Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 520

 

 

 

 

 

 

                                     

 

 

“ЗМН” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/02370 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ЗМН” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: “МНЧ” ХХК-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 10 042 500 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ө, Д.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЗМН” ХХК нь “Хоёулаа унтах уу” уран сайхны киног 2012 онд бүтээсэн бөгөөд уг кино бүтээлийн онцгой эрхийг эзэмшигч юм. Уг уран сайхны киног телевизээр нэг удаа гаргах эрхийг 10 000 000 төгрөгөөр үнэлдэг ба уг киног гаргах бол телевиз лицензийн гэрээ байгуулах ёстой. Гэтэл “МНЧ” ХХК-ийн “Эм Эн Си” телевиз /МNCTV/ нь 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 22:10 цагаас уран сайхны киног биднээс зөвшөөрөл авалгүй, бүтээл ашиглах лицензийн гэрээ байгуулахгүйгээр гаргасан. Энэ үйлдэл нь Зохиогчийн эрх болон түүнд хамаар эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан бүтээл ашиглах онцгой эрхүүдээс 12.2.3-д заасан бүтээлийг нийтэд түгээх онцгой эрхийг зөрчсөн оюуны өмчийн зөрчил, оюуны өмчийн хулгай юм. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчсөнөөс учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх” асуудлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид учруулсан хохирлоо мөнгөөр төлөх үүрэгтэй. Мөн Монгол Улсын 1997 онд нэгдэн орсон Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн 45 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Оюуны өмчийн эрх зөрчиж буйгаа мэдсээр байгаад буюу мэдэх боломжтой байсаар атал эрх зөрчсөн үйл ажиллагаа явуулсны улмаас эрх эзэмшигчид учирсан хохирлыг нөхөн төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний мөнгийг эрх зөрчигчөөс гаргуулах тогтоолыг шүүхийн эрх бүхий байгууллага гаргах эрхтэй гэж заасан болно. Иймд кино бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчсөнөөс учирсан хохиролд 10 042 500 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөвшөөрөлгүй 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өөрсдийн биеэр ирж архивын эрхлэгч Э.Эрдэнэтулгад өгч киногоо хуулуулж хадгалуулсан байдаг. Энэ нь манай телевизээр гаргуулах хүсэл зоригоо илэрхийлсэн. Талуудын хооронд хэлцэл хийсэн гэж үзэж байгаа учраас зөвшөөрөлгүй гаргасан гэж үзэх боломжгүй юм. Бичгээр гэрээ байгуулж кино гаргадаг гэж байна. МNC телевизийн хувьд бусад телевизээс судалгаа аваад үзэхэд бүгд бичгэн гэрээ хийдэггүй аман хэлэлцээрээр явагддаг байгаа. МNC телевизэд өөрсдөө киногоо авчирч хуулуулж өгсөн учраас талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзсэн. Ихэнх телевизүүд аман хэлэлцээр хийгддэг. Киног гарахаас өмнө буюу хойно мэдэгдэл, анхааруулга, санамжийг амаар болон бичгээр хийх ёстой. Манай телевизийн архивт 2 жил гаруй хугацаанд байрлуулж байхад зохиогчийн эрхийн асуудлаар баримтаар нотлогдохгүй зүйлд нэхэмжлэл гаргаж байгаа нь оюуны өмчөөрөө ашиг олох гэсэн арга байна. Хохирол учирсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээнүүдийг харахад тодорхой телевизэд хандаж бичигдээгүй байдаг. “ЗМН” ХХК-ийн 10 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь оюуны өмчийн бүтээлээрээ ашиг олох гэсэн санааг илэрхийлж байна. Оюуны өмчийн эрх зөрчигдсөнтэй холбоотойгоор хохирол учирсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт нотлох баримт гэж харагдаж байгаа боловч бартераар төлбөрөө цацагдсан талаар нотлогдохгүй байна. 2 телевизтэй хийсэн гэрээг харахад тодорхой үнийн дүн бичигдээгүй. “ЭКО” телевизэд 2000 секундээр бичсэн байна. Энэ хооронд өөрсдийнхөө рекламыг цацдаг. “ЗМН” ХХК нь 2012 онд бүтээгдсэн “Хоёулаа унтах уу” уран сайхны кино бүх кино театр, “Эйч ди” цахим суваг бүх сувгаар гарчихсан, үнэ цэнэ үнэлэмж нь буурсан ашиг орлогоо олоод дуусчихсан байдаг. 5 жилийн өмнө ашгаа өгөхөө өнгөрсөн байгаа учраас 10 000 000 төгрөг нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч “МНЧ” ХХК-иас 10 042 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ЗМН” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ЗМН” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МНЧ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 175 630 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ЗМН” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд үүрэг хүлээсэн харилцаа болон эрх зүйн акт байгуулагдаагүй болно. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн кино сангийн архивт өөрийн "Хоёулаа унтах уу" уран сайхны киног 2015 оны 6 сарын 11-ний өдөр сайн дурын үндсэн дээр хүлээлгэн өгсөн байдаг. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй болно. Мөн уг киног хүлээлгэн өгснөөс хойш нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хариуцагчид кино гаргахтай холбоотой аливаа нэгэн мэдэгдэл анхааруулга санамжийг өгөөгүй байдаг бөгөөд энэ талаар мөн нэхэмжлэгч үгүйсгэх нотлох баримт гаргаж өгөөгүй байдаг. Иймд хариуцагчийн зүгээс зайлшгүй орох байсан орлого гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгч болох “ЗМН” ХХК нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хохирол болох 10 000 000 төгрөгийг баталгаажуулах зорилгоор “ЗМН” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үнэ тогтоох тухай тушаалаар батлагдсан үнийн дүнгээр нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх шууд хүлээн зөвшөөрч шийдвэр гаргасан байдаг. Ингэхдээ Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг үндэслэл болгосон боловч энэхүү заалт нь 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр уг хуулинд өөрчлөн найруулга хийгдэж хасагдсан болно. Иймд хүчин төгөлдөр бус заалтыг үндэслэсэн гэж хариуцагчийг зүгээс үзэж байна. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар буюу “учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө" гэж зааж үндэслэснийг зөвшөөрөхгүй бөгөөд энэ тухай шүүх хуралдаанд энэхүү кино нь нийтэд нээлтгэй, үнэ төлбөргүй үзэх боломжтой байдлаар “Юүтүб” сайт зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавигдсан байгаа нь нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх нь үндэслэлгүй болох тухай холбогдох нотлох баримтаар гарган шүүх хуралдаанд үзлэг хийлгэх хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан боловч 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор уг баримтыг "зайлшгүй шаардлагатай баримт биш" гэж үзсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Гэм хорын хохирлыг тооцохдоо "ЗМН" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн "Үнэ тогтоох тухай" тушаалыг баримталсан нь өөрөө Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.8-д заасан Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь “Зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн үнэлгээ тогтоох, баталгаажуулах” чиг үүрэгтэй байгааг үл хэрэгсэн нэг талын гаргасан үндэслэлгүй үнэ тогтоосон нотлох баримтыг үндэслэсэн нь хууль зөрчсөн гэж үзнэ. Шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан боловч тусгай мэдлэг шаардлагагүй байх тул уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлгүй байна. Учир нь энэхүү хүсэлт нь уг урлагийн бүтээлтэй холбоотой тусгай мэдлэгийн хүрээнд түүний тооцоо, тоо бүртгэлтэй холбоотой гэм хорын үнэлгээг гаргахтай холбоотой хийгдэх ёстой байсан. Эдгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлэх, мэтгэлцэх боломжийг үл хязгаарлаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалтыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “ЗМН” ХХК нь “МНЧ” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг, лавлагаа авахад гарсан зардал 42 500 төгрөг нийт 10 042 500 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “ЗМН” ХХК нь “Хоёулаа унтах уу” нэртэй уран сайхны киног 2012 онд бүтээж, Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/78 тоот тушаалаар зохиогчийн эрхийн 8000 дугаартай гэрчилгээг авсан байх бөгөөд уг киног хариуцагч “МНЧ” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 22:10 минутад өөрийн телевизээр нэвтрүүлсэн нь зохигчдын тайлбар, зохиогчийн эрхийн гэрчилгээ зэрэг бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь шаардлагадаа: “ “Хоёулаа унтах уу” киног телевизүүдэд 10 000 000 төгрөгөөр үнэлж өгдөг тул “ЗМН” ХХК нь бидний зөвшөөрөлгүй, гэрээ хэлцэлгүй уг киног гаргасан тул хохирлоо 10 000 000 төгрөгөөр тогтоож байна” гэжээ.

 

Анхан шатны шүүх Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар нэхэмжлэгч “ЗМН” ХХК-нийг зохиогчийн эрхийг эзэмшигч, өөрийн бүтээлийг ашиглах онцгой эрхтэй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч “ЗМН” ХХК нь хариуцагч “МНЧ” ХХК-ийг Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөнөөс олох байсан орлого буюу 10 000 000 төгрөгийн гэм хор учирсан гэх боловч нэхэмжлэгч “ЗМН” ХХК нь “Хоёулаа унтах уу” уран сайхны киног бусад телевизэд ашиглуулаад 10 000 000 төгрөгийн орлого олох байсан гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй болно.

 

Хэргийн 4 дүгээр талд байгаа нэхэмжлэгч “ЗМН” ХХК-ний захирлын үнэ тогтоох тухай тушаал нь “Хоёулаа унтах уу” уран сайхны киног бусад телевизэд ашиглуулаад 10 000 000 төгрөгийн орлого олно гэдгийг нотлохгүй бөгөөд хэргийн 56-62 дугаар талд байгаа хамтран ажиллах гэрээ, уран бүтээл эзэмших гэрээ зэрэгт дээрх киног 10 000 000 төгрөгөөр ашиглуулж байсан гэх үндэслэл нотлогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд байхгүй 31 дүгээр зүйлийн 31.3 гэх заалтыг тайлбарласан байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно.

 

Иймд нэхэмжлэгч “ЗМН” ХХК-ийн шаардсан, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан олох ёстой байсан орлого гэх 10 000 000 төгрөг нь баримтаар нотлогдоогүй, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “МНЧ” ХХК-д холбогдох, гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг, лавлагаа авахад гарсан зардал 42 500 төгрөг нийт 10 042 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ЗМН” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/02370 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “МНЧ” ХХК-иас гэм хорын хохиролд 10 042 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ЗМН” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.НАРАНЦЭЦЭГ 

 

                              ШҮҮГЧИД                                          Ч.ЦЭНД

                                                                                                 

                                                                                                     Г.ДАВААДОРЖ