Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 54

 

Б.С-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ  даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Нямсүрэн,

шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч Б.Отгонбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 777 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.С-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1911018200885 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Б.С-, 1985 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Завхан аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 1390 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

            Б.С- нь Н.Нямдаваа, У.Амарбаяр нарт “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Н.Нямдаваагаас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны 8 дугаар сарын 13-наас 27-ны өдрийн хооронд нийт 1.300.000 төгрөг, мөн 2018 оны 8 дугаар сарын сүүлээр “Хүүхдийн хичээл орох гээд мөнгө хэрэгтэй байна, зээлээч” гэж 250.000 төгрөг, нийт 1.550.000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.С-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.С- нь хохирол төлбөрт нийт 890.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ээс 660.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Нямдаваад олгож, шүүгдэгч Б.С-ийн цагдан хоригдсон нийт 3 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 02-10 насны хоёр хүүхдийнхээ хамт, өрх толгойлон амьдардаг. Хохирогч Н.Нямдаваад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Иймээс надад ганц удаа итгэл хүлээлгэж, хорих ялыг маань өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч Б.Отгонбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.С- нь цагдан хоригдох хугацаанд өөрийн гэм буруугаа ухамсарлан ойлгож, учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй. Оногдуулсан ялын хоёрны нэгийг биечлэн эдлээд байна. Иймээс учруулсан хохирлын хэр хэмжээ, ар гэрийн хувьд хоёр хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж өгнө үү.” гэв.

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.С- нь давж заалдсан гомдолдоо 2 нас 8 сартай хүүхэдтэй гэх боловч энэ талаарх баримт нотолгоо хэрэгт авагдаагүй. Харин 2015 онд төрсөн одоо 5 нас хүрч байгаа хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар авагдсан байдаг. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Б.С- нь Н.Нямдаваа болон түүний эхнэр У.Амарбаяр нарт “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Н.Нямдаваагаас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны 8 дугаар сарын 13-наас 27-ны өдрийн хооронд нийт 1.300.000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авсан, мөн 2018 оны 8 дугаар сарын сүүлээр “Хүүхдийн хичээл орох гээд байна, мөнгө зээлээч” гэж 250.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 1.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Н.Нямдаваа нь “...2018 оны 1 дүгээр сарын эхээр таксинд явж байгаад С- гэх эмэгтэйтэй танилцаж, Солонгос явах тухай яриа өрнүүлсэн. 2018 оны 8 дугаар сарын үед С- над руу утсаар ярьж “Нөгөө компани чинь хүн бүртгэж эхэлсэн гэнэ, бүртгэлийн хураамж 150.000 төгрөгийг над руу шилжүүлчих гэж хэлээд Хаан банк дахь Баасандорж гэх хүний дансны дугаарыг өгсөн. Дараа нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр над руу яриад “Виз чинь гарчихлаа, одоо визний мөнгө болох 500.000 төгрөгийг шилжүүлчих” гэж хэлээд Хаан банк дахь Отгонбаатар гэх хүний дансны дугаарыг өгсөн. Би С-д “Манай эхнэр бас явмаар байна” гэж хэлсэн чинь “Болно, би яриад өгье” гэж хэлсэн. 2018 оны 8 дугаар сарын сүүлээр “Мөнгө зээлээч” гэж хэлээд 250.000 төгрөгийг бэлнээр авсан. Нийтдээ 1.550.000 төгрөг надаас авсан. 2018 оны 9 дүгээр сарын дундуур С-ээс визнийхээ талаар асуух гээд залгахаар утсаа авахгүй, нэг бол утсаа салгаад алга болчихоод байхаар нь би гэрт нь очсон. Ээжтэй нь уулзсан чинь учрыг сонсоод “Тиймээ 2 ширхэг паспорт яваад байсан” гэж хэлээд эхнэр бид хоёрын паспортыг гаргаж ирсэн. ...” /хх 6-10/ гэж Б.С-д мөнгө өгөх болсон шалтгаан, өгсөн мөнгөнийхөө тоо хэмжээний талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

- гэрч Т.Чимэдрэгзэнгийн “...би С-ийн юмнуудыг үзсэн чинь дотроос нь гадаад паспорт гарч ирэхээр нь Нямдаваад буцааж өгсөн. ...” /хх 26-27/,

- гэрч У.Амарбаярын “...С- нийтдээ 1.550.000 төгрөгийг авсан бөгөөд одоог хүртэл эргүүлж өгөөгүй. Виз гарсан эсэх талаар асуухад янз бүрийн шалтаг хэлээд хуураад яваад байхаар нь тэдний гэрт очсон. Тэгэхэд ээж нь байсан ба виз гаргуулахаар мөнгө өгсөн талаараа хэлэхэд “Тийм үү, манай гэрт 2 ширхэг паспорт яваад байсан” гэж хэлээд нөхөр бид хоёрын паспортыг гаргаж өгсөн. Ингээд худлаа ярьсан гэдгийг мэдсэн. ...” /хх 12-13/,

- гэрч Б.Баасандоржийн “...2018 оны 8 дугаар сард би Завхан аймагт байсан. Би өөрийнхөө 5027304468 дугаартай дансны картыг гэртээ үлдээсэн. Тэгэхэд манай охин С- миний картыг ашиглаж хүнээс мөнгө авсан байсан. Ямар учиртай мөнгө болох талаар мэдэхгүй байна. 150.000 төгрөг орж ирээд авсан байсан. ...” /хх 18-19/,

- гэрч Ц.Пүрэвбаярын “...С- надтай уулзаад “Манай хүүхдийн эцэг хичээлийн хэрэглэл бэлдэхэд зориулж хэдэн төгрөг шилжүүлж байгаа юм. Чамд данс байна уу” гэхээр нь нөхөр Отгонбаатарын дансыг өгч, уг дансаар мөнгө хүлээн авч гаргаж өгсөн. ...” /хх 23-24/,

-  гэрч Д.Отгонбаатарын “...нийтдээ 1.150.000 төгрөгийг миний дансаар оруулж гаргаж авсан байсан. ...” /хх 21-22/,

- шүүгдэгч Б.С-ийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн /хх 36-38/ мэдүүлгүүд,

- хохирогчийн Хаан банк дахь эзэмшлийн 5026559112 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх 49/ зэргээр давхар нотлогджээ.

Шүүгдэгч Б.С- нь хохирогч Н.Нямдаваагаас дээрх мөнгийг авахдаа, өөрийгөө Солонгос улсад 1 жилийн хугацаатай гэрээгээр ажиллах гэж байгаа мэтээр ойлгуулж, “...холбогдох зуучлалын компанид нэрийг чинь бүртгүүлье, Солонгос улсад ажиллах виз гаргуулж өгье...” гэх зэргээр хэлсэн зүйл нь бодитойгоор хэрэгжих үндэслэл тогтоогдоогүй бөгөөд тэрээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдын хөрөнгийг өөртөө авч хэрэглэсэн байдал тогтоогдож байна.  

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.С-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.С-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

Учир нь, эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Шүүгдэгч Б.С- нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан байх боловч тэрээр урьд нь энэ төрлийн аргаар залилах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн бөгөөд шүүхээс тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн хөнгөн ял болох торгох ялыг сонгон оногдуулсан атал энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй, дахин энэ гэмт хэргийг үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг тодорхойлж байна.

Иймээс “...хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг...” хүссэн шүүгдэгч Б.С-ийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 777 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН