Их Тойруу 30 дугаар байрны 7 тоот байршилтай, 49.16 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг,

-Ч.Б, Б.Снарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2003000949 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, 17-р хороолол 13-р байр, 5 тоот байршилтай, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 763,654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 763,654 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГБинд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      В.АМАРТҮВШИН